
Чуулганы бэлтгэл ажил хангагдаагүйн зэрэгцээ урьдчилан тооцоолоогүй зарим нөхцөл байдал үүссэний улмаас чуулганыг хойшлуулахаар болжээ. Энэ тухай товч мэдээллийн дараа гишүүн Э.Бат-Үүл сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Яармагт болсон үйл явдлыг юу гэж үзэж байгаа вэ. Та сонгуулийн үеэр 41 дүгээр сургууль дээр уулзалт хийхдээ иргэдэд газар олгоно гэж амлаж байсан?
-Яармагт яагаад ийм явдал болов гэдэгт ухаантай хандах ёстой. Нэлээд өдөөн хатгалгад автсан үйл ажиллагаа явуулж байгаа нь телевизээр харагдсан. Зарим хүн сонгуулийнхаа амлалтыг биелүүлэх ёстой гэх зэрэг зүйл ярьж байгаа харагдана лээ. Гэтэл амлалт биелүүлэх байтугай нийслэлийн ИТХ-ын сонгуулийн дүн албан ёсоор гараагүй, шинэ ИТХ бүрдээгүй, Засаг дарга, бусад бүтэц томилогдоогүй байхад өдөөн хатгалгын маягтай зүйл боллоо. Тийм явдал болохын урьд шөнө 02.00-03.00 цагт хэсэг хүн “Иргэдэд Яармагт газар олгох гэж байна” цуу яриа тарааж олон түмнийг турхирсан байсан. Үүнийг одоо хууль хяналтын байгууллага шалгаж байна.
Сонгуулийн сурталчилгааны үеэр иргэдэд газрыг хуулийн дагуу өмчлүүлнэ шүү гэдгийг тодорхой хэлсэн. Хуулиар олгогдоогүй газар бол ямар ч баталгаажих үндэсгүй, үнэ цэнэгүй газар. Хуулийн дагуу олгоогүй газар дээр ямар нэг зүйл барихыг хориглодог. Нийслэлийн ИТХ бүрдэхээр иргэдэд газар өмчлүүлэх асуудлыг хуулийн дагуу шийднэ. Ингэхийн тулд эхлээд Засгийн газраа байгуулна. ИТХ-ын бүтэц, зохион байгуулалтыг хийх ёстой. Үүний дараа иргэдэд газар өмчлүүлэх ажлыг үе шаттайгаар хийнэ. Бүх ажил хуулийн дагуу явна.
Асуудал хяналтаас гарвал таагүй байдал үүснэ. Газаргүй иргэн олон байна. Тэд дур зорогоороо хууль бусаар газар авах гээд хяналтаас гарвал нийгмийн эмх замбараагүй байдал, ноцтой явдалд хүргэнэ. Иймд өдөөн турхиралтад автахгүй байх хэрэгтэй.
-Нийслэлийн шинэ ИТХ-ыг хэзээ бүрдүүлэх вэ?
-Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн хороо, тойргийн хороод одоо болтол сонгуулийн дүнг эцэслэж зарлахгүй байна. Өмнө нь урьдчилсан дүнг зарласан. Цаад хугацаа нь тав хоног үлдэж байна. Сонгуулийн санал авснаас 20 хоногийн дотор шинэ ИТХ бүрдэж зохион байгуулалтаа хийх ёстой. Эрх мэдлээ шилжүүлж буй хуучин ИТХ дараагийн ИТХ-ыг зарлах ёстой. Нийслэлийн сонгуулийн хорооны дүн, хуучин ИТХ-ын хурал зарлах хугацаа хоёрыг хүлээж байна.
СЕХ орон даяар явуулсан УИХ-ын сонгуулийн дүнг хэд хэдэн удаа зарлаж болоод байхад нийслэлийн ИТХ-ын сонгуулийн хороо одоо болтол эцсийн дүнг зарлахгүй байгаа нь гайхалтай байна. Гэтэл хоёр сонгуулийн дүнг нэг л машинаар тоолсон.
-Ерөнхий сайд томилогдох хүртэл Нийслэлийн Засаг даргыг томилолгүй хүлээх үү, эсвэл өмнө нь үүрэг гүйцэтгэгч тавьж болдог уу?
-Нийслэлийн ИТХ хуралдаж Засаг даргад санал болгож буй хүний нэрийг Ерөнхий сайдад мэдүүлнэ. Түүнийг Ерөнхий сайд батламжилснаар бүрэн эрх нь хэрэгжинэ. Шинэ Ерөнхий сайд томилогдолгүй удвал нийслэл эзгүй байгаад л байна. Хурал нь хүчин төгөлдөр ч нийслэл Засаг даргагүй байх юм. ИТХ Засаг даргын үүрэг гүйцэтгэгч тавих боломжгүй гэлээ.