Рок дуучин шоронд монгол хэл сурч байгаа гэнэ

Хуучирсан мэдээ: 2012.07.05-нд нийтлэгдсэн

Рок дуучин шоронд монгол хэл сурч байгаа гэнэ

Америкийн “LAMB OF GOD” хэмээх хүнд метал рок хамтлагийн дуучин Рэнди Блайт шоронд монгол хэл сурч байгаа гэнэ. Рэнди Блайтыг 2010 онд Чехийн Праг хотод болсон тус хамтлагийн тоглолтын үеэр нэгэн үзэгчийг тайзнаас түлхэн унагасан хэрэгт буруутган өнгөрсөн зургадугаар сарын 27-нд баривчилжээ. Тайзнаас унасан хүн нь тархиндаа хүнд гэмтэл авч, 14 хоногийн дараа нас барсан тул Рэнди Блайтыг түүний үхэлд буруутгаж байгаа юм байна. Харин тоглолтоос болж хүн амиа алдсаныг Рэнди саяхан мэдсэн бөгөөд энэ талаар юу ч сонсоогүй явжээ. Рэнди Блайт одоо Праг хотын Панкрац хэмээх шоронд хоригдож байгаа аж. Өмгөөлөгч нь түүнийг шоронд аажмаар дасан зохицохыг хичээж байгаа хэмээжээ. Тэрбээр өмгөөлөгчдөө хамт хоригдож буй нэгэн bонгол хүн түүнд төрөлх хэлээ зааж байгаа гэж ярьсан аж. Гэвч Рэнди Блайт ийм зүйлд хутгалдсандаа одоо ч итгэж чадахгүй байгаа ажээ. Хамтлагийн менежер түүнийг батлан даалтад гаргахаар дөрвөн сая чех крон буюу 200 мянган ам.долларын барьцаа төлсөн боловч батлан даалтын процесс нь АНУ-ынх шиг хурдан биш гэнэ. Хэрэв Прагийн шүүх түүнийг амиа алдсан эрийн үхэлд буруутай гэж үзвэл түүнд дээд тал нь 10 жил шоронд хорих ял оноох юм байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж