Чин ван Г.Чагдаржавын удмынхан хаа явна | News.MN

Чин ван Г.Чагдаржавын удмынхан хаа явна

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Чин ван Г.Чагдаржавын удмынхан хаа явна

Богд хаант Монгол улсын  Сангийн яамны анхны сайд, Түшээтхан, Чин ван  Гааданбалын Чагдаржавын   гавьяа зүтгэлийг мөнхжүүлэх ажил орон даяар, түүний дотор уугуул нутаг нь болох Дундговь аймагт өрнөж байна.  “Чагдаржав сан” Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын санаачилгаар   түүний морьтой хөшөөг  төв талбайдаа залах гэж байгаа юм. Г.Чагдаржавын Монгол улсын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, түүний удам судрынхны тухай өгүүллийг толилуулав.

Монголын ард түмэн эх оронч зүрх сэтгэлтэй эрдэм боловсролтой хүмүүс ноёд лам нарын удирдлага, туслалцаатайгаар эрх чөлөөгөө олж, тусгаар улс орон болоход Богд Жавзандамба тэргүүтэй Хан, Ван гүнгүүд, даа лам лам нар, хошуу захирах ноёд их үүрэг гүйцэтгэснийг түүхэнд тэмдэглэсэн. Ийм нэгэн хүн бол Түшээт хан аймгийн Говь түшээт гүний хошууны ноён Гааданбалын /Гадинпэлийн ч гэдэг/ Чагдаржав юм. Тэрээр 1869 онд буюу шарагчин могой жил Чингисийн удмын тайж Гааданбалын гэр бүлд одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт төржээ. 1895 онд хошуу захирсан эцэг ноён Гааданбал нас барахад 1896 онд хөвгүүн дэд зэрэг тайж Чагдаржавыг хошуу ноён болгохоор мэдүүлж 1897 онд засгийн тамгыг жинхэнээр нь хүлээн авчээ. Ийнхүү угсаа залгамжилж бас улсын түшээ цолтой болсон байна. Угсаа залгамжилсан залуу ноён 1900 онд Халхын нөлөө бүхий том аймгийн нэг болох Түшээт хан аймгийн чуулганы дэд дарга болж, их улс төрд орж, эрдэм боловсрол, ааш зан, ажил үйлсээрээ шалгарч 1909 онд чуулганы жинхэнэ дарга болон дэвшжээ. 1911 онд Монгол улсын тусгаар тогтнолын эрх чөлөөний хувьсгалыг хийхэд гол үүрэг гүйцэтгэсэн хүний нэг нь энэхүү Түшээт гүн Г.Чагдаржав байж . Тусгаар тогтносон анхны түр засгийн тэргүүн, сангийн яамны сайдаар томилогдож, хошой Чин вангийн хэргэм хүртжээ. Тэрээр удам угсаагаараа их эзэн Чингис хааны 31 дахь үе Батмөнх даян хааны хүү Гэрсэнзийн угсаа боржигон овогтой хиад ястан алтан ургийн хүн. Чагдаржав багаасаа гэрийн сургуулиар Манж, Монгол бичиг гаргууд сайн сурч,түүх шастир их уншиж, улс төрийн зэгсэн боловсрол олсон, ааш зан тогтуун зөөлөн, аливаад уцаарладаггүй, ард олноо гэсэн ухаалаг хүн байсан хэмээн настайчуул ярьдаг. Үнэхээр улс төрийн уян хатан ухаалаг бодлого нь улс орныг тусгаар тогтнох их үйлсэд ч нөлөөлсөн байх талтай. Г.Чагдаржавыг Монголын тусгаар тогтнолын том зүтгэлтэн гэж үздэг.
Тэрээр Хятад, Орос, Монгол гурван улсын гэрээнд гол үүрэгтэйгээр оролцсон төдийгүй тусгаар Монгол улс байгуулах үйл хэрэгт эх орончийн байр сууринаас хүчин хүчин зүтгэж байсан нөлөө бүхий ноёдын нэг байлаа. Гагцхүү тэр их хүний гавъяа зүтгэл эх оронч үзэл бодлыг эдүгээ хүртэл үнэлсэн нь цөөн. Эрдэмтэн, эдийн засагч, нутгийн хүн С.Баатар “Тэргүүн сайд Г.Чагдаржав” хэмээх ном бичсэн нь түүний намтар, түүх улс төрийн үйл амьдрал, үзэл бодлыг ойлгох гол гарын авлага болж байна. Мөн түүхч эрдэмтэн С.Чулуун “Өдрийн сонин” –д товч бичиж Монголын тусгаар тогтнолын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хүн хэмээн үнэлжээ. Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг зохион байгуулагчдын нэг /хувь хүн миний бодлоор бараг удирдагч нь гэж хэлж болохоор/ Г.Чагдаржавын хөшөө дурсгалыг төрсөн аймаг суманд нь босгох, удам судар ах дүү төрөл төрөгсөдийг нь тодруулах улс төрийн үйл амьдрал, үзэл бодлыг нь нээх, намтар бүтээлийг нь нийтийн хүртээл болгох ажлыг хиймээр байна.”Г.Чагдаржав сан” байгуулагдсан сурагтай. Энэ сангийн үйл ажлыг нийтэд хүртээмжтэй болгомоор… Энэ талаар манай аймаг сумд эхлэн хошуучлах шаардлагатай болов уу? Түүнийг мэндэлсний 140 жилийн ой 2009 онд тохиосон боловч ажин түжин өнгөрлөө. 2011 онд Монгол улсынхаа тусгаар тогтнолын түүхт 100 жилийн ой болох учраас улс, аймаг нэгийг бодож хоёрыг санаж байгаа байх хэмээн сэтгэнэ. Ах дүү, төрөл төрөгсөд, удам угсааны хүмүүс ч бас нэгийг бодож байгаа болов уу? Ном үзэсгэлэн гаргах, медаль дурсгалын тэмдэг хийх, онол практикийн хурал чуулган зохион байгуулах эрдмийн ном бүтээл гаргах гээд олон ажлууд хийж болох юмаа.
Г.Чагдаржав 1911-1915 оны ахар бага хугацаанд монголын төрд чухал үүрэг гүйцэтгэж юуны өмнө тусгаар тогнолыг баталгаажуулах хамгаалж үйлдэхийн төлөө 1912 оны гэрээ, 1913 оны Хятадад довтолсон үйл явц, 1915 оны Хиагтын хэлэлцээрт оролцсон оролцохдоо чухал үүргүүдийг гүйцэтгэснийг хэлж болно. Энэ талаар судлаж нийтэд мэдээлэгдсэн, олонд ойлгуулсан сэдэв материал, ном бүтээлч бараг алга байна. Нөгөө талаас санхүү эдийн засгийн үйл ажиллагааны хувьд сангийн сангийн сайдын хувьд Монгол улсын санхүүг аривжуулах мөнгө хөрөнгийг өсгөх талаар ихээхэн үүрэгтэй ажиллажээ. Энэ талаар бидний мэдлэг бас л хомс байгааг эрдэмтэн мэргэд, түүхчид, эдийн засагчид бас бодмоор судалмаар юмаа. Тэр бол түшээт гүний хэмээх халхын хамгийн том хошууны ноён төдийгүй, Түшээт хан аймгийн чуулганы дарга,1911 онд таван яамны тэргүүн сайдын нэг, 1911 онд хувьсгалын толгойлогчдын гол үүрэг гүйцэтгэсэн. Анхны түр засгийн тэргүүний /одоогоор бол ерөнхий сайдын/ үүрэг хүлээсэн түүхэн том зүтгэлтэн хүн байлаа. Эх оронч сэтгэлтэй, эрдэм боловсрол сайтай, эгэл ардын амьдрал ахуй, санаа бодлыг ойлгодог, холч ухаантай хүн байжээ.
 Түүний удам судар, уг угсааг төдийлөн судалж тэмдэглээгүй боловч нутгийнхан одоо ч ах дүү, төрөл төрөгсөд хамаатнуудыг ярьсаар байдаг. Тэрээр 2 хүү, 3 охинтой хүн байсан бөгөөд том хүү Ожоо нь тойн хуварга хүн байж, 3 охин Цээсүрэн, Цэвэлсүрэн, Дугарсүрэн нь үр хүүхэд олонтой. Тэдний хүүхдүүд одоо ч нутаг  усандаа аж төрсөөр байна. Бага хүү Ч.Лхамсүрэн нь угсаа залгамжилсан хошууны ноён байж байгаад хэлмэгдсэн билээ. Лхамсүрэн ноён одоогийн Сайхан-Овоо сумнаас Нацагням гэдэг хүүхнийг гэргий болгон авч Дуламсүрэн, Баатархүү гэсэн 2 охинтой байжээ. Эдгээр охид нь 1960-1970 аад онд Улаанбаатар хотод амьдарч байсан бөгөөд тэдний үр хүүхэд одоо ч бий байх.
Г.Чагдаржав ноёны төрсөн ах Г.Гүнчин тайжийн хүү Ванчинсодном тайж байж байгаад бас 1930-аад онд хэлмэгджээ. Түүний хүү Даваадорж ?1920-1977? “Баринхамба” ламын хувилгаанаар залагдаж 1938 онд хар болж Халхын голын дайнд явж байсан. Ахмад дайчин байгаад 1977 онд өөд болсон. Тэдний үр хүүхдүүд Эрдэнэдалай суманд багш, малчин гээд олон хүмүүс бий. Даваадоржийн төрсөн дүү В.Жалсрай Ардын боловсролын байгууллагад 40 гаруй жил ажилласан. Ардын боловсролын тэргүүний ажилтан энэ багш одоо ч Эрдэнэдалай сумандаа аж төрж байна. Тэднийх мөн л олон үр хүүхэдтэй, өнөр өтгөн айлын өрхийн тэргүүн билээ.
Чагдаржав  ноёны охин Цэвэлсүрэнгээс гарсан Будын хүүхдүүд Ж.Найгал, Ж.Содхүү,Ж.Цогтгэрэл нар Улаанбаатар хот, Эрдэнэдалай сумдад аж төрж байна. Том хүү Ж.Найгал нь орон нутгийн нам захиргааны ажлыг олон жил хийсэн. Одоо ч Эрдэнэдалай сумын ахмадын хорооны даргаар ажиллаж байгаа, Алтан гадас одонт, ойн медалиудаар шагнагдсан нутгийн нэр хүндтэй буурлуудын нэг билээ. Ж.Найгалынх 5 хүүхэдтэй. Найгалын ах Ж.Пэрэнлэй агсных /аймгийн усны аж ахуй удирдах газар ажиллаж байсан/  мөн л арваад хүүхэдтэй айл бий. Нөгөө нэг охин Цээсүрэгээс гарсан Цэгмэд, Цэгмэдээс гарсан Жамъяндорж, Доржбат, Дондовдорж, Цэнджав нар аймгийн төв Цагаан-Овоо уурхай, Улаанбаатар хотод аж төрж байна. Цэвэлсүрэнгээс гарсан Бархас ч бас олон хүүхэдтэй. Эдгээр хүүхдүүд нь Дундговь аймгийн төвд амьдарч байна. Ер нь гүн Чагдаржавын үе хойч гэвэл одоогоор 300 гаруй хүн Дундговь нутагтаа болоод Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа юм.

Монгол улсын гавьяат багш  З.ЦЭВЭЭНРАВДАН
                                            Сэтгүүлч С.ПҮРЭВСҮРЭН

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Э.Ганчимэг 2011-03-28 124.158.76.100

Их Монгол Улсынхаа тусгаар тогтнолын төлөө бие, сэтгэлээсээ зүтгэж явсан ачит буурлуудынхаа үнэн түүхийг сэргээн судалж, олонд таниулж байгаа тандаа маш их талархаж байна.Цэгмэдээс гарсан 5-хүү 2 охины дутуу нь: Их хүү Юндэндорж,бага хүү Сүрэндорж, бага охин Нордов. Эдгээр 7 хүүхдийн үр хүүхдүүд олон болсоон.

Avatar

Зочин 2011-03-28 202.179.11.122

dundgovio gesen hun bur meduushtei yum baina shuu

Avatar

http:goe.mn 2011-03-28 202.131.225.147

iPad iPad2 -g hamgin hayamd uneer zahialan avaarai SONY VAIO cpu 2 53Ghz ram 4Gb hdd 500Gb Screen 14inch 15inch laptopuud bainga zarj baina 88005886

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж