Иргэдэд 127 сая төгрөгийн санхүүжилт олгосон

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Иргэдэд 127 сая төгрөгийн санхүүжилт олгосон

“Хүний
хөгжил сан”-аас сар бүр олгох 21 мянган төгрөгөө хуримтлуулан жижиг,
дунд бизнес эрхлэх боломж бүрдсэн. Монгол Улсын нэг иргэн энэ онд авах
252 мянган төгрөгийнхөө 63 мянгыг авсан. Харин хамтран бизнес эрхэлж
байгаа нь хэр олон байгаа бол.

Энэ талаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Халам­жийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Д.Ганчимэгээс тод­рууллаа.

-“Хүний хөгжил сан”-ийн 21 мянган төгрөгийг гурав дахь сардаа олгож
байна. Мөнгөө нийлүүлээд бизнес хийх хүсэлтэй хүмүүс Хөдөлмөр, халамж
үйлчилгээний газарт саналаа ирүүлж байна уу?

-Иргэдээс харьцангуй бага санал ирж байгаа.

-Тэгвэл иргэдэд энэ талаарх мэдээлэл хэр байгаа бол?

-Энэ оны нэг, хоёрдугаар сард иргэд “Хүний хөгжил сан”-гийн мөнгөө
нийлүүлж бизнесээ өргөжүүлэх, шинээр бизнес эрхлэх талаар ямар нэгэн
мэдээлэлгүй байсан. Сүүлийн үед бага зэрэг мэдээлэлтэй болж байх шиг
байна. Төслийн материал ч гэсэн саяхнаас ирж эхэлсэн. Бид иргэдийн
төсөлтэй танилцаад боломжтой гэж үзсэнээ санхүүжүүлэх юм.

-Төслийг голчлон хаанаас ирүүлж байна вэ?

-Нийслэл болон аймгуудаас ирүүлж байгаа. Гэхдээ орон нутгаас ирүүлсэн
төсөл дийлэнхийг нь эзэлж байна. Орон нутгаас хөдөө аж ахуй, газар
тариалангийн үйлдвэрлэл эрхлэх талаар төслийн материал ирүүлдэг. Хамгийн
гол нь иргэд төслөө боловсруулахын өмнө хоорондоо сайтар ярилцаж,
тохиролцох хэрэгтэй. Олон хүн мөнгөө нийлүүлж, бизнес хийх гэж байгаа
тохиолдолд ямар нэгэн маргаан гарахыг үгүйсгэхгүй. Зарим нь шийдвэрээ
өөрчлөх зэргээр асуудал үүсч  ч магадгүй юм.

-Иргэд төсөл хэрэгжүүлэх санхүүжилтээ авсан тохиолдол бий юү?

-Байгаа. Одоогийн байдлаар нийт 517 сая 357 мянган төгрөгийн санхүүжилт
олгохоор баталсан. Үүнээс 127 сая 770 мянган төгрөгийн санхүүжилтийг
иргэдэд олгосон байна.

Т.УРАНГЭРЭЛ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж