Ясир Арафатын хувцас ба хувийн эд зүйлээс полоний илэрчээ

Хуучирсан мэдээ: 2012.07.05-нд нийтлэгдсэн

Ясир Арафатын хувцас ба хувийн эд зүйлээс полоний илэрчээ

Швейцарийн мэргэжилтнүүд Палестины автономын талийгаач лидер Ясир Арафатын хувцас болон хувийн эд зүйлээс полоний-210 гэх цацраг идэвхт бодис илрүүлсэн тухай мягмар гаригт Катарын “Аль-Жазира” телевиз мэдээлжээ.

Арафатын сүүлийн хоногууддаа хэрэглэж байсан эд зүйлийг нь түүний бэлбэсэн эхнэр “Аль-Жазира” телевизид өгсөн байсныг телевиз Лозанна хотын радиофизикийн хүрээлэнд (Institut de Radiophysique) шинжилгээнд явуулжээ.

Шинжилгээний явцад Арафатын эд зүйлээс гарал нь тодорхойгүй биологийн шингэний ул мөрийн дээжээс полоний-210 бодисны их хэмжээний агуулга илэрсэн байна. Зарим эд зүйлсээс нь хяналтын шинжилгээний дээжээс 10 дахин их цацрагт бодис илэрсэн хэмээн  хүрээлэнгийн захирал Франсуа Бошу (Francois Bochud) мэдэгдсэн байна. Тухайлбал, Арафатын шүдний сойзноос полонийн агуулга 54 мБк (миллибеккерель), дотуур хувцсанд нь 180 мБк (хяналтын  – 6,7 мБк) илэрчээ.

Полоний-210 бодисны хагас задрал  138 хоногт явагддаг гэхээр найман жилийн өмнө нас барсан Арафат үхэхийнхээ өмнө энэ бодисноос хордсон бололтой. Арафатын бие 2004 оны намар эрс муудахад хордуулсан байж магадгүй гэх яриа  гарч ирсэн юм. Гэвч энэ тэр үед ч дараа нь батлагдаагүй.

Цацраг идэвхт изотоп полоний-210 бодисны түүх Лондон хотод Оросын холбооны аюулгүй байдлын албаны дэд хурандаа Александр Литвиненко уг бодисны хордлогоор нас барсны дараа нийтэд танил болсон юм. Түүнийг Оросын бизнесмен Андрей Луговой ба Дмитрий Ковтун нар хордуулсан хэмээн британи мөрдөн байцаагчид сэжиглэдэг. Тэдэнтэй уулзсаны дараа Литвиненкогийн бие муудаж эхэлжээ. Харин тэр хоёр өөрсдийгөө гэм буруу гэж үгүйсгэсэн юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж