ХБНГУ-д 250000 хүн жагсаал хийв

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

ХБНГУ-д 250000 хүн жагсаал хийв

ХБНГУ-ын том хотуудад өнгөрөгч бямба гаригт 250000 хүн жагсаал хийж, цөмийн эрчим хүчний цахилгаан станцуудыг хаахыг шаардаж, германийн канцлер Ангела Меркелийн эрчим хүчний бодлогыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна.

Эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулагчдын нэгэн болох “Ausgestrahlt” нийгэмлэгийн мэдээлснээр германийн гурван том хотод нийтдээ 250000 хүн жагсаалд оролцож, тус улсад ажиллаж буй цөмийн 17 реакторыг нэн даруй хаах шаардлага тавьсан байна.

Берлин хотод 120000 хүн, Мюнхенд хэдийгээр бороо орж байсан боловч 25000 орчим, Гамбург, Кёльн хотод 90000 гаруй хүмүүс жагсаалд оролцжээ.

Жагсаалыг зохион байгуулагчдаас гаргасан мэдэгдэлд “Герман улсын түүхэнд болж байгаагүй  цөмийн эрчим хүч ашиглахыг эсэргүүцсэн хамгийн том хэмжээний жагсаал боллоо” гэж сэтгэл хангалуун тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж