Ардын намынхан сонгуулийн бэлтгэл ажлаа нийслэлийн намын хорооноосоо эхэллээ. Өнгөрсөн баасан гарагт нийслэлийн Ардын намын хороо хуралдаж, бүтэц, зохион байгуулалтын асуудлаа хэлэлцсэн байна. Тэд хурлаараа нийслэлийн намын хорооны “түлхүүр”-ийг Улаанбаатар хотын Засаг дарга Г.Мөнхбаярт өглөө. Сонгууль угтаж, халаа сэлгээ хийж байгаа Ардын намынхан нийслэлийг үндсэндээ түүнээр зангидуулахаар шийдвэрлэжээ. Хотын захирагч Г.Мөнхбаяр 56.5 хувийн саналаар нийслэлийн намын хорооны дарга болсон юм. Нийслэлийн намын хороог удирдаж байсан Т.Билэгт 2009 онд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт тавьсан. Тэр үед Засаг дарга Г.Мөнхбаяр, Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар нарын нэрийг уг албаны даргаар дэвшүүлж байсан юм. Харин Засаг дарга Г.Мөнхбаяр нэрээ татсанаар Б.Мөнхбаатар намын хорооны дарга болж байв. Энэ удаа сонгуулийн өмнөх жил учир Ардын намынхан Г.Мөнхбаяраар намын хороог удирдуулахаар шийдлээ.
Ардчилсан намын тухайд намын дүрмээ өөрчилж, дотоод сонгууль явуулахгүй хэмээн шийдвэрлэсэн. Энэ нь Ардчилсан нам “Ардчилалгүй боллоо” гэх шүүмжлэлийг дагуулж байгаа. Нөгөө талаас намын удирдлага, гишүүдийн зүгээс “Сонгуулийн өмнө ротаци явуулах хэрэггүй. Намын гишүүдийг зөрчилдүүлж, намыг хагалан бутаргахгүйн үүднээс ийм шийдвэр гаргасан” гэсэн юм. Мөн шинэ дүрмээр фракциудыг бодитойгоор зарлаж буй. Ардчилсан намд УИХ-ын гишүүн З.Энхболд тэргүүтэй Ардчилсан хүчний холбоо, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр удирддаг “Нэг Ардчилал” зэрэг фракци байдаг. Харин тэд нийлээд ч “Алтангадас”-ынхныг дийлэхгүй хэмээдэг. Ардчилсан намын фракциудаас гадна дүүрэг бүрт ардчилсан гэх тодотголтой хоёр “толгой” бий болоод удсан. Үүнийг цэгцлэх үүднээс Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат сонгуулиас урьтаж, дүүргийн анхан шатны байгууллагуудаа нэгтгэж байгаа юм. Тэрбээр фракциудаа эвдрэлцүүлэхгүйхэн шиг ирэх сонгуулийн бэлтгэл ажлаа эхэллээ.
“Ногоон үзлээр хэн бүхнийг байлдан дагуулж, сонгуульд ялалт байгуулах болно” хэмээн Ногоон нам, Иргэний зориг намын удирдлагууд мэдэгдсэн. Тэд өнгөрсөн бямба гарагт их хурлаа хийн Иргэний зориг-Ногоон нам нэртэйгээр хамтарч ажиллахаар боллоо. Гэвч үүнийг “Буруу” хэмээн Ногоон намын зарим гишүүн хурлын үеэр жагсаал хийв. Гуравдагч хүчний орон зай үгүйлэгдэж байгаа энэ үед Иргэний зориг-Ногоон нам байр сууриа олохоор улс төрөө эхлүүлэв. Харин Ногоон намын зарим гишүүн “Ногоон намын дарга Д.Энхбат нарын хүн Иргэний зориг нам руу явлаа. Бид Ногоон намдаа үлдэнэ” гэсэн юм. Аливаа нам нэгдэх, салах эсэх нь намын бүх гишүүнд таалагдах албагүй. Харин нэгдсэн, эсвэл салсны дараах улс төрийн алхам юу байх вэ гэдэг нь олны сонирхлыг татдаг. Энэ ч утгаараа саяхан нэгдсэн Иргэний зориг-Ногоон нам болон тэднийг эсэргүүцэгчдийн төлөөлөл юу хийх бол.
Улсын дээд шүүхэд нэрээ бүртгүүлж чадаагүй улс төрийн отгон хүчин МАХН-ынхан ууртай байна. Тэд Ардын намынхнаас нэрээ салгахыг хичээж байгаа ч харамсалтай нь бүтэлгүйтлээ. Улсын дээд шүүх МАХН хэмээх нэрийг хэлэлцэх хуулийн хугацаа өнөөдөр дуусна. Гэтэл Улсын дээд шүүхийнхэн Улс төрийн намын тухай хуулийн 15.6 дугаар заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар хэлэлцэн Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт мэдүүлэхээр болсон. Үүнийг МАХН-ынхан эсэргүүцэж, Ардын намынхан нэр бүртгүүлэх ажлыг удаашруулж, цаг хожих үүднээс ийм зүйл хийсэн байж болзошгүй хэмээн хардаж байгаа юм. Тэд өнөөдөр нэр бүртгэх асуудлыг хэлэлцэхгүй бол дараагийн алхмаа хийх болно гэж мэдэгдсэн. Ямартай ч МАХН-ынхан намын нэрийг бүртгэсэн, бүртгээгүй улс төрийн намын үйл ажиллагаагаа эхлэх аж. Харин Улс төрийн намын тухай хуулийн 15.6 дугаар заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудал Үндсэн хуулийн Цэцэд очсоноор МАХН-д нэрийг нь өгөх ажил тодорхойгүй хугацаагаар хойшилж байгаа юм.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин