Зургадугаар сарын 11-нд тус орны зүүн хэсгийн Хамген-Намдо мужид үеэр болон байр нь усанд автахад Хан Хен Ген (Han Hyon-Gyong) гэх охин удирдагчдынхаа хөргийг хуйлан гялгар уутанд хийн усны үеэртэй автуулалгүй, гар дээрээ өргөн живж байгаад амиа алджээ.
Сурагч охины бааатарлаг үйлсийг үнэлэн Ким Чен Ирийн нэрэмжит залуусын шагналаар түүнийг нөхөн шагнаж, сургуулийг нь түүний нэрэмжит болгосон байна. Мөн эцэг, эх ба багш нар, ангийнханд нь шагнал олгосон байв.
Удирдагчаа тахин шүтэх үзэл олон жил ноёрхож байгаа Хойд Солонгост эрх баригчдынх нь хөрөг бурхан мэт шүтэгддэг. Тэдний зургийг өлгөөгүй албан газар, айл гэр Хойд Солонгост байхгүй ажээ. Мөн тэдний зураг хөргийг аварсан тухай мэдээлэл орон нутгийн хэвлэлээр цөөнгүй үзэгдэнэ.
Хойд Солонгосын удирдагчдын хөргийг тойрсон дуулиан жилийн өмнө Өмнөд Солонгост гарч байлаа. Өмнөдийн цэргийнхэн Кимиийн отгийн хөргүүдийг бай болгон сургуулилалт хийдэг байжээ. Енпхендо арлыг Хойд Солонгос буудан дөрвөн хүний амийг хөнөөсний дараа тэр хэрэг мандсан байв. Эхлээд цэргийн ангиуд хээрийн сургуулиа хэрхэн хийх нь тэдний хэрэг гэж байснаа сүүлд нь Кимүүдийн зургийг бай болгон ашиглахыг нь хоригложээ.