Ерөнхий сайд Сильвио Берлускони Итали орноо дэлхийд сурталчлах гол нүүр царай нь болжээ. Гэхдээ мань Берлускони охид, хүүхнүүдтэй орооцолддог асуудлаар биш, улсынхаа өв соёл, зан заншил, үзэсгэлэнт байгаль, эртний түүхт музей, уран барилгуудаа 15 минутын туршид сурталчлах болов. Ерөнхий сайддаа ийм том “даалгавар” өгдөг Аялал жуулчлалын сайд Викториа Брамбилла яасан ч зориг, зүрхтэй юм. Тэрбээр этгээд зантай Берлускониг сурталчилгаанд тоглуулсан тухайгаа “Дэлхийн бүх улсын түүхэнд төрийн өндөр албан тушаалтныг зар сурталчилгааны гол нүүр царайгаар анх удаа тодрууллаа” гэв. Ёстой залдаг нөхөр үү, үгүй юү. Берлускони зар сурталчилгаанд тоглосноороо дэлхийд анхдагч гэвэл үүн шиг худал зүйл үгүй. УИХ, Засгийн газрын гишүүд дуулж, бүжиглэх, жүжиглэхийн хувьд Италийн Ерөнхий сайдыг аль хэдийнэ ардаа орхичихсон. Ингэхэд ер нь Монголын телевизүүдийн гол нүүр царай нь хэн болдог билээ. Улстөрчид шүү дээ. Тэд хууль батлах гэж өдөржин хэрэлдэж, хэлэлцсэн стрессээ аль нэг нэвтрүүлэгт оролцож тайлдаг гэхэд болно. Хоол хийнэ, дуу дуулна, бүжиглэнэ. Ёстой л уран нугарч, балет бүжиглэхээс бусдыг хийнэ. Тиймээс сүүлийн үед “УИХ-ын гишүүн гэж хэн бэ” гэдэг асуултад “Зад караокедож, хоол гаргууд сайн хийдэг хүнийг хэлнэ” гэх наргиантай яриа олны дунд дэлгэрчээ. Италичууд гадаадад жуулчлахыг илүүд үзсэнээр жилд 15 тэрбум еврог бусад орны төсөвт нэмэрлэсэн байгаа юм. Тиймээс Берлусконигоор дамжуулж, гадаадын жуулчдыг эх орондоо татах ШБОС хэрэгжүүлж эхэлсэн юм байх. Монгол ч гэсэн тэднээс дутах юу байх вэ. “УИХ-ын үйл ажиллагааг гадаадынханд нээлттэй сурталчилна” гэчихвэл яасан юм бэ. Улстөрчдийн маргаан, мэтгэлцээн, хөгжилтэй яриа, нэг нэгнээ доромжлох, ер чуулганы танхимд нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэм үйл явдал олон болдог биз дээ. Улс орноо жуулчдад ингэж сурталчиллаа гээд УИХ-ын 76 гишүүнд мөнгө төлөх ч шаардлагагүй. Тэд ажлаа л хийж байгаа нь тэр. Тэгээд ч Берлусконигоос илүү авьяастай гэдгээ маш сайн нотлох биз.
Б.ЭНХМӨНХ
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин