Журмын олон нөхөд өө! Элэг нэгт монголчууд аа !
Юуны түрүүнд, та бүхэндээ үүнийг БИД ХАМТДАА ХИЙЖ ЧАДНА гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байгаагаа илэрхийлье!
Өнгөрсөн он жилүүдэд улс төрийн намууд үүсч, нэгдэн нийлж байсан тохиолдол олон байсан боловч тэднийг эрх баригчид ч, нийгэм ч цаг ямагт гуравдагч хүчин гэж нэрлэж ирсэн билээ. Харин бидэнд нийгмийн шударга ёсны төлөө монгол хүн бүрийг нэгтгэж чадах, ирж байгаа шинэ цаг, шинэ үеийнхний хүсэл эрмэлзлэл, хэрэгцээтэй хөл нийлүүлэн явж чадах, авлигаас ангид, улс төрийн эрүүл ТЭРГҮҮЛЭХ ХҮЧИН хэрэгтэй. Энэ бол шинэ цагийн дуудлага. Тиймд бид зөвхөн үүний төлөө явна. Эрх баригч хүчин үүрэг хариуцлагаа умартан, төр болон нийгмийг удирдах чадвараа гээж, нийгмийг мухардалд оруулсан бол түүнийг халж орлох шинэ хүчин төрдөг нь аль ч нийгмийн жам билээ. Монголын нийгэмд өнөөдөр ийм цаг үе тулж ирээд байна.
Улс төр, нийгмийн хямралын нэн эгзэгтэй энэ цаг үед монгол түмэн өнөө болон хойч үеийнхээ өмнө, монгол үндэстнийхээ өмнө хариуцлага хүлээх чадвартай, ирж буй шинэ цагийн дуудлагыг хэрэгжүүлж чадах улс төрийн хүчнийг хүсэн хүлээж байна.
Тиймд, Монголын нийгэмд өнөөдөр улс төрийн шинэ Тэргүүлэх хүчний үүрэг, зорилтын тухай ярих цаг болсон, нөхцөл боломж бүрэн бүрдсэн гэж бид үзэж байна. Иймээс Та бид энд манай хоёр намын нэгдэлд суурилсан Монголын улс төрийн тэргүүлэх хүчнийг эмхлэн бүрдүүлэх асуудлыг хөндөн ярихаар цуглаад байна.
МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН СИСТЕМИЙН ЗАДРАЛ
Монголын улс төрийн өнөөгийн байдлыг дүгнэн авч үзье.
Манайд улс төрийн системийн хямрал даамжирч улмаар системийн задрал болон хувирч байгааг хүн болгон мэдэж, мэдэрч байгаа. Энэ нь Үндсэн Хуулийн суурь зарчим алдагдаж Парламент нэрийн төдий болсон, засгийн эрх цөөн хүний мэдэлд бүрэн орсон, улс төрийн намуудын нийгмийн үүрэг суларч задрал эхэлсэн, төрийн болон нийгмийн удирдлага алдагдсан, үндэсний аюулгүй байдал алдарсан зэрэг олон гажуудлаар илэрч байгааг энд дурдаж болно.Энэ задралын суурь бөгөөд үндсэн шалтгаан нь өнөөг хүртэл амь бөхтэй эргэн оршсоор байгаа улс төрийн НЭГ НАМТ тогтолцооны ялзрал гэж бид харж байна.
Нэг намт гэдэг ойлголтод улс төр, бизнесийн нэгдмэл эрх ашиг нь нэгэнт ил болсон эрх баригч намууд мөн тэдгээртэй угсаа гарвал нэгтэй намын тогтолцоог хэлж байна.
Нэгэнт Нэг намт ийм гаж тогтолцоо аажмаар эргэн бий болж төрийн эрхийг авснаар Үндсэн Хуульд заасан олон намт ардчилсан тогтолцоо алдарсан гэж дүгнэж болно.
Эдүгээ энэхүү Нэг нам нь “стандарт бус” гэгдэх Үндсэн хуулийн бус засаглалын бүтцийг байгуулж цөөн гэр бүл, улс төр, бизнесийн хязгаарлагдмал бүлэглэлийн хуваарьгүй дарангуйллыг тогтоох гэж зүтгэж байна.
Өнөөдөр энэ Нэг нам нь нийгмийн баялгийг хулгайлах, завших авлигын нэгдмэл сүлжээ болон хувирч, түүнийгээ төрийн үйл ажиллагааны ердийн хэм хэмжээ болтол хөгжүүлж, цөөнхийн дарангуйллын эх үндсийг бүрдүүлэх бодит аюул болон тэлж байна.
Эрх баригч хоёр хүчин 2008 онд гэрээ байгуулж Хамтарсан Засгийн Газар байгуулах үедээ бид бүхэнд чухам юу юу амлаж байсныг эргэн нэг саная … Үүнд:
• Өрхийн 1-ээс доошгүй хүнийг ажилтай болгох замаар жилд 60.0 мянгаас дээш ажлын байр бий болгоно.
• Өрхийн сарын дундаж орлогыг 1 саяас доошгүй төгрөгт хүргэнэ.
• Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг одоогийнхоос 3 дахинаас доошгүй өсгөнө.
• Иргэн бүрээ жилд 1 удаа эмнэлгийн цогц үзлэг, оношлогоонд үнэ төлбөргүй хамруулна.
• Гадаад оронд сургах оюутны тоог 3 дахин нэмэгдүүлнэ.
• Багш бүрийг зөөврийн компьютертой болгоно.
• Стратегийн болон томоохон орд газруудаас олсон орлогоос 1.5 саяас доошгүй төгрөгийн хэмжээгээр Монгол Улсын иргэн бүрт хүртээнэ гэх мэт …
Энэ бол тэдний албан ёсоор гэрээ хийж баталгаажуулсан улс төрийн тулгуур баримт бичиг бөгөөд дээр дурдсан заалтууд нь огт биелээгүй бөгөөд одоо тэд биелүүлэх ч үгүйгээр дараагийн сонгуулийн амлалтдаа шилжинэ гэдгийг Та бид бэлхнээ мэднэ. Өнөөдөр Монголд баян ядуугийн ялгаа улам гүнзгийрч, нийгмийн баялгийн хуваарилалт зөвхөн улс төрийн сүлжээгээр дамжин хийгддэг болж, нийгмийн шударга ёс алдагдан, чадвартай, мэдлэгтэй, өөрийн өмч хөрөнгөтэй ч эрх баригч улс төрийн намтай холбоогүй иргэн хүн ажил хөдөлмөрөө шударгаар эрхлэн амьдрахад улам дарамттай болсоор байна.
Нийгмийн баялагийн хуваарилалт мэдлэг чадвар, хөдөлмөр, оролцоогоор биш, харин улс төр, бизнесийн бүлэглэл, авлигын сүлээний гишүүнчлэлээр тодорхойлогддог гаж тогтолцоо улс орны хөгжлийн ирээдүйг бүрхэгдүүлж, иргэн хүний өөртөө болон төр, нийгмийн удирдлагадаа итгэх итгэлийг унтрааж, нээлттэй, өрсөлдөөнтэй дэлхий ертөнцөд Монгол үндэстний хамтаараа, нэгэн баг болж тэмцэн амьдрах дархлааг сулруулж байна.
Ийм засаглал, улс төрийн тогтолцоо оршин байгаа цагт Монгол нутаг ямар их баялагтай, Монгол хүн ямар их эрдэм чадвар, зүтгэлтэй байгаад ч бид нийгмийн хөгжил дэвшил, иргэдийн хангалуун амьдралд хүрч чадахгүй. Бид ийм байдалтай эвлэрэхийг хүсэхгүй байна. Бид улс орон, өөрсдийн болон үр хүүхдийнхээ амьдралын төлөө тэмцэж зүтгэх болно.
Бид авлигач, хуурамч төийн энэ тогтолцоог өөрчилж, бодит ардчилалтай, иргэн бүр өөрийн хүсэл эрмэлзлэл, зүтгэлээрээ улс үндэстнийхээ нийгэм, эдийн засгийн хамтын амьдралд идэвхтэй оролцож, Монголдоо сайхан амьдрах бололцоог нээсэн улс төр, нийгмийн эрүүл тогтолцоог бий болгохыг хүсч байна.
Иймээс манай намын эн тэргүүний зорилт бол үндэстнийг ч хөнөөх аюултай энэхүү нэг намт олигархи бүлэглэлийн тогтолцоог эвдэн халж, Монгол улсад олон намт ардчилсан тогтолцоог жинхэнэ утгаар нь эргүүлэн тогтоох явдал болно.
Энэ бол зөвхөн манай намын төдийгүй нийт монгол үндэстний эрхэм зорилго гэдэгт бид бүрэн итгэлтэй байна.
МАНАЙ НАМЫН ЗОРИЛТ
Бид Монголд мөн чанарын хувьд цоо шинэ нам байгуулах туйлын хэцүү зорилтыг өөртөө дэвшүүлэн тавьж байна. Энэ бол улс төрийн практикийн хувьд ч, оюун сэтгэлгээний хувьд ч шинэ алхам билээ.
Бид намаа Монголын улс төрийн ууган намууд болох, иргэн-төвтэй болон ногоон үзэл баримтлалтай хоёр нам-ИЗН, МНН-ын нэгдэл дээр бүрдүүлэн байгуулж байна. Иймд бидний нэгдэл бол ардчилсан Монгол улсын иргэн хүн Монгол нутагтаа сайхан амьдрах бодит үзэл санааны их хүч дээр суурилсан юм. Манай намын туйлын зорилго бол монгол хүн бүр өөрийн хүсэл эрмэлзлэл, зүтгэлээрээ Монголдоо сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх явдал.
Бид хүн, байгалийн хүйн холбоо, шүтэлцээг эрхэмлэн дээдэлсэн, өнөө болон ирээдүй үеийнхнийхээ эрх ашгийг тэнцвэртэй хамгаалсан ногоон хөгжлийн бодлоготой, иргэн хүний эрх чөлөө, ашиг сонирхол, тэгш шууд оролцоог улс нийгмийнхээ хөгжлийн гол хөдөлгөгч хүч болгосон иргэн-төвтэй үзэл баримтлалтай улс төрийн хүчин байна. Манай нам монголын өргөн олон нийтийн идэвхи, оролцоонд суурилсан, хатуу төвлөрөлгүй, шинэ цагийн шаардлагад нийцсэн уян хатан бүтэц бүхий оюунлаг институцуудын сүлжээнээс бүрдэх болно.
Шинэ цагийн иргэний, ногоон намынхаа ажил үйлдлийн ТАВАН үндсэн зорилго, зарчмуудыг бид дараах байдлаар тунхаглаж байна.
Нэг. МЭДЭЛТЭЙ ИРГЭН
Монголын нийгмийн хөгжлийн гол түлхүүр нь иргэн хүний идэвхи, оролцоо бөгөөд энэ нь манай үндэсний өөрийн ухамсраас шууд хамааралтай билээ. Үндэстний өөрийн ухамсар нь бид материаллаг хөгжлийн хувьд ямар ч түвшинд хүрч боломжтой авч оюун санаа, сэтгэлгээний хувьд тусгаар, хараат бус үндэстэн гэдгээ иргэд ухамсарлан ойлгох явдал юм.
Иргэн хүн БИ гэсэн сэтгэлээр өөрийн амьдралын эзэн болж, БИД гэсэн ухамсараар нутаг ус, хот суурин, улс нийгмийнхээ эздийн нэг болох нөхцлийг хангах нь иргэн-төвтэй улс төрийн хүчний үндсэн зорилт байх болно.
Зөвхөн иргэн хүнийг улс үндэстнийхээ хөгжилд идэвхтэй оролцох эрх мэдэлтэй болгох замаар бид үндэсний нэгдмэл ухамсараа сэргээж, монгол хүн бүрийг Монгол улсын хөгжлийг тээгч болгож чадна.
Хоёр. ЭЭЛТЭЙ ОРЧИН
Энд би эко, нийгэм, гадаад гурван орчинг хамтад нь авч үзэж байна. Учир нь хүйн холбоотой эдгээр асуудлыг салангид үзэж болохгүй юм.
2.1. Амьдралын эрүүл орчин
Хүний нийгэм нь байгаль дэлхийдээ ээлтэй замаар хөгжих ёстой. Энэ бол ногоон үзлийн тулгуур зарчим юм. Байгаль дэлхийдээ ээлтэй байна гэдэг нь хүн өөрөө өөрийнхөө амьдралд ээлтэй байна гэсэн үг.
Бид уул уурхайгаа хөгжүүлж, хот суурин газрыг сүндэрлүүлж, эрчим хүчний эх үүсвэрийг ашиглаж, дэд бүтэц байгуулж хөгжих нь гарцаагүй. Харамсалтай нь бид үүнийгээ байгаль дэлхийгээ сүйтгэсэн, харалган, гэмт хэрэгжсэн байдлаар хэрэгжүүлсээр байна.
Энэ бүгдийн шалтгааныг бид бүгд сайн мэддэг. Энэ бүгд нь авлигын сүлжээ, хариуцлагагүй засаглал, баялгийн төлөөх далд хуйвалдаан, иргэдийн ядуурлын байгаль дэлхийд тусч буй хар сүүдэр юм. Тиймд өнөөдөр байгаль дэлхий, нутаг усаа авлигачдаас, ядуурлаас хамгаалах нь монголчууд бидний өмнө тулгарч буй улс төрийн хамгийн хурц асуудлын нэг юм. Бид экологийн эрх ашгийг эдийн засгийн эрх ашгаас ямагт илүүтэйгээр дээдлэн үзэж, бидний орчин бол үе үеийн монголчуудын амьдралын орчин, монгол үндэстний оршин тогтнох ганцхан орон зай гэдгийг ухамсарлан дээдэлж хөгжих ёстой.
2.2. Нийгмийн таатай орчин
Хүний нийгмийн орчинг таатай болгохгүйгээр хувь хүн хөгжих боломжгүй. Хүний нийгмийн орчинд гэр бүл, үр хүүхэд, хамаатан садан, найз нөхөд, хамт олон, мэдээллийн хэрэгсэл, нутгийн удирдлагын болон төрийн анхан шатны байгууллага зэрэг анхдагч бичил орчнууд голлох нөлөөтэй.
Монголд, чухам эдгээр бичил орчинд л хамгийн эмх замбараагүй, дэг журамгүй, зохион байгуулалтгүй, шууд хэлбэл гэмт хэрэгжсэн байдал заналхийлж байгааг Та бүхэн сайн мэднэ. Төрийн бодлого ч энд огт хүрдэггүйг онцлон дурдаж байна. Бид муу муухай юманд хэтэрхий их дассан нь бодит баримт бөгөөд ийм байдлыг эцэс төгсгөлгүй үргэлжлүүлэх боломжгүй юм.
“Хүнийг гэр бүлээс гадуур бас гудамж хүмүүжүүлдэг” гэсэн үг байдаг. Тэгвэл бид гудамжийг, өөрөөр хэлбэл гэр бүл, найз нөхөд, сургууль, хамт олон, мэдээллийн хэрэгсэл зэрэг нийгэмшлийн орчны бүх хүчин зүйлийг хамтад нь тооцож байж л иргэн хүндээ ээлтэй орчин бий болгож чадна.
2.3. Хөгжлийн гадаад орчин
Монгол Улсын оршихуйн гол нөхцөл нь гадаад таатай орчин билээ.
Манай гадаад орчин бүхэлдээ өөрчлөгдөж, геополитикийн хүчний харьцаанд байнгын хүчтэй өөрчлөлт орж байна. Энэ нөхцөлд байгалийн баялгийг хэнд өгөх тухай асуудлыг биш, харин улс төр, нийгэм, соёл, монгол иргэншлийн хэтийн төлөвийг харгалзсан уян хатан хийгээд цогц бодлого явуулах учиртай.
Монгол улсын эрчтэй хөгжлийн гадаад таатай орчныг бий болгох нь өнөөгийн бидний гадаад улс төрийн стратеги чиглэл юм.
Монгол бол дэлхий дахины сэтгэлгээ, хөгжилд олон удаа асар их нөлөөлөл үзүүлж ирсэн бие даасан иргэншил болохын хамт монгол үндэстний гал голомт мөн. Иймээс бид харагдах ирээдүйд нэг талаас Монгол иргэншлийг хадгалан үлдэх, нөгөө талаас бусад олон улсуудтай найрсгаар зэрэгцэн хөгжихийн тулд төвийг сахисан, зохист тэнцвэрийг барьсан гадаад бодлого баримтлах ёстой гэдэгт итгэлтэй байна.
Гурав. ХҮРТЭЦТЭЙ БАЯЛАГ
Бид нийгмийн болон байгалийн баялгийг эсвэл бүх нийтэд тараан цацах, эсвэл хэдхэн хүн завшин баяжих хоёр туйлшралыг зогсоож, баялгийн хүртэцийг ил тод, шударга болгож, өгөөжийг нь иргэн бүр, гэр бүл бүрт хүргэхийг өөрийн эдийн засгийн гол зорилтоо болгоно.
“Монгол улс баялгийн хараал хүрчээ” гэдэг дүгнэлт бол улс төрийн далд сурталчилгаа гэдгийг энд онцлон дурьдая. Энэ нь үндэстний хийгээд нийгмийн баялгийг ил тод, шударгаар ашиглах, хуваарилах, өгөөжтэй болгох, үйлдвэрлэх төрийн механизм гацсаны бурууг шийдвэр гаргагч бодит хүмүүс, эрх мэдэлтнүүдэд бус, харин амьгүй баялагт өөрт нь нялзаах гэсэн далд оролдлого юм.
Бид байгалийн баялгийг зүгээр олдсон сул мөнгө биш, харин нийт үндэстнээрээ чармайн хөдөлмөрлөж, хөгжин дэгжих шинэ боломж хийгээд нөхцөл гэж ойлгож байна. Манай орны байгалийн их баялаг нь монгол үндэстнийг гэгээрүүлэх хийгээд чинээлэг болгоход зориулагдах учиртай монголчуудын заяагдмал өмч мөн.
Бид байгалийн баялгийг нийт үндэстэндээ хүртэцтэй болгох дараах зарчмуудыг баримтлан ажиллана.
3.1. Баялгийн баялгийн хуваарилалтыг хуйвалдааны сүлжээнээс гаргаж, түүний нийт хэмжээг ил тод болгоно.
Өнөөдөр эрх баригчид амлах аргаа үлэмж нарийсгаж, монголын байгалийн баялгийг барьцаалан бүтээн байгуулалт амлах боллоо.
Тэд монголын асар их баялгийн бүрэн нөөцийг олон түмнээс ихэд нууцалж байгаа бөгөөд зөвхөн хувийн ашиг хонжооны үүднээс нууцаар зараад эхэлсэн, олон улсын хооронд ноцтой будлиан тарьсан, өөр хоорондын зөрчилдөө идэгдэн, шийдвэр гаргах чадваргүй болсон нь улам тодорхой болж байна.
Энэ бүхнийг харгалзвал эрх баригчдын одоо олгож буй мөнгө нь ард түмнээ хуурч, доромжилсон гэмт үйлдэл, мөн эдүгээ амлаж буй бүтээн байгуулалт нь монголын ашигт малтмалаар барьцаалсан ашгийнх нь тун өчүүхэн хэсэг гэдгийг төвөггүй мэдэж болно.
Иймээс бид байгалийн баялгийг дан дангаар нь хэсэглэн зарах биш, харин иж бүрэн цогц, дэс дараатай ашиглан бүх нийтэд хүртэцтэй болгохоос гадна оюунлаг, эрдэмлэг, мэдээлэлжсэн боловсон хүчний нөөцийг бэлтгэхэд одооноос эхлэн анхаарна.
3.2. Баялгийг сул тараахгүй, мөн цөөн хүнд завшуулахгүй
Манайд баялгийн хуваарилалтын эрс тэс ялгаатай, туйлын буруу хоёр зарчим нэгэн зэрэг үйлчилж байгаа. Нэгдэх нь, баялгийн дийлэнхи хэсгээс эрх баригч цөөнхи завшин баяжиж, иргэдийн олонхид “хусам тараах” зарчим үйлчилж байна.
Хоёрдах нь, баялгийг бүх нийтээрээ тэгш, тэнцүү “хувааж идэх” зарчим. Хэдийгээр энэ нь сайхан зүйл мэт боловч эцэст нь оргүй үлдэх үлэмж их магадлалтай. Манай нийгэм буурай хөгжилтэй учраас баялгаасаа нийт иргэддээ хувь хүртээх нь зүйн хэрэг боловч бүгдийг бүгдэд тэнцүү тараах буюу “хувааж идэх” зарчим манай нөхцөлд огт нийцэхгүй.
Нийгмийн баялаг, халамжийн шударга бодлого гэж том бизнес эрхлэгчид болон баячуудад нэгэн адил халамж олгохыг хэлдэггүй, харин ядарч зүдэрсэн, өвчтэй зовлонтой, ядуу зүдүү хүмүүст хүртээдэг нийтлэг тэр зарчмыг баримтлах нь зүйд нийцнэ гэж бодож байна.
Бидэнд сайхан сургууль, сайхан эмнэлэг, сайхан орон сууц, сайхан зам, сайхан орчин хэрэгтэй. Мөн бид хойч үедээ ч баялгийн үүц үлдээх үүрэгтэй нь мэдээж. Өөрөөр хэлбэл баялгийн дийлэнхи хэсгийг ирээдүйд ашиг орлогоо эргэн олж байх хөрөнгө оруулалт хийхэд зориулах нь зүйтэй.
3.3. Цэвэр бизнес хийгээд нийтийн хяналт
Монголд шударгаар хөрөнгөжсөн ажил хэрэгч хүмүүс олон бий. Мөн үлэмж холилдсон, улс төр, бизнес, гэмт хэргийн чанартай том бүлэглэлүүд ч нэлээд бий. Бид үүнийг зааглан ялгах ёстой.
Гэмт хэргийн чанартай, улс төр, бизнесийн бүлэглэлүүд нь зөвхөн улс нийгэмд үлэмж хор хохирол учруулдаг төдийгүй, шударгаар бизнес эрхлэгчдийн хөгжих бололцоог хааж, авилгад идэгдсэн төрөөр дамжуулан тэднийг байнга дарамталж байдаг. Улсын төсөв, гадаадын зээл, тендерийн хөрөнгө нь улс төрд ойр бүлэглэлүүдийн орлого болж, зах зээлийн шударга өрсөлдөөний зарчмыг бүрэн үгүйсгэдэг.
Монголд өнөөдөр үйл ажиллагаагаа эрхэлж буй 40 гаруй мянган аж ахуй нэгжийг хөгжүүлэх нь уул уурхайг хөгжүүлэхээс илүү чухал стратеги чиглэл гэж бид үзэж байна.
Ажил хөдөлмөр эрхлэлт бол нийгмийн баялгийн хуваарилалтын хамгийн шударга, эрүүл суваг юм. Монголын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа сайжирч, тус бүр нэг хүн шинээр ажилд авахад тэдгээрт арван Оюу-Толгойгоос олон хүн шинээр амьдралын орлоготой болохыг түвэггүй харж болно. Энэ бүхнийг хийж бүтээгчид нь өөрийн хөрөнгө, итгэл зүтгэлээрээ яваа бизнес эрхлэгчид юм.
Бизнесийн орчинг сайжруулж цэвэр бизнесийг хөгжүүлэхийн тулд: 1. бизнесийн салбарын холбоод, хамтын зохицуулалтын институцуудыг хөгжүүлэх, 2. салбарын холбоодод төрийн зарим үүрэг функцийг шилжүүлэх, 3. нээлттэй хувьцаат компаниудыг дэмжин хөгжүүлэх, 4. улс төрийн намуудын санхүүжилт, хандивын тогтолцоог бүрэн ил тод болгох арга хэмжээг бид тэргүүн ээлжинд авна.
Дөрөв. ЗОХИРОЛТОЙ НИЙГЭМ
Манай намын нийгмийн салбарт дэвшүүлэн тавих гол зорилт бол нийгмийн бүхий л хэсгүүд, тэдгээрийн харилцаа холбоо, тэнцвэр, шүтэн барилдлагыг хангах замаар монголын нийгмийг зохиролт шинжийг бүрдүүлэх явдал болно.
Нийгэм бол зөвхөн хувь хүмүүс, тэдний гэр бүлийн нийлбэр биш, харин улс төр, эдийн засгаас гадна боловсрол, соёл урлаг, биеийн тамир спорт, шинжлэх ухаан, эрүүл мэнд, шашин, ёс суртахуун зэрэг олон дэд системийн шүтэн барилдлагын амьд цогц билээ.
Гэтэл өнөөдөр манайд зөвхөн улс төр, эдийн засгийн хүрээг анхаарч, амин чухал бусад салбар, хүрээг зөнд нь орхисон нь нийгмийн системийн бүхэллэг чанар, нэгдсэн зорилго чиглэлтэй байх зарчмыг эвдэж, нийгмээ гаж байдалд оруулж, нийгмийн зохицуулалтыг удирдлагагүй болгожээ.
Иймээс монголын нийгмийг зохиролт болгон хөгжүүлэх цорын ганц найдвартай арга нь хойч үеэ боловсруулах, гэгээрүүлэх, соёлжуулах, нийгэмшүүлэх, иргэншүүлэх асуудлыг цогцоор нь шийдвэрлэх явдал болно.
Бид хойч үеийнхээ төлөө хариуцлага хүлээхээр шийдсэн болохоор манай намыг ирээдүйн нам гэж нэрлэж болно.
Тав. ЭРДЭМЛЭГ, ОЮУНЛАГ ТӨР
Юуны өмнө Монголын төр болон иргэдийг эрдэмлэг, оюунлаг болгох нь манай намын улс төрийн амин чухал зорилго болно. Яагаад гэвэл төр, намын болж бүтэхгүй байгаа бүхий л муу муухайн шалтгааны уг үндэс нь монголын төрийн хэт субьектив, нутгархаг, бүлгэрхэг бөгөөд эрдэм номгүй, оюун ухаангүй байгаад оршино гэсэн дүгнэлтийг бид хийж байна. Бид энэ чиглэлээр дараах зарчмуудыг баримтлан ажиллах болно.
5.1. Бидний эн тэргүүний зорилт нь шинжлэх ухаанд тулгуурлах явдал мөн. Хүн төрөлхтний оюуны баялгаас суралцаж, монголын шинжлэх ухааны хөгжүүлж, түүний үр шимийг хүртэх нь монголчуудын амжилт олох цорын ганц гарц мөн.
Монголын орхигдсон шинжлэх ухааныг сэргээн хөгжүүлэхээс гадна түүний орчин үеийн оюуны багтаамжтай төрлүүдийг монголдоо шинээр үүсгэн хөгжүүлж, боловсон хүчин бэлтгэх зэрэг их далайцтай ажлуудыг бид хийх болно.
Шинжлэх ухааны авъяас чадвартай, хийж бүтээсэн зүйлтэй монголын оюун ухаантнуудыг гадаад, дотоодын хаана ч байсан олж, цуглуулж, тэтгэн дэмжиж тэдний эрдэм чадлыг үндэстнийхээ сайн сайхны төлөө ашиглах нь манай намын эрхэм үүрэг мөн.
Эрдэм мэдлэгтнүүд манай үндэстэнд хангалттай олон буй гэдэгт бид огтхон ч эргэлзэхгүй байна. Харин монголчуудын эрдэм мэдлэгийг ашигладаггүй өнөөгийн шударга бус, бүдүүлэг харанхуй тогтолцоог бид богино хугацаанд халж, түүний оронд оюуны шударга, чөлөөт өрсөлдөөний зарчмыг хэрэгжүүлэх ёстой.
“Эрдмээр баян бол эдээр баян” гэсэн монголын мэргэн үг чухам одоо л ус агаар шиг хэрэгтэй байна.
5.2. Төрд эрдэм мэдлэгийг чухалчилна. Нийгмийг удирдахыг хүссэн бүлэг нь нийгмийн дунджаасаа илүү боловсрол мэдлэгтэй байх ёстой гэсэн зарчмыг үгүйсгэх хүн байхгүй. Бодит байдал дээр энэ зарчим бүрэн орхигдож эрдэм боловсрол, зүрх сэтгэлгүй ч хэн татаастай, мөнгөтэй нь төр барих, удирдахыг оролдох болсон нь манай хамаг гамшгийн эхлэл мөн.
Ямар ч тохиолдолд дарга нар шинжлэх ухааныг орлодог, дур зоргын буюу гэнэтийн шийдвэр гаргаж улс үндэстнийг хохироодог хамгийн муу практикийг эгнэгт халах нь бидний амин чухал зорилт мөн.
Монголын төрийн гаргаж буй шийдвэр нэг долоо хоног, нэг сарын хугацаанд гэнэт өөрчлөгдөх, эсвэл огт биелэхээ больдог практик нь үнэн хэрэгтээ төр байхгүйтэй дүйх үзэгдэл юм.
Цаашид төрийн албанд ажиллах хэнийг ч болов зөвхөн эрдэм мэдлэг, бие даах болон сэтгэн бодох чадвар, туршлага, зүтгэл зэргийг нь харгалзан шударга, ил тод, чөлөөт өрсөлдөөний зарчмаар бүрдүүлэх ёстой гэж үзэж байна.
Зөвхөн танил тал, хөрөнгө мөнгө, хамаатан садан, хувь хүн, даргад үнэнч шинжээр үнэлж байгуулсан төрийн алба нь өөрөө монгол улсыг хөнөөх аюул болж байна гэдэг нь хэн бүхэнд тодорхой. Ийм буруу тогтолцоог өөрчлөх нь манай намын гол зорилтын нэг болно.
Төр болон төрийн албанд ийм шаардлага тавих ажлаа бид өөрсдөөсөө эхлэн хэрэгжүүлбэл илүү үр дүнд хүрэх нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл манай нам өөрийн боловсон хүчнийг зөвхөн эрдэм мэдлэг, идэвхи оролцоо, зүтгэл, ажлын бодит үр дүнгээр хэмждэг нам болох ёстой.
Өөрсдөөсөө эхлэхийн тулд бид ажлын арга барилаас эхлээд намын гишүүний манлайллыг хангахыг нэгэн зорилго болгоно. Манай намын ажлын арга барил бол олон түмнийхээ дунд байх, ам ажил нэгдэлтэй байх, шинжлэх ухаанд тулгуурлах, өөрөө манлайлах зэрэг байх болно.
5.3. Эмэгтэйчүүдийг төрийн хэрэгт бодитойгоор оролцуулна. Бид уламжлал шинэчлэл, үе тэнгийн асуудлыг ахмад, дунд, залуу үе, хүйсийн зохистой харьцаа тогтоох замаар шийдвэрлэх бүрэн бололцоотой.
Хамгийн эхлээд бид бүх төрлийн сонгуульд манай намаас нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байх бодлогыг алхам алхмаар хэрэгжүүлэх болно. Монголд энэ асуудлыг олон жил ярьсаар ирсэн боловч одоо болтол шийдвэрлэж чадаагүй байгааг Та бүхэн сайн мэднэ.
Монголын нийт хүн амын 51% болох эмэгтэйчүүд өөрсдийн болон гэр бүл, үр хүүхдүүдийнхээ амьдралын асуудлаар төрийн шийдвэр гаргах үйл хэрэгт тэгш эрхтэйгээр оролцох эрхтэй төдийгүй үүрэгтэй билээ.
Манай өнөөгийн нөхцөл байдал, эмэгтэй боловсон хүчний хүрэлцээ, нөөц зэргээс шалтгаалан жендерийн 50 хувийн харьцааг шууд мөрдөх боломжгүй гэж манай зарим гишүүд, түүний дотор эмэгтэй гишүүд ч үзэх нь бий. Байдал хэдий тийм байгаа ч өнөөдөр гэхэд бид хамгийн багаар бодоход сонгуулийн 30 хувийн квотыг эмэгтэй гишүүддээ олгохыг баталгаажуулах болно.
Мөн бид нам дахь ахмад, дунд, залуу үеийн зохист харьцааг бий болгон ажиллах болно.
5.4. Авлигачидтай тэмцэнэ. Улс төрийн салбарт бидний дэвшүүлж буй бодлогын үр дүнд манай нийгмийн хамгийн том, хорт аюул болох авлигачидтай хийх тэмцлийг эрчимжүүлэх болно. Манайд олон жилийн турш авлигатай тэмцэнэ гэж хоосон ярьж ирсэн билээ. Авлига бол нийгмийн хорт үйл, эзэн биегүйгээр хэзээ ч болдоггүй. Иймээс бид авлигалтай биш, харин авлигачидтай хийх тэмцлийг манай намын хамгийн чухал үйлс хэмээн үзэх болно.
Бид энэ үйл хэргээ иргэд, хэвлэл мэдээллийн өргөн оролцоотойгоор, хуульт ёсыг чанд эрхэмлэн системтэйгээр хэрэгжүүлнэ.
Зургаа. ТА БИД ЧАДНА
Өнгөрсөн жил гаруй хугацаанд манай хоёр намын нэгдлийн асуудлаар намын удирдлагууд, олон арван гишүүд маш их хичээл зүтгэл гарган ажиллаж ирлээ. Эхний үед бидний хооронд үл ойлголцол, арга барилын зөрөө нэлээд гарч байсан ч аажмаар бие биенийхээ байр суурь, эрх ашгийг харилцан ойлголцож, улмаар хамтын сонирхол, эрх ашгаа нэг өнцгөөс харж чаддаг болсон нь бидний амжилтын гол үндэс болсон юм.
Бидэнд хийх ажил маш их байна. Энэ замд ихээхэн саад бэрхшээл учирна. Мөн бидэнд олон сайхан боломж бий. Бид өөрийн боломжийг бодит байдал болгож, эв нэгдлээ бэхжүүлэн, олон түмэнтэйгээ ойр нягт ажилласан цагт өөрийн зорилго, улс үндэстнийхээ өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэх болно.
Манай нам:
ИРГЭНИЙГ МЭДЭЛТЭЙ, ОРЧНЫГ ЭЭЛТЭЙ, БАЯЛГИЙГ ХҮРТЭЦТЭЙ, НИЙГМИЙГ ЗОХИРОЛТОЙ, ТӨРИЙГ ЭРДЭМЛЭГ БОЛГОХ таван үндсэн зорилтоо биелүүлэх замаар Монгол орондоо олон намт бодит ардчиллыг эргүүлэн тогтоож, баялгийн ашиглалт, хуваарилалтыг иргэддээ ил тод, шударга хүртэцтэй болгож, нийгмийн зохиролт харилцааг бий болгон, үндэсний аюулгүй байдлыг хангаж, хувийн өмч давамгайлсан тогтвортой эдийн засаг, ногоон хөгжлийн бодлогыг тууштай хэрэгжүүлэгч, иргэний улс төрийн тэргүүлэгч хүчин болно.
Журмын олон нөхөд өө, Элэг нэгт монголчууд аа!
Монголын улс төрийн шинэ Тэргүүлэх хүчнийг хамтдаа байгуулья!
Иргэний зоригоо нэгтгэн,
Ногоон хөгжлийн замаар Монгол улсаа хөгжүүлье! Та бид чадна!