МАХН-д бүлгэм төрж, тунхаг бичиг гаргав

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

МАХН-д бүлгэм төрж, тунхаг бичиг гаргав











Хэдийгээр МАХН бага хурлаа хийж, дотоод дахь зөрчлөө тайван
шийдэж чадлаа хэмээн үзсэн ч байдал тийм
амар зүшгрэхгүй бололтой. Намын бага хурлын өмнөхөн МАХН-ын хэсэг
ахмад гишүүн
хэвлэлийн бага хурал зарлаж үнэт зүйлсээ
хамгаалахыг уриалж байсан. Тэгвэл тэд “МАХН-ын
үнэт зүйлсийг хамгаалъя” гэсэн нэртэй бүлгэм төрүүлснээ зарлаж, бас
тунхаг гаргажээ.
Тунхагтаа тэд МАХН-ын үнэт зүйлс гэж чухам юуг хэлээд байгааг
тайлбарласан байна.
Мөн намынхаа удирдлага дахь хэсэг бүлгийн 
ухвар мөчид байдал, мэдлэг чадвар, эх оронч үзэл, итгэл үнэмшлийн
доройтол,
албан тушаалын шуналын улмаас МАХН-ын энэхүү хамгийн гол үнэт зүйлс
алдагдаж, үгүйсч
байгаа явдалд гүнээ сэтгэл зовниж байна гэжээ.

Эндээс харвал МАХН-ын
дотоод дахь тэмцэл цаашид ч үргэлжлэх бололтой.
Уг бүлгэмийн цаана Монгол Улсын Ерөнхийлөгч асаан Н.Энхбаяр бий гэсэн
хардлага ч
МАХН-ын гишүүдийн зүгээс сонсогдож байна.

Шинээр үүссэн
бүлгэмийн тунхагт юу гэж дурдсаныг бүрэн эхээр
нь хүргэж байна. 

Тунхагт: “МАХН
дүрэмдээ ард түмнийхээ түүх, хэл, соёл, зан заншлын
үнэт зүйлсийг нандигнан, сайн сайхан уламжлал, монгол хүний уужуу
сэтгэл, голч ухаан,
ёс суртахуун, эрхэм чанарыг уламжилж өвлүүлэх, язгуур эрх ашгийг нь
илэрхийлэх,
улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг
дээдлэх нь
МАХН-ын хамгаас эрхэмлэн дээдлэх үнэт зүйл мөн” гэж заасан бий. Гэвч
эдгээр нь дан
ганц МАХН-ын биш, харин Монгол оронд хөгжиж буй ардчилал бүх нийтийн
ололт нэгэн
адилаар, монголчуудын бүх нийтийн үнэт зүйлс билээ. Монголчуудын эхлээд
биеэ, тэгээд
гэрээ засаж, улмаар төрөө тохинуулах мэргэн ухааны ёсоор бол МАХН, юуны
өмнө, дотоод
амьдралынхаа үнэт зүйлийг цэвэр ариун байлгаж хөгжүүлэх учиртай. Тэгэж
үл чадваас
эх орны эрхэм дээд эрх ашиг, үнэт зүйлсийг хамгаалах тухай асуудал огт
үгүй болно.
“МАХН-ын үнэт зүйлсийг хамгаалъя” бүлгэм МАХН дотоод амьдралынхаа үнэт
зүйлсийг
хамгаалан бэхжүүлэх нь түүний нэн тэргүүний зорилт гэдгийг нотолж байна.
Өөрийн
дотоод амьдарлынхаа үнэт зүйлсийг гээж гэмээнэ МАХН оршин тогтнож
чадахгүй.
МАХН-ын оршин тогтнохуй, бэхжихүйн үндэс, дотоод амьдралын тулгуур нь
намын ёс зүй
мөн. Энэ нь: удирдлагын чадавхи, арга барил; боловсон хүчний сонголт,
тэдний төлөвшил;
намын дотоод эв нэгдэл зэргийг өөртөө багтааж байгаа бөгөөд олон түмний
дэмжлэгээр
илэрэн хэмжигдэнэ.
Бид, манай намын ёс зүйн цэвэр ариун байдлыг “МАХН-ын хамгийн чухал үнэт
зүйл” гэж
үзнэ. Манай намын өнөөдрийн дээд удирдлага дахь, хэсэг бүлгийн ухвар
мөчид байдал,
мэдлэг чадвар, эх оронч үзэл, итгэл үнэмшлийн доройтол, албан тушаалын
шуналын улмаас
МАХН-ын энэхүү хамгийн гол үнэт зүйл алдагдаж, үгүйсч байгаа явдалд бид
гүнээ сэтгэл
зовниж байна.  МАХН-ын
үнэт зүйлсийг намын дотор
томоохон хөдөлгөөний хэмжээнд авч үзэж, хамгаалах шаардлага бий болжээ.
Энэхүү зайлшгүй
шаардлагын улмаас “МАХНын үнэт зүйлсийг хамгаалья” бүлгэм үүссэнийг
албан ёсоор
зарлаж байна. Асуудлыг өнөөдөр
ийм хэмжээнд авч үзэж чадахгүй бол МАХН-ын дотоод амьдралын
чанар чансаа улам хурдан явцтай муудахад хүрч байна. МАХН-ын үнэт
зүйлсийг өнөөдөр
л хамгаалж чадахгүй бол, МАХН-ын XXV Их хурлаас баталсан “МАХН-ын
шинэчлэлийн үзэл
баримтлал” хоосон цаас болж үлдэх төдийгүй, “МАХН өнө удаан, оршин
тогтнож, эх орон
ард түмэндээ нэгэн үзүүрт сэтгэлээр үйлчлэх болно” гэсэн тунхаглал
эзэнгүй болох
аюул нуугдаж байна. Үүнийг хэлэх нь муу зөн огтхон ч биш, харин
урьдчилсан бодитой
анхааруулга гэж үзэх учиртай.
МАХН өнө удаан оршин тогтнохуйн үндэс нь түүний хамгийн үнэт зүйл болох
ёс зүйн
цэвэр ариун байдал, бэхжил, хөгжил гарцаагүй мөн.
Ёс зүй бол хүмүүн заяатны хамгийн нандин, эрхэм дээд чанаруудын хам
шинж, хөгжлийн
түлхүүр болдог нийгмийн нэн чухал баялаг бөлгөө. “Хүн ёс дагана, нохой
яс дагана”
гэдэг бол учиртай үг, гүн логик юм.
Ёс бус (ёс зүйгүй) үйлдэл юуг ч, түүний дотор хүнийг ч эвдэнэ. МАХН-ын
ёс зүйн хэм
хэмжээ, түүний дүрмээр тодорхойлогддог бөгөөд намын бүх шатны
байгууллага, гишүүдийн
үйл ажиллагаанд илэрч, хэрэгжиж, нийгмийн баялаг (үнэт зүйлс) болж байх
ёстой.
МАХН-ын дотоод амьдралын хүрээнд бидний авч үзэж байгаа ёс зүйн
асуудалд: намын
удирдлагын бүтэц бүрдүүлэлт, түүний багаар ажиллах болон өөртөө
шүүмжлэлтэй хандаж,
тасралтгүй шинэчлэгдэх чадвар; улс төрийн өндөр мэдрэмж, онолын
сэтгэлгээний түвшин,
цар хүрээ; гишүүд дэмжигчид ба олон түмэнтэй харилцах соёлын хэр хэмжээ
зэрэг нарийн
чимхлүүр үйлдлүүд хамаарна.
Өнөөдөр МАХН-ын дээд удирдлагын дотор ёс зүйн доройтол газар авч, намын
дотоод амьдралд
төдийгүй, нийгмийн нийт харилцаанд маш муугаар нөлөөлж, төрийг ихэд
бохирдуулаад
байна. МАХН-ын идэвхитэй оролцоотойгоор бүрдэж бий болсон төрийн
тогтолцоо нэн оновчгүй,
чадварлаг бус болж, нийгмийн элдэв эрээвэр этгээдүүд төрд шургалж,
хувийн бизнесийн
эрх ашгаа хамгаалах баталгааны төлөө парламентийн суудал өөд
ичгүүргүйгээр зүтгэгчид
олширч, бараг уламжлал болон архагшиж байна. Өндөр эрх
мэдэлтнүүдийн хүрээнд үндэсний бодит баялгийг
луйварын аргаар, далдуур хувааж идэх нь уламжлал болсноос улс орны
хөгжлийн тухай
асуудал нэгэнтээ орхигдож тоос тортогт хутгалдан, улс төрийн хямрал
үргэлжилж, даравч
дардайж, булавч бултайсаар байгаа бус уу. Тиймээс, эрх баригч намуудын
хоосон амлалт,
сурталд дургүйцсэн олон түмний хөдөлгөөн янз бүрийн хэлбэрээр өрнөж,
нэгдэн нийлж,
улам бүр хүчээ авч байна. Гэтэл өнөөдөр МАХН-ын дээд удирдлага ёс зүйн
ялзралдаа
идэгдчихээд хэнд ч хариуцлага тооцож чадахгүй бие биеэ нээнтгэнд хийж
барьцаалаад
сууж байгааг манай намын гишүүд, дэмжигчид, эрүүл сэтгэлгээтэй хүн бүхэн
алган дээрээ
ил харж байна.
Төрийн хууль тогтоох эрх мэдэл бүхий дээд байгууллага УИХ-ын сонгуульд
мөнгөөр уралдуулан
нэр дэвшүүлдэг, улс төрийн тавьтаргүй хүчнийг дагалдан их хэмжээний
бэлэн мөнгө
амалдаг болсон нь МАХН-ын дээд удирдлага дахь ёс зүйн хэт доройтлыг
харуулж байгаа
юм. Тэд бусадтай хамтран төрийн чадавхийг эрс сулруулж, төрийн сан
хөмрөгийг хамтран
хоосолж, ард түмний ахуй амьдрал, эрүүл мэндэд зориулах юмгүй, улс орны
хөгжлийн
төлөө хөрөнгө оруулалтын эх үүсвэргүй болгочихоод иргэний янз бүрийн
хөдөлгөөний
шахаанд орж баллагдаж байна.
МАХН улс орныхоо, улс төрийн ийм хурц хямралт үйл явдлын гадна байгаа
биш билээ.
Энэ бүхэн хэний буруу вэ? Манай намын өнөөдрийн удирдлагын буруу. Жирийн
гишүүд
үүнд өчүүхэн ч буруугүй.
Ёс суртахууны ялзрал доройтолд идэгдсэн МАХН-ын дээд удирдлагын доторх
хорт хавдрыг
зайлуулах ажил манай намын эрүүл, идэвхитэй хүчний зоримог үйл
ажиллагааны үр дүнд
хэдэн жилийн өмнөөс нилээд амжилт олж, гишүүд дэмжигчид, нийт иргэдийн
санаа бодол
сэргэх хандлага мэдэгдэхүйц болж байсан билээ. Гэтэл МАХН-ын удирдлагад
гарч ирсэн
өнөөгийн бүлэг тэр үйл хэргийг зугуухан, хамгийн муухай бөгөөд хүнлэг
биш, зарчимч
бус, чухамхүү ёс зүйгүй аргуудаар нухчин дарж, цаашид ч өндийлгөхгүй
байхыг чармайж
байна.

Намын XXV Их хурлаас баталсан “МАХН-ын шинэчлэлийн үзэл баритлал”-д
дурдсан
–    “МАХН-ыг ард иргэд, гишүүд дэмжигчдийнхээ итгэлийг хүлээсэн
дотоод ардчилал, шударга ёс, үндэсний эрх ашгийг эгнэгт дээдэлдэг, орчин
үеийн улс
төрийн намын нийтлэг жишигт нийцсэн, өрсөлдөх чадвартай, олон түмний нам
болгон
шинэчлэх” зорилт амжилттай биелж байгаа гэх үндэс харагдахгүй байна.
–    “Төр засгийн бүх түвшинд намын нэрээр сонгогдож, томилогдсон
гишүүд, төрийн албан хаагчдын хувьд: “Зөвийг сайшааж, бурууг засах”
зарчмыг баримтлан,
сахилга хариуцлагыг чангатгана. Намын боловсон хүчнийг сонгон
шалгаруулах явцуу
хүрээний хаалттай арга барилаас татгалзаж, ардчилсан шударга өрсөлдөөний
зарчмыг
баримтална” гэсэн заалт хэрэгжиж байгаа гэж батлан хэлэх үндэслэл алга
байна.
–    Намын шийдвэр гаргах үйл явцад жирийн гишүүдийн санал, оролцоог
нэмэгдүүлэх, намын бодлого, шийдвэрийн сурталчилгааг шуурхай хүртээмжтэй
болгох,
намын бүхий л үйл ажиллагаа нээлттэй, тайлагнадаг хариуцлагын
тогтолцоотой байх,
уян хатан, боловсронгуй бүтэц зохион байгуулалтын хэлбэр нь шинэчлэлийн
гол тулгуур
болон” хэрэгжиж байгаагийн баталгаа бас үгүй байна.
–    “Төр захиргааны байгууллагад ажиллаж байгаа гишүүдийг авлигад
өртөх, ёс суртахууны доголдол, шударга бус явдалд холбогдохоос сэргийлж
төрийн албан
хаагчидтай хариуцлага тооцож, авлигыг нийгмийн амьдралын бүхий л
хүрээнээс зайлуулахын
төлөө намын бүх шатны байгууллага, гишүүд тэмцэнэ” гэж ихээхэн тод
томруунаар тунхагласан
зорилтыг биелүүлэхэд намын дээд удирдлага өдөр дутам хэр удирдаж тусалж
байгаа нь
огт харагдахгүй, мэдрэгдэхгүй байна.
МАХН-ын гишүүд, дэмжигчид, нийт ард иргэд үүнийг мэдтүгэй хэмээн
тунхаглав” гэжээ. Ийнхүү МАХН
жигүүр, хөдөлгөөнүүдийнхээ сацуу шинэ бүлгэмтэй боллоо.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж