Бизнесийн хөгжлийн төвтэй болно

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Бизнесийн хөгжлийн төвтэй болно

Сумьяагийн Сүхбаатар Дундговь аймгийн Засаг даргын орлогчоор энэ оны эхнээс томилогдон ажиллаж байна. С.Сүхбаатар  Мандалговь хотод төрсөн. Хуульч мэргэжилтэй. Япон  улсад бизнесийн хөгжлийн асуудлаар докторын зэрэг хамгаалсан.  ХААН төв банкинд төслийн ажилтан, Хууль зүйн үндэсний төвд  нэгжийн захирал зэрэг алба хашиж байсан.

  
-Аймгийнхаа хөгжлийн гарцыг хэрхэн харж байгаа вэ?

-Аймгийн ИТХ оны эцсээр хуралдахдаа хөгжлийн гарцыг таван чиглэлээр томьёолсон байна.  Үүний нэг нь уул уурхай, ашигт малтмалын ашиглалтыг зөв менежментээр удирдаж хөрөнгө оруулалтыг хөгжил рүү чиглүүлэх явдал юм. Энэ хүрээнд уул уурхайд түшиглэсэн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх нь аймгийн хөгжлийн оновчтой гарц гэж харж байна. Энэ талаар  сая Мандалговьд болсон  тус аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын болон  ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн зөвлөлгөөн нухацтай ярилцлаа. Манай аймгийн нутаг дэвсгэрийн 16,7 хувьд  хайгуулын 237, ашиглалтын 48 аж ахуйн нэгж   тусгай зөвшөөрөл аваад үйл ажиллагаа явуулж байна.  Тэднээс үйл ажиллагаа нь жигдэрч байгаа тавь шахам аж ахуйн нэгжийн төлөөлөл зөвлөлгөөнд оролцлоо. Уул уурхайнуудын үйл ажиллагаа эрчимжихийн хэрээр дэд бүтэц сайжирч хөгжлийн хурдац нэмэгдэхийн хэрээр хүн ардын амьдрал ахуй дээшлээд ирэх нь тодорхой.  Газрын дорхи баялаг харьцангуй их, одоогоор чулуун ба хүрэн нүүрс, жонш, гөлтгөнө, төмрийн хүдэр, алт, уран зэрэг 33 нэрийн  ашигт малтмалын судлагдсан 91 орд, 150 гаруй илэрц байгаа манай аймгийн  хувьд тулгамдсан асуудлаа шийдвэрлэх хамгийн дөт зам нь уул уурхайд түшиглэсэн бүтээн байгуулалт юм.

-Тулгамдсан ямар ямар асуудал байна вэ?
 
-Ажилгүйдэл ихтэйгээс  ядуурал дагалдаж байгаа. Том аж ахуйн нэгж харицангуй цөөн, амиа аргацаасан жижиг нэгж зонхилсоор байна.  Түүнээ дагаад жижиг дунд бизнесийн хөгжил дэндүү сул. Дээр нь мал аж ахуй байгалийн эрсдэлд өртөмтгий,  газар нутгийн хэмжээнд цөлжилт, хөрсний доройтол 70 хувиас давсан нь зангилаа асуудал  болоод байгаа. Уул уурхайд түшиглэсэн бүтээн байгуулалтыг дагаад эдгээр зангилаа асуудлыг шийдвэрлэх боломж байгаа.
   
-Тулгамдсан энэ олон зангилаа асуудлаас эн түрүү алийг барьж авч хэрэгжүүлэх гэж байна?
  
-Бид эн түрүү 7,5 тэр бум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг төлөвлөөд байна.  Энэ ажлыг гүйцэтгэхийн тулд санхүүгийн эх үүсвэрээ олж  /Мөнгө босгох/ ухаалаг бодлогоор тэргүүлэх чиглэлээ зөв сонгохоор ид ажиллаж байна.  Газар нутгийн оновчтой байршлаа түшиглэн Улаанбаатарын зах зээлд бренд бүтээгдэхүүнээ гаргах, тэнд өөрийн аймгийн түшиц газартай болох ажлыг хөөцөлдөөд эхэлчихсэн. Юуны түрүү экспортортод бүтээгдэхүүнээ нийлүүлдэг махны үйлдвэр, барилгын материалын үйлдвэр барьж байгуулах ажлыг яаравчлах шаардлагатай. Ингэснээр орон сууцны хороолол барих, Мандалговийн ундны болон үйлдвэрлэлийн усны хангамж, эх үүсвэрийг шийдвэрлэх,  тэндхийн гэр хорооллыг цэвэр, бохир усны инженерийн байгууламжид холбох, бүх сумыг шилэн кабелийн сүлжээнд хамруулан орчин үеийн мэдээлэл, технологи, харилцаа холбооны  асуудлыг шийдэх юм.
   
-Бизнесийн  хөгжлийг хэрхэн дэмжих вэ?
   
-Манай аймагт бизнес үнэхээр сул хөгжжээ. Хамгийн энгийн, жижиг бизнес  л нэгэн хэмийн жижиг тойрогт эргэлдэж байна. Үүнийг “Үхлийн тойрог” гэж судлаачид нэрлэсэн бий. Ийм нөхцөлд яагаад ч бизнес мэдэгдэм хөгжихгүй.  Иймд бизнес эрхлэгчийнхээ эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх, тэднийг өсгөж бойжуулах “Инкубатор” хэрэгтэй байна. Иймд бид бизнесийн хөгжлийн том төвийг Мандалговьд барихаар төлөвлөж байна. Одоогоор бид түүнийгээ “Түмний өргөө” гэж нэрлээд төсөл зохиосон. Энд  жижиг дунд бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа явуулдаг, төслийн болон бизнесийн сургалтанд хамрагддаг, ер нь бүх төрлийн бизнес цэцэглэн хөгжих, ирээдүйн хүчирхэг бизнесмен төрөн гарах тийм төв болохуйц цогцолбор барих юм. Ер нь санаж бодож, төлөвлөж байгаа зүйл их байна. Аймгийнхаа 70 жилийн ой угтсан ажлын хүрээнд энэ бүхнээсээ нэлээдийг эхлүүлнэ. Хөрөнгө мөнгө ч эхнээсээ шийдлээ олох нь.  Төр засаг, ард түмнийхээ дэмжлэг, идэвхи санаачилга, нийслэл дэх нутгийн зөвлөл, ОХУ, БНХАУ, Япон, Солонгос зэрэг гадаад орнууд дахь түнш, харилцаа холбоо тогтоосон аймаг, муж, нутаг орныхоо уугуул бизнес эрхлэгчдийн дэмжлэгтэйгээр аймаг орныхоо хөгжлийг түргэтгэж хүн ардын амьдрал ахуйг мэдэгдэм сайжруулах үйлст  амжилт гаргана гэдэгтээ аймгийн удирдлага итгэлтэй байгаа.

С.Пүрэвсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж