173 тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хураажээ

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

173 тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хураажээ

Замын цагдаагийн газрын даргын 151 тоот тушаалын дагуу замын хөдөлгөөнд оролцож буй бүрэн бус тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцох эрхийг хасч эхэлсэн. Замын цагдаагийн газар уг ажлыг 2008 оноос хэрэгжүүлж эхэлсэн.  Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн онд 15 мянга орчим бүрэн бус тээврийн хэрэгслийн улсын дугаар, тэмдэгтийг хураажээ. Улсын дугаараа хураалгасан хүмүүсийн 80 гаруй хувь нь тээврийн хэрэгслээ засч, оншилгоонд оруулан автомашиныхаа улсын дугаарыг буцаан авсан байна. Харин шинэ он гарснаас хойш 2500 гаруй бүрэн бус тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хураан авсан хэмээн Замын цагдаагийн газраас мэдээллээ. Бүрэн бус гэдэгт ард, урд буфергүй, хаалга нь будаггүй, алаг цоохор, гэрэл дохиогоо  скочидсон, анивчдаггүй гэрэл дохиотой, хонхойсон болон будаг нь ховхорсон автомашиныг тооцох юм байна. Мөн тормозны систем нь алдагдсан, хол, ойрын гэрэлгүй, зам тээврийн осолд орсны улмаас ноцтой эвдрэл, гэмтэлтэй болсон, ялгаруулж буй утаа нь харьцангуй их гэсэн үндэслэлээр улсын дугаар, тэмдэгтийг нь хурааж байгаа аж.

Замын цагдаагийн газрын Бүртгэл техник, хяналтын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хурандаа С.Пионертой холбогдож энэ ажлын үр дүн ямар байгааг тодруулсан юм. Тэрбээр “Бүрэн бус тээврийн хэрэгслүүдийн улсын дугаарыг хурааж, холбогдох арга хэмжээг авч, засвар хийлгэх ажлын үр дүн маш сайн байгаа. Хамгийн гол нь дугаар хураах, замын хөдөлгөөнд оролцох эрхийг нь хасахдаа бус тухайн машины бүрэн бүтэн байд­лыг хан­гуулах нь чухал. Бүрэн бус тээврийн хэрэг­сэл нь осол гарах нөхцөлийг бүр­дүүл­дэг тул ин­гэж ажиллахаас өөр арга байхгүй” хэмээсэн юм. Түүнч­лэн өнгөрсөн оноос эхлэн автома­шины утааны хэм­­жээнд онц­гой анхаарч эхэл­жээ. Одоо­гийн байдлаар, тээв­рийн хэрэгслийн бохир­дол хэмжих 15 багажаар дүүргүү­дийн хэмжээнд үзлэг тогтмол хийж байгаа юм байна.

Замын цагдаагийн газрын ажилт­нууд өнгөр­сөн амралтын өдрүүдэд л гэхэд бүрэн бус 173 тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хураан ав­чээ. Энэ тоо өдөр бүр харилцан адилгүй байдаг аж. Тэгвэл шаардлагын дагуу зохих засвар, үйлчилгээгээ хийлгэсэн 40-50 ор­чим хүн улсын дугаараа буцаан авах асуудлаар ханддаг хэмээн Замын цагдаагийн газрын байцаагч хэл­лээ. Гэхдээ зарим нь тодорхойгүй шалтгааны улмаас засвар, оношил­гоогоо хийлгэхгүй, улсын дугаараа авдаг­гүй байна.  Бүрэн бус техник хэрэгсэл­тэй автомашин эзэмшигчид 10-15 мянган төгрөгийн торгууль ноогдуулж, шаардах хуудас өгдөг бөгөөд иргэд ихэвчлэн 10-20 хоногийн хугацаанд засвар, үйлчилгээгээ хийлгэн улсын дугаараа буцаан авдаг юм байна.

Т.УРАНГЭРЭЛ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж