“Айвенхоу Майнз”-ын шинэ нэр “Оюутолгой ресурс”

Хуучирсан мэдээ: 2012.07.03-нд нийтлэгдсэн

“Айвенхоу Майнз”-ын шинэ нэр “Оюутолгой ресурс”

“Айвенхоу Майнз” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал өнгөрсөн бямба гаригт болж үйл ажиллагааны хэд хэдэн өөрчлөлт хийхээр болсон байна. Тухайлбал, “Айвенхоу Майнз” хэмээх компанийн нэрийг өөрчилж “Turquoise Hill Resources” буюу “Оюутолгой Ресурс” болгохоор болсон байна. Түүнчлэн захирлуудын зөвлөлд хоёр шинэ гишүүнийг томилжээ. Уоррен Гүдмэн болон Рассел Робертсон нарыг ТУЗ-ийн гишүүнээр томилсны сацуу ойрын хугацаанд дахин хоёр шинэ захирлын нэрийг тодруулах гэнэ. Ингэснээр тус компанийн ТУЗ 13 гишүүнээс бүрдэх юм. “Айвенхоу Майнз” компанийн Торонто, Нью-Йоркийн бирж дэх нэрийг ирэх сарын 6-наас солих төдийгүй компанийн албан ёсны нэр болох юм. Хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн гүйцэтгэх ерөнхий захирал хатагтай Кэй Пресли “”Оюутолгой” төслийн бүтээн байгуулалтын үйл явц гайхалтай сайн явж байгаа. Зургадугаар сарын сүүлч гэхэд 90 хувьд хүрсэн. Оюутолгойн ордын эхний бүтээгдэхүүн энэ оны хоёрдугаар хагаст амжиж гарна. Харин арилжааны бүтээгдэхүүнийг ирэх оны эхний хагаст багтаан үйлдвэрлэж эхлэх юм. Эрчим хүчний асуудлыг Монгол болон Хятадын Засгийн газартай хэлэлцэж байна. Хятадаас импортлох шаардлагатай эрчим хүчний дэд бүтцийг энэ оны долдугаар сард багтаан гүйцэтгэх болно”  хэмээжээ.

Шинээр томилогдсон ТУЗ-ийн гишүүдийн хувьд ноён Уоррен Гүдмэн 2008 оноос хойш “Рио Тинто” группийн Бизнес хөгжил хариуцсан ерөнхий консулаар ажиллаж байсан бөгөөд 2010 онд тушаал дэвшиж “Рио Тинто”-гийн Европ, Ойрхи Дорнод, Африкийн багийг хариуцан ажиллаж байсан юм. Харин Рассел Робертсоны хувьд BMO санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг 2011 оноос хойш хашиж байсан аж. Тэрбээр “Deloitte”, “Chartered Accountant” зэрэг томоохон санхүүгийн байгуулагуудад 35 жил ажиллаж байсан туршлагатай нэгэн гэнэ.

А.БОЛД

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж