Эдгээрээс хамгийн сонирхол татах, басхүү улс төр цаашдаа шинэчлэгдэх эсэхийг шийдэх асуудал нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл юм. Хаврын чуулганаар уг хуулийг баталж, сонгууль явуулах тогтолцоогоо мажоритараас салгаж чадвал энэ удаагийн УИХ-ын гишүүдийн эрхэм гавъяа бараг тэр болно. Өнгөрсөн намрын чуулганаар Үндсэн хуульд хэрхэн ямар зарчмаар өөрчлөлт оруулах вэ гэдгийг журамлаж хууль баталсан. Харин ирэх хаврын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байна. Үүгээр Монгол Улсын засаг, захиргааны нэгжид тодорхой өөрчлөлт оруулж магадгүй байгаа ажээ. Говьсүмбэр зэрэг хэтэрхий жижиг аймгийг зэргэлдээ аймагт нэгтгэх, хоорондоо 20 хүрэхгүй км зайтай орших сумдыг нийлүүлэх арга хэмжээг түүгээр авах бололтой байна.
Хаврын чуулганаар эдийн засгийн холбогдолтой томоохон шийдвэрүүдийг хэлэлцэх нь ээ. Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлан батлах тухай, Төсвийн хүрээний мэдэгдэл зөвшөөрөх тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, Засгийн газрын бонд гаргах тухай тогтоолын төслүүдийг хэлэлцэн батлах юм. Мөн Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болжээ.
Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаад байна. Энэ хууль нь сэтгүүлчдийн мэдээлэл олж авах эрх, эрх чөлөө, иргэдийн мэдээлэл олж авах эрх, эрх чөлөө гэсэн хоёр салбартай байхаар Засгийн газрын төвшинд орж ирээд байгаа дуулдана.
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн төсөл, Алслагдсан болон говийн бүсийн нэмэгдлийн тухай хуулийн төсөл зэргийг жагсаалтад багтаажээ. Малчид, тариаланчид түүхий эд, бүтээгдэхүүнээ ченжийн гараар оруулалгүй боломжийн үнээр арилжаалах бололцоог эхний хуулийг баталснаар нээж өгөх аж. Харин бүсийн нэмэгдлийн тухай хуулиар алс хязгаар нутагт аж төрдөг иргэд, говийн бүсийнхэнд нэмэгдэл цалин хөлс олгох асуудлыг тусгаж өгөхөөр болжээ.
Газрын харилцаатай холбоотой хэд хэдэн хуулийн төслийг хаврын чулганаар хэлэлцэх гэж байна. Газрын тухай хуулийн төслийг шинэчлэн найруулж, Газрын төлбөрийн тухай, Геодези, зураг зүйн тухай хуулийн төслүүд хэлэлцэх асуудлын жагсаалтад багтжээ. Валютын зохицуулалтын тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, Монгол Улсын төрийн батлан хамгаалах бодлогыг батлах юм байна.
Ирэх долоо хоногт УИХ-ын дарга захирамж гарган, хэлэлцэх асуудлын дарааллыг тогтооно. Түүнээс өмнө байнгын хороод, намын бүлгүүдийн дарга нараас бүрддэг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл дахин хуралдаж жагсаалтад орох хууль, тогтоолын төслүүдийг ямар дарааллаар хэлэлцэхээ шийдэх ажээ.