Чингэлтэйн 34 дүгээр хэсэгт 387 хүн санал өгөөд байна

Хуучирсан мэдээ: 2012.06.28-нд нийтлэгдсэн

Чингэлтэйн 34 дүгээр хэсэгт 387 хүн санал өгөөд байна

УИХ болон НИТХ-ын сонгууль орон даяар болж байна.  Үүнтэй холбогдуулан манай сурвалжлах хэсэг Чингэлтэй дүүргийн 16 хорооны 34 дүгээр хэсгийн хорооны санал авах байранд очлоо. Санал авах байранд иргэд харьцангуй тайван, дараалал үүсээгүй сэлүүхэн байв. Мөн сонгогчдын ихэнх нь УИХ болон НИТХ-ын сонгуулиа хүндэтгэн Монгол үндэсний дээл хувцсаа өмссөн харагдав. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн хүн байхгүй, захиргааны зөрчил гарсан тохиолдолгүй байдал харьцангуй тайван байгааг цагдаагийн ажилтан онцолж байв.

Сонгогчдын идэвхи хэр байгааг Чингэлтэй дүүргийн 16 хорооны 34 дүгээр хэсгийн хорооны дарга Н.Цогбадрахаас тодрууллаа.

-Танай хэсгийн хороонд хэдэн сонгогч бүртгэгдсэн байгаа вэ? Сонгогчдын идэвхи хэр байна?

-Манай хэсгийн хороонд нийт 2596 сонгогч бүртгэгдсэн байгаа. Өглөө 07.00 цагт санал авч эхлэхэд 20 гаруй хүн санал авах байрны гадна цуглараад байсан. Яг одоогийн байдлаар 387 хүн саналаа өгөөд байна. Дунджаар авч үзвэл цагт 120 гаруй хүн санал өгч байна гэсэн үг. Ингээд бодохоор сонгогчдын идэвхи сулавтар байна. Гэхдээ өдөр тийшээ сонгогчдын тоо нэмэгдэх байх.

-Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Бүх намын ажиглагч байгаа юу?

-34 дүгээр хэсгийн хорооны 11 ажилтан, Иргэний бүртгэл мэдээллийн төвийн итгэмжлэгдсэн 3 төлөөлөгч, даамал, цагдаа гээд тус бүр нэг хүн ажиллаж байна. Мөн бүх намын буюу 8 ажиглагч байна.

-Иргэд саналын хуудас бөглөх мэдлэг хэр байна. Ямар нэгэн зөрчил илэрсэн үү?

-УИХ-д хоёр хүн, нэг нам мөн НИТХ-д нэг нам, нэг нэр дэвшигчийг сонгож байгаа юм. Өндөр настнууд саналын хуудас бөглөх мэдлэг маш сайтай байна. Харин залуучуууд энэ тухай мэдлэг үнэхээр тааруу байна. Одоогийн байдлаар ямар нэгэн зөрчил, дутагдал илрээгүй байна. Нийт зургаан иргэн саналын хуудас бөглөхдөө алдаа гаргасан гэж дахин шинэ саналын хуудас авсан.

Саналаа өгөөд гарч ирж буй иргэн Т.Бямбасэрж:

-Саналын хуудас бөглөхөд хүндрэл байсан уу?

-Энэ талаар мэдлэг муутайгаас жаахан эргэлзээ төрлөө. Гэхдээ хэсгийн хорооны ажилтан нь зааварчилгаа сайн өгч байна. Энэ санал тоолох машин нь их боловсронгуй бололтой.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж