
“Нэг хүнээр нам дутдаггүй юм. Д.Тэрбишдагва, Ч.Улаан хоёр зайллаа гэхэд мянган залуу тэр өдөр нь МАН-д элсчихэж байгаа юм чинь” хэмээн ам бардам хэлж байсан МАН-ын удирдлагад өнөөдөр хэлэх үг алга. Нөгөө хоёр нь УИХ-д сонгогдчихсон байдаг. Харин мянган залуу бүгдээрээ МАН-д саналаа өгөө ч үү, үгүй ч үү. Кампаничилж аваачаад батлах гардуулчихсан залуус Тусгаар тогтнолын ордонд юу хийж очсоноо гүйцэд ойлгосон л байдаг байгаа даа. “Чамаар дутахгүй” гээд хөөчихсөн Ц.Даваасүрэн бие даагаад Хөвсгөлөөс торойтол гараад ирлээ.
Ардчилсан намынхан 2004 онд яг ийм байдалд орж байсан юм. Р.Амаржаргал тэргүүтэй лидер улстөрчдөө “Эх орон” намын хэдэн сулхан нөхдөөр сольж намаасаа хөөчихөөд нөгөөдүүлээ бие даагаад ялаад ирэхээр эргүүлж авах гэж тойглож байсан түүх МАН-д өнөөдөр давтагдлаа. Олон жилийн туршид сайн бэлтгэгдсэн ганцхан улстөрч нэг өдөр намд элссэн нэр зүүж алга ташуулж сарнайгаар мялаалгаад маргааш нь мартчихдаг цаасан дээрх мянга мянган “амьгүй албат”-аас хавьгүй илүү ажээ. МАХН гэдэг нэр ямар үнэтэй капитал болохыг МАН-ын дарга нар мэдэрлээ. Голоод “архивласан” МАХН нэр дээр УИХ-ын 10 суудал сулдаа гүйгээд ороод ирэв. Энэ бүхэн ялагдал амсааад буй МАН-ынхныг бүр илүү горойлгож буй нь мэдээж.
Тусгаар тогтнолын ордон дотор буруутныг хайх кампани өрнөж МАН-ын дарга С.Батболд, Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нарын гэм бурууг ярилцахаар намын Бага хурлыг энэ долдугаар сард багтаан хуралдуулах саналыг гишүүдийн зүгээс гаргаж эхэлсэн сураг байна. У.Хүрэлсүх дарга “Нам нэрээ солиод сонгуульд ялагдвал хариуцлагыг би хүлэээнэ” гэж 2010 оны арваннэгдүгээр сард болсон МАХН-ын сүүлийн 26 дугаар их хурал дээр мэдэгдчихсэнийг хэлэх үү.
Ерөнхийдөө 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд “унаснаас” хойш МАН ялалт байгуулсангүй. УИХ, нийслэлийн ИТХ гээд дараа дараагаараа Ардчилсан намын талд “наадмын түрүү” очиж МАН ээлж дараалан ялагдлын пайз зүүсэн болохоор гишүүд нь ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө удирдлагаа солихоор ийнхүү Бага хурал хийх шахалтыг үзүүлж эхэлсэн байх талтай.
Ялсан нам нэрээрээ оролддоггүй, ялагдсан, эсвэл татан буугдсан тохиолдолд л хаягаа солих дүрэм улс төрийн намд байдаг атал “үхэл нь ирсэн хулгана муурын сүүлээр наадна” гэгчээр хорхой нь гозгоносоор байгаад “орчин үед муухай харагдаад” байсан “Х” үсгийг нэрээсээ авч орхитол мөнөөх нэр дээр УИХ-д бүхэл бүтэн бүлэг бүрдээд ирлээ.
Байдал ийм болсон болохоор болчимгүй хөөргөн шийдвэр гарган удирдлагууд гэм буруугүй өнгөрч таарахгүй хэмээн жирийн гишүүдээсээ өгсүүлээд улс төрийн хүрээнийхэн нь үзэх болжээ. Энэ шаардлага хүчээ авбал энэ сарын сүүлээр МАН-ын Бага хурал болно. М.Энхболдыг нам даргалж байхад 2007 оны аравдугаар сард болсон экс МАХН-ын Их хурал шиг гал маналзуулж ч мэднэ. Хүссэн ч, хүсээгүй ч Ардчилсан намынхан МАН-тай эвсч засаг барьж магадгүй байгаа. МАН-ын гишүүд одоогийн дарга нартаа карьер хөөх боломж олгохгүй гэж шийдээд байх шиг байна. МАН-ын бүлэг өчигдөр Төрийн ордонд хуралдаж сэтгүүлчдэд мэдээлэл өгнө гэсэн ч нэг л учир битүүлгээр чимээгүй болчихов. Гэхдээ МАН цөөнх болсонд зөвхөн нэрээ сольсон явдал бус дүрэмгүй тоглолт хийж удирдлагаа шахаж, урваж шарваж явсан олон гишүүд нь ч буруутай.
Ингэж дандаа ялалтын марш эгшиглүүлж байсан МАН 1996 оноос хойш дахин нэг удаа ялагдал хүлээж буруутнаа хайн дотроо манаргаж эхлэв. Наадмын дараа Тусгаар тогтнолын ордон хавиар доргион ихтэй байх бололтой.
