Хойд хөрш олон улсын театрын өдрөөр “Театр” TV суваг нээн, анхны нэвтрүүлгээ цацаж эхлэв. Одоогоор нэвтрүүлгүүд нь зөвхөн Москва орчмын бүс нутгаар үд дундаас өглөөний хоёр цаг хүртэл гарч байгаа бөгөөд удахгүй орон даяар цацагддаг болно.
Шинэ сувгаар олон улсын театрын наадмууд, шинэ жүжгийн нээлтүүд, уран бүтээлчдийн ярилцлагууд гарах юм. “Ийм суваг улс оронд зайлшгүй хэрэгтэй байгаа” хэмээн театр судлаач, шүүмжлэгч Елена Дякова ярив. “Нийгмийн масс хэсэгт чиглэсэн шоу маягийн хөнгөн урлагт хэтэрхий автаад чанартай, мэргэжлийн түвшний, илүү оюунлиг урлагаас бид алхам алхмаар холдсоор байна. Энэ оюуны хоцрогдлоос гарахад ийм суваг тусална. Яагаад гэвэл телевиз гэдэг ард түмэнд хүрэх хамгийн хүчтэй зэвсэг” хэмээн тэрбээр мөн тайлбарлав.
Урын бүтээлчид шинэ сувгаар өнөөдрийн театрын урлагт тулгамдаад байгаа бэрхшээлтэй асуудлуудын тухай ажил хэрэгч хэлэлцүүлэг өрнүүлэхийг хүсэж байна.