Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

ИЗН, МНН нэгдэв

ИРГЭНИЙ ЗОРИГ-НОГООН НАМыг байгуулав

Монголын Ногоон нам болон Иргэний Зориг намууд өнгөрөгч бямба гаригт Их хурлаа хийж, хоёр намыг нэгтгэх асуудлыг хэлэлцсэн юм. Монголын Ногоон намын Их хурал 11.00 цагаас эхэлсэн бол ИЗН 14.00 цагаас Их хурлаа хийж аль алиных нь хурлаас намуудыг нэгдлийг дэмжих нь зүйтэй гэх шийдвэр гарав. Улс төрийн намын тухай хуулийн дагуу улс төрийн нам “нэгдэх”, эсвэл “нийлэх” гэсэн хамтран ажиллах сонголт байдаг аж. “Нийлэх” гэ­дэг нь хоёр нам аль аль нь татан буугдаж, шинээр нийлэн Улсын дээд шүүхэд шинэ нам байгуулагдсан талаар бүртгүүлэх учиртай гэнэ. Харин “нэгдэх” гэдэг нь аль нэг нам нөгөө намдаа нэгдэн орж,  шинээр зохион байгуулалтаа хийхийг хэлдэг аж.  МНН, ИЗН нь энэ хоёр аргаас “нэгдэх” аргыг  сонгосон бөгөөд МНН нь ИЗН-д нэгдэж, харин хамтарсан намынхаа даргаар МНН-ын даргыг сонгохоор улс төрийн тохиролцоо хийжээ. Уг тохиролцооны дагуу на­муу­дын хамтарсан хуралдаан дээр Д.Энхбатыг ИЗ-НН-ын намын даргад нэр дэвшүүлж, хуралдаанд оролцсон гишүүд дийлэнх олонхоор баталсан байна. Мөн Тэргүүн дэд даргаар УИХ-ын гишүүн С.Оюун, Дэд даргаар Ерөнхийлөгчийн Байгаль орчны бодлогын зөвлөх Э.Зоригт, Ерөнхий нарийн бичгийн даргаар “Гранд Хаан” компаний захирал Г.Ганхүү, Нарийн бичгийн даргаар хуульч н.Батбаяр, “Нармон” компанийн захирал М.Хүрэлсүх, судлаач н.Энх­заяа, “Тамир Велнэсс” ком­па­нийн захирал н.Өлзийсайхан нар, Хяналтын зөвлөлийн даргаар Мэргэж­­сэн Нягтлан бодогчдийн инс­ти­тутийн захирал Л.Амгалан нарыг сонгосон байна.

О.БУМ-ЯЛАГЧ НАР ЭСЭРГҮҮЦЭЛ ИЛЭРХИЙЛЭВ

Төрийн ордонд МНН, ИЗН-ынхан нэгдэх шийдвэрээ дийлэнх олонхоор дэмжиж байхад ордны гадаа энэхүү шийдвэрийг 100 хувиар эсэргүүцэгчид ч мөн байв. МНН-ыг ИЗН-тай нэгдэхийг эсэргүүцсэн МНН-ын хэсэг гишүүд Төрийн ордны гадна цуглан, эсэргүүцлээ илэрхийлж байлаа. “Монголын ногоон намыг аврах  хөдөлгөөн”-ийг удирдаж буй О.Бум-Ялагч энэ талаараа “Бид өөрсдийн намаа Иргэний Зориг намд нэгтгэчихмээргүй байна. Мон­голын Ногоон намын Их хурал гэх энэ хурал нь албан ёсных биш. Мөн Ногоон намын хуралд Иргэний Зориг намын баахан гишүүдийг оруулаад хуралдуулах гэж байна” гэв. Тэд мөн өөрсдийн үйл ажиллагааг дүрс бичлэгийн хальсанд буулгаж, намын хуралд оролцохоор орж буй гишүүдийг өөрсдийн намын хүн биш байсан гэдгийг сүүлд нь нотлох баримт болгоно хэмээж байлаа. Ордны гадна жагсаж байсан О.Бум-Ялагч тэргүүтэй хүмүүс тэндээсээ Сүхбаатарын талбайд очиж, эсэргүүц­лээ үргэлжлүүлсэн юм.

ИХ ХУРЛЫН “СЮРПРИЗ”-ЭЭР З.АЛТАЙ ТОДРОВ

ИЗ-НН-ын хуралд УИХ-ын гишүүн З.Алтай хүрэлцэн ирж ИЗ-НН-ын дэмжигч гишүүн болсон нь тус өдрийн хуралд оролцогчдод гэнэтийн бэлэг болов. Түүнийг ир­сэнд хуралд оролцогч нийт ги­шүүд талархан алга ташин угтсан юм. З.Алтай гишүүн хурлын төлөөлөгч­дөд хандан хэлсэн үгэндээ  “Би намуудын нэгдлийг дэмжин энд ир­сэн юм. Энэ нэгдлийг би цаг үеийн захиалга гэж харж байна” гэв.  Мөн намын хатуу гишүүнчлэлийг халах санааг дэвшүүлж, намын батлах авч элсээгүй боловч үйл ажиллагаа, үзэл баримтлалыг нь дэмжин оролцдог хүмүүсийг “Дэмжигч гишүүн” гэсэн шинэ статустай болгох санаачилгыг нь дэмжин, тус намын анхны “Дэмжигч гишүүн” болж байгаагаа зарлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж