“Трансвест Монгол” асрамжийн хүүхдүүдэд машин бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2012.06.29-нд нийтлэгдсэн

“Трансвест Монгол” асрамжийн хүүхдүүдэд машин бэлэглэв

“Трансвест Монгол” компани нь (ТРАНСВЕСТ) уул уурхай болон барилгын компаниудад чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ, тоног төхөөрөмж нийлүүлдэг. Тус компани нь нийгмийн хөгжил, хамтын ажиллагаанд түлхүү анхаарч ажилладаг аж. Өнгөрсөн хугацаанд нийгмийн хариуцлагын хүрээнд халамжийн салбарт 70-аад үйл ажиллагаа зохион байгуулжээ. Тухайлбал, тус компани “Өгөөмөр” хүүхдийн асрамжийн төвтэй 2009 оноос эхлэн хамтран ажиллаж, шаардлагатай дэмжлэг туслалцааг  үзүүлж ирсэн юм.

Энэ удаад “Өгөөмөр” асрамжийн төвд “Toyota HIACE” маркийн автомашин гардуулан өгсөн юм.

“ТРАНСВЕСТ” компанийнхныг очиход “Өгөөмөр” асрамжийн төвийн багачууд урлагийн тоглолт үзүүлж, монгол дуугаа дуулан, ятга хөгжим тоглож үзүүлсэн нь өхөөрдөм байлаа. Авьяаслаг хүүхдүүдийг дуулж, бүжиглэхэд зочид хөгжилдөн, даган баясч байв. Мөн “Өгөөмөр” асрамжийн төвд хүмүүжиж байгаа хүүхдүүд франц, англи хэлээр чөлөөтэй ярьж байгааг харсан зочид бахархаж байгаагаа илэрхийллээ.

Баянзүрх дүүргийн XIII хорооны нутагт байрладаг “Өгөөмөр” асрамжийн төвд 5-13 насны 22 хүүхэд өсч, хүмүүждэг. Дөрвөн багш, нэг нийгмийн ажилтан, тогооч, үйлчлэгчийн хамт ажилладаг юм байна. Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, Цагдаагийн хэлтсийн тодорхойлолтоор бүтэн өнчин, хагас өнчин хүүхдүүдийг авч хүмүүжүүлээд арваад жил өнгөрч байгаа байгууллага аж. Тус асрамжийн төвийн асрагч Франц улсын иргэн Со Мари Одилл юм. Тэрбээр ТРАНСВЕСТ компанийн хамт олонд хандаж “Хүүхдүүдийн минь сайн сайханд зориулж машин бэлэглэж байгаад баяртай байна. Бидний хувьд хүүхдүүдээ сургаж, хүмүүжүүлж, Монголын сайхан газар нутгийг үзүүлэхэд машин зайлшгүй шаардлагатай байдаг. Танай компани дэлхийд амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа, үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг хүлээсэн компани гэдэг утгаараа Монгол Улсын уул уурхайн хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

ТРАНСВЕСТ компани нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулаад удаагүй ч манай улсын техникийн сургалт, боловсролын цаашдын хөгжилд өөрийн  гэсэн хувь нэмрийг оруулж байгаа. Тухайлбал, ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн хүнд машин механизмын ангийн оюутнуудад техник мэргэжлийн тэтгэлэгт сургалт явуулдаг. Мөн ШУТИС–ийн оюутнуудад сургалтын тэтгэлэг өгөх зэргээр тэдний сурч боловсрох орчныг улам сайжруулахад анхаарч ажилладаг юм. 

ТРАНСВЕСТ компани нь нийт 250  орчим ажилтантай бөгөөд тэдний 80 орчим хувь нь нарийн мэргэжлийн инженер техникийн мэргэжилтэй. Монгол дахь Комацугийн уул уурхайн болон барилгын  тоног төхөөрөмжийн худалдааны албан ёсны диллер  компани юм.  2010 онд ТРАНСВЕСТ компани нь Оюутолгойд ил уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт ялж, өнөөг хүртэл амжилттай хамтарч ажиллаж байна.

Цаашид тус компанийн хамт олон үндсэн үйл ажиллаандаа анхаарахын сацуу, нийгмийн хариуцлагын хүрээнд үйл ажиллагаа явуулж, нийгмийн эмзэг салбарт дэмжлэг үзүүлж ажиллах юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж