Маргааш шинэ парламент бүрдэнэ

Хуучирсан мэдээ: 2012.07.05-нд нийтлэгдсэн

Маргааш шинэ парламент бүрдэнэ

Одоогийн УИХ-ын чуулганы хаалтыг хийхээр гишүүд өнөөдөр 13.00 чуулганы танхимд цугласан ч зөвхөн АН-ын гишүүд ирж, МАН-ын бүлгийнхэн ирээгүй. Өглөөнөөс хойш МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболдын өрөөгөөр орж гаран нэлээд бужигнаантай байсан юм. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд чуулганы танхимд орж ирээгүйн улмаас чуулганы хуралдааны хаалтыг хийж чадахгүйд хүрээд байгаа ч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ УИХ-ын анхдугаар чуулганыг маргааш өглөө 10.00 цагаас зарласан тул элдэв гацаа гайгүй өнгөрөх бололтой.

МАН-ын зүгээс одоогоор албан ёсны ямар нэг байр суурь илэрхийлж, мэдээлэл хийгээгүй байгаа  бол АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг  “Хуулийн дагуу одоогийн УИХ-ын хаалтын хуралдааныг өнөөдөр хийх ёстой. Гэтэл УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ирсэнгүй. Иймд АН-ын бүлгийн гишүүд УИХ-д суудалтай бусад намын гишүүдийн хамт 15.00 цагаас чуулганы хуралдаанд орж ирж сууна. Бид ямар ч гэсэн өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдааныг хаана гэж ойлгож байгаа. СЕХ сая Монгол Улсын Ерөнхийлөгчид сонгуулийн дүнг өргөн мэдүүллээ. Ерөнхийлөгч шинэ УИХ-ын анхдугаар чуулганыг зарлах ёстой. Энэ ажил хуулийн дагуу явах байх гэж өнөөдрийн үйл явцыг харж байна. Хэвлэл, мэдээллийнхнийг 15.00 цагаас чуулганы хуралдааныг сурвалжлахыг урьж байна. Тэр болтол болж байгаа үйл явдлын учрыг тодруулна. Ингээд 15.00 цагт чуулганы үйл ажиллагааг хаах бололцоо бүрдэнэ гэж бодож байна” гэсэн юм.

Ямартай ч улс төрийн нөхцөл байдал ч тэр, иргэд сонгогчид ч тэр хуучин их хурал тарж, шинэ гишүүдийн тангараг өргөхийг хүлээж байна. Хууль ёсоо хүндэлсэн ч энэ Их хурлын гишүүд чуулганы хуралдаанаа хаадаг дүрэм журмаар нь хааж, шинэ парламентаа албан ёсоор зарламаар байна. 

МАХН 2000-2004 оны УИХ-д 72 суудалтай үнэмлэхүй олонх байж байгаад 2004 оны сонгуулиар АН-ын бүлэг 30 гаруй суудал авахад УИХ-ын хуучин бүрэлдэхүүн Төрийн ордны “А” танхимд хуралдан бүрэн эрхээ хаахгүй, шинэ УИХ-ын тангараг өргөх ёслолыг 10 шахам хоног гацааж байв. Хуучин УИХ “А” танхимд, шинэ УИХ чуулганы танхимд арваад хоног бие биеэ харсны эцэст Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди шийдвэр гарган, шинэ УИХ-ын тангаргийг өргүүлж, гацаанаас гаргаж байсныг сануулъя.

Одоо нэгэнт Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ УИХ-ын анхдугаар чуулганыг маргааш өглөө 10.00 цагаас эхлүүлнэ хэмээн зарласан тул тун удахгүй 15.00 цагаас одоогийн парламент отгон чуулганаа хийх болж байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж