АНУ-ын террорист нударга Ливийг чиглэлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

АНУ-ын террорист нударга Ливийг чиглэлээ

Өнгөрсөн долоо хоногт АНУ, Франц улс Ливийг бөм­бөгдөж эхлэв. Тайлбар нь өнөөх л ардчилал. Тодруулбал, улс орноо босогчдоос чө­­лөөлөх нэрийдлээр ар­мийн хүчийг гартаа авсан М.Кад­дафийн эрх мэдлийг хяз­гаарлах зорилготой ажээ.  АНУ-ын Үндсэн хуулиас хайгаад ч олддоггүй ардчилал хэмээх үгээр халхавч хийж, Ойрхи Дорнодод довтолж байгаа нь нэг л танил тактик биш үү. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама “хүн төрөлхтний дайсан” М.Каддафийг гэс­гээн цээрлүүлэх, Ливийг дарангуйлагчаас нь чөлөөлж, ард­чилалтай болгохын тулд Нобелийн энхтайвны шаг­налаа хураалгах эрсдлийг ч тоосонгүй.  Анхны дов­тол­гоо­ны өмнө буюу гу­равдугаар сарын 18-ны шөнө НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын дагуу дэлхийн хам­тын нийгэмлэг  “Ливийн эн­­гийн иргэдийг хамгаалахын тулд ямар ч арга хэмжээ авах эрхтэй боллоо” хэмээн мэдэгдэж байсан. Газ­рын тос, байгалийн нөөц баялгийн төлөө шунасан дайн самуунуудад НҮБ-ыг мэхлэн, түүгээр дамжуулан хүн тө­рөлх­тнийг хуурч байсныг түүх харуулдаг билээ. Тэгэхээр М.Каддафийн дэглэмийг түл­хэн унагах “гоё” зорилгын цаана ямар эрх ашиг нуугдаж байгаа нь тодорхой. Харин энэ бүхэн Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ.

Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлж буйгаар дэлхийн газрын тосны нэг өдрийн хэрэглээ 95 сая баррельд хүрээд байгаа ажээ. Хэрэглээний өсөлтийн 90 хувийг хөгжиж буй орнууд эзэлж байгаа бөгөөд энэ нь үнийн хөөрөгдлийг үүсгэх үндсэн нөхцөл болж байгаа юм. Нефтийн бүтээгдэхүүнээр гадны зах зээлээс хэт хараат Монгол Улсын хувьд энэ нь эдийн засгийн томоохон дарамт учруулах нь ойл­гомжтой.

Судлаачид “2012 он гэхэд нэг галлон нь таван ам.долларт хүрч болзошгүй” хэмээн мэдээлж эхэллээ.  Хэдийгээр Ливи газрын тосны аварга том нийлүүлэгч биш боловч АНУ-ын хэрэгцээний гурван хувийг хангадаг учраас дэлхийн эдийн засагт  нөлөөлж  болзошгүй  юм. Хэрэв Ливи улс АНУ-д нефть нийлүүлэхээ больчихвол худалдан  авагчид өөр нийлүүлэгч хайна. Ингэснээр нефтийн үнэ өснө. Тэгэхээр газрын тосны үнийн өсөлт Ойрхи Дорнодын зөрчил арилахаас нааш буурахгүй нь тодорхой байна.

Ливид болж буй үйл явдал өнгөц харахад байдаг л нэг мөргөлдөөн мэт үзэгдэвч АНУ, Франц улс холбоотон болж орсон учраас дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа юм.  Гэхдээ нэг зүйлийг өөр өнцгөөс харж болно. Яагаад заавал АНУ-ын эрх ашгийг хөндсөн газар бүхэнд ямар нэгэн байдлаар зэвсэгт мөргөлдөөн дайн байлдаан болж байдаг байна аа. Тэгэх тусмаа ард нь газрын тосны эрэлт хэрэгцээ ямагт хөндөгдөж байдаг нь гайхалтай. Хэрэв Ливид газрын тос байгаагүй бол ийм хямралд орохгүй байсан гэдэгтэй мөрийцөхөд ч болно. Учир нь  хүн төрөлхтний түүхэнд болж өнгөрсөн  дараах үйл явдлууд ийн бичихэд хүргэж байна.

XX зууны эхээр буюу 1900 онд дэлхийн газрын тосны үйлдвэрлэлд Англи улс ноёрхлоо тогтоон  Мексик, Саудын Араб, Каспийн бүс нутгийг эзэгнэсэн байлаа. Тэр үед Оросын нефтийн үйлдвэрлэлийн гуравны нэгийг герман гаралтай Жон Д.Рокфеллерийн гэр бүлийнхэн гартаа оруулчихаад байв. Их Бри­­таниас дээрх газар нутгийг бу­лаан авахын тулд эдийн засгийн дайн өдөөж, Оросын хувьсгалын үеэр дайсагнагч талуудыг сан­хүүжүүлснээр Ротшильдийнхон бо­­лон Рокфеллерийнхний гэр бүл дэл­хийн нэгдүгээр дайнд идэвхтэй оролцсон юм. Хэдийгээр энэ дайн яагаад эхэлсэн талаар түүхчид одоо хэр нь маргалдсаар байдаг ч шалтаг, шалтгаан нь Герман улс Ойрхи Дорнод дахь Английн нефтийн үйлдвэрүүдийг булаан авах гэсэн оролдлоготой холбоотой байдаг нь л хамгийн тодорхой байдаг билээ.

Хожим нь 1917 онд АНУ Бакугийн нефтийн үйлдвэрт шунаснаас Орост хувьсгал гарсан. Улмаар 1940 онд Саудын Арабын баялгийг Англиас авахын тулд дэлхийн хоёрдугаар дайныг, 1949-1976 онд Хятадын нефтийн үйлдвэрийг авахын тулд Чан Кайшигийн хувьсгалыг  үүсгэсэн гээд баялагтай холбоотой дайн байлдаан үргэлжилсээр өнгөрсөн зууныг цусаар будсан байдаг. Ливийн нефтийн баялаг өнгөрсөн зуунд буюу 1969 онд мөн л Каддафийн хувьсгалыг өдөөж байсан. Тухайн үед АНУ, Өрнөдийн Ван Идристэй эрх ашгаараа зөрчилдөж байсан бол эдүгээ газрын тосны нийлүүлэлтээр дэлхийд арванхоёрдугаарт жагсдаг энэ орон  зах зээлийн гол тоглогч болчихоод байна.

Ливийн эсрэг явуулж буй олон улсын цэргийн хамтарсан ажиллагаа зөвхөн энэ орноор зогсохгүй Ойрхи Дорнодыг бүхэлд нь хамарна гэх ажиглагчдын таамаглал биеллээ олбол дараагийн дайн хаяанд ирчихээд хаалга тогшиж байна шүү дээ. Хэрэв Ливийн удирдагч Муаммар Каддафи эцсийн мөч хүртэл шүд зуусан хэвээр байвал байдал улам хурцдаж, 1980-1988 онд үргэлжилсэн Иран, Иракийн дайнтай дүйцэхүйц удаан хугацаанд сунжрахыг ч үгүйсгэх аргагүй. Даш­рамд сануулахад, Рокфеллерийн гэр бүлийн удам угсааны томоохон төлөөлөл болох Нельсон Рокфеллер И.Сталинтай тохиролцсоноор “Рок­феллерийнхэн ЗХУ-ын до­тоод хэрэгт НҮБ хөндлөнгөөс оролцуулахгүй. Хариуд нь И.Сталин Рокфеллерийнхний компанид Зөв­лөлтийн нефтийг нийлүүлсэн хэвээр байх болно. Мөн Саудын Араб, Ираны хэрэгт оролцохоо болино” гэж үүрэг хүлээсэн байх юм.
Энэ бүхний дүнд 1950-аад он гэхэд Рокфеллерүүд Зөвлөлтийн нефтийн нөөцийн тал хувийг гартаа атгаад зогсохгүй Хятадын газрын тосны чамлахааргүй нөөцийг эзэмших болов. Хөөрхий Монгол Улс /Тэр үед БНМАУ/ тэр үед юу ч болоогүй мэт амар тайван байсан нь “Баялаггүйн аз” гээд хэлчихвэл буруутахгүй л болов уу. Хачирхалтай нь яг тэр үед Умард Солонгос Өмнөд  Солонгос руу довтолсон. Энэ үйл явдал саяхан давтагдсаныг бид мэднэ. Тэгэхээр дэлхийн нефтийн баялгийн төлөөх томчуудын “буурьтай тоглолтууд” биднийг тойрон үргэлжилж бай­даг ажээ. Харин сүүлийн үед байгалийн баялгаа  нээн илрүүлж  “Бурхан бидэнд ядарсан цагтаа дэлгэх үүц үлдээжээ”, “Дэлхийн тавцан дээр загвар үзүүлнэ” хэмээн хөөрцөглөхийн цаана ямар улс орон, дэлхийн хэмжээний нэр нөлөө бүхий хэний гэр бүл биднийг залгихаар инээмсэглэн харж суугааг таах аргагүй юм.

Хамгийн сонирхолтой нь нефтийн булаан эзлэлтээс үүдэлтэй үйл явдал бүхний эцсийн хариу үнэн бодит байдлаас тэс өөрөөр гардаг. Есдүгээр сарын 11-ний үйл явдалд л гэхэд Бин Ладен, Саддам Хусейн гол буруутан болсон. Гэтэл Их Британий сайд асан Майзо Мичерийн өгүүлэл, тухайн үеийн сүйрлийг хальсанд буулгаж авсан баримт сэлтээс арай өөр дүгнэлт хийж болох жишээтэй. Товчхондоо мөнөөх дэлхийд нө­лөөлөгч, удам дамжсан гэр бүлүүд нефтийг булааж, эдийн засгийг бэхжүүлэхийн тулд АНУ-ыг дайн самуун, цуст мөргөлдөөнд түлхсээр зуун жилийг элээсэн байх юм.

У.ОРГИЛМАА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж