Хохирогчид төрийн гурван өндөрлөгт ханджээ

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Хохирогчид төрийн гурван өндөрлөгт ханджээ

Онц ноцтой гэмт хэргийн хохирогч болж амь насаа алдсан хүмүүсийн ар гэрийнхний хохирлыг монголын төр барагдуулах ёстой хэмээн хохирогчдын ар гэрийнхэн нэгдээд байгаа юм. Тэд өнөөдөр төрийн гурван өндөрлөгт хандан  хүсэлт хүргүүлэхээр болжээ. Тэдний  хүсэлтэд “Бид 2009 оны өршөөлийн хуулийн хохирогчид. Эрүүгийн хэргийн золиос болон амь насаа  алдсан хүмүүсийнхээ төлөөсийг төр засгаараа төлүүлэх хүсэлтэй байгаагаа уламжлахаар шийдсэн жирийн  иргэд болно. Төр гэмт хэрэгтнүүдийн санаатай үйлдлүүдийг өршөөх ёстой гэсэн аймшигт шийдвэрийг гаргасанаар өнөөдөр гэм буруутай этгээд эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмын хүрээнд хийсэн хэргийнхээ дагуу ял зэмгүй бидний дунд алхаж явна. Бид ойлгохдоо “Өршөөлийн хууль” нь 2008 оны 7-р сарын 1-ны үймээний хэргээр ял шийтгэл авсан иргэдийг өршөөн суллах зорилгоор тухайн хуулийг баталсан гэж ойлгож байгаа. Харамсалтай нь сайн сайхан үйлсийн төлөө гэх нэрийн дор та бүхний баталсан “Өршөөлийн хууль” бол шууд утгаараа хохирогчийн эсрэг чиглэсэн, насанд хүрээгүй хүн цаашид хүнийг санаатайгаар алж болно гэдгийг шууд баталгаажуулж, хүлээн зөвшөөрсөн, жирийн ард иргэдийн хувьд аймшигтай харгис хууль болсон гэж бид бүхэн санал нэгтэйгээр үзэж байгаа болно. Иймд та бүхэн нэн дариу өршөөлийн хуулийн хохирогч болсон бидний хохирлыг өнөөгийн хохирол төлөх жишгийн дагуу хохирогч тус бүрт 50 сая /тавин сая/ төгрөгийн нөхөн төлбөрийг төлөх шийдвэрийг нэн дариу  гаргаж өгнө үү” гэжээ. Тэд өнөөдөр энэ талаараа хэвлэлийн бага хурал хийх юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж