А.Долгор үзэгчдийг эзэмдэв

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

А.Долгор үзэгчдийг эзэмдэв

“Чи бол эрчүүдийг өөртөө дурлуулж байдаг, гал халуун, үзэсгэлэн төгс эмэгтэй. Чи эрчүүдийг солиоруулах шахдаг тийм л бүсгүй” хэмээн Америкийн удирдаач Ардын жүжигчин А.Долгорт “Кармен” дуурийн бэлтгэлийн үеэр хэлж байсан нь санагдана. Өнөөдөр Кармен үзэгчдийг өөртөө дурлуулж чадах болов уу, гэсэн бодол толгойд эргэлдэнэ. Театрын хөшиг нээгдэж “Кармен” дуурь эхэллээ. Францын нэрт хөгжмийн зохиолч Ж.Бизэгийн “Кармен” дуурийн удиртгал хөгжим эгшиглэнэ. Хүчирхэг удиртгал хөгжим. Симфони оркестрыг Америкийн удирдаач Жиндон Кэй удирдана. …

“Тэр ирлээ, Кармен, тэр ирлээ шүү, Кармен” хэмээн цыгань бүсгүйчүүд дуулахад улаан эмжээртэй, хар даашинз өмссөн, гялалзсан хар, буржгар үстэй, сэргэлэн цыган бүсгүй Кармен олны дундаас гарч ирэв. Эрчүүдийн сэтгэлийг татсан, дэврүүн, дүрэлзсэн, зоримог, эрх зоргоороо Кармен “Хабанера” дуугаараа олны анхаарлыг татна. Гал цогтой бүсгүйн дуу эрх чөлөө, хайр сэтгэл, тэмүүлэл эрмэлзлэлийг илэрхийлнэ.  Симфони найрал хөгжимчдийн хүчирхэг эгшиг үзэгчдийг яг л ховсдох мэт. Кармений гоо үзэсгэлэн, эр зоригийг биширч, гайхалтай хөгжимд ховсдуулж, мансуурсан үзэгчид алга ташилтаар сэтгэлээр илэрхийлнэ. “Кармен” дуурийг Ж.Бизэ меццосопрано хоолойтой дуучдад зориулж бичсэн учир дэлхийн шилдэг меццо сопранууд дуулдаг. Харин энэ үдэш театрын шилдэг меццо сопрануудын нэг Ардын жүжигчин А.Долгор эрэлхэг, зоримог Кармен бүсгүйн дүрийг бүтээсэн.

Ж.Бизэ эрх чөлөөт цыган бүсгүйн дотоод ертөнцийн эрч хүчийг хөгжмөөр илэрхийлсэн нь дуурийн амин сүнс болох хөгжмийн драматург нь дэлхийн сонгодог жүжгүүд дотроо хамгийн хүчирхэг гэгддэг. Энэхүү дуурийг Францын зохиолч П.Меримегийн “Кармен хүүхэн” зохиолоос сэдэвлэн бүтээжээ. Зохиолч П.Мериме 1840 онд А.С.Пушкины “Цыганууд” найраглалыг уншаад сэтгэл нь их хөдөлж, зохиол бичиж эхэлсэн нь дэлхий дахиныг байлдан дагуулсан “Кармен” дуурийн “Кармен хүүхэн” зохиол юм. “Кармен”-ыг анх 1875 онд Францын театрт тавихад багагүй шүүмжлэлд өртөж байсан гэдэг. Дэлхийн сонгодог дуурь, балетууд анхны тавилтаараа үзэгчдээс шүүмжлэл хүртсэн ч хожим нь дэлхийг байлдан дагуулсан зуу, зуун жилийн түүхтэй хүчирхэг бүтээл болсон түүх цөөнгүй. “Кармен”-ы анхны тоглолт ч үзэгчдэд тийм ч их таалагдсангүй. Харин гурван сарын дараа бага зэргийн завсар хийсэн нь одоогийн бидний үзэх дуртай “Кармен” дуурь юм.

…Кармен ноомой түрүүч Хозег олны өмнө тохуурхан дооглож цэцэг шидэж өгөхөд Хозе гаднаа эгдүүцсэн ч хэдийнэ түүнд дурласан байв. Хозед гавьяат жүжигчин Б.Дамдинсүрэн чадварлаг тоглосон. Дон Хозе сүйт бүсгүй Микаэлагаа бодох ч сөхөөгүй Карменийг бодож, догдолж байв. Тамхины үйлдвэрт бөөн үймээн, шуугиан. Цыган хүүхнүүд хоорондоо зодолдож байна. Хэргийн эзэн Карменыг цэргийн дарга баривчилж шорон руу авч явахыг Хозед даалгах боловч, Кармен түүнийг уран үгсээрээ өөртөө татаж, зугтаана. Үүнийхээ шанд Хозе өөрөө шоронд суух болов. Хайртай бүсгүйнхээ өмнөөс шоронд сууж байгаа учир Хозе шаналах зүйлгүй, зөвхөн Карменыг бодон хоног өдрийг өнгөрүүлнэ. Харин Кармен жинхэнэ хайртай учирсан мэт хүн бүрт нэг залууд дурласнаа бахдан ярина. Хозе ч шоронгоос суллагдан хайрт хонгор Кармен дээр яаран ирлээ. Хозе Кармены төлөө өөрийн амьдралаа орхиж, албан тушаал, сүйт бүсгүй Микаэлаг хаян, Карменыг дагаж хилийн хулгайчидтай хамт явахаар шийдэв. Гэхдээ тэр явахынхаа өмнө Карменыг өөрийн болгохын тулд хайрын илэрхийлэл бөгж бэлэглэв. Кармен ч дуртай хүлээж авна. Гэсэн хэдий ч тэдний хайр дурлал үхлээр төгсдөг нь харамсалтай. Хозе эрчүүдийн харцыг булаасан бүсгүйд дурласан учир үргэлж хардаж, Карменыг шохоорхсон хэн бүхнийг алах гэдэг, зөвхөн өөрийнхөө эмэгтэй байлгахын тулд түүний амийг хөнөөснөөр дуурь төгсдөг. Суут хөгжмийн зохиолчдын ихэнх бүтээл үхэл, хагацлаар төгсдөг. Энэ нь илүү үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, эзэмддэг биз.

Гурван цаг гаруй үргэлжилсэн “Кармен” дуурь 20.15 цагт өндөрлөсөн. Энэ өдөр “Эх дэлхийн цаг” хөтөлбөрийн хүрээнд 20.30-21.30 цагийн хооронд Улаанбаатар хот гэрлээ унтраах аян өрнүүлж байсан учир, өлгүүрээс хувцсаа хурдан авч, театраас гарах шаардлагатай болсон. Театр гэрлээ унтраахад 15-хан минут үлдсэн учир бүгд яарна. Хувцасны өлгүүрт дугаарлан зогссон хүмүүс Ардын жүжигчин А.Долгорын талаар “Үнэхээр Кармены дүрийг сайхан бүтээлээ, өнөөдөр симфони найрал хөгжимчид мундаг байлаа. Америкийн удирдаач удирдсан болоод ч тэр үү, хүчирхэг, гоё байлаа. Дахин “Кармен”-ийг тоглохгүй гэдэг нь харамсалтай” гэж ярилцаж амжив. Америкийн удирдаачийн өмнө нь хэлж байсанчлан Ардын жүжигчин А.Долгор энэ үдэш эрчүүдийн сэтгэлийг эзэмдэж чаджээ.

М.Дөлгөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж