“Увсынхны сонголтыг ингэж доромжилж болохгүй”

Хуучирсан мэдээ: 2012.07.05-нд нийтлэгдсэн

“Увсынхны сонголтыг ингэж доромжилж болохгүй”

Ч.Хүрэлбаатар: Увсын ард түмний сонголтыг ингэж доромжилж болохгүй ээ

УИХ-ын 2012 оны сонгуулийн 15 дугаар тойрог буюу Увс аймагт МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар хэвлэлийнхэнд хандлаа. Тэд өөрсдийг нь элдвээр гүтгэж байгаад няцаалт өгөөд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

-УИХ-ын ээлжит сонгуулийн дүн гарч байна. Зарим тойрогт нэр дэвшсэн хүмүүс янз бүрийн яриа гаргаж байна л даа. Ер нь Увс аймагт сонгууль шударга болж чадав уу?

Ч.Хүрэлбаатар: Увс аймагт сонгууль шударга явагдсан.

Б.Чойжилсүрэн:
Бид хоёрын зүгээс шүү дээ. Бусад нэр дэвшигч ямар ажил хийснийг мэдэхгүй байна. Бид хоёрын зүгээс болон МАН-аас бол энэ удаагийн сонгуулийн сурталчилгааг бүхэлд нь хуулийн хүрээнд хийсэн.

Ч.Хүрэлбаатар:
Болсон зүйлийг бодитоор хэлье. 2012 оны нэгдүгээр сараас эхлэн бид хоёрыг удаа дараа хэвлэлээр зохион байгуулалттайгаар гүтгэж, доромжилж байсан. Уг нь УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчдийг гүтгэх, доромжлох нь хориотой. Мөн бид хоёрыг төрөл бүрээр гүтгэсэн сонинг Увс аймагт зургаан удаа хэвлэж айл өрх бүрээр тараасан байдаг. Тараасан хүмүүс нь АН-ын ухуулагчид. Б.Чойжилсүрэн гишүүн бид хоёрын хувьд бол бусад 10 нэр дэвшигчийн талаар нэг ч удаа сөрөг зүйл яриагүй. Дээр нь төвийн болон бусад мэдээллийн хэрэгслээр мөнгө төлж гүтгэсэн, доромжилсон зүйл ганц ч хийгээгүй ээ. Тэр ч бүү хэл уулзалт хийгээд явж байхдаа бусад нэр дэвшигчтэй холбоотой асуулт тавихад “Тэр хүмүүс ирж уулзах байх. Ирэхээр нь өөрсдөөс нь асуу” гээд өнгөрдөг байсан. Тэгэхээр энэ удаагийн сонгуульд бид хоёр сонгуулийн тухай хуулиас гадна хүн ёсны чанар, жудаг гээд бүгдийг нь баримталж ажилласан. Ийм ч учраас Увсын ард түмэн МАН-аас нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн гишүүн бид хоёрыг дэмжсэн. АН-аас нэр дэвшиж хамгийн олон санал авсан хүнээс бид хоёр нэг нь 10 мянга орчим, нөгөө нь  8000 гаруй саналаар хол тасарсан. 800 саналын зөрүүтэй биш шүү дээ. Увсын ард түмэн үнэхээр шударга хандсан. Хэн нь юу ярьж, юу хийж явааг бодитоор харж сонголтоо хийсэн. Унасан бөхөд шалтаг олон л байдаг байх. Гэхдээ ард түмний саналыг бүгдээрээ хүндэтгэх ёстой.

2008 оны орон нутгийн сонгуулийн дараа АН-ынхан ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй бүтэн жил Увс аймгийн ажлыг хойш татсан шүү дээ. Ард иргэдийн амьдралыг тэд бүтэн жилээр хойш нь татаж байсан шигээ одоо ялгаагүй аашилж байна. Хэвлэлээр гүтгэлгийн шинжтэй зүйл яриад л, сонгогчдоо доромжилж, бусад нэр дэвшигчээ төрөл бүрээр гүтгээд явж байна. Үүнд л няцаалт өгье гэж бодсон юм.

-Өнгөрсөн хугацаанд хэвлэлээр Увс аймагт нэр дэвшигч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар мөнгө тараалаа гэсэн мэдээлэл олон цацагдсан л даа. Зарим баримтыг хүртэл АН-ынхан дэлгэж байсан. Үүнд ямар тайлбар өгөх вэ?


Б.Чойжилсүрэн:
Хууль зөрчөөгүй болохоор сонгуулийн сурталчилгааны хугацаанд тэр телевизээр гарч байсан зүйлст ач холбогдол өгөөгүй юм. Телевиз үзэж суух зав ч гараагүй л дээ. Гэтэл өчигдөр интернэтээр тэр бичлэгүүдийг нөхөж үзлээ. Бид хоёрыг бас л гүтгэсэн юм. Тэр мөнгө тараасан гээд байгаад тайлбар өгье. Бид хоёр бол одоо бүрэн эрхээ хэрэгжүүлээд явж байгаа УИХ-ын гишүүд. Өнгөрсөн оны төгсгөлөөр УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталсан. Энэ хуулийн 35.2 дугаар зүйлд “Нам, эвсэл, бие даан нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалаа тайлбарлан таниулах, нэр дэвшигчдийг дэмжин сурталчилан дэмжих ажиллагааг уулзалт, хурал, цуглаан хийх, ухуулах байр ажиллуулах, сонгуулийн сурталчилгааны самбар байрлуулах зэрэг хуулиар хориглоогүй арга хэлбэрээр зохион байгуулах эрхтэй” гэж заасан. Нөгөө талаас Сонгуулийн зардлын данс гэдэг бүлэг буюу 38.5-д “Энэ хуулийн 38.1, 38.2-т заасан дансанд төвлөрсөн хөрөнгийг нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг тайлбарлан таниулах, нэр дэвшигчийг сурталчилах, сонгуулийн уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах. Нэр дэвшигч, нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн шадар туслахын бичиг хэрэг, шуудан холбоо, унааны болон албан томилолт, хөлс, урамшуулал зэрэг зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна” гээд заачихсан. Энэ хоёр заалтын хүрээнд л бид ажилласан.

Бид хоёр тодорхой хэмжээний айлын гэр, байшинг ухуулах байр болгон түрээсэлсэн. Ингэхдээ гэрээ байгуулсан байгаа. Шинээр гэр худалдаж аваад барина гэхээр зардлын дээд хэмжээ давчих гээд байсан юм. Тиймээс тодорхой хэмжээний айлуудыг ухуулах байраар түрээсэлж авсан. Тэр гэр, байранд манай намынхан ухуулах сурталчилгааны материал тавьж, уулзалт, хурал зохион байгуулж, намын мөрийн хөтөлбөрийг таниулан сурталчилсан. Мөн манай намын сонгуулийн сурталчилгаа хариуцсан хэдэн ажилтанд унаа, шуудан холбоо гээд бусад зардлыг санхүүжүүлэхэд нэг хүнд 100 мянган төгрөг өгсөн нь үнэн. Гэтэл үүнийг мушгиж бид хоёрын нэр хүндэд халдлаа. Ямар ч хууль зөрчөөгүй. Харамсалтай нь, унасан бөх тахимаа өгөхгүй гэгч л болоод байна.

-УИХ-ын сонгуулийн хуульд тойрогт зарцуулах зардлын дээд хэмжээг заагаад өгчихсөн. Та хоёрын зарцуулсан мөнгө тэр хэмжээнээс даваагүй юу?


Б.Чойжилсүрэн:
-Хангалттай багтаж байгаа. Манай тойрогт нэг нэр дэвшигч 209 сая төгрөг зарцуулах хуулийн хэмжээтэй. Би үүнийгээ хувийнхаа татвар төлчихсөн мөнгөөр санхүүжүүлсэн. Бид хоёрынх нийллээ гэхэд 418 сая төгрөг болж байгаа. Энэ мөнгийг хуулийн дээрх хоёр заалтын дагуу л зарцуулсан. Бүх хүнтэй гэрээ байгуулж, бүх юмыг баримтжуулж авсан. Харамсалтай нь, гэрээ түрээслэнэ гэж Иргэний хуулийн дагуу тохирчихоод худал мэдээлэл өгсөн тал байгаа юм шиг байна лээ.

Ч.Хүрэлбаатар:
-Нэг зүйлийг тодотгож хэлье. Сонгуульд оролцохдоо бид рейтингийнхээ судалгааг хийлгэсэн байсан. Дөрвөн удаагийн судалгаагаар бид хоёрын рейтинг өндөр байсан. Минийх байнга 60 хувиас дээшээ байсан. Б.Чойжилсүрэн гишүүнийх үргэлж 50-иас дээш хувьтай гарч явсан. Миний хувьд сонгуулийн дүнгээр Монгол Улсад хамгийн өндөр санал авсан хүний нэг нь. Ц.Нямдорж сайд бид гурвын хувьд хийсэн ажилтай, хэлэх үгтэй сонгуульдаа оролцсон. Мөрийн хөтөлбөр маань ч сайн болсон. Үүнийг хийхийн тулд “Ард түмнээ сонсъё” аяныг зохион байгуулж, эрдэмтэн мэргэдийн саналыг нэмэрлэж байж боловсруулсан зүйл. Тиймээс энэ бүхнээ яриад явахад л хангалттай байсан даа. Ер нь бол Увс аймагт нэр дэвшсэн бид хоёрын нэр төрийг сэвтээе гэсэн л юм хийсэн дээ. Бид хоёулаа залуу хүмүүс. 2016 онд дахиад өрсөлдөнө. Цаашдаа ч улс төрд явна. Гэтэл ийм хөгийн байдлаар улс төр хийж байх юм. Бид хоёр бол гурав дахь нэр дэвшигчээсээ 8000, 10 мянган саналын зөрүүтэй. Гэтэл зарим хүн 10 гаруй мянган саналаар л УИХ-д сонгогдож байна шүү дээ. Увсын ард түмэн МАН-д хамгийн өндөр буюу 50 хувийн санал өгсөн. Дээр нь бид хоёрт Увсын маань ард түмэн итгэл үзүүлж тийм өндөр санал өгсөн байхад элдвээр ярьж, гүтгэж байгаад үнэхээр хүрч дургүй байна. Сонгуулийн сурталчилгааны явцад зургаан удаа сонин тарааж бидний доромжилсон. Тэр бүхнийг бид Тойргийн хороонд өгсөн. Нийтдээ 86 удаа Тойргийн хороонд албан бичгээр хандсан байна лээ.

Б.Чойжилсүрэн: -Сая хэллээ, дөрвөн удаагийн судалгаагаар бид хоёрын рейтинг хамгийн өндөр байсан. Ямар ч сандрах юм байгаагүй. Нэн ялангуя хууль зөрчин ийм юм хийх шаардлага бидэнд байгаагүй ээ. Тиймээс 22.00 цаг болоход уулзалтаа дуусгах хуультай болохоор бид хоёр уучлал гуйгаад явдаг байсан.

Ч.Хүрэлбаатар:
-Увсын ард түмэн мэдэж байгаа даа. Бид хоёрыг уулзалт хийхэд танхим хүнээр дүүрдэг байсан. Бусад намын нэр дэвшигчийн хувьд тийм байгаагүй шүү дээ. Зарим баг дээр 680 хүн цуглаж байсан. Өдөр бүр сонгуулийн хуулийн дагуу 22.00 цагаас өмнө 3-4 уулзалт хийж явсан. Нийтдээ 6000 км зам туулж, 16 мянган сонгогчтой уулзсан байдаг. Увс аймгийнхаа нутгийг бүтэн хоёр удаа тойрсон. Ийм уулзалт хийгээд, энэ хэмжээнд бусад нэр дэвшигч явж чадаагүй. Хоёрхон машинтай л бид хоёр явсан. Үнэхээр хурдтай ажиллаж чадсан. Хийсэн ажилтай байсан учраас бид хоёр нүүр бардам явж байсан. Намын мөрийн хөтөлбөр сайн байсан учраас хийх ажлаа бид хоёр ам дүүрэн ярьж явсан. Гэтэл өчигдөр телевизээр хараад байхад дэндүү гүтгэж байна лээ дээ. Сонгуулийн сурталчилгааны үед ч бид хоёрыг гүтгэсэн сонин зургаан удаа тараасан. Тийм заваан юм хийж улс төрд орж болохгүй ээ гэж Увсын ард түмэн тэр хүмүүст хариуг нь өгсөн.

-Та хоёрын нэр хүндийг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр удаа дараа гутаалаа. Эргээд шүүхэд гомдол гаргах уу?

Ч.Хүрэлбаатар:
-Унасан хүмүүсийг дээрээс нь өшиглөх сонирхол бид хоёрт алга аа.

Б.Чойжилсүрэн:
-Ийм олон мянган саналаар ялчихаад дахиад хуулийн байгууллагад өгнө гэхээр жудаггүй юм. Тиймээс ч өчигдрийг хүртэл би хууль зөрчөөгүй болохоор дуугүй явсан. Тэгсэн интернэтээр өөрийгөө хэрхэн гүтгэж байгаад олж үзээд үүнээс цааш дуугүй явж болохгүй юм байна гэж бодсон учраас одоо ингээд яриад сууж байна.

-Мөнгө тараасан асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа гэсэн мэдээлэл бий. Тэр ч байтугай та хоёрын туслахуудыг баривчилсан гэж хэвлэлүүдэд мэдээлсэн шүү дээ. Ямар учиртай юм бэ?

Ч.Хүрэлбаатар:
-Миний туслахууд бүгдээрээ ажлаа хийж байгаа. Би гурван туслахтай хүн. Нэг нь Увс аймгийн Өмнөговь суманд байдаг Батцогт гээд нэг ах бий. Сумынхаа ИТХ-ын дарга байсан хүн тэндээ ажлаа хийгээд явж байгаа. Нэг нь Увс аймгийн Улаангом суманд байдаг Чимэддорж гэж залуу бий. Бас л ажлаа хийгээд явж байгаа. УИХ-ын гишүүний туслах Бат-Орших гээд залуу байдаг. Одоо ажлаа хийж байна. Янз бүрийн зүйл байхгүй. Харин намтай гэрээ байгуулаад ажилласан идэвхтэн хүн бол тэнд байсан.

Б.Чойжилсүрэн:
-Миний туслахын хувьд Увс аймагт очиж ажилласан нь үнэн. Тэр цацаад байгаа бичлэг дээр манай туслахын дүрс байгаа нь ч үнэн. Манай туслах тэр хүмүүстэй холбогдох гэрээг нь байгуулаад сууж байгааг бичиж авсан юм билээ. Баривчилсан гэдэг нь харин худлаа. Увс аймгийн тагнуулын байгууллага дээр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх сураг л явж байсан. Туслахын хувьд хүүхдийнх нь бие муудаад сонгуулийн сурталчилгааны хугацааг дуусгалгүйгээр Улаанбаатар руу буцсан. Харин өчигдөр Увс аймаг руу өчигдөр явсан. Тайлбар өгөх шаардлагатай бол тэнд нь өгнө өө.

С.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж