”Сэтгүүл зүйн шаардлага хангахгүй байна”

Хуучирсан мэдээ: 2012.07.05-нд нийтлэгдсэн

”Сэтгүүл зүйн шаардлага хангахгүй байна”

“Энэ жилийн сонгуулиар сэтгүүлчид өмнөх сонгуулиудаас илүү сайн ажиллаж, мэдээлэх үүргээ сайн гүйцэтгэсэн. Нэг ёсондоо сэтгүүлчийн ажлаа сайн хийлээ гэж харагдахаар байна. Гэхдээ сэтгүүл зүйд нэг талыг баримталсан, ганцхан эх сурвалжтай бичсэн, сэтгүүлчид өөрсдийнхөө үзэл бодлоор асуудалд хандсан тохиолдол ихээр ажиглагдсан” гэж Хэвлэлийн Хүрээлэнгийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах ярьж байна. Саяхан болж өнгөрсөн УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэрхэн ажилласан талаарх судалгааны дүнг өчигдөр танилцуулах үеэр ийн ярьсан юм. АНУ-ын Бүгд найрамдахчуудын  олон улсын хүрээлэнгийн санхүүжилтээр энэ удаагийн судалгааг явуулсан бөгөөд өчигдөр Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн төвд судалгааны дүнг танилцуулсан юм. Энэ удаагийн судалгаанд радио, сонины судалгааг хийсэн байна. Учир нь Глоб Интернейшнл төрийн бус байгууллагаас телевизүүд сонгуулийн үеэр хэрхэн ажилласан талаар судалсан ажээ.

МАН хамгийн их сурталчилгаа цацжээ

Энэ удаагийн сонгуулиар МАН хамгийн их сурталчилгаа цацжээ. “Энэ сонгуулиар МАН 47,4 хувь, Ардчилсан нам харин 28,6 хувийн реклам цацсан байна. Гэтэл бусад намуудад 5,7 хувь л ногдож байна шүү дээ. МАХН-МҮАН, Иргэний зориг ногоон нам нийлээд 18,2 хувийг л эзэлж байна. Үүнийгээ дагаад нийт мэдээллийн хандлага өөрчлөгдсөн дүн гарсан” гэж Б.Одсүрэн ярив. Мөн УИХ-ын сонгуулийн үеэр далд сурталчилгаа дийлэнх байрыг эзэлж байсан бөгөөд судалгаанд хамрагдсан сонинуудын 66 хувьд нь далд сурталчилгаа цацагдсан байна.

“Танай улсад хэвлэл мэдээлийн хэрэгслүүд өмнөх жилийг бодвол мэргэжлийн хүрээнд харьцангуй сайн ажилладаг болжээ. Гэхдээ мэргэжлийн, ёс зүйн бага зэрэг алдаа байна. Үүнийг засч болно. Гэхдээ сурталчилгаанд далд хэлбэр зонхилох юм бол үүн шиг аюул гэж үгүй. Яагаад гэвэл үүнд сэтгүүлчдийн оролцоо тун бага байдаг” гэж АНУ-ы бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Монголын салбарын захирал Рафаел Бехар ярьсан юм.

Сонинууд нэг нам руу хэтэрхий хазайж байна

“Нэг намыг түлхүү сурталчлах явдал нэлээд ажиглагдлаа. Нэг жишээ хэлье л дээ. “Зууны мэдээ” сонин дахь МАХН-МҮАН-ийн эвслийн талаарх нийтлэлийн 98 хувь нь эерэг байхад “Нийгмийн толь” сонины энэ эвслийн талаарх нийтлэлийн 80 хувь нь сөрөг байх жишээтэй. Мэдээж ийм байхад сэтгүүл зүйн томоохон чансаатай бүтээлүүд гарах нь багасна шүү дээ” гэж Хэвлэлийн Хүрээлэнгийн судлаач Б.Одсүрэн ярив. Судалгааны хүрээнд өдөр тутмын долоо, долоо хоног тутмын гурван сонинг судалж, дүн шинжилгээ хийжээ. Дийлэнх сонинуудад тухайн нэг нам хүчний талаарх мэдээллийн 62-оос дээш хувь нь эерэг хандлагатай байгаа аж. “Гэхдээ үүнийг сурталчилгаанаас салгаж ойлгох хэрэгтэй. Бид сонгуулийн үеэр мэдээлсэн сэтгүүл зүйн бүтээлийг л энд судалсан байгаа” гэж Б.Одсүрэн ярив.

Радиод далд сурталчилгаа зонхилж байна

“Монголын үндэсний радио МАН-аас бусад бүх намуудад харьцангуй эрх тэгш хандсан. Өөрөөр хэлбэл, нам тус бүрт 3600 секунд зарцуулж байсан. Харин МАН-д 6600 секунд зориулсан байна. Энэ нь далд сурталчилгааг оруулж тоолсонтой холбоотой. Тухайлбал, 8:11 хөтөлбөрөөр С.Батболдын Засгийн газар сайн ажилласан. Хэдийгээр Ардчилсан намынхан замын голоос засгаас гарсан ч бид муугүй ажиллалаа. МАН-д талархах ёстой гэх мэтийн агуулгатай далд сурталчилгаанууд нэмэгдсэн байгаа. Тиймээс бусад намаас өндөр дүнтэй гарч байгаа юм” гэж Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээлэл судалгааны албаны судлаач Н.Ганчимэг ярив. МҮОНР сонгуультай холбоотой мэдээлэлд 4,5 хувийг зарцуулсан нь өнгөрсөн оныхоос тодорхой хэмжээгээр буурсан үзүүлэлт ажээ. Хэдийгээр бусад мэдээллийн хэрэгслийг бодвол бусад намуудад харьцангуй тэнцвэртэйгээр хандсан ч далд сурталчилгаа зонхилох, нэг эх сурвалжтай сэтгүүл зүйн бүтээл цацах тохиолдол их байгааг мэрэгжилтнүүд хэлж байлаа.

“Энэ сонгуулиар тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд улстөрийн нам, хүчинтэй холбогдсон хэвээр байгаа нь ажиглагдлаа. Энэ нь нэг талаар боломж нөхцөл нь бүрдээгүйтэй холбоотой нөгөө талаас хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид энэ байдлаас салах эрмэлзлэл алга байгаа нь харагдлаа” гэж М.Мөнхмандах ярьсан юм.

Тэд дараа жил болох ерөнхийлөгчийн сонгуулиар ч энэ судалгааг хийх аж. Тэр үед судалгааны дүн хэрхэн гарах бол гэдэг сонин байх биз ээ.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж