Федерер домогт Сампрасын ялалтын рекордыг давтлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Федерер домогт Сампрасын ялалтын рекордыг давтлаа

Өдгөө дэлхийн чансааны гуравдугаарт эрэмбэлэгдээд буй Швейцарийн теннисчин Рожер Федерер ганцаарчилсан төрөлд нийт ялалтынхаа тоогоор домогт Пете Сампрасын түүхэн амжилтыг давтлаа. Майамид эхэлсэн Sony Ericsson Open тэмцээнд Федерер 6-3; 6-3 харьцаагаар Чехийн Радек Степанекийг хожсоноор “Уимбльдон” тэмцээний долоон удаагийн аварга Пете Сампрасын ганцаарчилсан төрөлд 762 ялалт байгуулсан гайхамшигт амжилттай зэрэгцлээ. Талбайн теннисний спортын түүхэнд Федерер болон Сампрас нараас олон ялалт авсан ердөө зургаан теннисчин байдаг, харин энэ жагсаалтыг АНУ-ын нэрт теннисчин Жим Коннорс 1242 ялалтаар тэргүүлдэг юм.

Майамигийн тэмцээний талаар мэдээлэл хүргэхэд, АНУ-ын теннисчин Марди Фиш 6-4; 6-3 харьцаагаар Францын Ричард Гаскег хожсоноор шөвгийн 16-д өрсөлдөх эрхээ авчээ. Тэрбээр дараагийн шатанд Робин Сёдерлинг, Хуан Мартин дел Потро нарын ялагчтай тоглох юм. Мөн Испанийн Дэвид Феррер 6-4; 6-2-оор Энэтхэгийн Сомдев Девварманг хожсон бол Жон Иснер 6-2; 7-6 харьцаатай Алекс Богомоловыг буулган авчээ.

Харин эмэгтэйчүүдийн ангилалд Францын нээлттэй тэмцээний аварга Франческо Скьявоне 6-4; 7-6 харьцаагаар Лордес Домингез Линог хожиж, шөвгийн 16-гийн шатанд шалгарсан бол Агнешка Радванска ОХУ-ын Мария Кириленког 7-6; 6-3-аар буулган авсан байна. Түүнчлэн Марион Бартоли 6-0; 6-2-оор Екатерина Макароваг хожсон бол Ана Ивановичийн учраа болох Францын Виржин Раззано гэмтлийн улмаас тоглолтыг орхисноор Серби теннисчин дараагийн шатанд шалгарчээ.
Нийт есөн сая ам.долларын шагналын сантай Sony Ericsson Open тэмцээний ялагч дөрөвдүгээр сарын 3-нд тодорно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж