Каддафийн дараах Ливи буюу тэгээс эхэлсэн ардчиллын туршилт

Хуучирсан мэдээ: 2012.07.09-нд нийтлэгдсэн

Каддафийн дараах Ливи буюу тэгээс эхэлсэн ардчиллын туршилт

Долдугаар сарын 7-нд Ливид сонгууль болов. Дийлэнх нь анх удаагаа  санал өгч байгаа ливичууд Үүсгэн байгуулах ассамблейн төлөөлөгчдийг сонгоно. Ардчилах үйл явц тийм ч амар байхгүй бололтой.

Ливийн хувьсгалын лидер хэмээн өөрийгөө зарласан Муамар Каддафи “Нам гэдэг нь Барууны бий болгосон бузар булай бүтээл”  гэж үздэг байв. Тэр өөрийн “Ногоон номон”-доо нам байгуулагч нар бол эх орноо худалдагчид гэж бичсэн юм. Каддафийн захиргааны дөч гаруй жилд Ливид Үндсэн хууль, парламент гэж байсангүй. Ямар нэгэн намын гишүүн бол цаазаар авахуулдаг байж.

Муамар Каддафийн мөхөл ба дэглэм нь унаснаас дөнгөж есөн сарын дараа Ливийн байдал огт өөр болжээ. Долдугаар сарын 7-ны хагас сайн өдөр  санал хураах байранд ирсэн ливичууд 140 намын 3800 нэр дэвшигчид ба 370 сонгуулийн жагсаалтаас сонголтоо хийх болсон байлаа. Энэ өдөр Ливийн түүхэнд онцгой гэж болохоор юм. Бараг бүтэн зууны дотор  тус оронд анх удаагаа жинхэнэ сонгууль болж байна.  Сонгуулийн насны 2,8 сая хүний амьдралдаа анх удаагаа сонгуульд оролцсон үйл явдал энэ болов.

Ливичүүд сонгуульдаа ирж байна

 
Ливид ардчилал тогтоох туршилт тэгээс эхэлж буй. Ардчилсан байгууллагуудыг ээлж дараатайгаар байгуулах юм. Жишээлбэл, энэ удаа  хүн ам нь парламентыг биш харин Үүсгэн байгуулах ассамблейгаа сонгох ёстой. Тэр ассамблейн 200 төлөөлөгч нь Үндсэн хуулийн төслийг бэлтгэх шинжээчдийн комиссийг төлөөлөх юм. Дараа нь Үндсэн хуулийн төслийг бүх ард түмний санал хураалтаар  батлах юм.

Хүн амын ихэнх нь хачин араншинтай, харгис  дарангуйлагч Муаммар Каддафийн захиргааны хэлбэртэй танил  орны хувьд энэ үйл явдал нь жинхэнэ  шалгалт болох ёстой. Тэр нь улс орны аюулгүй байдлын салбарт нөлөөлж байна. Олон жилээр улайсч байсан сөргөлдөөны цог нь дөл хаялж эхлэв. Бие биентэйгээ өрсөлдсөн бүлэглэл, омог, цэрэгжсэн бүтцүүдийн сөргөлдөөн байнга гарах болов. Ливийн зүүн хэсэгт сонгуульд оролцохгүй байх уриа сонсогдож байв. Бенгазийн орчмын район томоохон автономийг хүсч байна.

Энхийн цаг бүрэн ирээгүй л байна

Иргэний дайны төгсгөлөөс тус орныг захирч байгаа Шилжилтийн үндэсний зөвлөл зарим районуудыг бараг хянахгүй болжээ. Тус орны янз бүрийн хэсэгт ноцтой байлдаан болсон мэдээ байнга шахуу гарч байна. Улс төрийн шалтгаанаар хийх террор нэмэгдэв. Тухайлбал, зургадугаар сарын 11-нд Британийн Элчин сайдын машины цуваанд халдлаа. Сөргөлдөөнд оролцогсдод зэр зэвсгийн хомсдол алга. Одоо Ливийн байдлыг сайн мэдэх хүмүүсийн яриагаар Муамар Каддафийн дэглэмтэй тэмцсэн хүчнийхэн тус оронд л хамгийн өндөр нөлөөтэй байна. Эдгээр бүлэглэлүүд өөрсдийн байр суурийг засаглалын бүтцэд бэхжүүлэхийг хичээж байна.

Ойрын үед Ливийг хэн удирдахаас үл хамааран ийм зорилго нь энгийн биш ээдрээтэй байх нь ойл­гомжтой. Ардчилсан системд шилжих, олон тооны сөргөлдөөнийг даамжруулахгүйн тулд Хууль, эрх зүй, хүчний шинэ байгууллага хэрэгтэй болж байна.

Гэтэл сонгогчдод 2600 бие даасан нэр дэвшигчид, сонгуулийн эвслийн 1200 төлөөлөгч нарын  мөрийн хөтөлбөртэй танилцан ойлгох нь ээдрээтэй байна. Ямар ч гэсэн энэ удаа сонгогчид дов, жалгынхаа хүмүүсийг хөтөлбөрөөс нь илүүд үзэх байх. Үүсгэн байгуулах ассамблейг бий болгоход хоорондоо дайсагнасан хотууд районуудын төлөөлөгчдийн дунд суудал хувиарлагдах асуудал ноцтой болох ёстой.

Ялагч тодорхойгүй байна

Ливийн зүүн хойд нутгийн Дерна хотын сэтгүүлч Таккийуддин Шалави ярихдаа нэр дэвшигчдэд сонгуульд оролцох ижил боломж олгогдоогүй гэв. “Миний эцэг нэрээ дэвшүүлэхээр шийдсэн юм. Гэтэл түүнд жинхэнэ сонгуулийн кампани явуулах мөнгө хөрөнгө байхгүй” гэж тэр хэлэв. Улсаас сонгуульд нэр дэвшигчид том дэмжлэг аваагүй гэнэ. Нэр дэвшигчдэд сурталчилгаа хийх мөнгө олдоогүйг блогчин Рашад Элевах өмнөд нутгаас мэдээлсэн байв.

Хэн сонгууль ялах вэ? Исламистууд уу? гэдгийг хэлэхэд бэрхтэй. “Хэрэв сонгууль хэвийн болж чадвал Египет, Тунис шиг дайсагнасан хүчин Ливийн ассамблейд гарч ирэхгүй. Гэсэн ч исламын хүчин нэлээдгүй санал авах бололтой.  Сонгуульд оролцож байгаа “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний Эрх чөлөө ба шударга ёсны нам тэргүүлэх болов уу. Мөн түр засгийн газрын тэргүүн байсан Махмуд Жибрилийн нам ч муугүй амжилтыг үзүүлж магадгүй. Сонгуулийн албан ёсны дүнг харах л үлдлээ.

Бямба гаригт явагдсан парламентын сонгуулийн ирц 60 хувьтай байв. Сонгуулийн хорооны дарга Нури аль-Аббарын хэлснээр хэсгийн хороодын мэдээ гараагүй ч сонгуульд 1,6 сая хүн оролцсон байна. Аюулгүй байдлын улмаас зуугаад хэсгийн хороодцагтаа нээгдээгүй учир тэнд санал хураах цагийг нь сунгажээ. Сонгуулийн өдөр, шинэ парламент нийгмийн бүх давхрагыг төлөөлж чадахгүй гэж эсэргүүцсэн хүмүүсийн жагсаал цуглаан олон газар боллоо. Бенгази хотод эсэргүүцэгсэд санал хураах хуудсыг нь хулгайлан авч төв талбайдаа шатаасан байв. Аждабия хотод санал хураах байрны дэргэд нэг хүн алагдаж, хоёр хүн шархадсан байв.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж