Ном зүйн цэгцтэй бүтээл нийтлэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Ном зүйн цэгцтэй бүтээл нийтлэгджээ

Дундговь аймгийн  С.Буяннэмэхийн нэрэмжит төв номын сангийн ажилтан Ч.Түмэннаст  аймгийнхаа 70 жилийн ойг угтан  ном зүйн бүртгэл,  эрдэмтэд, зохиолчид, сэтгүүлчдийн намтар, ном зүй зэрэг гурван боть ном хэвлэлд бэлтгэсэн байна.  Энэ тухай ярилцсаныг дор нийтлэв.

    -Ном зүйн бүртгэлд юү багтсан бэ?

    -Аймгийнхаа 70 жилийн түүхэнд төв, орон нутгийн хэвлэлд болон бие даасан номонд нийтлэгдсэн 4258 мэдээ мэдээллийг шинжлэх ухааны салбараар, үсэг дарааллаар бүлэглэн зохиогч, редактор, эмхэтгэгч, орчуулагчийн нэрийн хэлхээсийг хавсарган ном зүйн бүртгэлийг эмхэтгээд байна. Энэ ном зүйн бүртгэл нь  хэн боловч хэвлэмэл болон электрон хэлбэрээр хүссэн мэдээллээ олж авах боломжийг олгосноороо давуу талтай.  Аймагтаа анх удаа ийнхүү бүрэн хэмжээгээр бүтээгдсэн ном зүйн бүртгэл нь  шинжилгээ судалгааны  болон түүх бичлэгийн чиглэлээр мэдээлэл цуглуулагчдийн хувьд нэн чухал мэдээллийн эх сурвалж болно. Хэрэглэгч мэдээллээ зохиогчийн нэрээр, бичлэгийн төрөл жанраар, түлхүүр үгээр хайх тул тэдний цаг, завыг хэмнэх ач холбогдолтой.

    -Эрдэмтэдийн талаар бас ямар ном бэлтгэсэн гэнээ?

    -Аймгаасаа төрөн гарсан  зуу гаруй эрдэмтэдийн эрдмийн зэрэг хамгаалсан бүтээл, шинжилгээ судалгааны ажлын үр дүнг багтаасан дэлгэрэнгүй мэдээлэл энд орсон. Шинжлэх ухааны олон салбарт манай эрэмтэд ажилладаг нь эндээс харагдаж байгаа. Эрдэмтэдийн бүтээлийг ингэж уугуул аймгаар нь ангилан түүвэрлэж эмхэтгэсэн бүтээл ер нь  тааралддаггүй.

    -Зохиолч сэтгүүлчдийн намтар ном зүйн тухайд?

    -Манай аймаг зохиолч, сэтгүүлчдийн тоогоор бусад аймгаас тэргүүлдэг.  Тийм болохоор үе үеийн 160 орчим зохиолч, сэтгүүлчдийн бүтээлийн ном зүйг, тэдний намтартай нь  эмхэтгэсэн. Тэгэхдээ зохиолын төрөл жанр, үсгийн болон он дараалалд оруулан  энэхүү намтар, ном зүйг бүтээсэн.  Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нямаа гуай энэхүү ном зүйг үзээд “Миний бүтээлийн ийм цэгцтэй бүртгэл над ч байхгүй” гэж их олзуурхан сайшааж байсан. Эдгээр бүтээлээ гурамсан ном зүйн хэлбэрээр гурван боть болгон хэвлүүлэх, бас електрон хувилбарыг CD хэлбэрээр гаргах бодолтой холбогдох хүмүүст хандаад байна. Ингэснээр түүхийн болон шинжлэх ухааны чиглэлээр судалгаа хийгчид, Ерөнхий боловсролын болон их дээд сургуульд суралцагсад, уншигч, сонирхогчдын хувьд 70 жилийн мэдээллийг багтаасан маш чухал лавлагаа болох юм

    -Уншигчдын дунд өөр ямар ажил зохион байгуулж байна?

    -Манайх Lib 4u программыг номын сангийн үйлчилгээнд нэвтрүүлснээр нийт номын фондын 75 хувийг автоматжуулалтад хамруулаад байгаа. Ингэснээр үйлчилгээний хугацаа хэрэглэгч бүрт 2-3 минутаар хэмнэгдсэн. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Номын цагаан гэгээ” гэсэн өгүүллэгийн дугуйлан хичээллүүлж байна. Энэ нь хүүхдүүдийг номын амтанд оруулж нромын санд суух эрмэлзлийг өдөөсөн чухал ажил боллоо.

    -“С.Буяннэмэх тэмдэгтэн” гэсэн нэр томьёо дуулдсан. Энэ тухай дэлгэрүүлнэ үү?

    -Аймгийн Засаг дарга 2009 онд захирамж гарган өсвөр үеийхнийг номтой нөхөрлүүлэх зорилгоор “ С.Буяннэмэх тэмдэгтэн”-г шалгаруулж байх журам баталсан. Энэ журам ёсоор ЕБС-ийн сурагчдыг насны байдлаар гурав ангилсан болзлыг хангасан сурагчдад С.Буяннэмэхийн төрсөн өдрөөр   С.Буяннэмэхийн дүр бүхий тэмдэг, үнэмлэхийг олгож байна: Шагналыг аймгийн Засаг дарга шалгарагсдад гардуулдаг.

С.Пүрэвсүрэн

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж