Замын цагдаагийн газрын Бүртгэл техник, хяналтын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хурандаа С.Пионертой холбогдож энэ ажлын үр дүн ямар байгааг тодруулсан юм. Тэрбээр “Бүрэн бус тээврийн хэрэгслүүдийн улсын дугаарыг хурааж, холбогдох арга хэмжээг авч, засвар хийлгэх ажлын үр дүн маш сайн байгаа. Хамгийн гол нь дугаар хураах, замын хөдөлгөөнд оролцох эрхийг нь хасахдаа бус тухайн машины бүрэн бүтэн байдлыг хангуулах нь чухал. Бүрэн бус тээврийн хэрэгсэл нь осол гарах нөхцөлийг бүрдүүлдэг тул ингэж ажиллахаас өөр арга байхгүй” хэмээсэн юм. Түүнчлэн өнгөрсөн оноос эхлэн автомашины утааны хэмжээнд онцгой анхаарч эхэлжээ. Одоогийн байдлаар, тээврийн хэрэгслийн бохирдол хэмжих 15 багажаар дүүргүүдийн хэмжээнд үзлэг тогтмол хийж байгаа юм байна.
Замын цагдаагийн газрын ажилтнууд өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд бүрэн бус 173 тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хураан авчээ. Энэ тоо өдөр бүр харилцан адилгүй байдаг аж. Тэгвэл шаардлагын дагуу зохих засвар, үйлчилгээгээ хийлгэсэн 40-50 орчим хүн улсын дугаараа буцаан авах асуудлаар ханддаг хэмээн Замын цагдаагийн газрын байцаагч хэллээ. Гэхдээ зарим нь тодорхойгүй шалтгааны улмаас засвар, оношилгоогоо хийлгэхгүй, улсын дугаараа авдаггүй байна. Бүрэн бус техник хэрэгсэлтэй автомашин эзэмшигчид 10-15 мянган төгрөгийн торгууль ноогдуулж, шаардах хуудас өгдөг бөгөөд иргэд ихэвчлэн 10-20 хоногийн хугацаанд засвар, үйлчилгээгээ хийлгэн улсын дугаараа буцаан авдаг юм байна.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин