Өвөрхангайн асуудлыг шийдтэл МАН хуралд орохгүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.07.05-нд нийтлэгдсэн

Өвөрхангайн асуудлыг шийдтэл МАН хуралд орохгүй гэв

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны дараа тус бүлгийн дарга Ө.Энхтүвшин сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр Өвөрхангай аймагт УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж өрсөлдөн ялалт байгуулж, тойргийн хороо нь хүлээн зөвшөөрч УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг гардуулаад байсан Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг СЕХ-ноос Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барилгүй сугалж үлдээснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж МАН-ын бүлгийн гишүүд үзсэнийг хэллээ. Иймээс хуучин чуулганы хаалт болоод шинэ УИХ-ын анхдугаар чуулганд МАН-ын бүлэг оролцох боломжгүй гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч маргааш 10.00 цагаас шинэ УИХ-ын чуулганы анхдугаар чуулганыг хуралдуулахаар зарласан. Хэрэв АН болоод бусад намаас сонгогдсон гишүүд, бие даагчид МАН-гүйгээр тангаргаа өргөвөл энэ удаагийн УИХ-ын бүрэн эрх дуусгавар болж МАН-ын бүлгийн хуралд орохгүй гэсэн шийдвэр хүчингүй болох уу гэдгийг энэ үеэр Ө.Энхтүвшинд даргаас тодрууллаа. Тэрбээр үүнд “Үндсэн хуулиараа анхдугаар чуулганыг 57-гоос дээш гишүүний ирцтэйгээр хуралдуулдаг тул МАН-ын бүлэггүйгээр хуралдах боломжгүй” гэсэн хариулт өгөв.

Сурвалжлагын дэлгэрэнгүйг удахгүй хүргэнэ.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж