Компаниуд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг эзэмшиж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.07.10-нд нийтлэгдсэн

Компаниуд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг эзэмшиж эхэллээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг авахаар төлбөрөө тушаасан аж ахуй нэгжүүд өчигдрөөс эхэлж, хувьцаагаа эзэмшиж эхэлсэн талаар Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвөөс мэдээлэв. УИХ-ын тогтоол, Засгийн газрын шийдвэрийн дагуу Монгол Улсын иргэн бүрт 1072 ширхэг “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон бөгөөд хувьцаагаа авахгүй нэг сая төгрөгөө бэлнээр авна гэсэн иргэдийн хувьцааг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь худалдахаар болсон. Үүний дагуу “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг авахгүй гэсэн иргэдийн, мөн тус компанийн хувьцааг худалдан авна гэсэн аж ахуйн нэгжийн хүсэлтийг Засгийн газар өнгөрсөн зургадугаар сард хүлээн авсан юм. Зургадугаар сарын 30-наар дуусгавар болсон “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг худалдан авахаар 1000 гаруй аж ахуйн нэгж Засгийн газарт тавьж, заасан хугацаанд нь төлбөрөө төлсөн байна. Тэдгээр аж ахуйн нэгжүүдийн тушаасан 21,2 тэрбум төгрөг Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд төвлөрөөд байгаа гэнэ. Түүнчлэн төлбөрөө төлж, “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг худалдан авах эрх нь бүрдсэн нэг аж ахуй нэгж дээд тал нь 36240 ширхэг хувьцаа худалдан авах эрхтэй юм байна. 

Өнгөрсөн зургадугаар сард Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанийн  нэгж хувьцааны үнийг 933 төгрөг байхаар тогтсон  ч одоогоор тус компанийн IPO хэзээ гадаад, дотоодын хөрөнгийн зах дээр гарах нь тодорхойгүй байгаа юм. Тиймээс ч IPO нь хэзээ гэрэх нь тодорхойгүй хувьцааг хүлээж байхаар нэг сая төгрөгөө авсан нь дээр хэмээн 1,5 сая иргэн Засгийн газарт хүсэлт тавьсны 98 хувь нь бэлнээр, үлдсэн хэсэг нь орон сууцны зээл, сургалтын төлбөр хэлбэрээр авахаар шийдсэн байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг авахгүй, нэг сая төгрөгөө бэлнээр авна гэсэн хүсэлтээ гаргасан иргэдийн мөнгийг аж ахуйн нэгжүүдээс төвлөрсөн хөрөнгөнөөс санхүүжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн. Гэхдээ эхний ээлжинд эмзэг бүлгийн иргэдэд  энэ долдугаар сараас тарааж эхэлнэ гэдэг мэдээлэл бий.

Зургаан тэрбум тоннын коксжих нүүрсний нөөцтэй гэгдээд байгаа Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах үүднээс УИХ-аас 2010 онд 39, 40 дүгээр тогтоолыг гаргаж “Эрдэнэс Тавантолгой” компанийг байгуулсан бөгөөд анхны тогтоолоор бол 10 хувийг нь үнэ төлбөргүй, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь зарахаар шийдвэрлэсэн.  Харин зарим улстөрчид энэ шийдвэрийг иргэдээ компанитай, компанигүйгээр нь алагчилсан шийдвэр  боллоо хэмээн эсэргүүцэж, иргэн бүрт 1072 ширхэг хувьцааг өгөхөөр хуулийн төсөл санаачилсан нь Засгийн газар, УИХ-ын дэмжлэгийг авсан юм.  Тиймээс Моэнгол Улсын иргэн бүр хуулийн дагуу “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцаатай болж, хэрэвзээ тэд авахгүй гэвэл аж ахуйн нэгжүүд түүнийг нь нэрлэсэн үнээр нь худалдан авахаар болсон бөгөөд энэ ажил эхнээсээ хэрэгжиж эхлээд байна.

Монголчуудыг баян болгох, нүүрсний нөөц чанараараа дэлхийд дээгүүрт бичигдэж байгаа Тавантолгой ордыг түшиглэн байгуулагдсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO яагаад ийнхүү гадаад, дотоодын биржүүдэд гарахгүй удаад байгаа шалтгааныг мэргэжилтнүүд Үнэт цаасны зах зээлийн тухай хуультай холбон тайлбарлаж байна. Энэхүү хуулийг УИХ өнгөрсөн хавар хэлэлцэх болов уу гэсэн хүлээлт байсан ч харамсалтай нь хуучин парламент энэ талаар нэг үг дуугаралгүйгээр хаврын чуулганыг өндөрлүүлсэн. Тэгвэл шинээр байгуулагдсан УИХ-ын намрын чуулганаар энэхүү асуудлыг хэлэлцэх болов уу гэсэн горьдлого байгаа юм. Хэрвээ УИХ намрын чуулганаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг хэлэлцэж баталлаа гэхэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа ирэх оны ихээр л олон улсын хөрөнгийн биржүүдэд гарч магадгүй байгаа. Ямар ч байсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг авахгүй гэсэн иргэдээс аж ахуйн нэгжүүд хувьцаагаа худалдан аваад эхэллээ. Иргэд одоогоор Засгийн газраар дамжуулж энэхүү хувьцаагаа аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь зарах бол цаашдаа IPO нь гарсан тохиолдолд бусдад зарах, шилжүүлэх, өвлүүлэх эрх нь нээлттэй болох юм.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж