Өнгөлөг парламентад өглөөний мэнд

Хуучирсан мэдээ: 2012.07.06-нд нийтлэгдсэн

Өнгөлөг парламентад өглөөний мэнд

ХУРТАЙ НЭЭЛТ

УИХ-ын зургаа дахь удаагийн сонгуулиар бүрдсэн парламент ажилдаа орлоо. Шинэхэн УИХ-ын бүрэн эрхийн эхний өглөө бороо шивэрч, Монгол Улсын төр, засгийг атгах дөрвөн жилийн гарааг хураар мялаав. Хувьтай хүн хур борооноор хэмээн монголчууд бэлгэддэг талаасаа шинэхэн парламент улс орноо зөв залах болтугай гэж бэлгэшээх хүн олон байлаа.  Төрийн ордны хойд гол хаалган дээр ёслолын хувцсаа өмсч сэлэм агссан хүндэт харуулын дайчид зогсч гадаадын дипломатууд, зочдыг угтаж байсан нь урьд өмнөх чуулганы нээлтүүдээс гойд онцгой, хүндэтгэлтэй харагдаж байв.

Өчигдөрхөн л хуучин УИХ-аа хаахгүй, шинэ парламентын тангаргийг өргүүлэхгүй хэмээн гөжүүдэлж байсан МАН-ынханы ааш засраад хоножээ. Ерөнхийлөгчийн зарлиг буулгасан ёсоор өглөөний 10.00 цагт анхдугаар чуулган эхлэхтэй уралдан  Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Өвөрхангайн тойрогт өрсөлдөж УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ аваад байсан МАН-ын хоёр нэр дэвшигчийг СЕХ-ноос Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн бариагүй нь МАН-ын бүлгийнхний анхдугаар чуулганд орохоос цааргалах шалтгаан болоод байсан юм.

Гэвч эв эеэ хичээж улс орны цаашдын ирээдүйг бодох үүднээс МАН-ын гишүүд анхдугаар чуулганд орохоор болсныг С.Батболд дарга мэдэгдсэн нь ноён нуруутай улс төрийн хүчин, жудагтай улс төрчийн буурийг харуулж УИХ-ын шинэхэн гишүүд бүрэн эрхээ баталгаажуулан тангараг өргөх ажилдаа орсон юм. Харин өмнөх УИХ-ын гишүүд чуулганы хаалтаа хийж амжилгүй “дүү нартаа” халаагаа өгсөндөө жаахан тиймэрхүү хоцрох шиг боллоо. Лав л Кёкүшюзан Д.Батбаяр чуулганы танхим руу орж харж байснаа гарч одсон. Чуулган хаалтаа хийх гэж байна гэж санасан болов уу даа.

Монгол Улсын Ерөнхийлөгч зангараг заан зарлиг гаргасан тулдаа намуудын талцааныг дарж эхний өдөр дээр нь тангараг өргүүлж чадсаныг бас хэлэх хэрэгтэй. УИХ-д олон суудал авсан АН-ын бүлгийнхэн энэ удаа баруун жигүүрт сууж, харин МАН-ын бүлгийн гишүүд зүүн жигүүрт байраа эзэлжээ. Өөрөөр хэлбэл өмнөх УИХ-ын үе дэх намуудын суудлын байрлал солигдсон гэсэн үг юм. Харин бие даагчид, “Шударга ёс” эвслийнхэн хийгээд ИЗНН-ын хоёр гишүүн хойд талын гол хэсгээр суудалтай болсон байна.

УИХ дахь АН-ынхан

УИХ-д энэ удаа АН олон суудалтай нам боллоо. Архангайд Н.Батбаяр, Б.Болор нар аваргалсан. Н.Батбаярын хувьд ардчиллын анхдагчдын нэг, Монголын үндэсний дэвшлийн намыг үндэслэгчдийн тоонд ордог, шинэ Үндсэн хууль баталсан Ардын Их Хурлын орлогч дарга байсан эрхэм. УИХ-д сонгогдсон тоогоороо ч ардчилагчид дотроо дээгүүрт орно. Шинэхэн гишүүн Б.Болор АН-ын гишүүдийн хамгийн залуу нь болж байна. Гэхдээ тэрбээр Гадаад харилцааны дэд сайдаар ажилласан туршлагатай, Ардчилсан залуучуудын тэргүүний сонгуультай тул улс төрийн хүрээнд цоо шинэ хүн бас биш.

Баян-Өлгийгөөс А.Бакей гишүүн 2004 онд ялж, УИХ-д орж ирж байсан бол өдгөө хоёр дахь удаагаа Өлгий нутгаасаа мандат өвөрлөн орж ирлээ. ХААИС-ийг удирдалцаж явсан А.Бакей гишүүн нуруутай улстөрч, нөлөө бүхий эрдэмтний нэгд зүй ёсоор ордог юм. Хонгор нутгаас Х.Баттулга гишүүн төр түших мандат өвөрлөж ирлээ. Тэрбээр 2004 оноос хойш гурав дараалан УИХ-ын мандат гардсан итгэл даах түшээ гэдгээ харууллаа. Засгийн газрын гишүүн ч байсан,төр түших  туршлагаараа ч  хашир улстөрчийн тоонд зүй ёсоор багтаж чадлаа. Энэ удаа Х.Баттулга гишүүн аймгийнхаа АН-ын дарга Д.Ганбатыг дагуулан УИХ-д орж ирсэн юм. Д.Ганбатын хувьд одоо л том улс төрд анхны шангаа татах гэж буй тул хэр түшээ болохыг цаг хугацаа харуулна.

Дундговиос “Мон Уран”-ы Б.Наранхүү АН-ын нэр дээр гарч ирлээ. Бизнесийн хүрээнд нэр цуутай, хурдан хүлгийн буянтай явсан энэ эрхэм их улс төрд хэр зэрэг од шүүрэхээ ирэх дөрвөн жилд үзүүлнэ. Завханыхан Засаг дарга Я.Санжмятавтаа итгэл хүлээлгэлээ. Өмнө нь 2004-2008 онд УИХ-ын гишүүн явсан тэрбээр их улс төрдөө эргэн ирж буй нь энэ юм. Өмнөговийн ганц суудал дээр “Ажнай” хэмээх Д.Бат-Эрдэнэ тод магнайллаа.  Я.Санжмятавтай зэрэгцэн 2004-2008 онд УИХ-д сууж асан тэрбээр дөрвөн жил завсарлаад чуулгандаа буцан ирж байна. Тэр хоёрын нэг “ангийн” анд М.Зоригт гишүүн Сүхбаатар аймгаас мандаттай ирлээ. Бас л дөрвөн жил том улс төрөөс завсарласны дараа Шаргал ордонд харьж ирж буй түшээ.  Эндээс харахад 2004-2008 оны УИХ-ын гишүүд хэд хэдэн тойрогт АН-д ялалт авчирчээ. 

Эрхэм гишүүн С.Баярцогт Сэлэнгэ аймагт “дархлагдаад” байна.
Бүр Улсын Бага Хурлаас эхлэн дундаа цөөхөн жилийн завсарлагатай парламентад суусан гишүүдийн нэг бол С.Баярцогт. Анх 23 настай төрийн түшээ болж явсан тэрбээр өдгөө Монголдоо лидер улстөрчдийн нэг. Өмнө нь хэдэнтээ “сонгуульдаж”, өвдгөндөө шороотой буцсан Б.Гарамгайбаатар энэ удаа Хэнтийгээс УИХ-д орж ирэв. Зам тавьж гаршсан эрхэм одоо УИХ-д өөрийн гэсэн замыг бүтээх биз ээ.

Нийслэлийн тойргууд энэ жил АН-ынханд, бүсгүй нэр дэвшигчдэд ээлтэй байв.
АН-аас УИХ-д орж ирж буй бүсгүйчүүдийн нэг бол Ц.Оюунгэрэл. Тэртээ 1992 онд улс төрд хөл тавьж байсан Ц.Оюунгэрэл Ерөнхий сайдын шадар туслах, зөвлөх, Ерөнхийлөгчийн зөвлөхөөс өгсүүлээд 20 шахам жил улс төрийн тогоонд чанагдаж яваа, их улс төр гэж юу болохыг сайн мэдэх туршлагатай улстөрч. Түүнтэй хамт нэг тойрогт УИХ-ын гишүүн Л.Болд ялалт байгууллаа.

Л.Болд бол Улсын Бага Хурлаас эхлэн өнөөдрийн УИХ хүртэл явж ирсэн тавхан гишүүний нэг. Дундаа цөөхөн удаа завсарласнаас бусдаар их улс төрд тасралтгүй “чанагдаж”, Батлан хамгаалах салбарыг цоо шинэ төвшинд гаргасан эрхэм. Ардчиллын анхны өдрүүдэд Монголын оюутны холбоог удирдан залуусаа манлайлж, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдон Шинэ Үндсэн хуулийг батлалцсан гээд их улс төрд түүний үлдээсэн мөр арвин.

Д.Ганхуяг гишүүн 2004 оноос хойш нийслэлийн Баянзүрх, Налайх дүүрэгт гурав дахь ялалтаа байгуулан орж ирлээ. УИХ-ын тэмцэгч гишүүний нэг, глобаль шинжийн асуудлууд шийддэгээрээ тойргийн бус улсын хэмжээний улстөрч тэрбээр залуу гишүүн Ж.Батзандантай хамт нэг тойрогт ялалт байгуулсан юм. Иргэний хөдөлгөөний гэдгээрээ овоглогдсон тэмцэгчдийн нэг Ж.Батзандан энэ удаа төрийн түшээ болж их улс төрийн хаалгаар орж ирэв. Шударга ёсны төлөө хэр тэмцэхээ тэрбээр ирэх дөрвөн жилд харуулна.

УИХ-ын туршлагатай гишүүн. Ардчилалын анхдагчдын нэг, Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргал ирээдүйд том улс төрч болохоо аль 2004 оноос харуулсан эрхэм гишүүн Л.Гантөмөрийн хамт мөн л нэг тойрогт ялалт байгууллаа. УИХ-ын залуу гишүүдийн нэг Г.Баярсайхан Чингэлтэй дүүрэгт төрийн түшээгийн цолоо бататгав. Ногоон улс төр, экологийн цэвэр байдлын төлөө тэмцэгч тэрбээр одоо залуу түшээ нэрэн дээрээ туршлагатай улстөрч гуншинг нэмэхэд түүртэхээргүй болсон. Ардчиллын анхны өдрөөс шинэ нийгмийн тугчдын нэг явсан С.Эрдэнэ гишүүн мөн л хоёр дахь удаагаа УИХ-д орж ирлээ. Энэ удаа эмэгтэй улстөрчдийн эгнээнд зүй ёсоор багтдаг С.Одонтуяатай хамт Баянгол дүүрэгт ялалт байгуулсан юм. С.Одонтуяа гишүүн эмэгтэй улс төрчийн өөрийн гэсэн имижийг зүй ёсоор тогтоож чадна хэмээн улстөрийн хүрээнийхэн найдаж буй. “Монос”-ын хэмээн компаниараа овоглогдсон Л.Эрдэнэчимэг өнөөдрөөс УИХ-ын гишүүн гэсэн тодотголыг нэрийнхээ өмнө зүүж байна. Улс төрд хуучин хүн биш тул өөрийн гэсэн өнгийг тун удахгүй тогтоох биз ээ.

АН-ын жагсаалтаар хатаагдсан ган шиг улстөрчид орж ирлээ. Намын дарга Н.Алтанхуяг, Монгол Улсын анхны бөгөөд цорын ганц дэд Ерөнхийлөгч, Улсын Бага Хурал, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, хэдэнтээ төр түшсэн эрхэм гишүүн З.Энхболд, Х.Тэмүүжин, Ч.Сайханбилэг, Ц.Баярсайхан нартай барьцах хүн гарахгүй. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, нийслэлийн намын дарга, Батлан хамгаалахын сайд асан Ш.Түвдэндорж, Сонгогчдын боловсролын төвийг тэргүүлж, улстөрчдийн зүрхэнд шар ус хуруулж явсан хатагтай Р.Бурмаа, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын зөвлөх, шинэ цагийн эмэгтэй улстөрч гэж бардам нэрлэж болох  М.Батчимэг нар шинэ Их Хурлыг баттай өнгөлж чадна.

Энэ парламентын нэг содон үзэгдэл гэвэл үе үеийн Батлан хамгаалахын сайд хэд хэдээрээ орж иржээ. Ш.Түвдэндорж, М.Сономпил, Л.Болд, Ж.Энхбаяр гээд лав л дөрвөн сайд нэг танхимд сууж байна.

МАН-ын бүлгийнхэн

Алс баруун хязгаарын Өлгийгөөс эрхэм гишүүн А.Тлейхан мандат гардаж, УИХ-ын түшээгийн нэрийг хоёр дахь удаагаа хадгалав. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр анх удаа Булганаас сонгогдсон бол эрхэм гишүүн, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж 2000 оныг оруулаад гурав дахь удаагаа төр түшихээр боллоо. Ж.Батсуурь гишүүн Дорноговиос хоёр дахь удаагаа мандат өвөрлөсөн бол Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн залуухан дэд сайд Н.Номтойбаяр Дорнодоос төр түших эрх өвөрлөн тангаргаа өргөлөө.

Орон нутгийн тойргуудаас ганцхан эмэгтэй гишүүн тодорсон нь төрийн дархан түшээ, УИХ-д гурав дахь удаагаа Завхан нутгаас сонгогдоод буй Д.Оюунхорол.
Бүсгүй гишүүн цөөтэй өмнөх парламентад хатан түшээгийн буурь заан ажилласан эрхэм гишүүн бол Д.Оюунхорол юм. Түүний хэр чансаатайг нэг тойрогт дахин дахин сонгогддог нь гэрчилнэ. Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ж.Эрдэнэбат анхлан төр түшиж буй бол Төв аймгаас М.Энхболд, Су.Батболд нарын туршлагатай улстөрчид гарч ирлээ. Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн явсан энэ хоёр гишүүн шинэ УИХ-ын ноён нуруугийн тоонд зүй ёсоор орно. Увсаас хуучин түшээ, Монгол Улсын төрийн сайд Ч.Хүрэлбаатар, эрхэм гишүүн Б.Чойжилсүрэн нар тангаргаа өргөлөө.

Өнгөрсөн бүрэн эрхийн хугацаанд ирээдүйтэй лут улстөрч болохоо харуулсан С.Бямбацогт, олон удаа төр түшсэн, парламентын танхимд жинтэй үг хэлчихдэг туршлагатай түшээ Б.Бат-Эрдэнэ, хуучин гишүүн Д.Хаянхярваа нартай зэрэгцээд энэ УИХ-ын хамгийн залуу гишүүн О.Содбилэг тангараг өргөлөө. Энэ УИХ-ын хамгийн ахмад, хамгийн залуу түшээд ийнхүү МАН-аас тодров. Аав, ээжийгээ залгамжлан хүү нь УИХ-ын гишүүн болсон анхны тохиодол О.Содбилэг юм. УИХ-ын гишүүн, Эрүүл мэндлийн сайд асан ээж Д.Туяа нь хүүгээ тангараг өргөөд гарч ирэхэд тосч аван үнсч баяр хүргэж харагдсан.

МАН энэ удаа хамгийн туршлагатай гишүүдээ жагсаалтаар оруулж ирсэн. Улсын Бага Хурлаас хойш долоо дахь удаагаа энэ УИХ-ын хамгийн ахмад гишүүн Д.Дэмбэрэл, гишүүн Д.Лүндээжанцан нар сонгогдсон нь завсаргүй сонгогдсон амжилтаараа парламентын түүхэнд үлдэх үзэгдэл болж байна. Тэдний араас сонгогдсон тоогоороо Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Н.Энхболд, МАН-ын дарга С.Батболд нар орно. Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр, анх удаа төр түших гэж буй Я.Содбаатар нарын залуус ч Их Хуралд орж ирж байгаа юм.

Шинэ бүлгийнхэн

Энэ удаагийн УИХ-д МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл бүлэг байгуулах хэмжээнд орж ирлээ. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Хууль зүйн сайд асан Л.Цог, Амлалт нэхэх хөдөлгөөний тэргүүн, сэтгүүлч Г.Уянга, Иргэний хөдөлгөөний Д.Батцогт  нар тойрогт ялалт байгуулж УИХ-ын гишүүн Ч.Улаан, УИХ-ын гишүүн асан Н.Батцэрэг, УИХ-ын гишүүн асан, Батлан хамгаалахын сайд асан М.Сономпил, Мянгатын дарга З.Баянсэлэнгэ нар тангаргаа өргөв. Парламентын сурвалжлагчаас төрийн түшээ болж буй хоёр дахь тохиолдол нь Г.Уянга юм. Эхнийх нь эрхэм гишүүн Ө.Энхтүвшин. Хэдэн жилийн өмнө сурвалжилж явсан УИХ хэмээх байгууллагыг одоо Г.Уянга дотроос нь тольдохоор болж байна.

Харин УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авсан хуульч, өмгөөлөгч О.Баасанхүү, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар, Гадаад харилцааны дэд сайд асан Ц.Цолмон нар тангараг өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлсэнгүй. СЕХ-ны тогтоолоор жагсаалтаас хасагдсан МАХН-ын дарга Н.Энхбаяр, академич С.Нарангэрэл, нэр дэвшигч Э.Батшугар нарыг Үндсэн хуулийн Цэц сонгогдох боломжтой гэж үзвэл тэдний оронд тангараг өргүүлэхээр “Шударга ёс” эвсэл хүлээзнэх байдалд оржээ. Цэц Н.Энхбаяр нарыг сонгогдох боломжгүй гэвээс хүлээлтийн байдалд орсон гурав бүрэн эрхээ эдэлнэ.

ИЗНН ба бие даагчид

ИЗНН энэ парламентад жагсаалтаар хоёр суудал авч урьд өмнөх суудлаа “50 хувиар” өсгөв. Тус намын гурван даргын хоёр нь болох С.Оюун, С.Дэмбэрэл нар намынхаа авсан саналын хувиар УИХ-ын гишүүн болж “их үлдэгдлийг хуваах” зарчмаар нэг суудлаа хоёр болгов. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн МАН-аас хөөгдсөн ч Хөвсгөлөөс дархан суудлаа авч ирлээ. Дорнодоос Х.Болорчулуун. МҮЭ-ийн С.Ганбаатар  бие даан орж ирсэн нь хамгийн олон бие даагчтай анхны УИХ-ыг бий болголоо.Одоо нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Налайх дүүрэгт тус бүр нэг мандат дээр дахин санал хураалт болно. Өвөрхангайд МАН-ын хоёр нэр дэвшигч түдгэлзээд буй. 2004 оноос хойших хамгийн олон эмэгтэй гишүүн буюу есөн бүсгүй энэ удаа сонгогдлоо. Эмэгтэй гишүүн олширсон тул парламент өнгөлөг болжээ.

Ингээд бүрэн эрхийн хугацааны үүр дөнгөж гийж байгаа шинэ УИХ-д өглөөний мэнд хүргэе. Улс орноо авч явах зам нь саруул байх болтугай.

                        Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж