Оюутолгой төсөлд дахин таван тэрбум хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2012.07.02-нд нийтлэгдсэн

Оюутолгой төсөлд дахин таван тэрбум хэрэгтэй гэв

“Рио Тинто” алт, зэсийн асар их нөөцтэй Өмнөговийн “Оюутолгой” төслийн бүтээн байгуулалтыг өргөжүүлэхэд 13 тэрбум ам.доллар шаардлагатай гэж мэдэгдсэн байна. Бүтээн байгуулалт нь 2009 оноос эхэлсэн “Оюутолгой” төслийн хүрээнд ирэх наймдугаар сарын эцсээр зэсийн хүдэр боловсруулахаар төлөвлөж байгаа аж. Долоон тэрбум ам.долларын өртгөөр боссон “Оюутолгой” төслийн хоёр дахь шатанд таван тэрбум гаруй ам.доллар шаардлагатай тооцоо гарчээ. “Рио Тинто” групп төслийг хэрэгжүүлэгч “Айвенхоу Майнз” компанийн эзэмшлийн хувьцааг худалдан авснаар төслийг удирдах, хэрэгжүүлэх эрхтэй болсон билээ. Тэд төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрчим хүчийг Хятадаас импортлохоор гэрээ хэлэлцээ хийхийн зэрэгцээ, Оюутолгойд цахилгаан станц барих зөвшөөрөл авахаар хөөцөлдөж байгаа юм байна.

“Рио Тинто” группийн Монголын талын менежер Камерон МакРэй “Алт, зэсийн урьд хожид байгаагүй том төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг босгохын тулд бид сүүлийн хоёр жил гаруй банкуудтай хэлэлцээ хийж байна.  Төслийн  санхүүгийн асуудал зургаан сарын дотор шийдэгдэнэ гэж найдаж байна” гэжээ. Өдөрт 100 мянган тонн баяжмал гаргах хоёр дамжлагатай боловсруулах үйлдвэрийн угсралт,  Оюутолгой төслийн  бүтээн байгуулалт  өнгөрсөн тавдугаар сард 82 хувьд хүрсэн юм. Харин газар доорх Хюго ордын бүтээн байгуулалтын хоёр дахь үе шат үргэлжилж байгаа гэнэ. Түүнээс гадна Оюутолгойгоос олборлосон алт, зэсийн бүтээгдэхүүнийг худалдах урт хугацааны гэрээнүүдийг байгуулж эхэлжээ.

“Asianminer.com” сайтад “Оюутолгой төслийн нийт хөрөнгө оруулалт нь Монгол Улсын эдийн засгийн 3,1 хувийг бүрдүүлж байгаа билээ. Гэвч Монголын зарим улстөрчид уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлахын тулд стратегийн ач холбогдол бүхий салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай шинэ хууль баталсан нь хөрөнгө оруулагчдыг орон нутагт дэд бүтцийг хөгжүүлэх гадаадын хөрөнгө оруулалтад чөдөр тушаа болж болзошгүй гэж болгоомжлоход хүргэсэн” хэмээн бичжээ.  “Рио Тинто”-гийн Монголын талыг хариуцсан захирал Камерон МакРэй “Монголд гадаадын хөрөнгө оруулалтыг дэмждэг улстөрчид, хамтран ажиллагчид нэлээн олон бий.  Стратегийн ач холбогдол бүхий салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль бол муу зүйл биш. Гэвч Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжих сайн зохицуулалттай сайн хуулийн төсөл боловсруулж, хэрэгжүүлэх нь л хамгийн чухал” гэсэн байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж