УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялалт байгууллаа

Хуучирсан мэдээ: 2012.07.02-нд нийтлэгдсэн

УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялалт байгууллаа

УИХ-ын ээлжит сонгуулийн санал өгснөөс
хойш, гурав хоногийн хугацаа өнгөрсөн ч одоогоор зөвхөн СЕХ урьдчилсан байдлаар дүнгээ
танилцуулаад байна. Өнгөрсөн пүрэв гаригт болсон сонгуулийн санал авах
ажиллагаа амжилттай болж, гадныханд туршлага болохуйц сонгууль болсон
гэдгийг СЕХ-оос мэдээлж байгаа юм. Ингээд сонгуулийн санал хураалтаас
хойшхи үйл явц болон урьдчилсан байдлаар гаргаад байгаа дүнг нэгтгэн
хүргэж байна.  
Урьдчилсан дүнг танилцуулав

Сонгуулийн
санал авах хугацаа зургадугаар сарын 28-ны 20.00 цагт дууссан
урьдчилсан дүнг 29-ны баасан гаригийн 15 цагт СЕХ танилцуулав. 2012 оны
ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа цагтаа дууссан бөгөөд гадаад дахь
монголчуудын саналыг зургадугаар сарын 28-нд олон нийтийн хэвлэл
мэдээллийнхэнд нээлттэйгээр тоолсон. Хэдийгээр СЕХ-оо албан ёсны дүнг
танилцуулаагүй байсан ч УИХ-ын сонгуульд оролцсон нам эвслүүд санал
хураалтын шөнө мэдээлэл хийж эхэлсэн. Энэхүү мэдээллээр Ардчилсан нам
үнэмлэхүй ялалт байгуулж байгаагаа зарлаж, бусад намын төлөөллүүд ч мөн
УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтын дүнг танилцуулж байсан юм.

Харин
зургадугаар сарын 29-ний үдээс өмнө 400 гаруй хэсгийн хорооноос дүн
ирээгүй байсан учир энэ өдрийн үдээс хойш буюу 15.00 цагт урьдчилсан
байдлаар гаргасан дүнг танилцуулсан юм. Энэ дүнгээр Ардчилсан нам
олонхийн санал авсан гэдгийг СЕХ баталгаажуулсан бөгөөд мөн 100 гаруй
хэсгийн хорооноос дүн мэдээ ирээгүй байсан юм.

СЕХ-ны дүнг эсэргүүцэж эхлэв
СЕХ-ноос
танилцуулсан урьдчилсан мэдээгээр намын  саналаар Ардчилсан нам 392259
санал буюу 32,24 хувийн саналаар тэргүүлж байсан. Харин энэ үед УИХ-ын
сонгуульд оролцож буй МАН болон бусад намын төлөөлөл сонгуулийн саналын
дүнд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлж, саналыг гараар тоолох
гомдол, шаардлагыг СЕХ-нд хүргүүлж эхлэв. Ингэхдээ МАН болон 10 гаруй
нам эвсэл нэгдэж, хэвлэлийн хурал хэд хэдэн удаа хийж, мэдэгдэл
гаргасан. Тэд “Иргэдийн сонгогдох эрхийг зөрчсөн тул бид хамтран энэхүү
мэдэгдлийг гаргаж байна. Намууд автоматжуулсан машины дүнгийн талаарх
эргэлзээг арилгахын тулд саналын хуудсыг улс орон даяар гараар
баталгаажуулан тоолохыг шаардаж байна” гэсэн мэдэгдлийг СЕХ-нд
хүргүүлсэн юм. Хэдийгээр улс төрийн хүчнүүд сонгуулийн дүнтэй холбоотой
гомдол гаргаж байсан ч СЕХ-оос “Саналыг гар аргаар тоолох хууль эрхзүйн
үндэс байхгүй. Хэрэв орон даяар саналыг гараар тоолбол хууль зөрчих
болно. СЕХ хуулийн дагуу ажлаа хийж байна. Намууд улс төрийн соёлтой
байж, СЕХ-ны ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдохгүй байх”-ыг
хүссэн мэдэгдлийг мөн танилцуулсан юм.

СЕХ-оос МАН-д сануулга өгөв

Сонгуулийн
ерөнхий хорооноос хамгийн сүүлийн урьдчилсан дүнгийн талаар өнгөрсөн
бямба гаригийн 12.00 цагт мэдээлэл хийсэн юм. Үүнд өмнө нь саналын дүн
ирээгүй байсан 100 гаруй хэсгийн хорооноос мэдээлэл ирж, урьдчилсан дүнг
танилцуулсан. Энэ дүнгээр мөн Ардчилсан нам ялалт байгуулж, намын
саналаар Ардчилсан нам 399.194 санал буюу 35,32 хувийн саналаар
тэргүүлсэн байна. Урьдчилсан дүнг танилцуулсны дараа МАН-аас дахин санал
тооллогын явцыг будлиантай болсон хэмээн мэдээлэл хийв. МАН-ын зүгээс
“Сонгууль будлиантай болсон гэж үзэж байна. Тойргийн хэсгийн хороод дээр
автомат машинд хурууны хээгээр иргэдийн саналыг авах гэж өндөр
шаардлага тавьж байсан ч автомат машины толгой гацсан зөрчил, гомдол
одоо ч ирсээр байна. Саналын тоо хаашаа ч юм алга болоод байна” гэв.

Энэ
мэдээлэлд СЕХ дахин няцаалт хийж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахад
саад учруулж буй нам эвслүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх сануулгыг
өгсөн юм. Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахад саад учруулсан
тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх, Эрүүгийн хариуцлага хүлээх зэрэг
хуулийн заалтууд байдгыг СЕХ-ны дарга Лувсанжав сануулга өгснөөр МАН
дахин гомдоллосонгүй. Мөн ажиглагчид ч мөн МАН-ын эл үйлдэл нь улс
төрийн соёлгүй байгааг хэлж байсан юм. Машинаар тоолох хуулийг өөрсдөө
баталсан мөртлөө дараа нь ингэж гомдоллож байгаад шүүмжлэлтэй хандах
хүмүүс олон байсан юм.  

Тойргоос 46 нэр дэвшигч гишүүн болох эрхтэй болов

СЕХ-оос
өгсөн хамгийн сүүлийн урьдчилсан мэдээллээс харахад, УИХ-ын сонгуулийн
26 тойрогт Ардчилсан нам 21 (үүнээс нэг нэр дэвшигчийн санал 28 хувьд
хүрээгүй учраас дахин санал хураах эсэхийг тойргийн хороо шийдвэрлэнэ)
суудал авсан бол МАН 19 (үүнээс нэг нэр дэвшигчийн санал 28 хувьд
хүрээгүй учраас дахин санал хураах эсэхийг тойргийн хороо шийдвэрлэнэ)
суудал авсан байна. Мөн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс дөрвөн суудал
авсан бол гурван бие даагч одоогоор УИХ-ын гишүүн болох эрхтэй болоод
байна.

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн 48 нь мажоритори
системээр 26 тойрогт өрсөлдөн сонгогдож байгаа бол үлдсэн 28 нь намын
нэрийн жагсаалтаар сонгогдох учиртай. Юутай ч СЕХ-ноос өгсөн сонгуулийн
урьдчилсан дүнг нэгтгэн танилцуулсан мэдээллээр 26 тойргоос сонгогдох 48
нэр дэвшигчийн 46 нь тодорхой болов.  


Хоёр тойрогт дахин санал хураана

УИХ-ын
сонгуулийн тухай хуулийн 38.4 зааснаар тухайн тойрогт нэр дэвшигч 28
хувиас дээш хувийн санал авч, сонгогдох эрхтэй гэсэн хуулийн заалтын
дагуу Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураалт явуулах ажээ.
Тодруулбал,

  • НЭГ: Гурван мандаттай Баянзүрх дүүргийн эхний хоёрт жагссан
    нэр дэвшигчид тодорхой болсон бол урьдчилсан дүнгээр саналын тоогоор
    гуравт бичигдэж буй Б.Батзоригийн авсан санал 28 хувьд хүрээгүй буюу
    24,66 хувийн санал авсан байна.
  • ХОЁР: Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр
    саналын тоогоор гуравт жагссан ч 26,09 хувийн санал авсан тул дахин
    санал хураалт явуулна.
Сануулахад, дахин санал хураахад иргэд зөвхөн нэр дэвшигчдийн төлөө
саналаа өгөх бөгөөд өмнө нь өндөр хувь авсан нэр дэвшигчдийг оролцуулахгүй
юм. Өөрөөр хэлбэл, 26 хувийн санал авсан Л.Эрхэмбаяр, 24 хувийн санал
авсан Б.Батзориг нараас бага санал авсан бусад нэр дэвшигчдийн дунд
дахин саналт хураалт явуулах журамтай юм байна.

Намын жагсаалтаар Ардчилсан нам ялалт байгуулав

Намуудын
саналын дүнг нэгтгэн танилцуулсаар Ардчилсан нам олонхийн санал авсан
бол МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл” удаалав. СЕХ-оос өгсөн хамгийн
сүүлийн урьдчилсан дүнг танилцуубал,

  • Ардчилсан нам – 399194 – 35,32 хувь
  • Монгол Ардын нам –353839 – 31,31 хувь
  • МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл – 252077 – 22,31 хувь
  • Иргэний Зориг Ногоон Нам – 62310 – 5,51 хувь
  • “Гурав дахь хүчин” эвсэл – 16653 – 1,47 хувь
  • Монголын Ногоон Нам – 15076 – 1,34 хувь
  • Эх орон нам – 9082 – 0,80 хувь
  • Монголын Уламжлалын нэгдсэн нам – 6516 – 0,58 хувь
  • Иргэний хөдөлгөөний нам – 6315 – 0,56 хувь
  • Эх орончдын нэгдсэн нам – 3348 – 0,30 хувь
  • Монголын Социал демократ нам – 2041 – 0,18 хувь
  • Хөгжлийн хөтөлбөр нам – 1980 – 0,18 хувь
  • Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам – 1664 – 0,15 хувь


УИХ-ын сонгуульд
сонгогчид намд саналаа
өгсөн. Энэхүү намын жагсаалт буюу
пропорцианал системээр авсан саналыг харгалзан
үзвэл, Ардчилсан нам 10, МАН
ес, МАХН-М
ҮАН-ын “Шударга ёс эвсэл” долоо, ИЗНН-д хоёр суудал тус тус авч байгаа юм.
Гэхдээ СЕХ-оос намын

жагсаалтаар аль нам хэдэн суудал авсныг эцсийн байдлаар танилцуулах юм.

СЕХ-оос эцэслэсэн байдлаар дүнг танилцуулаагүй байгаа ч хуулийн
дагуу УИХ-ын сонгуулийн санал авсан өдрөөс хойш 15 хоногийн дотор Монгол
Улсын Ерөнхийлөгчид сонгуулийн дүнг айлтган, мэдүүлэх учиртай. Энэ
удаагийн УИХ-ын сонгуулийн хоёр тойрогт дахин санал хураалт явуулах
болсон ч дахин санал хураалтыг тойргийн хороо шийдвэрлэх юм. Тойргийн
хорооны шийдвэрээс үл хамааран Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн
мэдүүлэхээр болсноо СЕХ мэдээлсэн юм. Энэ сарын 13-ны дотор СЕХ албан
ёсны дүнг гаргаж, Ерөнхийлөгчид танилцуулах юм.

Намын жагсаалтын
д
үнг эцэслэн гаргаагүй байгаа ч одоо байгаа
томьёоллоор бол нам болон нэр дэвшигчдийг нэгтгээд

Ардчилсан нам 31
/нэг тойрогт дахин санал хураана/

МАН 27 /мөн нэг тойрогт санал хураана/

МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-11

ИЗНН-хоёр

Бие даагч гурван
суудал авахаар болоод байгаа юм. 

СЕХ-ны танилцуулсан урьдчилсан дүнг хүснэгтээр харуулав. Хүснэгтийг ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж