Монгол Ардын намын нарийн бичгийн дарга, “Солийн Данзан” сангийн тэргүүн Я.Содбаатарыг “Ярилцах танхим”-даа урилаа.
-Та кино сонирхогчдын дунд төдийгүй мэргэжилтнүүдийн хүрээнд өндөр үнэлгээ аваад байгаа “Үл таних эмэгтэй” киноны продюссерээр ажилласан. Энэ талаар “Я.Содбаатар кино урлагт хөл тавьсан уу” гэсэн мэдээ хүртэл гарсан байна билээ?
-Дэлхийн сонгодог зохиолч, сэтгэл зүйн мастер гэгдэх Стефан Цвейгийн “Танихгүй эмэгтэйн захидал” зохиолоос сэдэвлэн найруулагч Н.Наранбаатарын хийсэн “Үл таних эмэгтэй” кинонд продюссерээр ажилласныг минь хэлсэн болов уу. В.И.Ленин багш нэгэнтээ “Урлаг урлагийн дотроос кино урлаг хамгийн агуу нь” хэмээсэн байдаг. Тэр хүн оюун санааны том гигант, агуу үзэл сурталч байсныхаа хувьд XX зууны эхэн үеийн Орос оронд нүүрлээд байсан оюун санааны хоосрол, нийгмийн үнэт зүйлийн уналтын эсрэг их том үзэл суртлын зэвсэг болно гэж кино урлагийг олж харж үнэлсэн байх.
Үүний адил бид ч энэ киногоор дамжуулж нийгмийн сэтгэл зүйд тодорхой хэмжээнд нөлөөлж, хүмүүсийн сэтгэл зүйн үнэт зүйлийг сэргээж, гэр бүлийн үнэлэмжийг өсгөхийг зорьсон. Түүнээс бус бүх зүйлийг мөнгөөр шийдэж, амьдрал мөнгөн дээр тогтдог гэж үзээд байвал нийгэм урагшлахгүй. Иймд зөвхөн болох, бүтэхгүй бүхнийг дүрслэх бус улс орны хэмжээний томоохон бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн бодлого, сайн сайхан зүйлсийг ч гэсэн кино урлагаар дамжуулж хүмүүст хүргэх хэрэгтэй болов уу гэж боддог. Ялангуяа хамгийн чухал нь үндэснийхээ бахархал, үнэт зүйл, өв соёл, уламжлал, нийгмийн сайн сайхнаа урлагийн хэлээр олон түмэнд ойлгуулах талаар бид их зүйлийг хийх шаардлага байна.
-Та санхүүжилтийг нь зохицуулсан уу?
-Зөвхөн санхүүжилт гэхээсээ илүү маркетинг, бизнес төлөвлөгөөг нь гаргаж ажилласан. Гол нь манай баг их сайн бүрдсэн. Бүх зүйлийг мэргэжлийн түвшинд хийсэн учраас зардал харьцангуй өндөр гарсан ч олон пүүс компани, найз, нөхөд минь тусалж хамтран ажилласан. Ямартай ч Монголын кино урлагийн хөгжилд өнгө, түрлэг нэмсэн кино болж чадлаа гэсэн үнэлгээ нийгэмд болон судлаачдын дунд байгаад баяртай байна.
-Зардлаа нөхөж амжсан уу. Дэлхийн шилдэг кинонууд орлогынхоо үзүүлэлтээр уралдах нь бий. Харин манайд бол орлогоо тас нуучихдаг?
-Киноны бизнес ер нь ил тод, тодорхой орлого, зарлага нь нээлттэй бизнес. Тиймээс ч олон оронд орлогыг нь ил тод зарладаг байх. Манай кино ямар ч байсан бизнес талаасаа ашигтай болсон гэдгийг хэлэх байна. Одоо ч үзэгчдээр танхим пиг дүүрэн, амралтын өдрүүдэд тасалбар олдохгүй байгаа. Сүүлийн үеийн хөнгөн, хэт арилжааны, мөнгө хөөсөн уран бүтээлүүд, нийгэмд юм өгөх чиг үүргээсээ холдсон уран бүтээлүүд гараад байгаад эмзэглэж явдаг.
-Та дээр В.И.Лениний үгийг хэлсэн. Энэ нь эргээд олон нийтийн тархийг улс төрийн үзэл суртлаар “бөмбөгдөх”-ийн тулд киног ашиглах нь гэсэн ойлголт төрүүлж болох юм?
-Үзэл суртал гэдгийг улс төржүүлж бус улс орны эрх ашиг гэдэг үүднээс харж ойлгоосой гэж хүсч байна. Урлаг гэдэг бол нийгмийг дагуулж, хүний оюун санааг соён гэгээрүүлэхэд хамгийн их нөлөөлдөг салбар шүү дээ. Үнэхээр өнөөгийн мэдээлэлжсэн, харилцан хамааралтай, уусан холилдож байгаа ертөнцөд монголчууд бид өөрийн гэсэн өнгөтэй, ул мөртэй, оюунлаг ард түмнээрээ оршин үлдье гэвэл хэл соёл, зан заншил, өрсөлдөх чадвараа хөгжүүлж байж л дангааршиж үлдэнэ. Ийм ч учраас олон уран бүтээлч найз нөхдөө дэмжиж ирсэн. Цаашид ч дэмжиж ажиллах болно. Манай “Драмын дөрөв” гэгдэх Наранбаатар, Амгаланбаатар, Болд-Эрдэнэ, Эрдэнэбилэг нар минь уран бүтээлийнхээ оргил үедээ явж байна. Тэдэндээ танай сониноор дамжуулан амжилт хүсч байна.
-Ойрын үед кино урлагт дахин уран бүтээл хийх төлөвлөгөө байгаа юу?
-Би “Өнгөрсөн түүх рүүгээ зөв ухаарлын нүдээр харж чадвал ирээдүй рүүгээ тэр хэмжээгээр хол алхаж чадна” гэж хэлэх дуртай. Манай улсын XX зууны эхэн үеийн түүх бол Монгол Улсын тусгаар тогтнол, орших, эс оршихуйн зааг онцгой ээдрээтэй үеийн түүх байдаг. Тэр үеийг их зөвөөр харуулахгүй бол тухайн үеийн түүх рүү санаатай, санамсаргүйгээр их “буудаж” байна. Тийм болохоор түүхчидтэй хамтраад бид нэг кино зохиол дээр ажиллаж эхэлсэн. Бид түүхээ үнэн зөвөөр нь авч үлдэж байж л даяаршлын цаг үед дангааршсан Монгол Улсыг авч үлдэж чадна.
-Түүхийн үнэнтэй зэрэгцээд тухайн нийгмийн шинэчлэлийг зүй зохистойгоор авч явах хэрэгтэй болов уу. Нэг ёсны бид бүхэн түүхийг үнэнээр нь мэдэх ёстой ч гэсэн тэр бүхний төлөө зөрчилдөхөөс илүү ирээдүй рүүгээ харах нь оновчтой биш гэж үү?
-Нэг талаас нь харахад тийм. Гэтэл нөгөө талдаа бид түүхийг хэзээ ч орхигдуулж, үнэ цэнэгүйгээр үлдээж болохгүй. Учир нь өнгөрсөн цаг үе тэр чигтээ Монгол Улсын тусгаар тогтнолын тэмцэл, улс орны хөгжлийн үнэ цэнэтэй цаг мөч байж ирсэн учраас би түүхийг үгүйсгэгчидтэй санал нийлдэггүй. Гэхдээ энэ нь ирээдүй рүүгээ хардаггүй гэсэн үг биш шүү.
-Тэгвэл та өнөө цагийн залгамж халаа болох ирээдүй цагийг хэрхэн дүрслэх вэ. Мэдээж төр хийгээд улс төр талаас нь?
-Боломж бүх хүний өмнө нээлттэй байж, тэр боломжийг бүгд эрх тэгш ашиглаж болох тийм л орчинг бүрдүүлэх ёстой. Аливаа шийдвэр гаргахдаа төр засаг нийтийн эрх ашиг хэрхэн хангагдаж байна вэ, том зургаараа хөгжил дэвшилд хэр зэрэг түлхэц өгч байна вэ, өрсөлдөх чадварыг хэрхэн сайжруулж байна вэ, гээд олон талаас нь тунгаан үзэх нь нэн чухал.
-Өнөөдрийн тухайд эсрэгээрээ гэдгийг та хүлээн зөвшөөрдөг гэсэн үг үү?
-Аливаа нийгэмд боломж хумигдаад ирэхээрээ нийгмийн бухимдал ихэсч, нийгэм тогтворгүй байдал руугаа шилждэг. Энэ нь аль ч утгаараа сайн зүйл дагуулдаггүй. Иймд боломж хязгаарласан аливаа алхам эсэргүүцэлтэй тулдаг. Нийгмийн зарим хэсэгт боломж хязгаарлагдмал байгаа болохоор л нийгэм бухимдалтай байна.
-Боломжгүй л гэсэн үг юм байна шүү дээ. Тийм үү?
-Энгийн бодит нэг жишээ байна л даа. Улс төрийн хоёр том нам хоёулаа УИХ-д дэвших хүмүүстээ мөнгөний босго тавьчихсан, удирдах байгууллагадаа сонгогдвол мөнгөн хураамж заавал төлөхөөр журамлачихсан байна. Энэ нь бэл бэнчин тааруу, жирийн оюунлаг, сэхээтэн олон залуу улс төрд орж ирэхэд тодорхой хэмжээгээр хаалт болж байгаа. Өнөөдөр Америк оронд мөрөөдөл нь биелэх боломж нь байнга нээлттэй байдаг учраас хүмүүс түүн рүү тэмүүлж байдаг. Өнгөт арьстай жирийн нэг залуу мөрөөдлийнхөө төлөө зүтгэж, хөдөлмөрлөснөөрөө Америкийн төрийн тэргүүн болж байна. Үүнтэй адил “Монгол мөрөөдөл”-ийг бид бий болгох орчин нөхцөлийг хааж боож, хязгаарлаж болохгүй. Харин тэр боломжийг ухаалаг зөв ашиглаж амьдрах нь хувь хүний асуудал. Ирээдүйдээ итгэл төгс, мөрөөдөл, тэмүүлэлтэй ард түмнээс эрч хүч, эерэг энерги байнга цацардаг жамтай. Монголчууд бид түүхийн он цагийн ээдрээтэй нугачаанд ноён нуруугаа алдаагүй эрч хүчтэй, энергитэй байж ирсэн ард түмэн.
-Та үүнийг Монгол Ардын намд ч бас хамаатуулах уу. Энд ч тэр боломж хязгаарлагдмал шүү дээ?
-Манай намын хувьд механизм харьцангуй зөв. Фракцаар дамждаггүй, мөнгөөр тэтгэхгүйгээр улс төр хийх боломж энд бий. Нам дотор тоглоомын дүрэм нь тодорхой учраас боломж нь харьцангуй нээлттэй байдаг. Мэдээж засч сайжруулах өөрчлөх зүйл байгаа. Иймд ч бид шинэчлэлийг эрчимтэй хийж байна.
-Гэхдээ танайд лидер шүтсэн, түшсэн арга барилыг чадварлаг “эзэмшсэн” залуус дээшээгээ асар хурдан гардаг нь нууц биш шүү дээ. Харин Ардчилсан намын залуусын хувьд лидерийн илт түшсэн улс төрийн итгэл үнэмшлийг шаарддаггүйгээрээ давуу байж мэдэх юм?
-Энэ бол тэр намын дотоод асуудал. Би бусад намыг ийм, тийм гэж ярихыг хүсдэггүй. Харин улс төрийн намынхаа хувьд Ардчилсан намыг улс төрийн үзэл баримтлалын хувьд, байгууллагын соёлын хувьд ч хурдан төлөвшиж, соёлжиж, институтчилэгдээсэй гэж хүсдэг. Тэгж чадвал манай намын шинэчлэлд ч, улс төрийн амьдралд ч бодитой хувь нэмэр болно. Бид хамтдаа, зэрэгцэж хөгжих хэрэгтэй. Монгол төрийн үйл хэрэгт энэ нь хэрэгтэй. Ардчилсан хувьсгалын эхний он жилүүдэд тухайн үеийн манай намын удирдлагууд ардчилсан хүчнийхнийг Засгийн газарт ажиллуулж, материаллаг баазаа бэхжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж байлаа. Өнөөдөр ч манай нам том нийтлэг эрх ашиг, хөгжил дэвшлийн төлөө иргэд сонгогчдоос олгосон давуу эрх мэдлээсээ хуваалцаж л байна. Улс төрийн нам хүчнүүд хэр хурдан төлөвшиж, өнгө төрхөө олон зөв бодлого дээр нэгтгэж чадна улс орны бодлогод тэр хэмжээгээрээ нөлөөлнө шүү дээ. Мөн ардчилсан нам, манай нам хоёрт давуу талч бий, сул тал ч бий. Залуусыг дэмжих, боломж олгохдоо манай нам арай илүү юм болов уу. Аливаа зүйлд үр дүн чухал байдаг. Тэгвэл шийдвэр гаргах түвшинд, парламентын түвшинд аль намаас илүү олон залуучууд ажиллаж байна гэвэл манай нам залуусдаа илүү их итгэл өгч байдгаараа жин дарна. Ардчилсан намын хувьд ардчиллын партизануудын үе одоо хүртэл дуусаагүй байна. 1990-ээд оны ардчилсан намын бодлого тодорхойлогч нар хорин жилийн дараа ч голлох тоглогч нар хэвээр байгаа нь боловсон хүчний бодлогод нь цус сэлбэлт явагдахгүй, шинэ хүн гарч ирэх боломж хаалттай байгаагийн тод илрэл юм. Шинэ үеийн залуусын сонголт Ардын нам, ардчилсан засаглал, талд илүү байгааг л анзаарч байна.
-Энэ тайлбар танай намын хит гэмээр тайлбар. Үгүйсгэхэд бас их хэцүү нь ч үнэн. Учир нь танай намд залуус олноороо бүртгүүлж байгаа нь үнэн. Тийм болохоор та энэ үзүүлэлтийг давуу тал гэж тодорхойлсон шигээ алдааг нь нуухгүй биз дээ?
-Манай нам пиар, хэвлэл мэдээллийн зах зээл дээр нөгөө намаас хоцорч байж магадгүй. Манай нам өндөр үүрэг хариуцлага хүлээсэн, уламжлал ихтэй том нам учраас аливаа асуудалд нухацтай, олон талаас нь судалж үзэж, ихээхэн цаг хүч зарцуулан авч үзэж цаг алддаг тал бий. Манай намын хөтөлбөр, баримт бичиг нь нүсэр, бүх салбарыг хамарсан судалгаа, тооцоонд үндэслэсэн учраас тэр болгон босон суун хүн уншаад байхааргүй зүйл болчихдог тал бий. Энэ нь пиар хийж хүнд хүргэхэд амар хялбар, шууд ойлгомжтой бууж өгдөггүй хүндрэлтэй байдаг.
Ардчилсан намынхан “Монгол хүн 2020” гэж яриад эхэллээ. Энэ нь манай намын XXVI их хурлын үеэр тодорхойлсон бодлогоос хуулбарласан зүйл байна лээ. Манай намынхан их хурлаараа өнгөрсөн 20 жилд дүгнэлт өгч, ирэх 20 жилийн хөгжлийн бодлогоо тодорхойлон хөгжлийн цөмд хүний хөгжлийн асуудлыг гарган тавьсан. Улс төрийн голлох хүчнүүд бие биенээ дэмжин зүүн төвийн үзэл баримтлалын үндэс болох хүний хөгжлийн асуудал дээр нэгдэж байгаа нь нэг талдаа сайшаалтай.
-Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт “Төрийн тэргүүнд нэр дэвших хүний насыг 55-аас дээш гэж тогтоох хэрэгтэй. Ингэхгүй бол хэцүү байна. Төрийн өндөр албан тушаалаас буусныхаа дараа тайван сууж чаддаггүй. Улс төрийг бужигнуулаад эхэлдэг” гэж хэлсэн. Энэ үгийг олон хүн Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт хамаатуулж ойлгосон. Н.Энхбаярт хаягласан ч гэж хэлж болно байх?
-Н.Энхбаяр руу хаяглаж, дайрсандаа хэлсэн үг биш байх. Хэвлэлийнхэн л тэгж ойлгосон байж болох юм.
-Уучлаарай, зөвхөн сэтгүүлчид бус улстөрчид ч шууд утгаар нь тэгж тайлах шиг болсон?
-У.Хүрэлсүх даргын санаа зарчмын хувьд тун зөв. Би Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон ч, эс сонгогдсон ч энэ албанаас буугаад ямар үйл хийж улс төрд хэрхэн нөлөөлөхийг одоо төсөөлж чадахгүй байна. Тодорхойгүй төсөөлж тооцоолох боломжгүй зүйл бүрийн ард байнга эрсдэл дагаж байдаг.
-Үүний сонгодог жишээ нь яах аргагүй Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гэдгийг та шууд хүлээн зөвшөөрнө байх?
-Төрийн тэргүүн байсан хүн ямар ч утгаар алдаа гаргаж, хариуцлагагүй алхам, үйлдэл хийж болохгүй. Түүний “Хувьсгал хийнэ”, “Үндсэн хуулийн бус аргаар засгийн эрх авна” гээд байгаа нь ямар ч байсан зөвтгөж болохгүй болчимгүй үг, үйлдэл мөн.
-Харин ч олон хүнд “Зөв зүйл ярьж байна” гэсэн сэтгэгдэл төрүүлэх нь гарцаагүй. Аливаа асуудлыг хүн бүр өөрийнхөөрөө дүгнэдэг гэдэг утгаараа тэр л дээ. Ядаж л урьдын гэмээ ойлгож, алдаагаа засахыг хичээнэ гэдэг бол сайн тал биз дээ?
-Тэгвэл бүх хүн 50 нас хүрч байж ухаарах хэрэгтэй болох нь ээ. Би гэхэд 30 гарчихсан.Тэгэхээр 50 хүртлээ баахан алдаа хийгээд 50 хүрэхээрээ “Би одоо л ухаарлаа. Алдаагаа засна аа” гэж хэлж болох нь ээ. Н.Энхбаяр гэдэг хүний хувьд иймэрхүү үйлдэл хийлээ гээд өөрт нь хувь хүний хувьд нэг их асуудал болохгүй байж магадгүй. Харин энэ үйлдэл нь нийгэмд ямар сөрөг, эерэг тусгал өгч байна вэ гэдгийг дүгнэж зөв, бурууг нь ялгах хэрэгтэй.Монголчууд бидний эрхэмлэн дээдэлж байгаа ардчиллын үнэт зүйл болох хууль дээдлэх ёс, ардчиллын суурь элемент болох олонхи, цөөнхийн зарчмыг уландаа гишгэж, нам, намаас хаягдаж гээгдсэн хуучин пянзуудыг нэг найрал хөгжимд оруулж эгшиглэнтэй сонсохуйц ая, эгшиг тоглоно гэж бүтэлгүй оролдлого хийж байна. Хамтын тоглолт нэгдсэн бодлогыг үл ухаарагсад нэгдэж үр дүнд хүрэх нь бараг боломжгүй зүйл төдийгүй урт хугацааны түншлэл лав биш.
-Гэхдээ улс орныг олон жил дарангуйлсан эрх баригчдаас салгаж, баялгийг ард түмнийх болгоно гэсэн уриа нь хэн бүхэнд шударга санаачилга мэт санагдаж байгаа. Тэр дундаа нийгмийн баялгаас жигд хүртэж чадахгүй байгаа хүмүүс Монгол Улсын хүн амын ихэнх хэсгийг бүрдүүлж буй тохиолдолд шүү дээ?
-Хэн тэгээд олон жил дарангуйлчихсан юм бэ. Өнгөрсөн 20 жилд төрийн бүх өндөр албан тушаалуудыг Н.Энхбаяр дарга өөрөө л дамжиж суугаа биз дээ.
-Уучлаарай, одоо цагт Н.Энхбаяр гэдэг хүн ард түмний талын “баатар” болчихсон яваа. Наад зах нь, хувьсгалын үйл хэрэгт өөрийгөө бүрэн дүүрэн зориулж, “Хувьсгал хийнэ” гэдгээ хүртэл шийдчихсэн. “Юуны төлөө” гэсэн асуултад “Ард түмний төлөө” гэсэн хариулт өгч байна?
-Энэ 20 жилд хамгийн их эрх мэдэлтэй байсан хүн нь хэн юм бэ. Тэгвэл хувьсгалыг дарангуйлагч нар хийдэггүй юм. Египетэд Хосни Мубарак хувьсгал хийгээгүй биз дээ. Ард түмэн нь хийсэн. Ливид М.Каддафи хувьсгал хийгээгүй. Тэнд дарангуйлагчаа эсэргүүцсэн иргэд нь хувьсгалын төлөө тэмцэж байна. Тэгэхээр логик нь буруу байгаа биз дээ. Үнэндээ Н.Энхбаяр, М.Энхсайхан, Дорж, Дулмаа гээд хэн юу гэж хэлж байгаа нь хамаагүй. Би харин тэр бүхний нийгэмд нөлөөлөх тусгалыг нь олж харахыг хүсч байна.
-Тусгал нь хаашаа чиглэнэ гэж?
-Ардчилсан нийгэмд хэн ч үзэл бодлоо илэрхийлж болно. Гэхдээ үндэсний язгуур эрх ашиг, хууль ёс руу хэзээ ч давж гишгэж болохгүй. Тэр бүхэн рүү давж гишгэж байвал туйлын буруу. Улстөрчдийн алдаатай болчимгүй алхмын хор уршгийг ард түмэн л амсч, амь амьдралаараа төлдөг нь даанч харамсалтай.
-Танайхыг Монгол ардын хувьсгалт нам гэдэг нэрийн төлөө Н.Энхбаяртай баахан зууралдаж байгаад одооноос больж байгаа юм болов уу гэж бодсон. Гэтэл саяхан барааны тэмдэгтээр бүртгүүлэх өргөдөл өгсөн гэсэн мэдээ уншаад их гайхсан. Намынхаа нэрийг барааны тэмдэгт болгож үнэ цэнэгүйдүүлэх нь ямар ашигтай юм бол гэж?
-Тийм юм байхгүй ээ. Одоо тэр нэрийн асуудлыг дэвэргэх нийгэмд ямар ашиг тустай юм бэ. Бид асуудлыг арай өөр талаас нь харах хэрэгтэй л дээ. Та бид XXI зууны хөгжилтэй, мэдээлэлжсэн ардчилсан Монгол Улсын иргэд. Тийм болохоор аливаа асуудалд соёлтой, хүндэтгэлтэй хандмаар байна. Тэгэхгүй зүгээр л асуудал босох бүрт улстөржөөд байвал улс хөгжихгүй. Иргэд ч сэтгэл амар сайхан амьдарч чадахгүй шүү дээ. Сүүлдээ юуны төлөө, хэний төлөө улс төр хийгээд байгаа нь ч ойлгомжгүй болчихсон. Нийгмээ хөгжүүлэх бус улам бүр хуваагдал руу түлхэж, ард иргэдийн сэтгэл санаагаар тоглох нь улс төр гэж зарим хүмүүс үзээд байх шиг байна. Би хувь хүнийхээ хувьд энэ бүхний эсрэг байдаг. Хүнд чинь бүхий л амьдралынхаа турш баримталж явдаг үнэт зүйл, алтан зарчмууд гэж байдаг биз дээ. Тэр бүхнийг зарим нэг хүнээс хайгаад, нэгжээд ч олох аргагүй болчихсон юм шиг байна лээ.
-Магадгүй л юм. Та ингэхэд докторын судалгааны ажлаа дуусгасан уу. Бас л нэг түүхтэй холбоотой сэдэв байсан?
-Арай болоогүй ээ. Монголын уул уурхайн түүхийн судалгаа. Их сонирхолтой баримтууд байдаг юм билээ.
-Түүхийг тал, талаас нь судалж байгаа бололтой?
-Түүхээ мэдэх нь буруу биш биз дээ. Өнөөдөр гэхэд “Энх тунх Эрдэнэзуу” гэдэг номыг хэсэг нөхдийнхөө хамт бүтээн хэвлэлтэд өглөө. Эрдэнэзуу хийдийн бүх үеийн түүхийн тодорхой баримт, материал зураг зэргийг англи, монгол тайлбартайгаар хэвлүүлэх юм.
-Тэр үеийн зургийг хаанаас олж авсан юм бэ?
-Халхын Эрдэнэзуу хийд бол Монголын хамгийн эртний, хамгийн алдартай хийд. Энэ ч утгаараа XIX зууны сүүлчээс эхлээд Монголоор явсан олон судлаач, жуулчдын бүтээл, дуранд тодорхой хэмжээгээр дурьдагдан үлдсэн байдаг. Номонд 1930-аад оны Эрдэнэзуу хийдийн цамын сүүлийн тавилтын зураг гээд өмнө нь олон түмэнд дэлгэгдээгүй баримтууд байгаа. Мөн энэ ондоо Эрдэнэзуу хийдийн баримт, архивын эмхэтгэлийг гаргах бодолтой байгаа.
-Та Өвөрхангай аймгийн 80 жилд энэ номыг зориулж байна уу. Эсвэл өвөөгийнхөө дурсгалд уу?
-Өвөөгийнхөө дурсгалд зориулна. Өвөө маань Эрдэнэзуу хийдийн ловон лам, дэд хамба байсан хүн. Би ер нь энэ цаг үед аливаа зүйлд хүчээ сориод, хийгээд л байх хэрэгтэй гэсэн бодолтой хүн.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин