
“Датаком”-ын, “Форум”-ын гэх мэт олон тодотголтой Д.Энхбат өдгөө Монголын төдийгүй Азийн хэмжээнд “Ногоон намыг парламентад олон суудалтай болгосон хүн” гэсэн шинэ гуншинтай болох нь тодорхой боллоо. Тэрбээр 1993-1994 онд Үндэсний хөгжлийн дэд сайдаар ажиллаж байсныг эс тооцвол төрийн болон улс төрийн албан тушаал бараг хашиж үзээгүй. Харин инженер, программист талдаа бол хэнийг ч дагуулахгүй. Системийн инженер мэргэжилтэй, энэ чиглэлээрээ 10 гаруй жил ажиллаж, туршлагажсан энэ эрхэм сүүлийн үед мэргэжлийн онцлогоо улс төрд овжин ашиглах боллоо. УИХ-д нэг суудалтай Иргэний зориг намтай намаа нэгтгэж, дээр нь бие даагч З.Алтайг эгнээндээ багтааснаар Ногоон нам үндсэндээ УИХ-д гурван суудалтай нам болж хувирав. Түүний энэхүү улс төрийн овжин тоглолтыг ёстой л инженерийн ухаан гэлтэй. Бас “сайн наймаалцагч” гэхээс өөр яах вэ.
Ч.ДАШДЭЛЭГ
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин