Тоосоор гоёсон наадам айсуй…

Хуучирсан мэдээ: 2012.07.04-нд нийтлэгдсэн

Тоосоор гоёсон наадам айсуй…

Үндэсний их баяр наадмын үеэр Хүй долоо худаг руу явах гол зам буюу бидний хэлж заншсанаар 22-ын товчооны замыг хэдэн жилийн өмнөөс л засна гэж ярьсаар ирсэн. Сонгуулийн жил болоод ч тэр үү, төсөв олдсон нь энэ үү, ямартай ч уг замыг засаад эхэлсэн. Гэхдээ наадмаас өмнө энэ замыг ашиглалтанд оруулах эсэх нь эргэлзээтэй болжээ. Өчигдрийн байдлаар 22-ын товчооны ойр орчим битүү тоосонд дарагдаж, арван метрээс цааших харагдахаа больжээ.

Шороо манарсан 22-ын товчоо

22-ын товчоо хүрэх замаар хүнд даацын ачааны машин цуваа мэт цуварна. Элс, хайрга, ган төмөр ачсан машинууд жижиг оврын машинуудтай зэрэгцээд хурдлах авто уралдаан уу гэлтэй. Ингэж тодотгох учир нь энд замын асуудал хамгийн ярвигтай.  Том машинууд ийнхүү хурдлан давхихад хажуугаар нь өнгөрөх иргэдийн хувьд өмнөх замаа харахын аргагүй саарал шороо босох аж. Хот доторх уурхай мэт 22-ын товчоо хавиар хүүхэд үзэгдсэнгүй. Тэд тоосноос дайжиж, чийгтэй байшингийнхаа мухарт шигдсэн бололтой. “Наймааны хөлд дарагдсан бидний бухимдал дээр шороо манарах нь ямар хэцүү гээч. Бороо орсон үед л сэтгэл тэнийх шиг болох юм” хэмээн тус дүүргийн иргэн хэлж байна. Хэдхэн хоногийн дараа наадмын хөлд дарагдана. Гэхдээ засаад буй зам нь ашиглалтанд орох эсэх нь эргэлзээтэй л байна.

Шинэ зам наадмаас өмнө ашиглалтанд орно гэв

22-ын товчоо буюу таван шарын төмөр замын гармаас баруун аймгууд руу салдаг уулзвар хүртэлх нийт 10,6 км шинэ замыг наадмаас өмнө ашиглалтанд оруулах ёстой юм. Замын ажлын нарийн явцыг “энгийн” нүдээр харахад наадмаар бид хэрхэвч тэрхүү замаар явж чадахгүй нь дээ гэж бодмоор. Харин замын ажлыг гүйцэтгэж байгаа “Бэрх зараа” ХХК –ийн ажилчид “Наадамчин олон шинэ замаар явж чадна” , “Чадахгүй” гээд хоёр талцаж байна.

Уг нь энэ зам ашиглалтанд орвол зургаан эгнээ бүхий хоёр урсгалт зам болох учиртай ажээ. Одоогоор замын ажлыг 60 хувьтай гүйцэтгэж байгаа гэх бөгөөд нэг талын буюу нэг урсгалт замын суурь аспальтыг тавьж  буй аж. Мөн хашлага, хоолой байрлуулах нэмэлт ажлыг хийж байгаа гэнэ. Ийнхүү хоёр урсгалтай замын нэг урсгалыг хийж байгаа учраас наадмын өмнө бүрэн ашиглалтанд орж амжихгүй нь тодорхой боллоо. Энэ талаар тус компанийн ажилтан “Наадмаас өмнө ямар ч байсан нэг талын урсгалын замыг нээнэ. Харин нөгөө талын урсгалын замыг яаралтай эхлүүлнэ” гэж хэлэв. Замын ажил ийнхүү удаашрах болсон шалтгаанаа борооноос, мөн зураг төслийн өөрчлөлтөөс шалтгаалсан гэж тайлбарлаж байна.  Ямартай ч наадмаас өмнө зургаан эгнээт замаар морины зам тийш хүрэх нь худлаа боллоо. Иргэдийн харшлыг хөдөлгөж, тэвчээрийг барсан шороо наадмаар ч босох нь.  Больё, ядаж нэг ч гэсэн замын  урсгалд засмалаар явъя гэж байгаа ч наадмаас өмнө ашиглалтанд орох нь ч эргэлзээтэй байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж