Тавантолгойд хот байгуулъя

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Тавантолгойд хот байгуулъя

“Тавантолгой” гэдэг дэлхийн жишигт хүрсэн хот байгуулагдах ёстой

УИХ-ын гишүүн Д.Загджавтай ярилцлаа

-Тавантолгойн ордын  Цанхийн баруун хэсэгт ажиллах стратегийн хөрөнгө оруулагчтай  гэрээ байгуулах асуудлыг хаврын чуулган эхлэнгүүт оруулахаар төлөвлөж байгаа юм байна.  Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

– Миний байр суурь тодорхой. Эхлээд “ Таван толгой ”хэмээх Монгол улсын орчин үеийн олон улсын жишигт хүрсэн шинэ хотыг хөрөнгө оруулагчидтай хамтран байгуулах хэрэгтэй. Үүгээр ажлаа эхлүүлж, баялгийг олборлох, боловсруулах, ашиглах, хувь хишгийг нь олон түмэнд жигд хүртээмжтэй хүргэхийг Монгол улсын Засгийн газар зохион байгуулах ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг хурдасгах, ард түмний амьжиргааг сайжруулахад уул уурхайн салбарын хөгжил чухал үүрэгтэй гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Оюу Толгой, Таван толгойн ордыг ашиглах, эдийн засгийн эргэлтэнд оруулахтай миний хувьд санал нэг байгаа. Өнөө маргаашаа аргацааж ирэх сонгуулиар оноо авах гэж хөнгөн хуумгай хандах биш  маргаашаа, хойч ирээдүйгээ бодож хэтийг харсан бодлого боловсруулах нь чухал байна.    Өмнө нь Оюутолгойн гэрээг  ТЭЗҮ нь хийгдэж дуусаагүй байхад , Канадын “Айвенхоу майнз”-тай биш охин компанитай  нь гэрээ  байгуулсан гашуун туршлага бий. Хэрэв Ашигт малтмалын хуулинд орсон, зөвхөн Монголд татвар төлдөг, тусгай зөвшөөрлийг эзэмшдэг хуулийн этгээдтэй гэрээ хийнэ гэсэн алдаатай заалтыг засаад дараа нь толгой компанитай гэрээ байгуулж хувьцаа хөрвөх асуудлыг тусгасан бол монголчууд Оюутолгойд оруулах хөрөнгөө олчихсон байх байлаа. Канадын “Айвенхоу майнз” компани Монголын Засгийн газартай  Оюу толгойн гэрээ байгуулангуут  хувьцааны ханш нь огцом өсч одоогоор таван тэрбум ам.доллар босгосон гэсэн мэдээлэл бий. Үүнээс нэг ч центийг монголчууд авч чадаагүй.  Тиймээс   Тавантолгойн асуудлыг яаран шийдэхээсээ  хэрхэн ашиглабал улс оронд, ард иргэдэд маань ашигтай вэ гэж ул суурьтай хандах  шаардлагатай байгаа юм. Одоогийн хувилбараас илүү ашигтайгаар ашиглах боломж байгаа ч түүнийг хайхрахгүй байна.Тухайлбал, Таван Толгойд түшиглээд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцаа гаргана гэж яараад байна. Тусгай зөвшөөрлийг нэгэнт эзэмшиж байгаа юм чинь бага хэмжээний хөрөнгө зээлээд ч болтугай босгоод үйл ажиллагаагаа эхлүүлээд дараа нь хувьцаа гаргавал үнэ цэнэд хүрнэ. Ухаа худаг дээр гэхэд эхэлж үйл ажиллагаа эхлүүлээд дараа нь олон улсын хөрөнгө бирж дээр хувьцаа гаргахад амжилтанд хүрлээ. Тэр туршлагыг л хэрэгжүүлэх хэрэгтэй. Яагаад алгуурлаад байгааг ойлгохгүй байна. Уг орд газраас хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх өөр арга хувилбар ч бий.

-Ямар хувилбар байгаа гэж?   

– Ер нь дэлхий дээр ашигт малтмалаа хамгийн үр дүнтэйгээр ашиглах хувилбар нь  бүтээгдэхүүн хуваах зарчим юм билээ.  Гэвч энэ зарчмаар газрын дорхи баялгаа ашиглахын тулд хууль эрх зүйн орчныг нь  бүрдүүлэх шаардлагатай болно.Манайд болохоор энэ зарчмыг зөвхөн газрын  тосны салбарт учир дутагдалтай байдлаар хэрэглэж байна.

-Ийм зарчмаар ашигт малтмалаа ашиглаж байгаа ямар орон байна вэ?

-Ийм зарчмаар ашигт малтмалаа ашиглаж байгаа Ази, Африк, Латин Америк, Европын олон улс орнууд байгаа. Уул уурхай, газрын тос, байгалийн хийн болон машины үйлдвэрлэлийн салбарт бүтээгдэхүүн хуваах зарчмыг хэрэглэж байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээг анх 1966 онд Индонез улсад үзэглэж, Засгийн газар нь 50 хувийг нь эзэмшиж байжээ. Одоогийн байдлаар Хятад, Индонез, Хойд Солонгос, Филлипин, Судан, Ливи, Оман, Катар, Энэтхэг, Бахрейн, Бразил, Малайз, Египет, Бангладеш, АНУ, Канад, Голланд, Англи, Ирак, Чили, Аргентин,Перу, ОХУ,Нигер зэрэг улс орнуудад ашигтай хэлбэрээр гэрээ байгуулж энэ зарчмаар ажиллаж байна.  БНХАУ л гэхэд арван жилийн өмнө Бүтээгдэхүүн хуваах гэрээний тухай хууль батласан. 16 жилийн өмнө буюу 1995 онд ОХУ ийм хууль баталж мөрдөх  болсон. Дэлхийн улстөр, эдийн засгийн амьдралд хүчтэй нөлөөтэй  хөрш хоёр гүрэн энэ зарчмаар ашигт малтмалаа ашиглаж үр өгөөжийг нь хүртэж байна. Ийм хүчирхэг хөршүүдтэй Монгол Улс өнөөдрийг хүртэл илүү ашигтай энэ зарчмыг судалж, хэрэгжүүлэх гэж оролдсон ч үгүй.  Ер нь хамгийн түрүүнд Бүтээгдэхүүн хуваах гэрээний тухай хуулийг батлах хэрэгтэй.  Тавантолгойн ордыг, дараагаар нь стратегийн ордууд, газрын тосны үйлдвэрлэлийг  энэ зарчмаар ашиглабал  илүү ашиг олж болох боломжтой.  Жишээ нь:  Таван толгойн ордын  лицензээ монголын төр  100 хувь  эзэмшиж байгаа.  Тухайн орд газраас ажиглаж болох нөөц, олборлох зардал, бүтээгдэхүүний үнэ, олж болох ашиг гээд техник эдийн засгийн үндэслэл нь үндсэндээ хийгдсэн манай улсад ямар ч эрсдэл байхгүй. Бараг Засгийн газар хоорондын бүтээгдэхүүн хуваах олон улсын гэрээг манайд анх удаа байгуулах боломж ч бий. Иймд эхний ээлжинд эрх зүйн зохицуулалт хийж, тухайн ордыг  бүтээгдэхүүн хуваах гэрээний тухай хуульд зааснаараа 50 хувийг нь төр мэдэлдээ аваад, тодорхой хувийг нь олон улсын зах зээл дээр хувьцаа  арилжаалж хөрөнгө босгож ч болно. Үлдсэн 50 хувьд нь гадаадын  хөрөнгө оруулагчидтай  бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах хосолмол илүү ашигтай вариант ч байна. 

– Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэж юуг хэлж байна вэ

-Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэдэг нь үндэстэн дамжсан нэр хүнд бүхий компани тухайн орны Засгийн газар хоорондын хамтран хөрөнгө оруулж нийт нөөц баялгийг олборлон ашиглаж борлуулан хамтын  хяналтын үндсэн дээр цэвэр ашгаа талууд хуваан хүртэх үйл ажиллагаа юм.  Тухайлбал Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр   гүйцэтгэгч нь хайгуултай холбоотой бүх эрсдлээс гадна хөгжил дэвшил, бүтээгдэхүүнийн олборлолт,  үйлдвэрлэл, борлуулалтын бүх зардлыг бүрэн хэмжээгээр хариуцан талууд лох ашгийг тодорхой хувь хэмжээгээр харилцан хүртдэг Концесийн гэрээний хэлбэр юм. Энэ нь манай улсад ямарч эрсдэл байхгүй, бид өөрт ногдох  цэвэр ашгаа шууд хүртэнэ гэсэн үг юм. Гэрээний үргэлжлэх хугацаа дундажаар 25-40 жил  байдаг.

-Зүүн баян, Тамсагын сав  газарт газрын тос олборлож байгаа компаниудтай бүтээгдэхүүн хуваах зарчмаар гэрээ байгуулж ажиллаж байгаа шүү дээ?

– Уг нь гэрээтэй. Гэвч одоо мөрдөж байгаа бүтээгдэхүүн хуваах гэрээ нь  манай улсад ашиг багатайгаар хийгдсэн юм билээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулахдаа бид бүхэнд тухайн үед туршлага байгаагүй ээ. Зах зээлийн, эрх зүйн, эдийн засгийн энэ чиглэлийн орчин манайд бүрдээгүй байсан. Нөгөөтэйгүүр тэнд хэдий хэмжээний газрын тосны нөөц байгааг мэдэх боломжгүй төдийгүй санхүүгийн эх үүсвэр байхгүй үедээ бид бүтээгдэхүүн хуваах гэрээг хэрэглэсэн юм. Гадаадын зарим компаниуд зардлаа зохиомлоор өсгөн харагдуулж олж буй цэвэр ашгаа нуун дарагдуулж үүнийг нь хөндлөнгийн аудит хийж байгаа гадаадын аудитын компаниуд санхүүгийн тайланг нь баталгаажуулсан гэх байдлаар хаацайлсаар өдийг хүрлээ. Зөвхөн газрын тосны салбарт гэхэд эдгээр компаниуд импортын болон худалдааны, нэмүү өртөг, онцгой албан татвараас одоог хүртэл бүрэн хэмжээгээр чөлөөлөгдсөөр байна. Гэтэл Монгол хүн, Монголын аж ахуй бизнес эрхлэгчид татварын энэ ачааллыг нуруундаа үүрсээр яваа шүү дээ. Иймд эрх зүйн орчныг нь бүрдүүлэх хэрэгтэй байна.  

 -Хууль санаачлан боловсруулж өргөн барих дархан эрх нь УИХ-ын гишүүдэд бий. Та Бүтээгдэхүүн хуваах гэрээний тухай хуулийг санаачлах уу?

-Тийм бодол байгаа. Одоогоор судлагаа хийж байна.

-Эрүүгийн тухай хуульд шинэчилсэн найруулга хийх төслийг өргөн барьсан 12 гишүүний нэг нь та. Энэ хуулийн төслийг  Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд  буцаахаар шийдсэн. Үүнийг хаврын чуулган эхлэхээр оруулж  хэлэлцэх эсэхийг нь  шийдэх байх?

-Эрүүгийн хуульд шинэчилсэн найруулга хийх  хуулийн төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хэлэлцээд  дэмжээгүй байна лээ. Хууль санаачлагчдыг  оролцуулж, байр сууриа  илэрхийлэх боломж олгоогүйгээс гадна хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийнхний үгийг ч сонсоогүй. Уг нь энэ хуулийн төслийг  одоогийн мөрдөж байгаа Эрүүгийн хуультай харьцуулан уншиж үзсэн хүн  үнэхээр өөрчлөлт оруулахаас аргагүй болжээ гэж хүлээн зөвшөөрнө гэж бодож байна.  Одоогийн Эрүүгийн хууль хэт хатуу. Нийгэмд хор аюул багатай,  хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнийг  олон жил  шоронд хорьж байснаас учруулсан хохирлыг нь төлүүлэх, албадан хөдөлмөр эрхлүүлэх, хүмүүсийн  дунд хүмүүжүүлэх гээд өөр олон арга зам бий. Уг нь хүн үйлдсэн хэрэг, нийгэмд учруулсан хор хөнөөлийнхөө хэмжээнд тохирсон ял эдлэх ёстой.  Ялыг ялгамжтай оногдуулах зарчим д  тулгуурлан  нэлээд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөлд тусгасан байгаа. Энэ хуулийн төслийг  боловсруулах  ажлын хэсгийг Монгол Улсын нэртэй хуульч, академич, миний багш С.Нарангэрэл ахалж ажилласан юм.

-Казиногийн тухай хуулийн төслийг МАН-ын бүлэг  дэмжээгүй гэл үү?

-Буруу ойлгосон байна. МАН-ын бүлэг дэмжээгүй унагасан юм биш дараа хэлэлцье гээд хойшлуулсан юм.  Энэ хуулийн төслийг олон гишүүд дэмжих нь зүйтэй гэж саналаа хэлэхэд   бүлгийн дарга Д.Лүндээжанцан  санал хураалгаагүй.   Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлэх, ажлын байр олноор бий болгох эх үүсвэр хэрэгтэй байгаа. Үүний нэг нь аялал жуулчлалын салбар.  Тэр дундаа казино тоглоомын үйлдвэрлэл гэдгийг гишүүдийн олонхи ойлгодог болсон байна лээ. Тиймээс энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалгасан бол дэмжлэг авахаар байсан юм.  Гэхдээ ирэх хаврын чуулганаар хэлэлцэх байх.  Олон улс орон казиногийн  тоглоомын үйлдвэрлэлийг хөгжүүлж, орлого олж, улс орныхоо  хөгжлийг түргэтгэж байна. Өнгөрсөн жил Макаогийн казино 17 орчим тэрбум ам.долларын орлого олсон. Сингапурын казино жил гаруй хугацаанд олон арван тэрбум ам. долларын ашигтай ажилласан гэсэн. Казиногийн бизнес нь олон салбарыг дагаж хөгжүүлдэг. Зам, тээвэр, холбоо хөгжиж,  барилга байгууламж  шинээр баригдана. Мөн  хөнгөн үйлдвэрлэл, зочид буудал, ресторан гээд төрөл бүрийн  үйлчилгээ  үзүүлэх газрууд  нээгдэж тэр хэрээр олон иргэн ажилтай, тогтмол орлоготой болдог.  Өнөөдөр Улаанбаатар хот  хогондоо, утаандаа  дарагдаж, оршин сууж байгаа иргэдийн дийлэнх нь ажилгүй, ядуу амьдарч   байгаа.  Яагаад Сингапур, Макао шиг олон улсын жишигт хүрсэн казино байгуулан  мөнгө олж болохгүй гэж. Тийм биз дээ.

-Монгол Улсын төсвийн бодлогод  томоохон шинэчлэл хийхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталж, саяхан Төсвийн тухай хуулийн төслийг өргөн барьлаа. Жил бүр  төсвийг 12 дугаар сарын 1-нээс өмнө баталж дагалдуулан олон хуульд нэмэлт оруулдгаас гадна жилээр нь төлөвлөж чадаагүйгээс  хавар тодотгол хийдэг жишиг тогтоод байна. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Жил бүр улсын төсвийг  төлөвлөх, төсвийн орлогыг хэрхэн бүрдүүлэх тухай хэлэлцэж   баталдаг. Төсвийн орлогыг бүрдүүлэхийн тулд юм л бол  төрийн байгууллагын  зардал санхүүжилтийг танах, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын хэмжээг багасгах, татвар төлдөг аж ахуйн нэгжүүддээ дарамт учруулж татвараа өсгөдөг болчихож. Уг нь  төсвөө  бүрдүүлэх арга хэлбэрээ өөрчилж, дотоод нөөц бололцоогоо ашиглабал илүү үр дүнд хүрэх бололцоотой.

-Ямар боломж байгаа юм бэ?

-Байгалийн баялаг ашигласны татварыг олон улсын жишигт нийцүүлэх, эхний ээлжинд 30 -хувиас доошгүй хувиар тогтоож, мөрдүүлэх шаардлагатай. Энэ нь төсвийн орлогыг бүрдүүлэх том эх үүсвэр болно. Мөн Бүтээгдэхүүн хуваах гэрээний тухай хуулийг баталж, Монгол орноос гадаад оронд экспортлож байгаа мянга мянган тонн нүүрс, төмрийн хүдэр, зэс, алт, газрын ховор элементүүд зэрэг уул уурхайн бүх бүтээгдэхүүнүүд, ямааны түүхий ноолуур, сая сая баррель нефтийн бүтээгдэхүүнүүдэд экспортын татвар ногдуулах шаардлагатай болж байгаа юм. Өнөөдөр манай орны гадаад худалдааны баланс эерэг үзүүлэлттэй цаашдаа ч энэ үзүүлэлт өсөж тогтворжих хандлагатай байгаа.  УИХ  бүтээгдэхүүний экспортын татварын хуулийг нэн даруй батлан гаргах  шаардлагатай байгаа юм. Мөн түүнчлэн  татварыг ямар нэгэн хэмжээгээр нэмэгдүүлэх биш, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухайд 50  хувиар бууруулах, банкны бодлогын хүүг багасгаж,урт хугацаатай, бага хүүтэй үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг дэмжсэн зээлийн системийг нэвтрүүлж, үнэт цаас хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг идэвхижүүлэх шаардлагатай байгаа юм. Экспортын бүтцийг сайжруулж боловсруулах үйлдвэрлэлийг дэмжихэд төрийн бодлогыг чиглүүлэхэд анхаарах хэрэгтэй байна.  Өөрийн орны болон гадаадын хөрөнгө оруулагчдын сул чөлөөтэй хөрөнгийг  эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр татаж зам, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, эрчим хүчний станц, үйлдвэр, завод  бариулах нийтийн тээвэр, галт тэрэг, нисэх онгоцны үйлчилгээгээ сайжруулах боломж бий. Стратегийн ордуудыг ашиглалтад оруулахдаа Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж ашиглах, тухайн гэрээндээ гарын үсэг зурсны бонус гэж урьдчилгаа төлбөр авч болох юм. Тавантолгойн ордыг ашиглах  гэрээнд гарын үсэг зурсны бонус болгож нэг тэрбум ам.долларын урьдчилгаа төлбөр авъя гэвэл хөрөнгө оруулагчид үгүй гэхгүй л байх.  Казиногийн тоглоомын үйлдвэрлэлийг эрхлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлж лицензийн урьдчтлгаа төлбөрт тэрбум хүртэл ам.доллар авах боломж ч байна. Үүгээр зогсохгүй үйл ажиллагаанаас нь өдөр бүр ашиг хүртээд явах  болно. Багцалж хэлбэл бид юугаа ч алдахгүйгээр мөнгөн үйлдвэрлэн капитал бий болгох аварга том машинтай болох юм. Олон улсын хөрөнгийн зах зээл дээр мөнгө босгон бүтээн байгуулалт, үйлдвэрлэл хөгжүүлэхэд  түлхүү анхаарвал эргээд төсвийг тэтгэх том эх үүсвэрүүд бий болно. Ийм боломжуудыг ашиглаад 2011 оны Төсвийн тухай хуулийг батлах бололцоо байсан ч нөгөө л  хуучин арга барилаар хандаж  баталсан.   Байгаа тойргоосоо гарч сэтгэхгүй дороо эргэлдээд  ёс юм шиг  жил бүр төсөв батлахдаа  олон хууль, журмыг өөрчлөөд  ч байдал дээрдэхгүй. Харин байс хийгээд хуульдаа гар дүрэх нь  өчигдөр хийснээ өнөөдөр, өнөөдөр хийснээ маргааш нь өөрчилж л байгаа хэрэг.

-Та бүхэн л төрийн бодлогыг тодорхойлж, хууль баталж байгаа биз дээ?

Тиймээ бид бүхэн төрийн бодлогыг тодорхойлж хууль батлах ерөнхий чиг үүрэгтэй. Гэхдээ ганцаарчилсан тоглолт байдаггүй. Асуудлыг Улсын Их Хурал дахь намын бүлгүүд урьдчилан хэлэлцээд хамтын шийдвэр гаргадаг. Түүнийгээ тухайн намын гишүүн хэн ч байсан дагаж биелүүлэх үүрэгтэй. Тиймээс УИХ-ын нэгдсэн чуулган болон байнгын хорооны  хуралдаан дээр асуулт асуух, санал гаргах ямар ч шаардлагагүй учир дутагдалтай тал бий. УИХ-д олонхи суудал авсан МАН, АН-ын  удирдлага намын  бүлэгтээ чиглэл өгнө. Намын бүлэг нь түүнийг үг дуугүй биелүүл гэж гишүүддээ тулган шаарддаг. Намын санал болгож байгаа зүйлээс зөрвөл бүлгээс хөөж тууна гэх жишээтэй. Нэгэнт чиглэл өгөгдсөн, түүнийг биелүүлэх нь дамжиггүй болсон үед чуулганы хуралдаан дээр асууж шалгаагаад, эсэргүүцээд ч байхын хэрэггүй.  Тухайн асуудал ингэж шийдэнэ гэж урьдчилан тохирч, хайрцаглагдсан учир асуугаад шүүмжилсэн дүр эсгээд жүжиглээд байх нь утгагүй гэж боддог.

-УИХ баталсан зарим хуулиа сар ч бололгүй өөрчлөх юм. Сайтар боловсруулдаггүй юм уу?

-УИХ гаргасан хуулиа батлаад сар бололгүй өөрчлөлт оруулах тохиолдол байдаг. Оюу толгойн гэрээ байгуулах болонгуут хөрөнгө оруулагчдад тал засан, тэдний эрх ашигт нийцүүлэхээр Усны тухай болон хүмүүсийн ярьж заншсан гэнэтийн ашгийн  68 хувийн татварын зэрэг дөрвөн ч хуульд өөрчлөлт оруулсан. Гадны нэг компани   хүссэнээрээ  л Монголын хуулийг өөрчлүүлдэг байж болох уу. Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг 2011 оны нэгдүгээр сарын нэгнээс мөрдөхөөр болж оронд  нь Өсөн нэмэгдэх шатлалтай нөөцийн төлбөрийг авахаар хууль гаргасан ч хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан гээд Оюутолгой ХХК-д  үйлчлэхгүй байх жишээтэй.  Жишээлбэл, Хойд Америк, Канадад уул уурхайн салбарын туслах ажилтны сарын дундаж цалин 6000 ам.доллар, инженер техникийн ажилтнуудын сарын дундаж цалин 20000 ам.доллараас дээш  байдаг.  Монголд “Оюу Толгой”- ХХК-ний гадаадын инженер техникийн ажилтнуудын авч байгаа цалинг задалж хэлбэл ахлах инженерийн сарын дундаж цалин 60000 ам.доллар, инженер мэргэжилтний сарын дундаж цалин 30000 ам.доллар байна. Харин дээрх мэргэжилтнүүдийн цалингаас яагаад татвар авдаггүй юм бол?  Монголд маш хямд өртгөөр олборлолт хийгээд бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн үнээр худалдаж байж Монгол ажилчинд хямд цалин өгөх учиргүй. Монгол ажилтнуудын цалин гадаад ажилтнуудаас хэдэн арав дахин бага байгаа нь үнэн шүү дээ. Монгол хүний цалинг хамгийн багаар бодоход 2000 ам.доллараас доош оруулж хэрхэвч болохгүй.

Өнөөдөр зөвхөн хуулийг хэрэгжиж эхлэх хугацааг нь зааж баталж байгааг өөрчилж энэ хууль хэдий хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх учиртайг өөрөөр хэлбэл хууль хэдэн оны, хэдэн сарын, хэдэн хүртэл тогтвортой хэрэгжих цаг хугацааны баталгаат дархлааг бий болгох шаардлагатай байна.  Ингэж байж улс орны улс төр, нийгэм эдийн засаг ард түмний амьдралын баталгааг тогтвортой болгох орчинг бүрдүүлэх юм. Хуулийг боловсруулахдаа алс холын Америк, Европ, Африк, Арлын орнуудын туршлага судлаж түүн дээр тулгуурлах биш ажил амьдралын холбоотой уламжлалт түүхэн харилцаатай хөрш зэргэлдээ хүчирхэг хоёр ард түмний  ололт амжилтан дээр суурилсан эрх зүйн орчинг судлаж тулгуурлах нь илүү оновчтой болов уу гэж боддог. Айлаас эрэхээр авдраасаа эр гэж манай ард түмний сайхан үг байдаг шүү дээ. Цаашид УИХ-аас батлан гаргаж байгаа хууль болгоноо 2030 он хүртэл гэдэг ч юм уу хугацаа зааж өгдөг болмоор байгаа юм. Хугацаа зааж өгснөөр бизнесийн орчин тогтвортой байж нийгэм, эдийн засгийн амьдралд  нөлөөлж иргэд аюулгүй орчинд аж төрөх нөхцөл бүрдэнэ. Хэрэв Монголын хууль эрх зүйн орчин тогтвортой бол хэн ч гэсэн хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ тийм хэмжээний татвар төлнө, ашгийг нь тэгнэ гээд тодорхой төсөвлөн төлөвлөнө. Гэтэл  ийм тогтвортой орчин манай улсад бүрдэхгүй байна.  УИХ дээр өдөр болгон хэрэгтэй, хэрэггүй хууль засах үйл ажиллагаа явагдаж байна шүү дээ. 

-Давж заалдах шатны шүүх байгуулах эсэхээр санал хураахад та эсрэг санал өгч шүүмжлэлтэй хандаж байсан. Ямар үндэслэлээр  байгуулах шаардлагагүй гэж үзсэн юм бэ?

-Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн нэгдэх хэсэгт Монгол Улсын иргэн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж заасан. Мөн Шүүхийн тухай хуулийн 8.8.1-д Монгол Улсад хүн бүр үндэс угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллага өмчийн хэлбэрийг ялгаварлалгүйгээр шүүхийн өмнө эрх тэгш байна гэж  заасан байдаг. Захиргааны хэргийн тухайд Давж заалдах шатны шүүх байгуулж байгаа нь дээрх хоёр хуулийн заалтыг зөрчиж байна. Эрүү, иргэний хэрэгт шийтгэгдэж байгаа иргэд албан тушаал, шашин шүтлэг гээд олон зүйлээс үл хамаараад анхан, давж заалдах, дээд  шатны шүүхээр шүүн таслуулдаг. Гэтэл  Захиргааны хэргээр шүүгдэгч, захиргааны хэргийн субьектыг шүүн таслах үйл ажиллагааг анхан шатны шүүхээр явуулахгүй, яагаад тусад нь   салгах ёстой гэж.  Энэ нь хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчиж байгаа хэрэг. Шүүхийн тухай хуульд Шүүхийн үндсэн тогтолцоо нь Монгол Улсын Дээд шүүх, аймаг, нийслэл, сум дундын болон дүүргийн шүүхээс бүрдэнэ гэж  заасан байдаг. Мөн Үндсэн хуулийн 48 дугаар зүйлд ч ийм заалт бий.  Дагнасан шүүх байгуулж болох ч  шүүхийнхээ бүтцийг, хүний эрхийг  зөрчиж болохгүй биз дээ. Улсын дээд шүүх давж заалдах шатны болон хяналтын гэсэн хоёр чиг үүргийг хэрэгжүүлж байгаа. Улсын дээд шүүхэд давж заалдах функц байсаар байтал Дээд  шүүх дотор байгаа Захиргааны танхимыг давж заалдах шүүх болгох нь буруу гэж бодож  байна. Зүй нь бол давж заалдах шатны шүүх байгуулж байна гэж орон тоо, цалин хөлс, барилга байшин, төсөв санхүүжилт гэж зардал чирэгдэл болохгүйгээр сум дундын болон дүүргийн шүүхүүдэд захиргааны хэргийг анхан шатаар таслан шийдвэрлэх эрх олгож, үүрэг бий болгоод  аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах шатаар таслан шийдвэрлээд Улсын Дээд Шүүх хянан хэлэлцээд таслан шийдвэрлээд явах учиртай.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр МАХН-ыг байгуулахаар болж бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандаад байна. Энэ нь МАН-ын удирдлагад хүндээр тусч байгаа бололтой. Энэ нэрийг авах боломжгүй гээд хуульч гишүүдээрээ тайлбар хийлгээд хэвлэлээр цацаж байна?

-МАХН ээлжит их хурлаа хийж, Монгол ардын нам гэсэн уугуул нэрийг сэргээсэн. Олуулаа ярилцаж байж гаргасан шийдвэрийг хамтаараа дагаж мөрдөх нь  ардчиллын зарчим. Улсын дээд шүүхэд бүртгүүлэхдээ МАН нь МАХН-ын уугуул нэр, өөр аль нэг улстөрийн хүчин ашиглах ёсгүй гээд МАХН, МАН гэсэн нэрийг  баталгаажуулсан. Тиймээс авч ашиглах боломжгүй гэж бодож байна.

-МАХН-ыг  байгуулах үйл явцыг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Н.Энхбаяр дарга 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшиж, Монгол Улсын гурав дах Ерөнхийлөгч болсон. Сонгогдсоноосоо хойш бүрэн эрхийн хугацаанд намын харьяаллаас түдгэлзэж бүх ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч болдог.Энэ дөрвөн жилийн хугацаанд Н.Энхбаяр дарга аль нэг намын гишүүн биш байсан. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусны дараа МАХН-ын гишүүнчлэлээ сэргээж байгаа тухай сонин хэвлэлээс уншиж байсан. МАХН-ын гишүүн байсан хүмүүс онц их хурал зохион байгуулаад  даргаараа Н.Энхбаярыг сонгосныг хүн бүр л мэдэж байгаа. Энд нэг ярвигтай зүйл байгаа юм. Хуучин МАХН буюу одоогийн МАН-ын их хурлаар буюу төлөөллөө болгож сонгосон 800 гаруй төлөөлөгчийн олонхиор шийдсэн  шийдвэрийг үл ойшоож бид МАН-д ороогүй ээ, батлахыг нь аваагүй,  тусдаа МАХН-аа байгууллаа гээд яриад яваад байгаа. Энэ хүмүүсийг боль гэж  хэлэхэд хэцүү л дээ. Гэхдээ  аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хорооныхон  ингэж зүтгэх болсон гишүүдтэйгээ уулзаж  тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй байгаа юм. Манай нам 170 гаруй мянган гишүүнтэй. Үүний 90 гаруй хувь нь МАН-ынхаа батлахыг авсан байна лээ. Тэгэхээр 20 мянга орчим хүн МАН-д орохгүй  үлдэж, МАХН –аа байгуулж байгаа гэдэг нь  ташаа мэдээлэл гэж бодож байна.

-Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Ц.Батбаяр нартай хамт Н.Энхбаярын байгуулсан МАХН-д  орж магадгүй гишүүдийн   нэг нь   таныг гэдэг юм билээ. Ц.Шинэбаяр гишүүнийг оруулбал УИХ-д  7 гишүүнтэй МАХН-ын бүлэг мэндэлж болох юм?

-МАН нь түүхийн тодорхой хугацаанд л МАХН гэсэн нэрээр үйл  ажиллагаа явуулж, улс орныг чиглүүлж байсан. Энэ нэрийг хэн нэгэн дураараа авч ашиглаж болохгүй байлгүй дээ. Уг нь Ц.Шинэбаяр  2008 онд МАХН буюу одоогийн МАН-аас Дорнод аймагт нэр дэвшин сонгогдож УИХ-ын гишүүн болсон. Гэхдээ сонголтоо хийгээд МАН-ын бүлгээс гарсан. Энэ хүнээс бусад нь  МАН-даа байгаа гэж бодож байна. МАН-ын бүлэг гэж байхад өөр бүлэг байгуулах боломжгүй.

-Харилцан илэн далангүй ярилцлага өгсөн танд баярлалаа,

-Танд ажлын өндөр амжилт хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж