Оюутолгойн хувьцааг хэрхэн арилжих вэ?

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Оюутолгойн хувьцааг хэрхэн арилжих вэ?

Монголын хөрөнгийн бирж Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтарч ажиллах стратегийн түншлэлийн гэрээг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-нд үзэглэсэн. Харин нарийвчилсан ажлыг тусгасан мастер төлөвлөгөө бүхий гэрээг ирэх сарын 20-нд багтаан байгуулахаар гэрээний төсөл дээр ажиллаж байна хэмээн Монголын хөрөнгийн биржийн захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Алтай өнгөрсөн баасан гаригт болсон уулзалтаар мэдэгдлээ. Энэхүү уулзалтад УИХ-ын дарга Д.Дэмбэрэл болон УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, МХБ-ийн ТУЗ-ийн дарга Б.Болд,  ҮЦТТТХТ-ийн Гүйцэтгэх захирал Т.Гандулам нарын албан тушаалтнууд оролцож цаг үеийн байдлыг танилцуулсан юм. Лондонгийн хөрөнгийн бирж Монголын хөрөнгийн биржийн менежментийг авснаар Монголын хөрөнгийн захыг хөгжүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд зөвлөгөө өгч, арилжааны системийг шинэчилж, боловсон хүчнийг бэлтгэх юм. Энэ бүх зардалд нийтдээ 15 сая ам.доллар Монголын талаас төлөх ба энэ мөнгийг хаанаас гаргах нь одоогоор тодорхойгүй байгаа юм  байна.
Одоогийн байдлаар Монголын хөрөнгийн биржид 336 компани бүртгэлтэй байна. Тэдний ихэнх нь идэвхгүй төрийн өмчит компаниуд. Тодруулбал хөрөнгийн бирж дээр 2,8 сая ширхэг хувьцаа байгаагийн 1,8 сая ширхэг нь төрийн өмчит компанийнх юм байна. Харин Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд 475 мянган иргэн данстай байна. Өөрөөр хэлбэл, монголын гурван хүн тутмын нэг нь үнэт цаасны данс эзэмшдэг гэсэн үг юм. Тэгвэл тэдний 100 мянга орчим нь жилийн эцэст ногдол ашиг хүртдэг байна.

Монголын төр Тавантолгой ордыг ашиглаж, үүнийхээ хувьцааг иргэддээ нэг удаа үнэ төлбөргүй эзэмшүүлэх тухай шийдвэр гаргагчид ид ярилцаж байгаа. Зөвхөн иргэд ч биш, аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдах давуу эрхийг олгож буй. Энэ ажлыг хөрөнгийн бирж болон Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв /ҮЦТТТХТ/ гардан гүйцэтгэх байгаа. Спикер хөрөнгийн биржид зочилж, ажлын уулзалт хийхдээ дээрх ажлын бэлтгэл хэр хангагдаж байгааг сонирхлоо. Түүний асуултад ҮЦТТТХТ-ийн гүйцэтгэх захирал Т.Гандулам:

-Улсын бүртгэлийн ерөнхий газраас насанд хүрсэн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан 1,5 сая иргэний мэдээллийг хүлээн аван “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшүүлэхэд бэлэн болоод байна. Эдгээр иргэдэд эхний ээлжинд автоматаар хувьцааны бичилт хийгдэх юм хэмээн хариулав.

Иргэд нэгэнт хувьцаа эзэмших юм чинь гэсэн бодлоор брокер, дилерийн компаниар дамжуулан үнэт цаасны данс нээлгэх болсон нь ихэсчээ. Харин “Эрдэнэс тавантолгойн”-н хувьцааг тараангуут энэ дансыг ашиглах боломжгүй гэдгийг Төрийн хорооны дарга Д.Сугар хэлж байв. Тус хувьцааг хоёр дахь зах зээлд гартал иргэд хувьцаагаа арилжаалах боломжгүй учраас одоогийн нээлгэж буй данс ашиглах хүртэл нэлээд хугацаа шаардагдах ажээ. Мөн түүний ярьснаар нэг иргэнд 538 ширхэг хувьцаа ногдох ба тус бүрийн нэрлэсэн үнийг Засгийн газар одоо хүртэл тогтоогоогүй байна. Харин Тавантолгойн хувьцаанаас шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр арилжина гэснийг түр хойшлуулж магадгүй юм байна. Өдгөө Монголд үйл ажиллагаа явуулж буй 73 мянга орчим компани бүртгэлтэй. Эдгээрээс 65 орчим хувь компанийн жилийн орлого 10 сая төгрөгт ч хүрдэггүй байна. Тиймээс хувьцаа гаргангуут компаниудын санхүүгийн чадавх сул байгаагийн дээр ахиухан хувьцаа авчих гэсэн том компаниудын ашиг сонирхол хүчтэй өрнөнө гэж албаныхан тооцоолжээ. Тиймээс энэ асуудлыг цэгцэндээ ортол түр хойшлуулах хэрэгтэй байгаа гэнэ.

Уулзалтын үеэр Ашигт малтмалын тухай хууль хэрхэн хэрэгжиж буй УИХ-ын дарга хөндөж асуулаа. Тус хуулийн 5.6-д,”Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина” гэсэн нь Оюутолгой ордын тухайд хэрэгжихгүй байгаа юм байна.

Үүнд тайлбар өгсөн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар:

-“Эрдэнэс Тавантолгойн хувьцааг арилжих тухайд асуудалгүй. Харин бидний шийдэж чадахгүй байгаа нэг асуудал бол Оюутолгойн хувьцаа. Учир нь Монголын талын эзэмшлийн 34 хувь хэрхэх нь тодорхойгүй байна" гэж байсан юм.

Сонирхуулахад, Монголын хөрсөн доорх баялгийг түшиглэн бизнес эрхэлж буй 30 гаруй компани гадаадын бирж дээр хувьцаа гаргасан. Тэд өдгөө Монголын хөрөнгийн биржид бүртгүүлж, хувьцааны арилжаагаа Улаанбаатарт явуулдаг болох хүсэлтээ ирүүлсэн гэнэ. Албаны хүний мэдээлснээр 10 гаруй компани ийм санал ирүүлсэн боловч Монголд үйл ажиллагаа явуулахад хууль эрх зүйн орчин муу болохоор тэдэнд эрсдэл их ажээ. Энэ мэтчилэн хөрөнгийн захад хамааралтай өргөн хүрээг хамарсан халуу яриа өрнөсний эцэст спикер санхүүгийн маш том зах зээл болсон энэ салбарыг хөгжүүлэхэд бүх талаар дэмжихээ амласан. Харин хуулийн төслөө маш сайн боловсруулаад оруулаад ирээрэй гэдгийг нэмж хэлж байв. Одоогийн байдлаар Үнэт цаасны тухай хууль, Компанийн тухай хууль болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл боловсруулагдах шатандаа байна.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй төлөөлөгчдийн баасан гаригийн уулзалт Санхүүгийн зохицуулах хорооны удирдах албан тушаалтан, мэргэжилтнүүдтэй уулзсанаар үргэлжлэв. Тус хороог хэд хэдэн байгууллгын газар, хэлтсийг нийлүүлснээр одоогоос таван жилийн өмнө байгуулж байжээ. Эднийх даатгал, банк бус санхүүгийн байгуулага, хадгаламж зээлийн хоршоо, брокер, дилерийн компани, үнэт цаас гэх мэт арилжааны банкнаас бусад санхүүгийн салбарыг ерөнхийдөө хариуцаж ажилладаг. Уулзалтад хорооны дарга Ц.Баярсайхан, газрын дарга нар оролцож, хууль батлагчдын хүссэн асуултад хариулж өгч байв.
Тэдний мэдэгдэж буйгаар санхүүгийн салбарын арилжааны банк, хөрөнгийн зах 95:5 гэсэн харьцаа таван жилийн дараа 50:50 болно. Цаашид хөрөнгийн зах Монголд хүчээ авч, санхүүгийн зах зээлд эзлэх хувь хэмжээ өсөх хандлагатай байгаа гэнэ. Харин ийм үе ирэхэд арилжааны банкууд үйлчилгээний төрлөө олшруулж, түүний шимтгэлээр амьдардаг болох төлөвийг тэд хэлж байлаа. Одоогийнх шиг иргэдээс өндөр хүүтэй хадгаламж татаад, түүгээрээ арай илүү хүүтэй зээл өгч хүүгий зөрүүнээс ашиг олдог цаг ард үлдэх гэнэ. 

СЗХ сүүлийн үеийн хамгийн том сэдэв болох Хөгжлийн банкинд хяналт тавьж ажиллах юм байна. Энэ тухай асуудлыг ирэх сард багтаан Засгийн газарт өргөн барих гэж байна. Түүнчлэн Монголд анх удаа хариуцлагын даатгалын тогтолцоог бий болгох анхны хуулийн төслийг боловсруулжээ. Энэ нь Жолоочийн хариуцлагын заавал даатгалын тухай хууль юм. Дэлхий нийтэд ийм хуульгүй цорын ганц орон Монгол гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Түүнчлэн олон улсын жишигт хөрөнгийн захын хамгийн том оролцогч нь даатгалын компаниуд гэнэ. Харин Монголын тухайд хараахан ийм эрх зүйн орчин бүрдээгүй байна. Цаашид ийм нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө СЗХ ажиллана гэдгээ хэлж байна. Энэ дашрамд сонирхуулахад Монголд 17 даатгалын компани 138 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна. Тус салбарын нийт хөрөнгө 56,7 тэрбум төгрөг ба үүнээс 83,4 хувь нь эргэлтийн хөрөнгө, 16,6 хувь нь эргэлтийн бус хөрөнгө гэнэ. Харин давхар даатгалын үйлчилгээ явуулдаг компани дотоодод байхгүй байгаа тул компаниуд гадныхныг сонгож байна. Гадны компанид давхар даатгуулснаар жилд 6-7 тэрбум төгрөг гадагшилдаг гэнэ. Тиймээс давхар даатгалын үндэсний компани бий болгох, үүнд төрөөс дэмжлэг үзүүлэхийг тэд хүсч байлаа.

Ингээд үд гэхэд их хурлын даргын санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдалтай танилцах ажил үндсэндээ дуусав. Хууль батлагчдад чадахынхаа хэрээр нөхцөл байдлыг танилцуулсан СЗХ болон МХБ-ийнхэн ч сэтгэл хангалуун үдэж байв.  Учир нь тэд хамгийн том асуудал болох хуулийн төслөө хурдхан батлагдчих байх гэсэн найдлага тээн үлдэж байсан юм.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж