
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар 2012-2017 онд хөрөнгө оруулалтын хөтөлбөр баталсан юм. Уг хөтөлбөрт Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн болон улсын хөрөнгө оруулалтаар гурван ч газарт цөмийн хог хаягдал булшлах байгууламж барих талаар тусгасан байна. Үүнийг эсэргүүцэн Монголын ногоон хөдөлгөөн, Миний Монголын газар шороо хөдөлгөөн, Монголын Ардчилсан холбоо, Баян шарга ТББ, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Цөмийн хөдөлгөөнийг зогсооё ТББ-аас дөнгөж сая хэвлэлийн бага хурал хийлгэж, Дорногвийн Даланжаргалан, Дорнодын Мардай, Алдартолгойд цөмийн хаягдал булшлах шийдвэрээ өнөөгийн УИХ-аар батлуулахын тулд ийнхүү шинэ УИХ-ыг ажилд нь оруулахгүй бойкотолж байна хэмээн мэдэгдлээ. Дээрх газруудад цөмийн хог хаягдал, хадгалах, булшлах, байгууламж барих зорилгоор 60 шахам тэрбум төгрөг хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгасан юм байна.
Хэвлэлийн хурал зохион байгуулж байгаа ТББ, хөдөлгөөний удирдлагууд Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Сү.Батболд, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, Гадаад хэргийн сайд Г.Занданшатар нар цөмийн хог хаягдал булшлах тухай гадаад улс орнуудтай ямар ч гэрээ хэлэлцээр хийгээгүй гэж мэдэгдэж байсан нь худал байсныг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдэгдсэн дээрх асуудал нотолж байна гэдгийг ч мэдэгдлээ.