“Эрээн асрын өмнө зодог өмсөн дэвж
Эртэй, бяртай бөхчүүдтэй мөр зэрэгцэж яваагүй ч
Үе тэнгийн нөхөдтэйгөө шороон талбайд тоглож
Өвдөг, тохой хоёроо шалбалж явсан удаатай
Би хөлбөмбөгийн фанат аа
Эрчит нумны хөвчийг чадал мэдэн татаж
Эрхий мэргэн харваачидтай цэц булаалдаж яваагүй ч
Эв нь таарсан үед ерийн буланд нь зоочихоод
Есөн настай хүүхэд шиг баярлаж явсан удаатай
Би хөлбөмбөгийн фанат аа” хэмээх эрхэм бол хөлбөмбөгийн нэрт тайлбарлагч Эрдэнэбатын Балжинням. Монголын спорт сонирхогчдын эчнээ танил, Москвагийн “Спартак”-ын улаан фэн түүнтэй илэн далангүй ярилцлаа. Тэрбээр саяхан болж өндөрлөсөн ЕАШТ-ийг “ТВ-9” телевизээр тайлбарлачихаад Дархан руу, гэрийн зүг яаран одсон.
-Та хөлбөмбөг хэмээх энэ гайхалтай спорттой хэдий үеэс холбогдсон юм бэ?
-1982 онд Сэлэнгэ аймгийн Сант сумынхаа сургуулийн зургадугаар ангийн сурагч надад олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд амрах аз тохиосон юм. Хуучин социалист орнуудын хүүхэд ирж амардаг, мань мэт шиг сумын хүүхдүүд явна гэдэг гонжийнжоо байсан цаг. Намайг сургуулийн Бүлгэмийн зөвлөлийн дарга болгохын тулд “Найрамдал” руу явуулсан байгаа юм. Өмнөх дарга нь наймдугаар анги төгсөөд ЗХУ руу техникумд явсан байсан.
-“Найрамдал”-д очоод хөлбөмбөгтэй танилцсан уу?
-Тийм. Манай Сант суманд дунд сургуулийн хүүхэд бүрийн үсийг авдаг байсан. Тэр үеийн багш нарын сэтгэхүйд үсээ авахуулсан хүүхэд хөөрхөн харагддаг байсан юм шиг байгаа юм. “Найрамдал”-д давхиад иртэл би ганцаараа халзан байж таарсан. Ингээд л амтай бүхэнд шоглуулсан. Өрөөнөөсөө гардаггүй надад өдөрт хийх юм олдохгүй. Ингээд Испанид болж байсан хөлбөмбөгийн ДАШТ-ийг “Орбит” сувгаар үзэж гарсан. Ингэж л хөлбөмбөг гэж гайхалтай спортыг анх мэдэрч билээ.
-Сумандаа буцаж ирээд Бүлгэмийн зөвлөлийн дарга болсон уу?
-“Олон улсын пионерийн зусланд амраад ирсэн, эрдэм мэдлэг өндөр хүүхэд” гээд болгож байлаа. Одоогоор бол Сурагчдын зөвлөлийн дарга юм уу даа. Намайг сумандаа очиход “Орбит” сувгийн антенн тавьчихсан байсан. Тэгээд л би хоккей, хөлбөмбөг үзсээр байгаад бараг мэргэжилтэн болсон доо. Намайг есдүгээр ангид ордог жил Эрхүүгээс Л.Зандан багш маань манай сургуульд ирсэн юм. Одоо бодож байхад хичээл зааж сүйд болдоггүй байсан. Хичээлийн 45 минутад хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх ажлыг их хийдэг байж. Үүний нэгээхэн хэсэг нь хөлбөмбөг, хоккейн спортын долоо хоногийн тойм яриа байлаа. Тэгж байгаад бидний хүүхдүүд хөлбөмбөг их тоглодог болсон. Наймдугаар ангийн хонхны баяр болж байхад бид хөлбөмбөг тоглоод явж байсан. Ангийн охид ирээд “Баяртаа оръё” гэхэд нь чулуугаар нүүлгээд явуулж байлаа. Манай найз Бека буюу Д.Баярсүрэн бид хоёр тухайн үедээ хөлбөмбөгийг мэргэжлийн шат руу оруулсан шүү.
-Яаж тэр вэ?
-Би Сант сумын хойд, Бека урд хорооллын багийн ахлагч болж, 1984-1986 онд хоорондоо их тоглосон. Хоёр багийн талбай дээр ээлжилж тоглоно. Бекагийн багийнхан бүгд Москвагийн “Спартак”-ын тоглогчдын нэртэй бол манайх Киевийн “Динамо”-гийнх. Би Олег Блохин нь. Тавын бор дэвтэр хөтөлж, бүх тоглолтын протоколыг алдалгүй бичиж байлаа. Ингээд 1986 онд аравдугаар анги төгссөн зун бүх тоон дүнгээ нэгтгээд үзэхэд яг тэнцдэг юм. 126 тоглоход 63, 63 хожсон байв. Ингээд наадмын орой хайнаа хагалах шийдвэрлэх тоглолт хийсэн. Энэ тоглолтод манайх хожиж, Бекагийн урласан цом, алтан медалийг сурагчийн ширээн дээр зогсч байгаад гардаж авч билээ.
-Цом, медаль одоогийнх шиг ийм элбэг байгаагүй байх?
-Мотоциклийн яндангийн арын гялгар, никель бөгсөнд 1980 оны Москвагийн олимпийн бэлгэдэл Миша бамбарууш зоосон нь янзын харагдаж байсан. Ундааны шар бөглөөг давтаж, өнгө өнгийн утсаар оосор хийснээр алтан медаль болсон. Харин Бека маань миний хийсэн мөнгөн медалийг их голж билээ. Хэдэн бөглөө балбаад, хадаасаар цоолоод, мяндсаар оосорлосон байсан юм. Шагнал гардуулах ажиллагааны дараа хоёр багаараа буу халж, нэлээн орой болтол суусан. Бека бид хоёртой нийлээд дөрөв нь дунд сургуулиа төгсч байсан болохоор уйлахаас наагуур юм болсон. Биднийг яваад өгчихөөр үлдэж буй хэд нь тоглох эсэх эргэлзээтэй. Тэр орой унтах гэсэн ч нойр хулжсан. Оруулж байсан гоол, муудалцаж байсан нөхөд бодогдоод унтаж чадаагүй. Энэ бол миний амьдралын алтан дурсамж.
-Тэгээд ямар сургуульд орсон бэ?
-Орос хэлний дээд сургуульд (Одоогийн Хүмүүнлэгийн ухааны их сургууль) суралцсан. Дунд сургуульд байхад Л.Зандан багш бидэнд “Футбол и хоккей”, “Советский спорт” сониноос хааяа юм орчуулж өгдөг байлаа. Гэхдээ дуртай, дургүй орчуулна. Ярвайж харж байснаа “Ийм юмны тухай байна шүү дээ” гэнэ. Бид их юм яриулахыг хүсээд байдаг. Хааяа хамт хөлбөмбөг үзнэ. Багш тайлбарлагчийн яриаг сонсч сонсч амнаас нь алт унах гэж байгаа аятай хэдэн үг хэлнэ. Тэгэхээр бид өөрсдөө орос хэл сурч, сонин уншиж, тайлбар ойлгохыг хүсдэг болно биз дээ. Энэ дарамтаас салахын тулд өөрөө хичээл зүтгэл гаргаж, орос хэлний жаахан дөртэй болсон. Ингээд Орос хэлний дээд сургуульд суралцсан юм. Гэхдээ төгсч чадаагүй. Багш нар намайг орос хэлний өгүүлбэр зүйн хичээлд муу гэсэн үндэслэлээр цомхотгож, 1990 онд Италид ДАШТ болж байхад гэр рүү минь хариулж билээ.
-Хөөгдсөн гэсэн үг үү?
-Бараг тийм. Би энэ тухай нэг их ярьдаггүй юм. Танай сонинд л ярьж байна. Оюутан болсныхоо дараа арваад оюутан зохион байгуулаад хөлбөмбөг тоглож өгсөн. МУИС-ийн гадаах талбай дээр пад хар болтлоо үзсэн дээ.
-Нутагтаа ирээд юу хийсэн бэ?
-Сант сумынхаа дотуур байрны багшаар 1990-1995 онд ажилласан. 1994 онд яг хөлбөмбөгт солиорч явсан үедээ нэг ингэсэн юм гэнэ билээ, одоо манай найз нар ярьдаг юм. Сумандаа согтуу сууж байгаад хоёр найзаасаа машинаараа хүргэж өгөхийг хүсэхэд татгалзсан гэсэн. Тухайн үед би “Та нар тэгж л бай. Намайг хөлбөмбөгийн том мэргэжилтэн болохоор хүссэн хүсээгүй хүргэж өгч, мэхийн ёсолно оо” гэсэн гэдэг. Манай худлаа хэлэхээргүй найз ингэж хэлсэн.
-Таныг их сургуулиа эчнээгээр төгссөн гэдэг юм билээ?
-Тэгтэл 1995 онд нэг өдөр Хөтөл сумын Сүхэнбаатар багш сайхан мэдээ дуулгадаг юм. Орос хэлний дээд сургуулийн эчнээ ангийн нэг хуваарь ирсэн тухай. Тэгээд нүдэнд дулаахан, өөрийн гэсэн мэдлэг боловсролтой, орос хэлний үндэс суурьтай залуу хайж явсан юм билээ. Бараг тендер зарласан. Үүнд би шууд тэнцсэн. Намайг их сайхан хүлээж авсан Сүхэнбаатар багшийнхаа ач гавьяаг би ёстой мартахгүй. Намайг хүнд үзүүлэх орос хэлний багш гэсэн юмтай (дипломыг хэлэв) болгож өгсөн. Би 1995-1998 онд Хөтөлд гурван жил багшлангаа эчнээгээр сурсан.
-Хөдөө хөлбөмбөг үзэх боломж хэр байв?
-Тэр үед ганц зовлонтой нь шөнө яг хөлбөмбөг үзэж байхад тог тасарна. Сумын холбооны жижүүр унтраадаг байсан. Эхлээд бид унтраахгүй байхыг гуйдаг байсан, дараа нь цонхоор нь ороод ажиллуулдаг болсон. 1995 онд Хөтөлд багшаар очсон намар “Спартак” маань “Аваргуудын лиг”-ийн хэсгийн зургаан тоглолтдоо бүгдэд нь хожсон юм. Би тэр зургаан тоглолтыг Сант суманд очиж Бекагийндаа үзсэн. Хайртай баг маань хожсон болохоор өвлийн хүйтэнд мотоциклиор буцаж давхихдаа даарахыг мэдэхгүй шүү дээ. Үүний хажуугаар “Футбол и хоккей”, “Советский спорт”-ыг захиалсан байсан. Манай суманд мягмар гаригт шуудан ирдэг байлаа. Нэг ирэхээрээ надад зургаа, долоон сонин ирнэ. Би хөдөө, үзэж харах юмгүй газар юу хийх юм бэ. Дараагийн мягмар гариг хүртэл тэр сонинуудаа цээжлээд суудаг байлаа. 1998 онд Францад ДАШТ болж байхад их сургуулиа эчнээгээр төгсөөд Хөтөлд ирсэн. Дараа нь 1999-2000 онд Орхон суманд багшилсан.
-Таныг “Евро-2000”-ын сонгон шалгаруулах тэмцээнд учраа таарсан ОХУ, Украины “Зууны тоглолт”-ыг үзэж чадаагүй гэдэг. Орхон суманд байхад болсон явдал байх нь ээ?
-Монголын үндэсний телевизийн хөтөлбөр өндөрлөнгүүт шууд тог тасарна. Оросын телевизээр юу гарч байх нь огт хамаагүй. Орхон сумын холбооны эрхлэгч Засаг дарга Ш.Дөрвөлжин гэж нөхрөөс үхтэлээ айдаг байсан. 1999 оны аравдугаар сарын 9-нд болсон тэр гайхалтай тоглолтыг үзэж чадаагүй. ОХУ хожвол ЕАШТ-д оролцох гээд байдаг. Тэр бямба гаригийн өглөө би сумын холбоон дээр очиж гуйсан ч болоогүй. Ингээд надад хоёр зам үлдсэн. Нэг бол Сант руу 23, эсвэл Хөтөл рүү 20 км явж хүрэх. Явган явна, замын машин зогсвол аз. Одоогийнх шиг толгойтой болгон нь машинтай байсангүй. Ингээд Сантын гурван залуу мотоцикльтой явж байхаар нь дайгдаад Бекагийндаа очсон. Харамсалтай нь тэр шөнө тог тасраад үзэж чадаагүй. Хөлбөмбөг үзэхийн тулд цээжээр татсан хүйтэн устай гол руу явж орж байсан ч түүх бий. Тэгээд 2000 онд хотод ирж, Сонгинохайрхан дүүргийн есдүгээр сургуульд багшилсан.
-Таныг анх тайлбар хийж байхад “104 дүгээр сургуулийн багш” гэдэг байгаагүй бил үү?
-Би чинь их муу багш байлаа. Хичээл хийдүүлнэ. Болж өгвөл буу халаад сууж байх дуртай. Есдүгээр сургуульд зургаан жил багшлаад, хувь заяа хутганы ирэн дээр ирсэн. Тэгээд 2006 оны хавар Зүүнсалааны эцэст 104 дүгээр сургууль шинээр байгуулагдахад гараад жирийчихгүй юу. Дөрөвдүгээр сарын 1-нд дөрөвдүгээр улирлын хичээл эхлэхэд ажиллаж эхэлсэн юм.
ГАРЦААГҮЙ ТОХИРОХ АЖИЛ ДЭЭРЭЭ ИРСНЭЭ МЭДЭРСЭН
-Та Германд болсон 2006 оны ДАШТ-ийг тайлбарласнаар олны танил болсон. Телевизтэй хэрхэн холбогдов?
-Манай оюутны найз Эрдэнэбилэг нэг өдөр утсаар ярьсан юм. “Балжаа чи “ТВ-9” телевиз дээр очоод Г.Гандөш гэж хүнтэй уулзаач. Хөлбөмбөг яриулах гээд байгаа бололтой. Чи зурагтаар гарах юм шиг байна” гэлээ. Тэгээд давхиад очтол “Хөлбөмбөгийн түүхэн хөгжлийн тойм” гэсэн заваарсан гурван цагийн хальс байсан. Одоо “Сая төгрөг өгье” ч гэсэн би тийм бичлэг харвал ухаан алдаад уначихна биз. Шинэ байсан болохоор ядарч цуцахыг мэдэхгүй тайлбарлаж билээ. Би 100 багшийн үдэшлэг хөтөлчихнө, толгой холбоод хүн амьтан явуулчих чадалтай. Тиймээс ганц камер, микрофон хоёроос юунаас нь айдаг юм бэ гэж бодоод тууж өгсөн. Энд нэг сонин юм ярьчих уу.
-Тэг л дээ?
-Би тэрийг тайлбарлаж ирээд гарцаагүй тохирох ажил дээрээ ирснээ мэдэрсэн. Улсууд надаас “Өөрийгөө гайгүй тайлбарлагч болж байна гэдгийг хэзээ мэдсэн бэ” гэж асуухаар нь даруухан загнаад “2006 оны ДАШТ-ий төгсгөл хэсэгт” гэж хариулдаг юм. Хүнд мэдэгддэг юм билээ. “ТВ-9” телевизийн найруулагч Б.Батзаяа надад “Та миний стандартад яг тохирох тайлбарлагч байна” гэж байж билээ.
-ДАШТ сурагчдын шалгалттай давхцаагүй юу?
-Сургуулийг шууд хаясан. Ганц дуртай юмныхаа төлөө бүгдийг нь хаяад, захирлаа уурлуулаад явсан даа. Ангиа шалгалт руу оруулаад “Бие засчихаад ирье” гэж хэлээд бага ангийн хүүхэд шиг цүнхээ шидчихээд зугтаачихсан шүү дээ. Тэгээд л “ТВ-9” дээр ирээд утсаа салгасан. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Энхбат захирал “За Балжинням ямар дутагдалтай вэ” гэхэд нь “Амьтан хүнтэй нийлээд алга болчихдог үндсэн дутагдалтай” гээд шууд хэлсэн. Тэгэхэд энэ хүнийг хорьж байхгүй бол болохгүй гэж бодсон уу намайг “ТВ-9” телевизийн урдах зочид буудалд ДАШТ дуустал байрлуулсан. Ц.Энхбат захирал хэд хоногийн дараа “Чи дунд сургуулийн багш Э.Балжинням биш болж байгаа гэдгээ ойлгоорой” гэж билээ.
-Үндсэн дутагдал гэж юу билээ?
-Архинд нэлээн дуртай болчихсон байсан үе. Хамааралд оромтгой, нэг уучихвал хоёр гурав хоног үргэлжлүүлчих гээд байдаг. Хүмүүс үүнийгээ л больчихмоор байгаа юм. “Би ажил амьдралаа алдаагүй” гэж ууж явж байгаад л сүүлд нь алддаг л юм. Би өөрийгөө архи уугаагүй бол саятан болчих байсан гэж солиорохгүй. Гэхдээ миний байгуулж байсан гэрээ арай л өөр үнэтэй байх байсан.
-Урам авсан тохиолдлоосоо яриач?
-Хөлбөмбөг тайлбарлаад хэдхэн хонож байхад “ТВ-9”-ийн Кино албанд ажиллаж байсан гавьяат жүжигчин Г.Равдан, Ц.Нэргүйбаатар нар “Манай Николай Озеровоор юу байна. Дүүтэйгээ гар барьчих гээд чамайг хүлээгээд сууж байлаа шүү” гэхэд их урамшиж билээ. Ёстой огшоод л ирсэн. Н.Сэсээр гуай “Миний хүү шүдээ зууж битгий яриарай. Болж өгвөл амны хайрцгаа нээ” гэсэн сайхан зөвөлгөө өгч байсан. Тэр хэдийг тэгж хэлсний дараа хяргаж өгсөн дөө.
-Намар сургуульдаа очсон уу?
-Очсон. Сургуульдаа байтугай Монголдоо танигдсан хүнийг яах юм бэ. Багшлахын хажуугаар “ТВ-9”-дөө тайлбар хийгээд явж байлаа. 2006-2007 оны өвөл Монголын хөлбөмбөгийн холбооны хэвлэл мэдээллийн ажилтан болсон. Гурван ажил зэрэг хийгээд ёстой баларсан. Аль нэгийг нь заавал тасалж байгаа юм чинь. Ингээд сэтгэл зүрхний дуудлагаар телевизийг сонгосон.
БАЛЖИННЯМГҮЙ ТАЙЛБАР ДАВСГҮЙ ХООЛТОЙ АДИЛ
-Та 2010 оны ДАШТ-ийг “С1” телевизээр тайлбарласан. Буурь сэлгэхэд юу нөлөөлөв?
-2008 оноос шууд тоглолт тайлбарлах хүсэл төрөх болсон. “С1” телевиз ДАШТ-ийг шууд дамжуулан үзүүлэх эрх авсныг дууллаа. Шууд дамжуулах эрх аваагүй “ТВ-9”-өө хэрхэн орхих билээ. ДАШТ хариугүй дөхсөн үед соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар ахдаа учир байдлаа хэлтэл сайхан хариу хэлсэн. “Балжаа чи хөлбөмбөг дагах уу, телевиз дагах уу” гэж. Ингээд нэг орой жаахан юм ууж сууж байгаад “С1”-ийн Спортын албаны редактор Э.Амарсайханы утсыг олж, тайлбарламаар байгаагаа шууд хэлсэн. Амараа ч “Ахын санал таалагдаж байна” гэсэн. Ингэж л ижилдэн дассан “ТВ-9”-өө орхисон доо.
-Таны ДАШТ-ий сүүлчийн тоглолтуудыг тайлбарлаагүй нь ямар учиртай юм бэ?
-Үндсэн дутагдал маань сэдрэхгүй юу. ДАШТ эхлээд арваад хоносон байсан, ам ч цангасан. Тэгээд бөх тайлбарлагч Ц.Батнасантайгаа нийлж хусаад тоглолт таслахгүй юу. Ингээд маргааш нь “С1” дээр яваад ортол Амараа “Ачааны хүндийг үүрэлцсэнд баярлалаа. Танд хөлсийг чинь өгсөн. Одоо үлдсэн тоглолтуудыг манай хоёр тайлбарлагч тайлбарлана” гэсэн. Ингээд шөвгийн 16-гийн тоглолт өнгөрлөө. Тэр хоёр тайлбарлагч үнэхээр муу байсан. Тэгэхээр нь тэсэхгүй Амараа руу залгаад төрсөн өдрөөрөө долдугаар сарын 1-2-нд шилжих шөнийн хоёр тоглолт тайлбарлахыг хүссэн, зөвшөөрсөн. Тэр хоёр тоглолтын дараа хүмүүс “Үнэхээр гоё байна шүү”, “Балжинням эргэж ирлээ”, “Үлдсэн тоглолтуудыг тайлбарлана биз дээ” гэсэн мессеж ирүүлсэн байсан. “С1”-ийнхэн “Шөвгийн дөрвийн тоглолтуудад таныг дуудна” гэсэн ч бид дуудахгүйг нь мэдэж байсан болохоор шууд Дархан руу харьсан.
-Үлдсэн тоглолтуудыг үзэгчийн хувиар харахад ямар байв?
-Үнэхээр хэцүү. Ямар намайг хохироож байгаа биш, намайг үзье гэсэн үзэгчийг хохироож байгаа юм. ДАШТ-ий дараа чихэнд чимэгтэй мэдээ сонслоо. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай наадмаар “С1” телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо намайг өмөөрчээ. “Хөлбөмбөгийн ДАШТ-ийг эх орондоо шууд дамжуулан үзүүлсэн танай телевизийн хамт олонд талархлаа илэрхийлье. Харин сүүлчийн тоглолтуудад Балжинням байсангүй. Балжиннямгүй тоглолт давсгүй хоолтой адил байлаа. Манайд нэг балай хууль байдаг. Авьяасгүй нь байгаад л байна. Харин арай дөнгүүр нь алдаа гаргавал шууд хөөгдөнө. Үүнийг уучилж болдоггүй юм уу” гэсэн юм билээ.
-Та намар нь “С1”-д эргэж ирсэн биз дээ?
-“ТВ-9” ч үгүй, “С1” ч үгүй сууж байсан. Тэгсэн хайрт “Спартак”-аа “Аваргуудын лиг”-ийн эхний тоглолтоо хийхийг харлаа. Байж сууж чаддаггүй. Ширэн нүүрлээд нөгөө Амараа дээрээ орж ирлээ дээ. “Орос, Украины клубүүд байна. Тэдний тоглолтыг наад тайлбарлагч нар чинь үнэндээ амжихгүй ээ. Би хэрэгтэй” гэж шууд хэлсэн. Тэгсэн чинь “Багахан хөлсөөр бол болж байна” гэв. Тэгэхгүй гээд яах юм бэ. Ер нь “ТВ-9”-өөс явсан хоёр жилд хэцүү үе байсан. Урам хугарсан, тавдугаар ангийн хүүхдээс дор үзэгдсэн, тайлбарламааргүй санагдсан өдрүүд байсан гэвэл итгэх үү. Энэ үед Ж.Алдаржавхлан гэж хүн ирж, Балжинням гэж ямар хүн болохыг “С1”-ийнхэнд ойлгуулж өгсөн.
-ОССК-ийн захирал Ж.Алдаржавхлан уу?
-Тэгэлгүй яах вэ. Би найзынхаа буянаар ээж, охин хоёроо нэг өрөө байранд оруулахаар болсон. Би Ж.Алдаржавхланг тийм ажил хийдэг гэж мэдээ ч үгүй. “С1” дээр ирж, тоглолт эхлэхийн өмнө зочноор оролцдог байсан. Юу хийдгийг нь мэдээд нэг өдөр ажил дээр нь очсон. Ажлын өрөө рүү нь ороход 14:00, гарахад 14:07 болж байсан. Би “Гэр хороололд амьдардаг. Намайг 100 мянган айлынхаа орон сууцны квотод оруулж өгөөч” гэж хүссэн. Тэгэхэд “Танд бид туслахгүй бол өөр хэн туслах вэ. Ийм ийм бичиг баримт бүрдүүлээд ирээрэй. Янз бүрийн ар өврийн хаалга биш шүү. Асуудлыг хурдан шуурхай шийдвэрлүүлэхэд анхаарлаа хандуулъя” гэсэн юм. Одоо байраа ашиглалтад орохыг хүлээгээд байж байна.
-Таны ард бүхэл бүтэн баг ажилладаг гэх юм?
-Тийм ээ. Энэ багийн ахлагч нь миний оюутан цагийн найз А.Батсайхан. Тайз ярианы багш нь соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, тайлбарлалтын зөвлөх нь соёлын гавьяат зүтгэлтэн Г.Золжаргал ах. За тэгээд менежер, олон нийттэй харилцах албаны дарга зэрэг олон хүн бий. Тэд намайг муулсан нэгэнтэй зодолдохоос ч буцахгүй шүү. Италийн алдарт зураач Пабло Пикассо ид галзуурч явах үедээ “Надад музей өгөөч. Би дүүргээд өгье” гэж хэлсэн юм билээ. Түүн шиг Балжинням миний бие ойрын хэдэн жилдээ “Надад хөлбөмбөг харуул. Би тайлбарлаад өгье” гэмээр байна.
-Та одоо ямар ажил хийж байна вэ?
-Юм хийхгүй байгаа. Юм хийе гэж бодохгүй байна. Дарханд амьдарч байгаа, “Аваргуудын лиг”-тэй хоёр өдөр Улаанбаатар руу давхиад ороод ирнэ. Бензин тос асуудалгүй л юм шиг байна. Ирж, очихын 500 км ч гэсэн хүн хөлбөмбөгийн төлөө юуг ч болгож болно.
-Ярилцсанд баярлаа. Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсэн ерөөе?
-Баярлалаа.
Д.НАНЖИД
"ӨДРИЙН ШУУДАН" сонин
Холбоотой мэдээ