Картер ерөнхийлөгч Рауль Кастротай уулзана

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Картер ерөнхийлөгч Рауль Кастротай уулзана

АНУ-ын ерөнхийлөгч асан Жимми Картер энэ даваа гаригт Куба улсад айлчилж, Кубын ерөнхийлөгч Рауль Кастро, кубын католик сүмийн тэргүүн Хайме Ортега, кубын  еврей иргэдийн удирдагчтай уулзах юм байна. Картерийн айлчлалын гол зорилго нь арлын оронд шоронд хоригдож буй АНУ-ын иргэн Алан Гроссыг суллуулах асуудлыг ярих байх гэсэн яриа дүгнэлтүүд гарч буй ажээ.

Айлчлалын тухай Кубын засгийн газар бямба гаригт олон нийтэд мэдээлсэн бөгөөд Картерийн хувьд тус аралд 2002 онд анхны айлчлалаа хийсэн ба энэ удаа түүний хоёр дахь айлчлал болж байгаа юм байна. 1959 онд болсон кубын хувьсгалаас хойш арлын энэхүү коммунист оронд айлчилж буй АНУ-ын анхны ерөнхийлөгч болж байгаа юм байна.

1981 онд Жимми Картер ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэн өгснөөс хойш дэлхийн олон оронд дипломат элчээр томилогдон очиж байсан бөгөөд хамгийн сүүлд 2010 онд Хойд Солонгост зочилж, азийн энэ оронд шоронд хоригдож байсан АНУ-ын нэгэн иргэнийг хорионоос суллуулж байсан удаатай.

86 насны босго алхаж буй Жимми Картер Куба улсад 3 хоног “засгийн газрын бус хувийн айлчлал” хийх ба энэ хугацаанд кубын эдийн засгийн бодлого болон  удахгүй болох Кубын коммунист намын их хурлын шинэ бодлоготой танилцах, мөн АНУ, Кубын харилцааг хэрхэн сайжруулах арга замын талаар санал бодлоо солилцох ажээ.

Кубад хоригдож буй АНУ-ын иргэн Алан Гроссын хувьд түүний 26 настай охин, 88 настай ээж нар нь хорт хавдар тусч, хүнд өвчтэй байгааг бодолцон шоронгоос суллан гаргахыг эхнэр нь учирлан гуйж байгаа аж.

Ерөнхийлөгч асан Жимми Картер кубын католик сүмийн тэргүүнтэй уулзаж, нэгэн католик сүмд зочилсны дараа Кубын ерөнхийлөгч Рауль Кастротай уулзах юм байна.

Кубын ерөнхийлөгч асан Фидель Кастротай уулзаж магадгүй гэж байгаа боловч энэ нь нотлогдоогүй байгаа юм байна.

Эх сурвалж: REUTERS/EP
Бэлтгэсэн Д.Пунцаг
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж