Улс төрийн тэргүүлэх хүчний зорилтууд

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Улс төрийн тэргүүлэх хүчний зорилтууд

Журмын олон нөхөд өө! Элэг нэгт монголчууд аа !

Монголын улс төрийн тэр­­­гүүлэх хүчнийг байгуу­лах сонголтоо хийж, улс үндэстнийхээ хөгжил цэцэг­лэл­тийн төлөө хамтдаа зүтгэх шийдвэрээ гарган, хуран цуг­лаад байгаа та бүхэндээ баяр хүргэe !

Юуны түрүүнд, та бүхэн­дээ үүнийг БИД ХАМТ­ДАА ХИЙЖ ЧАДНА гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байгаагаа илэрхийлье!

Өнгөрсөн он жилүүдэд улс төрийн намууд үүсч, нэгдэн нийлж байсан тохиолдол олон байсан боловч тэднийг эрх баригчид ч, нийгэм ч цаг ямагт гуравдагч хүчин гэж нэрлэж ирсэн билээ. Харин бидэнд нийгмийн шударга ёсны төлөө монгол хүн бүрийг нэгтгэж чадах, ирж байгаа шинэ цаг, шинэ үеийнхний хүсэл эрмэлзлэл, хэрэгцээтэй хөл нийлүүлэн явж чадах, авлигаас ангид, улс төрийн эрүүл ТЭРГҮҮЛЭХ ХҮЧИН хэрэгтэй. Энэ бол шинэ цагийн дуудлага. Тиймд бид зөвхөн үүний төлөө явна. Эрх баригч хүчин үүрэг хариуцлагаа умартан, төр бо­лон нийгмийг удирдах чад­вараа гээж, нийгмийг мухар­далд оруулсан бол түүнийг халж орлох шинэ хүчин төрдөг нь аль ч нийгмийн жам билээ. Монголын нийгэмд өнөөдөр ийм цаг үе тулж ирээд байна.
Улс төр, нийгмийн хям­ралын нэн эгзэгтэй энэ цаг үед монгол түмэн өнөө болон хойч үеийнхээ өмнө, монгол үндэстнийхээ өмнө хариуц­лага хүлээх чадвартай, ирж буй шинэ цагийн дуудлагыг хэрэгжүүлж чадах улс төрийн хүчнийг хүсэн хүлээж байна.
Тиймд, Монголын ний­гэмд өнөөдөр улс төрийн шинэ Тэргүүлэх хүчний үүрэг, зорилтын тухай ярих цаг бол­сон, нөхцөл боломж бүрэн бүрдсэн гэж бид үзэж байна. Иймээс Та бид энд манай хоёр намын нэгдэлд суурилсан Монголын улс төрийн тэргүү­лэх хүчнийг эмхлэн бүрдүүлэх асуудлыг хөндөн ярихаар цуглаад байна. 

МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН СИСТЕМИЙН ЗАДРАЛ

Монголын улс төрийн өнөө­­гийн байдлыг дүгнэн авч үзье.
Манайд улс төрийн сис­темийн хямрал даамжирч ул­маар системийн задрал болон хувирч байгааг хүн болгон мэдэж, мэдэрч байгаа. Энэ нь Үндсэн Хуулийн суурь зарчим алдагдаж Парламент нэрийн төдий болсон, засгийн эрх цөөн хүний мэдэлд бү­рэн орсон, улс төрийн намуу­дын нийгмийн үүрэг суларч задрал эхэлсэн, төрийн бо­лон нийгмийн удирд­лага алдагдсан, үндэсний аюул­гүй байдал алдарсан зэрэг олон гажуудлаар илэрч байгааг энд дурдаж болно.Энэ зад­ралын суурь бө­гөөд үндсэн шалтгаан нь өнөөг хүртэл амь бөхтэй эргэн оршсоор байгаа улс төрийн НЭГ НАМТ тогтолцооны ялзрал гэж бид харж байна.
Нэг намт гэдэг ойлголтод улс төр, бизнесийн нэгдмэл эрх ашиг нь нэгэнт ил болсон эрх баригч намууд мөн тэдгээртэй угсаа гарвал нэгтэй намын тогтолцоог хэлж байна.
Нэгэнт Нэг намт ийм гаж тогтолцоо аажмаар эргэн бий болж төрийн эрхийг авснаар Үндсэн Хуульд заасан олон намт ардчилсан тогтолцоо алдарсан гэж дүгнэж болно.
Эдүгээ энэхүү Нэг нам нь “стандарт бус” гэгдэх Үндсэн хуулийн бус засаглалын бүт­цийг байгуулж цөөн гэр бүл, улс төр, бизнесийн хяз­гаарлагдмал бүлэглэлийн ху­ваарьгүй дарангуйллыг тог­тоох гэж зүтгэж байна.
Өнөөдөр энэ Нэг нам нь нийгмийн баялгийг хул­гай­лах, завших авлигын нэгд­­­мэл сүлжээ болон ху­вирч, түүнийгээ төрийн үйл ажиллагааны ердийн хэм хэм­­жээ болтол хөгжүүлж, цөөн­хийн дарангуйллын эх үнд­­сийг бүрдүүлэх бодит аюул болон тэлж байна.  
Эрх баригч хоёр хүчин 2008 онд гэрээ байгуулж Хам­тар­сан Засгийн Газар байгуулах үедээ бид бүхэнд чухам юу юу амлаж байсныг эргэн нэг саная … Үүнд:
• Өрхийн 1-ээс доошгүй хүнийг ажилтай болгох замаар жилд 60.0 мянгаас дээш ажлын байр бий болгоно.
• Өрхийн сарын дундаж  орлогыг  1 саяас доошгүй төг­рөгт хүргэнэ.
• Цалин, тэтгэвэр, тэтгэм­жийг одоогийнхоос  3 дахи­наас доошгүй өсгөнө.
• Иргэн бүрээ жилд 1 удаа эмнэлгийн цогц үзлэг, оношлогоонд үнэ төлбөргүй хамруулна.
• Гадаад оронд сургах оюут­­ны тоог 3 дахин нэмэг­дүүлнэ.
• Багш бүрийг зөөврийн компьютертой болгоно.
• Стратегийн болон томоо­хон орд газруудаас олсон орлогоос 1.5 саяас доошгүй төгрөгийн хэмжээгээр Монгол Улсын иргэн бүрт хүртээнэ гэх мэт …
Энэ бол тэдний ал­бан ёсоор гэрээ хийж баталгаа­жуулсан улс төрийн тулгуур баримт бичиг бөгөөд дээр дурдсан заалтууд нь огт биелээгүй бөгөөд одоо тэд биелүүлэх ч үгүйгээр дараа­гийн сонгуулийн амлалтдаа шилжинэ гэдгийг Та бид бэлхнээ мэднэ. Өнөөдөр Мон­голд баян ядуугийн ялгаа улам гүнзгийрч, нийгмийн баялгийн хуваарилалт зөвхөн улс төрийн сүлжээгээр дамжин хийгддэг болж, нийгмийн шу­дар­га ёс алдагдан, чадвартай, мэдлэгтэй, өөрийн өмч хөрөн­гөтэй ч эрх баригч улс төрийн намтай холбоогүй иргэн хүн ажил хөдөлмөрөө шударгаар эрхлэн амьдрахад улам дарамт­тай болсоор байна.
Нийгмийн баялагийн ху­ваа­­­рилалт мэдлэг чадвар, хө­дөл­мөр, оролцоогоор биш, харин улс төр, бизне­сийн бүлэглэл, авлигын сүл­ээний гишүүнчлэлээр тодор­хойлогддог гаж тогтолцоо улс орны хөгжлийн ирээдүйг бүрхэг­дүүлж, иргэн хүний өөртөө болон төр, нийгмийн удирдлагадаа итгэх итгэ­лийг унтрааж, нээлттэй, өрсөл­дөөнтэй дэлхий ертөн­цөд Мон­гол үндэстний хамтаараа, нэгэн баг болж тэмцэн амьдрах дархлааг сул­руулж байна.  
Ийм засаглал, улс төрийн тогтолцоо оршин байгаа цагт Монгол нутаг ямар их баялагтай, Монгол хүн ямар их эрдэм чадвар, зүтгэлтэй бай­гаад ч бид нийгмийн хөг­жил дэвшил, иргэдийн хан­галуун амьдралд хүрч чадахгүй. Бид ийм байдалтай эвлэрэхийг хүсэхгүй байна. Бид улс орон, өөрсдийн болон үр хүүх­дийнхээ амьдралын төлөө тэмцэж зүтгэх болно.
Бид авлигач, хуурамч тө­ийн энэ тогтолцоог өөр­чилж, бодит ардчилалтай, иргэн бүр өөрийн хүсэл эр­мэлз­лэл, зүтгэлээрээ улс үндэстнийхээ нийгэм, эдийн засгийн хамтын амьдралд идэвх­тэй оролцож, Монголдоо сайхан амьдрах бололцоог нээсэн улс төр, нийгмийн эрүүл тогтолцоог бий бол­гохыг хүсч байна.
Иймээс манай намын эн тэргүүний зорилт бол үндэстнийг ч хөнөөх аюултай энэхүү нэг намт олигархи бүлэглэлийн тогтолцоог эвдэн халж, Монгол улсад олон намт ардчилсан тогтолцоог жинхэнэ утгаар нь эргүүлэн тогтоох явдал болно.
Энэ бол зөвхөн манай намын төдийгүй нийт монгол үндэстний эрхэм зорилго гэдэгт бид бүрэн итгэлтэй байна.

МАНАЙ НАМЫН ЗОРИЛТ

Бид Монголд мөн ча­нарын хувьд цоо шинэ нам байгуулах туйлын хэцүү зорилтыг өөртөө дэвшүүлэн тавьж байна. Энэ бол улс төрийн практикийн хувьд ч, оюун сэтгэлгээний хувьд ч шинэ алхам билээ.
Бид намаа Монголын улс төрийн ууган намууд болох, иргэн-төвтэй болон ногоон үзэл баримтлалтай хоёр нам-ИЗН, МНН-ын нэгдэл дээр бүрдүүлэн байгуулж байна. Иймд бидний нэгдэл бол ардчилсан Монгол улсын ир­гэн хүн Монгол нутагтаа сай­хан амьдрах бодит үзэл санааны их хүч дээр суурилсан юм. Манай намын туйлын зо­рил­го бол монгол хүн бүр өөрийн хүсэл эрмэлзлэл, зүтгэлээрээ Монголдоо сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх явдал.
Бид хүн, байгалийн хүйн холбоо, шүтэлцээг эрхэмлэн дээдэлсэн, өнөө болон ирээдүй үеийнхнийхээ эрх ашгийг тэнц­вэртэй хамгаалсан но­гоон хөгжлийн бодлоготой, иргэн хүний эрх чөлөө, ашиг сонирхол, тэгш шууд оролцоог улс нийгмийнхээ хөгжлийн гол хөдөлгөгч хүч болгосон иргэн-төвтэй үзэл баримтлалтай улс төрийн хүчин байна. Манай нам монголын өргөн олон нийтийн идэвхи, оролцоонд суурилсан, хатуу төвлөрөлгүй, шинэ цагийн шаардлагад нийцсэн уян хатан бүтэц бүхий оюунлаг институцуудын сүлжээнээс бүр­­дэх болно. 
Шинэ цагийн иргэний, но­гоон намынхаа ажил үйлд­лийн ТАВАН үндсэн зорил­го, зарчмуудыг бид дараах байдлаар тунхаглаж байна.  

Нэг. МЭДЭЛТЭЙ ИРГЭН

Монголын нийгмийн хөгж­лийн гол түлхүүр нь иргэн хүний идэвхи, оролцоо бөгөөд энэ нь манай үндэсний өөрийн ухамсраас шууд хамааралтай билээ. Үндэстний өөрийн ухам­сар нь бид материаллаг хөгжлийн хувьд ямар ч түв­шинд хүрч боломжтой авч оюун санаа, сэтгэлгээний хувьд тусгаар, хараат бус үндэстэн гэдгээ иргэд ухамсарлан ойлгох яв­дал юм.
Иргэн хүн БИ гэсэн сэтгэ­лээр өөрийн амьдралын эзэн болж, БИД гэсэн ухамсараар нутаг ус, хот суурин, улс нийгмийнхээ эздийн нэг болох нөхцлийг хангах нь иргэн-төвтэй улс төрийн хүчний үндсэн зорилт байх болно.
Зөвхөн иргэн хүнийг улс үндэстнийхээ хөгжилд идэвх­тэй оролцох эрх мэдэлтэй болгох замаар бид үндэсний нэгдмэл ухамсараа сэргээж, монгол хүн бүрийг Монгол улсын хөгжлийг тээгч болгож чадна.   

Хоёр. ЭЭЛТЭЙ ОРЧИН

Энд би эко, нийгэм, гадаад гурван орчинг хамтад нь авч үзэж байна. Учир нь хүйн холбоотой эдгээр асуудлыг салангид үзэж болохгүй юм.

2.1. Амьдралын эрүүл орчин  
Хүний нийгэм нь байгаль дэлхийдээ ээлтэй замаар хөгжих ёстой. Энэ бол ногоон үзлийн тулгуур зарчим юм. Байгаль дэлхийдээ ээлтэй байна гэдэг нь хүн өөрөө өөрийнхөө амьдралд ээлтэй байна гэсэн үг.
Бид уул уурхайгаа хөг­жүүлж, хот суурин газрыг сүн­дэрлүүлж, эрчим хүчний эх үүсвэрийг ашиглаж, дэд бүтэц байгуулж хөгжих нь гарцаагүй. Харамсалтай нь бид үүнийгээ байгаль дэл­хий­гээ сүйтгэсэн, харал­ган, гэмт хэрэгжсэн байдлаар хэрэгжүүлсээр байна.
Энэ бүгдийн шалтгааныг бид бүгд сайн мэддэг. Энэ бүгд нь авлигын сүлжээ, хариуц­лагагүй засаглал, баялгийн төлөөх далд хуйвалдаан, иргэ­дийн ядуурлын байгаль дэл­хийд тусч буй хар сүү­дэр юм. Тиймд өнөөдөр байгаль дэлхий, нутаг усаа авлигачдаас, ядуурлаас хам­гаа­лах нь монголчууд бид­ний өмнө тулгарч буй улс төрийн хамгийн хурц асуудлын нэг юм. Бид экологийн эрх ашгийг эдийн засгийн эрх аш­гаас ямагт илүүтэйгээр дээд­лэн үзэж, бидний орчин бол үе үеийн монголчуудын амьд­ралын орчин, монгол үндэстний оршин тогтнох ганц­хан орон зай гэдгийг ухам­сарлан дээдэлж хөгжих ёстой.  

2.2. Нийгмийн таатай орчин
Хүний нийгмийн орчинг таа­тай болгохгүйгээр хувь хүн хөгжих боломжгүй. Хүний нийгмийн орчинд гэр бүл, үр хүүхэд, хамаатан садан, найз нөхөд, хамт олон, мэдээллийн хэрэгсэл, нутгийн удирдлагын болон төрийн анхан шатны байгуул­лага зэрэг анхдагч би­чил орчнууд голлох нөлөөтэй.
Монголд, чухам эдгээр би­чил орчинд л хамгийн эмх замбараагүй, дэг журамгүй, зохион байгуулалтгүй, шууд хэлбэл гэмт хэрэгжсэн байдал заналхийлж байгааг Та бүхэн сайн мэднэ. Төрийн бодлого ч энд огт хүрдэггүйг онцлон дурдаж байна. Бид муу муухай юманд хэтэрхий их дассан нь бодит баримт бөгөөд ийм байдлыг эцэс төгсгөлгүй үргэлж­лүүлэх боломжгүй юм.
“Хүнийг гэр бүлээс гадуур бас гудамж хүмүүжүүлдэг” гэсэн үг байдаг. Тэгвэл бид гудамжийг, өөрөөр хэлбэл гэр бүл, найз нөхөд, сургууль, хамт олон, мэдээллийн хэрэг­сэл зэрэг нийгэмшлийн орчны бүх хүчин зүйлийг хамтад нь тооцож байж л иргэн хүндээ ээлтэй орчин бий болгож чадна.

2.3. Хөгжлийн гадаад орчин
Монгол Улсын оршихуйн гол нөхцөл нь гадаад таатай орчин билээ.
Манай гадаад орчин бүхэл­дээ өөрчлөгдөж, геополити­кийн хүчний харьцаанд байн­гын хүчтэй өөрчлөлт орж байна. Энэ нөхцөлд байгалийн баял­гийг хэнд өгөх тухай асуудлыг биш, харин улс төр, нийгэм, соёл, монгол иргэншлийн хэтийн төлөвийг харгалзсан уян хатан хийгээд цогц бодлого явуулах учиртай.
Монгол улсын эрчтэй хөгж­лийн гадаад таатай орчныг бий болгох нь өнөөгийн бидний гадаад улс төрийн стратеги чиглэл юм.
Монгол бол дэлхий дахины сэтгэлгээ, хөгжилд олон удаа асар их нөлөөлөл үзүүлж ирсэн бие даасан иргэншил болохын хамт монгол үндэстний гал голомт мөн. Иймээс бид харагдах ирээдүйд нэг талаас Монгол иргэншлийг хадгалан үлдэх, нөгөө талаас бусад олон улсуудтай найрсгаар зэрэг­цэн хөгжихийн тулд төвийг сахи­сан, зохист тэнцвэрийг барь­сан гадаад бодлого баримтлах ёстой гэдэгт итгэлтэй байна. 

Гурав. ХҮРТЭЦТЭЙ БАЯЛАГ

Бид нийгмийн болон байгалийн баялгийг эсвэл бүх нийтэд тараан цацах, эсвэл хэдхэн хүн завшин баяжих хоёр туйлшралыг зогсоож, баялгийн хүртэцийг ил тод, шударга болгож, өгөөжийг нь иргэн бүр, гэр бүл бүрт хүргэхийг өөрийн эдийн засгийн гол зорилтоо болгоно.   
“Монгол улс баялгийн хараал хүрчээ” гэдэг дүг­нэлт бол улс төрийн далд сурталчилгаа гэдгийг энд онцлон дурьдая. Энэ нь  үндэст­ний хийгээд нийгмийн баялгийг ил тод, шударгаар ашиг­лах, хуваарилах, өгөөж­тэй болгох, үйлдвэрлэх тө­рийн меха­низм гацсаны бу­рууг шийдвэр гаргагч бодит хү­мүүс, эрх мэдэлтнүүдэд бус, ха­рин амьгүй баялагт өөрт нь нял­заах гэсэн далд оролдлого юм.
Бид байгалийн баялгийг зүгээр олдсон сул мөнгө биш, ха­рин нийт үндэстнээрээ чар­майн хөдөлмөрлөж, хөгжин дэг­жих шинэ боломж хийгээд нөх­­цөл гэж ойлгож байна.  Манай орны байгалийн их баялаг нь монгол үндэстнийг гэ­гээ­рүү­лэх хийгээд чинээлэг бол­гоход зориулагдах учиртай мон­голчуудын заяагдмал өмч мөн. 
Бид байгалийн баялгийг нийт үндэстэндээ хүртэцтэй болгох дараах зарчмуудыг баримтлан ажиллана.

3.1. Баялгийн баялгийн хуваа­рилалтыг хуйвалдааны сүлжээнээс гаргаж, түүний нийт хэмжээг ил тод болгоно.
Өнөөдөр эрх баригчид амлах аргаа үлэмж нарийсгаж, монголын байгалийн баялгийг барьцаалан бүтээн байгуулалт амлах боллоо.
Тэд монголын асар их баялгийн бүрэн нөөцийг олон түмнээс ихэд нууцалж байгаа бөгөөд  зөвхөн хувийн ашиг хонжооны үүднээс нууцаар зараад эхэлсэн, олон улсын хооронд ноцтой будлиан тарь­с­ан, өөр хоорондын зөрчилдөө идэгдэн, шийдвэр гаргах чадва­р­гүй болсон нь улам тодорхой болж байна.
Энэ бүхнийг харгалзвал эрх баригчдын одоо олгож буй мөнгө нь ард түмнээ хуурч, доромжилсон гэмт үйлдэл, мөн эдүгээ амлаж буй бүтээн байгуулалт нь монголын ашигт малтмалаар барьцаалсан аш­гийнх нь тун өчүүхэн хэсэг гэдгийг төвөггүй мэдэж болно.
Иймээс бид байгалийн баял­гийг дан дангаар нь хэсэглэн зарах биш, харин иж бүрэн цогц, дэс дараатай ашиглан бүх нийтэд хүртэцтэй болгохоос гадна оюунлаг, эрдэм­лэг, мэдээлэлжсэн болов­сон хүчний нөөцийг бэлтгэхэд одооноос эхлэн анхаарна.

3.2. Баялгийг сул тараахгүй, мөн цөөн хүнд завшуулахгүй
Манайд баялгийн хуваа­ри­лалтын эрс тэс ялгаатай, туйлын буруу хоёр зарчим нэгэн зэрэг үйлчилж байгаа. Нэгдэх нь, баялгийн дийлэнхи хэсгээс эрх баригч цөөнхи зав­шин баяжиж, иргэдийн олон­хид “хусам тараах” зарчим үйлчилж байна.
Хоёрдах нь, баялгийг бүх ний­тээрээ тэгш, тэнцүү “ху­вааж идэх” зарчим. Хэдийгээр энэ нь сайхан зүйл мэт боловч эцэст нь оргүй үлдэх үлэмж их магадлалтай. Манай нийгэм буурай хөгжилтэй учраас баялгаасаа нийт иргэддээ хувь хүртээх нь зүйн хэрэг боловч бүгдийг бүгдэд тэнцүү тараах буюу “хувааж идэх” зарчим манай нөхцөлд огт нийцэхгүй.
Нийгмийн баялаг, халам­жийн шударга бодлого гэж том бизнес эрхлэгчид болон баячуудад нэгэн адил халамж олгохыг хэлдэггүй, харин ядарч зүдэрсэн, өвчтэй зовлон­той, ядуу зүдүү хүмүүст хүртээ­дэг нийтлэг тэр зарчмыг баримтлах нь зүйд нийцнэ гэж бодож байна.
Бидэнд сайхан сургууль, сайхан эмнэлэг, сайхан орон сууц, сайхан зам, сайхан орчин хэрэгтэй. Мөн бид хойч үедээ ч баялгийн үүц үлдээх үүрэгтэй нь мэдээж. Өөрөөр хэлбэл баялгийн дийлэнхи хэсгийг ирээдүйд ашиг орлогоо эргэн олж байх хөрөнгө оруулалт хийхэд зориулах нь зүйтэй. 
  
3.3. Цэвэр бизнес хийгээд нийтийн хяналт
Монголд шударгаар хөрөн­гөж­сөн ажил хэрэгч хүмүүс олон бий. Мөн үлэмж холилд­сон, улс төр, бизнес, гэмт хэргийн чанартай том бүлэглэлүүд ч нэлээд бий. Бид үүнийг зааглан ялгах ёстой.
Гэмт хэргийн чанартай, улс төр, бизнесийн бүлэглэлүүд нь зөвхөн улс нийгэмд үлэмж хор хохирол учруулдаг төдий­­гүй, шударгаар биз­нес эрх­лэгчдийн хөгжих болол­цоог хааж, авилгад идэгдсэн тө­рөөр дамжуулан тэднийг байнга дарамталж байдаг. Ул­сын төсөв, гадаадын зээл, тенде­рийн хөрөнгө нь улс төрд ойр бүлэглэлүүдийн орлого болж, зах зээлийн шударга өрсөлдөөний зарчмыг бүрэн үгүйсгэдэг.
Монголд өнөөдөр үйл ажил­лагаагаа эрхэлж буй 40 гаруй мянган аж ахуй нэгжийг хөг­жүүлэх нь уул уурхайг хөг­жүүлэхээс илүү чухал стратеги чиглэл гэж бид үзэж байна.
Ажил хөдөлмөр эрхлэлт бол нийгмийн баялгийн хуваа­рилалтын хамгийн шударга, эрүүл суваг юм. Монголын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа сайжирч, тус бүр нэг хүн шинээр ажилд авахад тэдгээрт арван Оюу-Тол­гой­гоос олон хүн шинээр амьд­ралын орлоготой болохыг тү­вэг­гүй харж болно. Энэ бүх­­нийг хийж бүтээгчид нь өө­­рийн хөрөнгө, итгэл зүт­гэ­лээ­рээ яваа бизнес эрхлэгчид юм.
Бизнесийн орчинг сайж­руулж цэвэр бизнесийг хөг­­жүү­­лэ­хийн тулд: 1. бизне­сийн сал­барын хол­боод, хам­­тын зохицуулалтын инс­титу­­цуудыг хөгжүүлэх, 2.  салбарын холбоодод төрийн зарим үүрэг функцийг шил­жүүлэх, 3. нээлттэй хувьцаат ком­паниудыг дэмжин хөгжүү­лэх, 4. улс төрийн намуудын санхүү­жилт, хандивын тогтол­цоог бүрэн ил тод болгох арга хэмжээг бид тэргүүн ээлжинд авна.

Дөрөв. ЗОХИРОЛТОЙ НИЙГЭМ

Манай намын нийгмийн салбарт дэвшүүлэн тавих гол зорилт бол нийгмийн бүхий л хэсгүүд, тэдгээрийн харилцаа холбоо, тэнцвэр, шүтэн ба­рилд­лагыг хангах замаар монголын нийгмийг зохиролт шинжийг бүрдүүлэх явдал болно.
Нийгэм бол зөвхөн хувь хүмүүс, тэдний гэр бүлийн нийлбэр биш, харин улс төр, эдийн засгаас гадна боловсрол, соёл урлаг, биеийн тамир спорт, шинжлэх ухаан, эрүүл мэнд, шашин, ёс суртахуун зэ­рэг олон дэд системийн шүтэн барилдлагын амьд цогц билээ.
Гэтэл өнөөдөр манайд зөвхөн улс төр, эдийн засгийн хүрээг анхаарч, амин чухал бусад салбар, хүрээг зөнд нь орхисон нь нийгмийн системийн бүхэллэг чанар, нэгдсэн зорилго чиглэлтэй байх зарчмыг эвдэж, нийгмээ гаж байдалд оруулж,  нийг­мийн зохицуулалтыг удирд­лагагүй болгожээ. 
Иймээс монголын нийгмийг зохиролт болгон хөгжүүлэх цо­рын ганц найдвартай арга нь хойч үеэ боловсруулах, гэгээрүүлэх, соёлжуулах, ний­гэм­­­шүүлэх, иргэншүүлэх асууд­­­лыг  цогцоор нь шийд­вэр­лэх явдал болно.
Бид хойч үеийнхээ төлөө хариуцлага хүлээхээр шийд­сэн болохоор манай намыг ирээдүйн нам гэж нэрлэж болно.  
      
Тав. ЭРДЭМЛЭГ, ОЮУНЛАГ ТӨР

Юуны өмнө Монголын төр болон иргэдийг эрдэмлэг, оюунлаг болгох нь манай намын улс төрийн амин чухал зорилго болно. Яагаад гэ­вэл төр, намын болж бүтэх­гүй байгаа бүхий л муу муухайн шалтгааны уг үндэс нь монголын төрийн хэт субьектив, нутгархаг, бүл­гэр­хэг бөгөөд эрдэм номгүй, оюун ухаангүй байгаад орши­но гэсэн дүгнэлтийг бид хийж байна. Бид энэ чиглэлээр дараах зарчмуудыг баримтлан ажиллах болно.  
  
5.1. Бидний эн тэргүүний зорилт нь шинжлэх ухаанд тулгуурлах явдал мөн. Хүн төрөлхтний оюуны баял­гаас су­рал­цаж, монголын шинж­лэх ухааны хөгжүүлж, түүний үр шимийг хүртэх нь монголчуудын амжилт олох цорын ганц гарц мөн.
Монголын орхигдсон шинж­лэх ухааныг сэргээн хөг­жүүлэхээс гадна түүний орчин үеийн оюуны багтаамжтай төрлүүдийг монголдоо ши­нээр үүсгэн хөгжүүлж, болов­сон хүчин бэлтгэх зэрэг их далайцтай ажлуудыг бид хийх болно.  
Шинжлэх ухааны авъяас чадвар­тай, хийж бүтээсэн зүйлтэй монголын оюун ухаант­нуудыг гадаад, дотоо­дын хаана ч байсан олж, цуглуулж, тэтгэн дэмжиж тэдний эрдэм чадлыг үндэс­тнийхээ сайн сайхны төлөө ашиглах нь манай намын эрхэм үүрэг мөн.
Эрдэм мэдлэгтнүүд манай үндэстэнд хангалттай олон буй гэдэгт бид огтхон ч эргэлзэхгүй байна. Харин монгол­чуудын эрдэм мэд­лэгийг ашигладаггүй өнөө­гийн шударга бус, бүдүүлэг харан­хуй тогтолцоог бид богино хугацаанд халж, түү­ний оронд оюуны шударга, чөлөөт өрсөлдөөний зарчмыг хэрэгжүүлэх ёстой.
“Эрдмээр баян бол эдээр баян” гэсэн монголын мэргэн үг чухам одоо л ус агаар шиг хэрэгтэй байна.    

5.2. Төрд эрдэм мэдлэгийг чухал­чилна. Нийгмийг удир­­дахыг хүс­сэн бүлэг нь нийг­­мийн дунджаасаа илүү боловс­рол мэдлэгтэй байх ёстой гэсэн зарчмыг үгүйсгэх хүн байхгүй. Бодит байдал дээр энэ зарчим бүрэн орхигдож эрдэм боловс­рол, зүрх сэтгэлгүй ч хэн татаастай, мөнгөтэй нь төр барих, удирдахыг оролдох болсон нь манай хамаг гамшгийн эхлэл мөн.
Ямар ч тохиолдолд дарга нар шинжлэх ухааныг ор­ло­дог, дур зоргын буюу гэнэтийн шийдвэр гаргаж улс үндэстнийг хохироодог хамгийн муу практикийг эгнэгт халах нь бидний амин чухал зорилт мөн.   
Монголын төрийн гаргаж буй шийдвэр нэг долоо хоног, нэг сарын хугацаанд гэнэт өөрчлөгдөх, эсвэл огт биелэхээ больдог практик нь үнэн хэрэгтээ төр байхгүйтэй дүйх  үзэгдэл юм.          
Цаашид төрийн албанд ажил­лах хэнийг ч болов зөвхөн эрдэм мэдлэг, бие даах болон сэтгэн бодох чадвар, туршлага, зүтгэл зэргийг нь харгалзан шударга, ил тод, чөлөөт өрсөлдөөний зарчмаар бүрдүүлэх ёстой гэж үзэж байна.
Зөвхөн танил тал, хөрөнгө мөнгө, хамаатан садан, хувь хүн, даргад үнэнч шинжээр үнэлж байгуулсан төрийн алба нь өөрөө монгол улсыг хөнөөх аюул болж байна гэдэг нь хэн бүхэнд тодорхой. Ийм буруу тогтолцоог өөрчлөх нь манай намын гол зорилтын нэг болно.
Төр болон төрийн албанд ийм шаардлага тавих ажлаа бид өөрсдөөсөө эхлэн хэрэгжүүлбэл илүү үр дүнд хүрэх нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл манай нам өөрийн болов­сон хүчнийг зөвхөн эр­дэм мэдлэг, идэвхи оролцоо, зүт­гэл, ажлын бодит үр дүн­гээр хэмждэг нам болох ёстой.
Өөрсдөөсөө эхлэхийн тулд бид ажлын арга барилаас эхлээд намын гишүүний ман­лайллыг хангахыг нэгэн зорил­го болгоно. Манай на­мын ажлын арга барил бол олон түмнийхээ дунд байх, ам ажил нэгдэлтэй байх, шинж­лэх ухаанд тулгуурлах, өөрөө манлайлах зэрэг байх болно.          
5.3. Эмэгтэйчүүдийг тө­рийн хэ­рэгт бодитойгоор оролцуулна. Бид уламжлал шинэчлэл, үе тэнгийн асууд­лыг ахмад, дунд, залуу үе, хүйсийн зохистой харьцаа тогтоох замаар шийдвэрлэх бүрэн бололцоотой. 
Хамгийн эхлээд бид бүх төр­лийн сонгуульд манай намаас нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байх бодлогыг алхам алхмаар хэрэгжүүлэх болно. Монголд энэ асуудлыг олон жил ярьсаар ирсэн боловч одоо болтол шийдвэрлэж чадаагүй байгааг Та бүхэн сайн мэднэ.
Монголын нийт хүн амын 51% болох эмэгтэйчүүд өөрс­дийн болон гэр бүл, үр хүүх­дүүдийнхээ амьдралын асуудлаар төрийн шийдвэр гаргах үйл хэрэгт тэгш эрх­тэй­гээр оролцох эрхтэй төдийгүй үүрэгтэй билээ.
Манай өнөөгийн нөхцөл бай­дал, эмэгтэй боловсон хүчний хүрэлцээ, нөөц зэргээс шалтгаалан жендерийн 50 ху­вийн харьцааг шууд мөрдөх боломжгүй гэж манай зарим гишүүд, түүний дотор эмэгтэй гишүүд ч үзэх нь бий. Байдал хэдий тийм байгаа ч өнөөдөр гэхэд бид хамгийн багаар бодоход сонгуулийн 30 хувийн квотыг эмэгтэй гишүүддээ ол­го­хыг баталгаажуулах болно.
Мөн бид нам дахь ахмад, дунд, залуу үеийн зохист харьцааг бий болгон ажиллах болно.

5.4. Авлигачидтай тэмцэнэ. Улс төрийн салбарт бидний дэвшүүлж буй бодлогын үр дүнд манай нийгмийн хамгийн том, хорт аюул болох авлигачидтай хийх тэмцлийг эрчимжүүлэх болно. Манайд олон жилийн турш авлигатай тэмцэнэ гэж хоосон ярьж ирсэн билээ. Авлига бол нийгмийн хорт үйл, эзэн биегүйгээр хэзээ ч болдоггүй. Иймээс бид авлигалтай биш, харин авлигачидтай хийх тэмцлийг манай намын хамгийн чухал үйлс хэмээн үзэх болно.
Бид энэ үйл хэргээ иргэд, хэвлэл мэдээллийн өргөн оролцоотойгоор, хуульт ёсыг чанд эрхэмлэн системтэйгээр хэрэгжүүлнэ.     
 
Зургаа. ТА БИД ЧАДНА

Өнгөрсөн жил гаруй хугацаанд манай хоёр намын нэгдлийн асуудлаар намын удирдлагууд, олон арван гишүүд маш их хичээл зүтгэл гарган ажиллаж ирлээ. Эхний үед бидний хооронд үл ойлголцол, арга барилын зөрөө нэлээд гарч байсан ч аажмаар бие биенийхээ байр суурь, эрх ашгийг харилцан ойлголцож, улмаар хамтын сонирхол, эрх ашгаа нэг өнцгөөс харж чаддаг болсон нь бидний амжилтын гол үндэс болсон юм. 
Бидэнд хийх ажил маш их байна. Энэ замд ихээхэн саад бэрхшээл учирна. Мөн бидэнд олон сайхан боломж бий. Бид өөрийн боломжийг бодит байдал болгож, эв нэгдлээ бэхжүүлэн, олон түмэнтэйгээ ойр нягт ажилласан цагт өө­рийн зорилго, улс үндэст­нийхээ өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэх болно.

Манай нам:

ИРГЭНИЙГ МЭДЭЛТЭЙ, ОРЧНЫГ ЭЭЛТЭЙ, БАЯЛ­ГИЙГ ХҮРТЭЦТЭЙ, НИЙГМИЙГ ЗОХИ­РОЛТОЙ, ТӨ­РИЙГ ЭР­ДЭМ­ЛЭГ БОЛ­ГОХ та­ван үндсэн зорилтоо биелүүлэх замаар Монгол орондоо олон намт бодит ардчиллыг эргүүлэн тогтоож, баялгийн ашиглалт, хуваарилалтыг  иргэддээ ил тод, шударга хүртэцтэй болгож, нийгмийн зохиролт харилцааг бий болгон, үндэсний аюулгүй байдлыг хангаж, хувийн өмч давамгайлсан  тогтвортой эдийн засаг, ногоон хөгж­лийн бодлогыг тууштай хэрэг­жүүлэгч, иргэний улс төрийн тэргүүлэгч хүчин болно.

Журмын олон нөхөд өө, Элэг нэгт монголчууд аа!
Монголын улс төрийн шинэ Тэргүүлэх хүчнийг хамт­даа байгуулья!
Иргэний зоригоо нэгтгэн,
Ногоон хөгжлийн замаар Монгол улсаа хөгжүүлье! Та бид чадна!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж