“Гурван арслан”-гийн таван тоглогч Ганын тоглолтоос чөлөөлөгдөв

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

“Гурван арслан”-гийн таван тоглогч Ганын тоглолтоос чөлөөлөгдөв

Английн шигшээ баг маргааш орой Хар тивийн хүчирхэг багуудын нэг Гана улсын шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийх билээ. Англид болох тус тоглолтод оролцохоор шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд бэлтгэл хийж байсан таван тоглогч, тодруулбал, багийн ахлагч Жон Терри, хамгаалагч Эшли Коул, Майкл Даусон, хагас хамгаалагч Фрэнк Лампард, довтлогч Уейн Рүүни нар өөр өөрсдийн багийнхаа бэлтгэлд оролцохоор тус тусын клубыг зорьжээ. Дээрх таван тоглогчид бүгд “Евро-2012”-ын сонгон шалгаруулалтын хүрээнд Уэйлсийн шигшээг 2:0-ээр хожсон тоглолтод гараанаас гарч тоглосон билээ. Харин энэ удаад “Гурван арслан”-гийн дасгалжуулагч Фабио Капелло мягмар гаригт Ганатай хийх тоглолтод гарааны 11 тоглогчоо бүрэн шинэчилнэ гэдгээ илэрхийлжээ. Хар тивийн “Одод”-той хийх тоглолтоос чөлөөлөгдсөн таван тоглогчоос гадна Кайл Уолкер гэмтлийн улмаас шигшээ багийн бэлтгэлийг орхиж, “Астон Вилла” багтаа очсон байна.

“Челси”-гийн гурвал болох Терри, Лампард, Коул болон “Тоттенхэм”-ийн Даусон, “МанЮ”-гийн Рүүни нарыг тоглолтоос чөлөөлсөн шийдвэр нь тэдгээр багийн дасгалжуулагчид болох Карло Анчелотти, Харри Реднапп болон Сэр Алекс Фергусон нарыг хүндэтгэсэн хэрэг гэж болно. Учир нь Европын хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лигийн шөвгийн найман багийн эхний тоглолтууд дөрөвдүгээр сарын 5, 6-нд болох бөгөөд “Тоттенхэм” 5-ны өдөр Испанид очиж, “Реал Мадрид”-ын талбайд зочлох бол “Челси” Стэмфорд Бриж цэнгэлдэхдээ “МанЮ”-г хүлээн авах билээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж