С.Үнэн: V станцын үнсийг агуулах боломж үнэндээ байхгүй

Хуучирсан мэдээ: 2012.07.09-нд нийтлэгдсэн

С.Үнэн: V станцын үнсийг агуулах боломж үнэндээ байхгүй

Өвөлдөө утаа, зундаа шороон хөшиг татуулсан нийслэл хотдоо Улаанбаатарынхан цаашид хэрхэн амьдрах вэ, дээрх байдлаас нэн даруй салахын тулд ямар бодлого баримтлах вэ гэдгийг шийдэх төлөвлөгөөг шинээр сонгогдсон НИТХ боловсруулна. Хотыг гэрэлтэй байлгахын төлөө хорь гаруй жилийн хөдөлмөрөө зориулсан  инженер Содовын Үнэн “Нийслэлийн хөгжлийн хамгийн зөв гарц бол найдвартай дулаан, цахилгаанаар хангах явдал”  гэж хэлж байна. Тэрээр IV цахилгаан станцад олон жил  ажиллаж, 2012 оны сонгуулиар НИТХ-ын  IX тойрог буюу Баянзүрх дүүргээс сонгогдсон юм.  Хот төлөвлөлтийн талаар түүнтэй ярилцлаа.

-Юун түрүүнд баян­зүрх­чүүдийг төлөөлөхөөр болсонд тань баяр хүргэе?

-Баярлалаа. Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр биднийг сонгосон нийслэлчүүддээ, тэр дундаа баянзүрхчүүддээ талархал илэрхийлье.

-Э.Бат-Үүл баатрын яриад байгаа гэр хорооллыг амины орон сууцжуулах санаа хэрэгжих болом­жтой юу. Өнөөдөр Улаан­баатар хот  иргэдээ дулаан, цахилгаанаар хангаж дийлэхгүйд хүрээд байгаа шүү дээ?  

-Ардчилсан намынхны  яриад байгаа гол санаа нь  гэр хороолол руу инженерийн байгууламж, эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг яаж хүргэх вэ гэдэгт байгаа юм. Хотыг эмх, замбараатай хөгжүүлэх гол тулгуур бодлого нь энэ мөн л дөө. Ингэхдээ орон сууцны хороолол барихаас  илүүтэй амины орон сууцжуулах ажлыг хийх хэрэгтэй. Үүнийг дагаад  дэд бүтцийн асуудлыг нь  амархан шийдэх боломжтой. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Түлш, эрчим хүчний бодлогын дэд зөвлөл ч иймэрхүү  санал гаргаж байгаа.

-Та энэ зөвлөлийн гишүүн. Уг  зөвлөл ямар чиг үүрэгтэй, юу хийдэг байгууллага юм бэ?

-Зөвлөл бодлого  боловсруулж, тодорхойлдог байгууллага  биш. ЭБЭХЯ, Эрчим хүчний зохицуулах газар эрчим хүчний салбарын бодлогыг барьдаг. ЭХЗГ үнэ, тариф, эх үүсвэрийн уялдаа холбоо, түгээх, дамжуулах тусгай зөвшөөрөл гээд салбарын үйл ажиллагааны бүхий л асуудлыг зохицуулдаг юм. Эрчим хүчний бодлогыг зангидаж байдаг бас нэг газар нь Эрчим хүчний газар. Энэ гурван газар эрчим хүчний бодлогыг тодорхойлдог. Манай дэд зөвлөл эдгээр байгууллагаас гаргасан бодлого, шийдвэрийг судлаад Ерөнхийлөгчид зөвлөмж бэлтгэж өгдөг юм. Эрчим хүчний салбарын гол гол байгууллага, ҮХШХ, Сангийн яам, энэ салбарт  үйл ажиллагаа явуулдаг пүүс компаниудын мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн зөвлөл учраас бодлого боловсруулагчдын шийдвэрт мэргэжлийн, хэтийн төлөвийн  үүднээс дүн шилжилгээ хийж,  Ерөнхийлөгчид зөвлөдөг гэсэн үг.

-Нийслэлийн эрчим хүчний тав дахь эх үүсвэрийн тухай сүүлийн үед  их ярих боллоо. Түү­нийг  хаана барих нь зохистой вэ?

-Энэ их үүсвэрийг хаана барих вэ гэдэг нь  маш чухал асуудал. Өнгөрсөн өвөл цахилгаан  эрчим хүчний оргил ачаалал 801 МВт-д  хүрсэн. Энэ үед Төвийн эрчим хүчний системийн таван эх үүсвэр чадлынхаа дээд түвшинд ажилласан ч  ОХУ-аас 70-80 МВт цахилгаан эрчим хүч импортлохоос өөр аргагүйд хүрсэн. Ирэх  өвөл ийм байдал давтагдвал яах  вэ гэдгийг Эрчим хүчний газар, Диспетчерийн төв судалж тооцоо гаргажээ. Энэ судалгаагаар ирэх өвлийн оргил ачаалал 860-870 МВт-д хүрэх прогноз гарсан байна лээ. Үүнийг  одоогийн эх үүсвэр яагаад ч хангаж дийлэхгүй. Нэг ёсондоо эрчим хүчний дутагдал бий болно гэсэн үг.  Тэр дутууг яаж нөхөх вэ гэдгийг одоогоор шийдээгүй байгаа. Шийдэхийн тулд энэ жилдээ гадаадаас эрчим хүч импортлох  болно. Гэтэл IV цахилгаан станцад  техникийн ямар нэг доголдол гарах ч юм уу, зуух, турбин зогсвол яах вэ.  ОХУ-аас 150 МВт-аас илүү эрчим хүч авах техникийн боломж манайд байхгүй. Энэ бол зөвхөн өнөөдөр тулгарч байгаа  бэрхшээл биш. Өчнөөн олон жилийн өмнөөс бий болсон хүндрэл. Гэтэл эрх баригчид асуудлыг шийдэхгүй байсаар ийм байдалд хүргэчихлээ. Өнөө, маргаашаа аргацаах бодлого барьж ирсний гай  энэ. Өнгөрсөн намар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Түлш эрчим хүчний бодлогын дэд зөвлөлөөс санаачлан тав дахь эх үүсвэрийг хаана барих вэ, хэдий хэр хүчин чадалтай байх вэ гэдэг талаар Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд ЭБЭХЯ, Эрчим хүчний газрын удирдлагуудыг урьж оролцуулан хэлэлцүүлэг хийсэн юм. Хэлэлцүүлгээр тавдугаар цахилгаан станцыг яаралтай барих нь зөв. Гэхдээ ирээдүйд шаардагдах 600-800 МВт-ын хүчин чадалд тохируулж барина гэвэл хөрөнгө, санхүүгийн бэрхшээлтэй  учраас 450 МВт-ын станцыг III цахилгаан станцын дэд бүтцийг  түшиглэн барья гэсэн шийдвэр гаргасан юм. Манай зөвлөл ч үүнийг дэмжих нь зүйтэй гэсэн  шийдэлд хүрсэн. Харин би  энэ талаар арай өөр бодолтой байгаа.

-Өөр бодолтой гэдэг нь дээрх шийдлийг эсэргүүцэж байгаа гэсэн үг үү?

-III цахилгаан станцын дэд бүтцийг түшиглэн 450 мвт-ын хүчин чадалтай станц барьснаар  асуудлыг бүрэн шийдэхгүй гэж  бодож байна. Нэгэнт хотын хөгжил зүүн тийшээ чиглэж  байгаа өнөө үед хамгийн түрүүнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан, дулааны эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах ёстой. Тийшээ төвлөрөл бий болох учраас тэр. Тэгээд ч энэ бүс нутгийг одоо ч найдвартай эрчим хүч, дулааны эх үүсвэрээр хангаж чаддаггүй шүү дээ.

-Яагаад тэр вэ. V цахилгаан станцыг  хотын баруун хэсэгт барих учраас холдоно гэж үү?

-III цахилгаан станцаас зүүн тийш  дулааны шугам сүлжээ шинээр барьж байгуулах ямар ч боломж, нөхцөл байхгүй.

-Яагаад?

-Яагаад гэвэл, замд нь төмөр зам, орон сууцны шинэ хорооллууд барь­чихсан. Тиймээс тэдгээрийн  дундуур дулааны шугам сүлжээ татах ямар ч боломж байхгүй. Нэгэнт III цахилгаан станцын төмөр зам, үнсний санг ашиглаад V станцыг барьж байгаа  бол зүүн тийшээ дамжуулах шугам байх ёстой биз дээ. Гэтэл тэр шугам, сүлжээг хийх  ямар ч боломжгүй болчихлоо. Тиймээс V цахилгаан станц нийслэлийнхний  хэрэгцээг 100 хувь хангаж чадахгүй болчихож байгаа юм. Тэгээд ч III цахилгаан станцын үнсний сан зөвхөн өөрийнхөө л үнсийг агуулж дийлнэ. Тийм учраас V станцын үнсийг агуулах боломж үнэндээ байхгүй.  V станцын үнсний  сангийн асуудлыг яаж шийдэх нь одоо болтол тодорхойгүй байгаа. Хотын зүүн хэсэг Гачуурт, Улиастайд ЭБЭХЯ болон хотын удирдлагууд станц барих газар олж чадаагүй. Хэрэв тав дахь эх үүсвэрийг өнгөрсөн жилээс бариад эхэлсэн бол 2015 онд  дуусгах ёстой байсан. Гэтэл одоо хүртэл үндсэн чиглэл нь ч гараагүй, зарласан тендерээ ч дүгнээгүй байна. Ингэхээр 2020 оноос наана шинэ цахилгаан станц  ашиглалтад орохгүй нь. Хот энэ байдлаараа хөгжвөл 2015 он гэхэд эрчим хүчний хэрэгцээ шаардлага одоогийнхоос хоёр дахин нэмэгдэнэ. Тэгэхээр 450 МВт-ын хүчин чадалтай станц ашиглалтад орсон ч дахиад энэ хэмжээний эрчим хүчний эх үүсвэр шаардлагатай болно. Тэгэхээр яах вэ. Дахиад л эрчим хүчээ гаднаас импортлох уу. Нэмж барья гэхэд хөрөнгө байхгүй шүү дээ. Ийм байдлаар  тухайн асуудлыг аргацаасан, зөвхөн өнөөдрийн нөхцөл байдалд тохируулж шийдсэн бодлого хотын хөгжилд асар их сөрөг нөлөө үзүүлж байна.

-Ер нь ямар хэмжээний станц барьж байж ирээдүйн хотын эрчим хүчний асуудлыг шийдэх боломжтой вэ?

-Ойрын ирээдүйд шаардагдах эрчим хүчний хэрэгцээг судлаад  600-800 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих ёстой гэсэн тооцоо гаргасан юм. Гэтэл өнөөгийн эдийн засгийн болон  улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалаад 450 МВт-ын хүчин чадалтай станцыг III цахилгаан станцын дэргэд барья гэсэн шийдэлд хүрлээ. Энэ бол зөвхөн өнөөдөртөө л оновчтой шийдвэр. Асуудлыг бүрэн шийдэж чадахгүй. Нөгөөтэйгүүр үүнээс илүү хүчин чадалтай станцыг ТЭЦ-III-ын дэргэд барих ямар ч боломжгүй. Тэгээд ч хотын ирээдүйн хөгжлийн чиг хандлага болсон зүүн зүг рүү энэ станцаас эрчим хүч, дулаан нийлүүлэх ямар ч боломжгүй болчихоод байгаа нь асуудлаа шийдэж чадахгүй гэдгийг л харуулж байгаа хэрэг.

-Та энэ салбарт олон жил ажилласан мэргэжлийн хүний хувьд ямар гарц олж харж байна даа?

-Улаанбаатарт дулааны шугам сүлжээ барьж  байгуулах боломжтой ганцхан газар бий. Тэр нь Амгалангийн ойролцоо байдаг Ус-15 гэдэг газар. Гидравликийн тооцоо гэж нэг айхтар тооцоо бий.

-Тэр нь ямар тооцоо байдаг юм бэ?

-Тухайн газарт дулааны шугам сүлжээний эх үүсвэр байгуулбал дулаан түгээхэд ямар хэмжээний хүч зарцуулах вэ. Нам газар байна уу, өндөр газар байна уу, энэ газарт барьчихвал дулаан түгээхэд ямар хэмжээний даралт шаардлагатай вэ гэдгийг нарийн судалдаг тооцоо. Энгийнээр хэлбэл, нам газараас дулаан дамжуу-лахдаа их хэмжээний даралтаар шахах хэрэгтэй болно. Энэ нь их зардал гаргана гэсэн үг. Харин өндөрлөг газраас уруудуулбал түүнээс хавьгүй бага зардал, даралт зарцуулна. Энэ бүхнийг нарийн тооцдог тооцоо. Энэ тооцоогоор Ус-15 бол газар нутгийнхаа тогтоцоор дулааны шугам сүлжээ барихад хамгийн тохиромжтой газар  гэдгийг эрчим хүчний тэргүүлэх мэргэжилтнүүд гаргасан юм. Тиймээс ирээдүйн эрчим хүч, дулааны хэрэгцээг хангахын тулд үүнийг сайтар  бодолцох учиртай. Нийслэл хотын зүүн хэсгийн  дулааны эрчим хүчний хангамжийг шийдэхийн тулд УС-15-д  дулааны төв барих судалгаа, зураг төслийн ажлыг яаралтай эхлүүлж,  богино хугацаанд хэрэгжүүлэх нь зөв. Ингэснээр  Баянзүрх дүүргийн дулааны хангамж үлэмж хэмжээгээр сайжирч, хотын бүтээн байгуулалт, хөгжилд ихээхэн түлхэц өгөх нь дамжиггүй. Манайх шиг өвөлдөө хасах 40 хэм хүйтэрдэг оронд  гэр хорооллын айл өрхийн дулааны асуудлыг хамгийн түрүүнд шийдэх ёстой. Үүнийг бусад оронд цахилгаанаар шийддэг. Харин манайд цахилгаанаар дулаанаа шийднэ гэдэг маш их хүндрэл дагуулж байна. Цахилгааны үнэ маш өндөр. Тийм болохоор цахилгаанаар дулааны асуудлыг шийдлээ гэхэд дундаж амьжиргаатай өрх байтугай  нэлээд чинээлэг айл өрх ч цахилгааны төлбөрөө төлж дийлэхээргүй болчихож байгаа юм. Сардаа сая гаруй төгрөгийн төлбөр төлж байж хэвийн хэмжээний дулаанаар хангана. Ер нь манайд асар богино хугацаанд шийдэх зайлшгүй шаардлагатай хоёр чухал зүйл бий. Тэр нь техник технологийн асар их хоцрогдолд орчихсон дулааны болон цахилгаан түгээх сүлжээг яаралтай сайжруулан шинэчлэх явдал. Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэхдээ дэд бүтэц, түүний дотор цахилгаан, дулааны сүлжээний техник, технологи, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хамтад нь бодолцоогүйгээс энэхүү хоцрогдол үүдэлтэй. Техникийн шинэчлэлийн хувьд ухаалаг сүлжээний технологийг нэвтрүүлэх ажлыг одооноос судалж нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай. Ингэснээр эрчим хүчний хангагч, хэрэглэгчийн хоорондын уялдаа холбоо сайжирч үйлдвэрлэл хэрэглээг хянах, зохицуулах боломж үлэмж нэмэгдэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар эрс сайжрах, улс эх орны хөгжлийн цаашдын чиг хандлагад  нийцэх давуу талтай юм.

-Тэгээд энэ бүхнийг шийдэхийн тулд яах ёстой вэ?

-Инженерийн шугам сүлжээг зайлшгүй  шинэчлэх шаардлагатай. Дээр нь эх үүсвэрээ оновчтой газарт барих хэрэгтэй. Улаанбаатарт 273 мянга гаруй айл өрх байдгийн ердөө 1/3 нь л орон сууцанд амьдарч байна. 2/3 нь зуун жилийн өмнөхөөрөө амьдарч байна гэсэн үг.  Яагаад монголчууд зуун жилийн өмнөхөөрөө амьдрах ёстой юм бэ. Ингэж амьдарч байгаагаасаа болоод хөрс, агаарын бохирдол дээд цэгтээ хүрлээ. Улаанбаатар хот  агаарын бохирдлын хэмжээгээрээ дэлхийд эхний гуравт орж байна. Хашаандаа “00” ухах ч газаргүй болчихоод байна. Үүнээс болоод халдварт өвчин маш ихээр гарах боллоо. Хот хогондоо дарагдаж, хүн эрүүл амьдрах үндэсгүй болж байна. Үүнийг шийдэх л хэрэгтэй.

-Нийслэлийн хог новшийг шүүрдэх хэрэгтэй гэж зарим хүн хотын даргад шүүр өгч байсан. Та ч гэсэн тийм зорилгоор нийслэлийн ИТХ-д өрсөлдөж, сонгогдсон байх л даа?

-Тийм ээ, тэгнэ. Та өвөл уушгиа цоортол угаараар утуулж, зун харшилтай болтлоо тоосоор амьсгалдгаа сайхан амьдарч байна гэх үү. Үүнийг хүн шиг амьдраад байна гэх үү. Хүн шиг амьдаръя гэлээ гээд МАН-ынхан биднийг  шүүмжилж  байсан. Ингэж амьдрах өөрсдөд нь таалагдаад байгаа юм болов уу.

-Мэдээж үгүй байлгүй дээ?

-Болохгүй байгаа бүхнийг шүүмжлэхдээ гол нь биш. Би бага тойрогт “Хүнсний нэг”-ийн хажуугийн байранд гэр хороолол орон сууц хосолсон орчинд төрж өсөөд энэ хотод 50 орчим жил амьдарсан хүн. Энэ хотын иргэдийн  хүсэл юу байдаг вэ гэдгийг сайн мэднэ. Монголын нийслэлийн хөгжлийг  бусад орны хотуудынхтай харьцуулахад яагаад ийм дорой, буурай байна вэ. Яагаад нийслэлийнхэн  шороонд булуулж, утаанд угаартаж, халдварт өвчинд дарлуулж, хог шаар мэт амьдрах ёстой гэж. Яагаад манай охид, эхчүүд, эмэгтэйчүүд, эмээ өвөө нар маань өвлийн хүйтэнд гадаа жорлонд бие засах ёстой гэж. Өвөл болоод ирэхээр Улаанбаатараас гаднын  дипломатууд, албаны хүмүүс зугтаж байна. Гадныхан болохоор машиныг нь эвдлэхгүй, түгжрэхгүй сайхан замтай, хог хаягдал, утаа униар, тоос шороогүй,  иргэдийнхээ төлөө ажилладаг төртэй, эрх  чөлөөтэй, эрүүл тайван, бүх зүйл нь даатгалтай, нарийн системтэйгээр зохицуулагдсан сайхан орчинд амьдардаг. Бид  бүх зүйл нь болохоо байчихсан хотод амьдрах ёстой гэж үү. Бид чинь хэдүүлээ билээ дээ.

-Их цөөхөн ш дээ, 2.7 саяулаа?

-Ийм цөөхөн хүнтэй хэрнээ байгалийн асар  их баялагтай улсын маань нийслэл яагаад ийм муухай байх ёстой юм бэ. Бүгд л санаа зовдог биз дээ. Би ч тэдний л нэг, Улаанбаатарын унаган иргэн. Тиймээс ч төрөлх хотынхоо төлөө ихийг хийх ёстой. Буруу тийшээ яваа нийслэлийг зөв голдиролд  оруулах оновчтой  шийдлийг олъё гэж байгаа юм.

Хот төлөвлөлт  улам л замбараагүй болж байна. Хувь хүн  энэ замбараагүй байдлыг засч залруулж чадахгүй. Харин улс төрийн хүчин бол багаар ажиллаж чадвал уг асуудлыг шийдэх бүрэн боломжтой. МАН-д ийм боломж 90 жилийн турш байсан. Тэд харин юу ч  хийсэнгүй. Одоо  бид хийе. Бид шийдье. Бидэнд түүнийг шийдэх санаа, бодлого, менежмент  байна. Энэ мэт асуудлыг шийдэлцэхийн тулд НИТХ-д нэрээ дэвшүүлж, иргэд маань ч сонгосон гэж ойлгож байгаа.

-Та яагаад заавал Баянзүрхээс нэр дэвшсэн юм бэ. Төрж өссөн Сүхбаатар дүүрэгтээ дэвшвэл ялах магадлал их байсан юм биш үү?

-Энэ хотыг төлөвлөлтгүйгээр барьчихлаа шүү дээ. Би инженер хүн. Баянзүрх дүүрэг буюу зүүн тийшээ хот хөгжих ёстой. Тиймээс энд дулаан, цахилгааны эх үүсвэр маш их хэрэгтэй болно. Агаарын бохирдлоос салъя гэвэл энэ дүүрэгт анхаарлаа хандуулах ёстой. Тэгээд ч энэ дүүргээс НИТХ-д Ардчилсан намаас нэр дэвшигч сонгогдож байгаагүй юм билээ. Тийм болохоор  энэ удаа сонгогдоод ажиллая гэж зориглоод л нэрээ  дэвшүүлсэн.

-Хотыг төлөвлөлтгүй гэлээ. Хотын дарга “төлөвлөлтийн дагуу” гэж их ярьдаг шүү дээ. Ийм хот байгуулах гэж төлөвлөсөн юм биш үү?

-Ху намынхан хотыг төлөвлөсөн. Түүний дагуу энэ хотыг босгосон гэж ярьж байгаа бол маш муу төлөвлөж. Хотын төвд нь гишгэх ч газаргүй, баахан барилга  шавааралдчихсан. Нийслэлийнхээ төвд ногоон цэцэр­лэгтэй болъё гэхэд  газаргүй болго­чихож. Цэцэрлэг, сургууль барих талаар яриад ч хэрэггүй. Зам, талбай барих өчүүхэн ч газар үлдээлгүй барилга барьчихсан. Битүү түгжрэлтэй замтай. Үүнийг хот  төлөвлөлт гэх үү. Уг нь  машин замд зогсох бус явах ёстой биз дээ. Архитекторын маш замбараагүй шийдлээр баригдчихжээ. Хотыг ийм л болгосон байна.

-Нэгэнт ингээд барьчихсан хотынхоо төвийг одоо яах юм бэ?

-Хотын төвийг өөрчлөх шаардлагатай. Үүнд  хөрөнгө хүч, улс төрийн  зориг, оновчтой шийдвэр чухал. Тэгж байж зөв хот болно. Нэг ёсондоо хотыг шинээр төлөвлөх бодлого боловсруулна гэсэн үг л дээ.

-Таны бодлоор Улаан­баатарын хөгжлийг хаашаа хан­дуулах ёстой вэ?

-Миний бодлоор энэ хотын хөгж­лийг урагшаа, хойшоо, баруун тийшээ хөгжүүлнэ гэж харахгүй байна. Зөвхөн зүүн тийшээ хөгжих боломжтой.

-Яагаад?

-Ардчилсан намын бодлогод хотыг хаашаа хөгжүүлэх боломжтой вэ гэдгийг нэлээд нарийвчлан судалсны үндсэн дээр зүүн тийшээгээ юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Хотын бүх газар  олигархиудын гарт орчихсон. Дахиад өөрчлөх, шинээр барилгажуулах ямар ч боломжгүй болчихсон ийм  тохиолдолд хотыг тэлэх шаардлагатай. Ингэж тэлэхдээ Налайх, Багануур дүүргийг түшиглэж хөгжинө гэсэн үг. Налайх гэхэд барилга, хот байгуулалтын техник, технологийн гол түшиц болно. Багахангай  барилгын материал, түүхий эдийн гол түшиц газар болох юм. Үүнийг дагаад хүмүүсийн ажлын байр олноор нэмэгдэж хот хөгжинө. Ингэхдээ гэр хорооллыг орон сууцжуулах хэрэгтэй. Хөгжилтэй орнуудад орон сууцыг  олон давхар байшингаар төсөөлөхөө больчихож. Өөртөө тохирсон амины орон сууцаар төсөөлж байна. Нийтийн орон сууц бол нэг хэв загвартай, түүнд нийцүүлэн хүмүүс амьдралаа төлөвлөж амьдрах шүү дээ. Үүнийг иргэд хүсэхгүй байна. Өмчилсөн газар дээрээ өөрийн хүссэн хэв загвартаа тааруулсан амины сууц барьж, тав тухтай амьдрахыг л хүсч байна. Ингэхдээ иргэд ам бүлээсээ хамаараад харилцан адилгүй сууц төлөвлөнө. Олон ам бүлтэй, орлого сайтай айл олон өрөө, тасалгаатай, дороо  гарааштай, хэд хэдэн давхар сууц төлөвлөдөг бол цөөхүүлээ амьдардаг нь арай авсаархан сууц барихыг хүсэх жишээтэй. Газар нь бага, хүн ам олонтой  иргэд хажуу хашааныхантайгаа нийлж,  дундаа сууц барих байдлаар энэ асуудлыг шийдэж болно. Ийм тохиолдолд эдийн засаг болон эрчим хүчний асар хэмнэлттэй сууц барих хэрэг гарна шүү дээ. Энэ асуудлыг шийдэх талаар  хотын үе үеийн удирдлага ямар ч ажил хийгээгүй. Хотыг тэлэнгээ орон сууцжуулж, агаарын бохирдлыг багасгая гэсэн бодлогыг ерөөсөө бариагүй. Утааг багасгах, хөрсний бохирдлыг бууруулах ганцхан арга бол гэр хорооллын янданг цөөлж, инженерийн шугам сүлжээнд холбох. Үүнийг төлөвлөөгүйгээс л энэ бүх бохирдол бий болсон юм.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Л.НАРАНТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж