Төрийн данс улайсан уу?

Хуучирсан мэдээ: 2012.07.05-нд нийтлэгдсэн

Төрийн данс улайсан уу?

Эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийг шагшруулж, уул уурхайгаас орж ирсэн хөрөнгөө халамж нэрээр баруун солгойгүй цацсан Монголын Улсын төсвийн данс хоосорсон гэх мэдээлэл чих дэлсээд байна. Мэдээж, Засгийн газар үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй нь тодорхой. Тэд юу гэж л төрийн данс хоосорсон гээд үнэнийг бидэнд хэлэхэв. Угтаа бол сохор зоосгүй байсан ч тэд дансанд мөнгө байгаа гэж гүрийж чадах л байх. Гэсэн ч даравч далдайдаг, булавч бултайдаг гэгчээр Төрийн данс улайсан гэдэг нэг их дуулиан, шуугиан зүгээр ч нэг хий хоосноос дэгдээгүй байх л даа.

Угаасаа л ингэх гээд байсан юм гэдэг шиг л төрийн данс улайж магадгүй нь аль эртнээс л илэрхий байсан. Гэхдээ төрийн данс улайрна гэдэг уг нь Н.Энхбаярыг баривчлахаас ч илүү дуулиантай асуудал байх. Эдийн засгийнхаа үүднээс авч үзвэл энэ нь яах аргагүй  SOS. Орлогоосоо нэг их наядаар илүү гарсан зарлагаа дийлэхгүй ийнхүү улсын төсөв хоосорсон шалтгаан нь бэлэн мөнгөний тараалт. Одоо л гэхэд “Хүний хөгжил сан”-гаас 21 мянган төгрөгөө авч чадаагүй хүмүүс, оюутны сургалтын төлбөр болох 500 мянган төгрөгөө бүрэн гүйцэд авч чадаагүй их дээд сургуулийн оюутнууд, хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэмээн онцгойлон тараасан мөнгөнөөс хүртэж чадаагүй хөгшид цөөнгүй байна. Хэрэвзээ төрийн данс улайгаагүй юм бол олон нийтийг ингэж чирэгдүүлэх, асуудал үүсгэхгүй нь тодорхой, тэр тусмаа сонгуулийн өмнөх үед. Ямар ч байсан төрийн данс одоогоор бол улайчихаад байгаа нь худлаа биш аж. Үүнийг нь улайм цайм мэдэх хүмүүс байгаа л байх. Харамсалтай нь, тэд зоригтойхон дуургарч чадахгүй.

Монгол Улсын Засгийн газар бай­галийнхаа баялгийг ижил тэнцүү хуваарилах үүднээс иргэн бүрт өнгөрсөн хоёр жилийн хугацаанд сар бүр мөнгө өгсөөр ирсэн. Бас оюутнуудын сургалтын төлбөр гээд чамгүйхэн мөнгийг төрийн данснаас даасаар ирсэн. Дээрээс нь  хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг гурав таслаж бэлэн мөнгө хэлбэрээр нь тараах болсноос төрийн данс улайх гол шалтгаан болчихоод байгаа юм байна. Өнгөрсөн жил гэхэд лТавантолгойн зүүн Цанхийн нүүрсийг нийлүүлэх таван жилийн гэрээг Хятадын төрийн өмчит “Чайналько”-той байгуулж, урьдчилгаа болгон өгсөн 250 сая ам.долларыг нь “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан тараачихсан шүү дээ. Түүнчлэн он гарсаар Засгийн газар 200 тэрбум төгрөгийг Монголбанкнаас зээлсэн, сая л гэхэд хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгсөн 330 мянган төгрөгийг Эрдэнэт үйлдвэрээс оруулсан 15 сая ам.доллароор тараасан гэхээр төрийн данс улайсан гэх мэдээлэл оргүй ч худлаа үг биш дэгээ. “Хүний хөгжил сан”-гаас тараадаг 21 мянган төгрөгийн санхүүжилт дууссан гэдгээр иргэд хувь, хишгийнхээ үлдэгдлийг авч чадахгүй байгаа, үүнийг ч Улсын хөдөлмөр халамжийн газрын дарга үгүйсгэхгүй байгаа зэргээс харахад эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийг гайхуулсан монголчууд төрийнхөө дансыг улайсгасан гэдэг шалтгаанаар бас л дэлхийг ангайлгаж магадгүй нь байна.

Энэ талаар ч  МУИС-ын  Эдийн засгийн сургуулийн захирал Ц.Даваадорж “Орло­гоо­­соо зарлага нь хэтэр­хий давчихсан улсын төсөв батлагд­сан. Нөгөө талаас улсын төсвийн орлого эхний улиралд сайн бүрдэж өгдөггүй. Үүн дээр сонгууль нэлээд нэрмээс болчих шиг боллоо” гэдэг тайлбарыг өгч байна. Үнэндээ ч айлын орлого нь зарлагаа дийлэхээ болихоор тэр айл өрөнд унахгүйн тулд идэх өмсөхөө хумих хэрэг гарнаа даа. Үүнтэй адил улсын  төсөв улайчихсан болохоор монголчууд нэг хэсэгтээ л бүсээ чанга бүслэх хэрэг гарах нь ээ.  Магадгүй он гартал, он гарснаас хойш ч монголчуудад бүсээ улам чангалахаас өөр аргагүй байдалд чхүрч болзошгүй байгаа. Энэ тохиолдолд нөгөө том, том дуугараад байсан дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүнд ногдох үзүүлэлт 5000 ам.долларт хүрнэ гэсэн Засгийн газрын төлөвлөгөө будаа. Энэ Засгийн газрын зуурсан жанхууг шинээр байгуулагдах Засгийн газар цэвэрлэх гэж их л зовох шинжтэй.

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хэрэгжиж эхлэхээр эдийн засаг гэнэтхэн л эрүүлжчихнэ хэмээн зарим улстөрчид хэтэрхий гэнэхнээр итгээд байх шиг. Уг нь тэгдэг бол үнэхээр гоё. Даанч Монгол Улсын төсөв сүүлийн жилүүдэд хэтэрхий “цатгалдсан” бөгөөд их хоол иддэг байсан хүн гэнэт хоолоо сойгоод эхлэхээр эрүүл мэндэд тодорхой хэмжээний өөрчлөлт гарнаа даа. Идсээр байгаад сунасан ходоодоо агшаахын тулд тэр нөхөр хоолоо тодорхой хэмжээгээр сойж багагүй, тэсвэр тэвчээр гаргах хэрэгтэй болно. Яг үүн шиг ходоод нь сунахаараа нэг болсон, хэтэрхий их мөнгө зарцуулж байсан төсөв хумигдахаар эдийн засаг тодорхой хэмжээгээр хямрах нь ойлгомжтой юм. Тэр хэмжээгээр олон нийт бүсээ хоолоо сойх хэрэг гарах ч юм билүү, хэн мэдлээ. Ялангуяа урд хөршөөс эдийн засгийнхаа хувьд багагүй хамааралтай Монгол Улсын эдийн засаг хямарч болзошгүй мэдээлэл байгаа нь Хятадын эдийн засгийн уналт. Монголын гадаад худалдааных нь дийлэнх хэсгийг, тодруулбал, экспорт, импортын 70-80 хувийг Хятад улс эзэлдэг болохоор тус улсын эдийн засгийн уналт монголчуудад томоохон цохилт авчирч болзошгүй байна. Адаглаад л өнөөх өндөр өсөлттэй гарсан эдийн засгийнх нь өсөлтөд муугаар нөлөөлөх нь тодорхой. Монголын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 17 хувьд хүрсэнд хамгийн ихээр түлхэц болсон  бүтээгдэхүүн бол нүүрс. Нүүрсний худалдаа нь Монголын эдийн засгийн өндөр өсөлттэй гарахад хүргэсэн гол түлхүүр гэдгийг эдийн засагчид ч онцолдог. Тэгвэл Хятад улсын эдийн засаг уналтад орвол Монголын экспортын хэмжээ буурч, ашигт малтмалын үнэ нь хямдрах нь мэдээж. Дээрээс нь тус улсаас импортоор орж ирдэг бараа бүтээгдэхүүний үнэ өссөн тохиолдолд Монголын эдийн засаг эвгүйтэх тал руугаа хандах болно.  Дэлхийн зах зээл дэх  коксжих нүүрсний үнэ  болоод зэсийн ханшийн уналт Монголын эдийн засагт хямрал авчирч, ходоод нь сунасан улсын төсвийг улам хэцүү байдалд оруулж магадгүй л юм.

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж