
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд чуулганы танхимд орж ирээгүйн улмаас чуулганы хуралдааны хаалтыг хийж чадахгүйд хүрээд байгаа юм. Яг ийм явдал УИХ-ын 2004 оны сонгуулийн дараа болж байсан юм. Тухайн үеийн МАХН 2000-2004 оны УИХ-д 72 суудалтай үнэмлэхүй олонх байж байгаад 2004 оны сонгуулиар АН-ын бүлэг 30 гаруй суудал авахад УИХ-ын хуучин бүрэлдэхүүн Төрийн ордны “А” танхимд хуралдан бүрэн эрхээ хаахгүй, шинэ УИХ-ын тангараг өргөх ёслолыг 10 шахам хоног гацааж байв. Хуучин УИХ “А” танхимд, шинэ УИХ чуулганы танхимд арваад хоног бие биеэ харсны эцэст Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди шийдвэр гарган, шинэ УИХ-ын тангаргийг өргүүлж, гацаанаас гаргаж байсан юм.
Харин энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ УИХ-ын анхдугаар чуулганыг маргааш өглөө 10.00 цагаас зарласан тул элдэв гацаа гайгүй өнгөрөх бололтой.