Булганыхан сансрын баатруудаар бахархав

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Булганыхан сансрын баатруудаар бахархав

“Монгол хүн сансарт нислээ” ! Чингисийн үр садыг баярлуулсан энэ сайхан мэдээ од эрхсийн мандлаас орчлон даяар дуулиантсан тэр мөч бол 1981 оны гуравдугаар сарын 22-ны билэгт сайн өдөр байлаа. Монгол түмний, тэр дундаа Булганчуудын чухам л “цөсийг хөөргөсөн” баярт өдрүүдээс хойш 30 жил улиран оджээ. Энэ ойг өргөн дэлгэр тэмдэглэж байгаа үеэр монгол-оросын сансрын хамтарсан нислэгийнхнийг Булган нутгийнхан угтан авч баяр хөөр болцгоов.

Сансрын ах аа, сайн яваад ирэв үү?

Монгол зон олон маань одоогоос 30 жилийн өмнөх хаврын тэр өдрүүдэд сансрын тухай дуу шүлгээр халгиж байсны нэг нь
    Сансрын ах аа, сайн яваад ирэв үү?
    Сар нар хоёртой саатан уулзаад ирэв үү?
    Санасан хэргээ бүтээгээд сурсан эрдмээ бататгаад
    Сайн үйлсийн төлөө самбаа сориод ирэв үү? хэмээн эхэлдэг чихэнд шингэсэн дуу байлаа. Тэрхүү сайн үйлсийн төлөө самбаа сорьж, санасан хэргээ бүтээн төр засгийнхаа даалгавар, түмэн олныхоо илтгэлийг биелүүлж монголчуудынхаа бахархал болсон Жүгдэрдэмидийн Гүррагчаа хүлгийнхээ дарга ОХУ-ын хошой баатар, Монгол улсын баатар М.А.Жанибеков болон В.В.Горбатко, В.А.Ляхов, В.В.Ковалёнок, монгол улсын хөдөлмөрийн баатар М.Ганзориг нарын зэрэг сансрын баатрууд, монгол оросын найрамдлын нийгэмлэгийн төлөөллийг дагуулсаар аймагтаа ирж Булганчуудыг баяр хөөрт умбуулав. Аймгийн Засаг даргын тамгын газарт ирэхэд амьд цэцгийн барьсан хүүхэд багачууд “Сансрын ах аа, сайн яваад ирэв үү?” хэмээн угтан авлаа. Узбекстанд төрж өсөөд Булганчуудад танил дотно болж нутгийнх нь уугуул иргэн адил болсон Владимир Александрович уулзаагүй удсан ах нь, анд нөхөр нь хүрээд ирэх шиг сайхан санагдлаа хэмээн ам дамжуулан ярьж байв.
 
Энэ бол та бүхний танил, анд нөхөр

Хамтарсан нислэгийн баатрууд, 30 жилийн ойн зочид төлөөлөгчдийг аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын танхимд урих зуураа аймгийн ИТХ-ын дарга Б.Бат-Эрдэнэ самбаа гарган нутгийнхаа нэрийн хуудас болсон “Уран тогоо” уулын зурагтай хивс бүхий хананы өмнө түр зогсч аймгийнхаа тухай товч мэдээлж амжлаа. Тэрээр:
-Манай монголчууд аймаг бүрийнхээ онцлогоор бахархдаг. Тэр дундаа Булган хангайнхан бахархал болсон зүйл ихтэй. Орой дээрээ устай энэ бяцхан уулнаас эхлээд байгалийн үзэсгэлэнт олон газартай. Бидний төрөлх нутаг дээр түүхэн олон чухал үйл явдал болж байсан, алдартан, анхдагчдын өлгий нутгийнхан гэдгээрээ монголдоо алдартай гээд Ардын хатанбаатар С.Магсаржав, Чинван Ханддорж Ерөнхий сайд А.Амар, ард олондоо “залуу жанжин” хэмээн алдаршсан улсын баатар Ж.Лхагвасүрэн, төр нийгмийн нэр зүтгэлтэн Д.Дамба, С.Удвал, Л.Энэбиш нарыгаа танилцуулаад тэдгээр алдартнуудын зурагны дундаас нэгийг нь заан энэ бол та бүхний танил, анд нөхөр байна гэв. Зочид тэр зургийг харлаа. Жүгдэрдэмидийн Гүррагчаа байв.

Амжилт бүтээлээр арвинтай арван жил

Сансрын баатруудыг эхлээд аймгийн Засаг даргын тамгын газрын хамт олон, агентлаг, байгууллагын удирдлагуудын төлөөлөл хүлээн авч уулзлаа. Огторгуйн уудамд шинжилгээ судалгааны ажлыг удаа дараа амжилттай хийж, мөн нэгэн хөлөг, нэгэн станцад Булган нутгийн унаган хүүтэй хамтарсан нислэг хийж явсан хүндэт зочдодоо аймгийн Засаг дарга М.Оюунбат баяр хүргээд орон нутгийнхаа ажлаас товч мэдээлэв. Булганчууд бид бүхэн сансар өөд саравчлан харж, ээж, эмэгтэйчүүд сүүнийхээ дээжийг өргөж, Гүррагчаагийнхаа нислэгийн зураг мэдээллийг цэнхэр дэлгэцээр хүлээн авч баяр хөөр болж байсан тэр өдрүүдээс хойш 30 жилийг үджээ. 2001 оны яг энэ мөчид монгол хүн сансарт ниссэний 20 жилийг ойг тэмдэглэн хамтарсан нислэгийн багийнхан та бүхнийг хүлээн авч байсан билээ гээд өнгөрсөн 10 жилүүдэд амжилт бүтээл арвинтай байснаа илэрхийллээ. Засаг дарга тийнхүү онцлон хэлэхийн учир аймгийн хөгжлийг илэрхийлдэг үндсэн үзүүлэлүүдэд ихээхэн ахиц дэвшил гарчээ. Мал сүргийн тоо хоёр дахин нэмэгдэж улсад дөрөвт ордог орлоо. Эдийн засгийн үзүүлэлтээр тав, хүний хөгжлийн индексээр дөрөвдүгээр байрт явна. Дотоодын нийт бүтээгдэхүүн ихээхэн өслөө. Энэ бүхнийг дуулж мэдсэн сансрын нисэгчдэд анд нөхрийнхөө төрсөн нутгийнхны амжилтаар бахархах сэтгэл төрж байсан нь лавтай.

Энэ ширээнд би суудаг байлаа

Булган хотын дээд хэсэгт байрлах хүүхэд багачуудын хөгжөөн цэнгээнд ямагт умбан байдаг хоёр давхар шар байшинг иргэд “Эрдмийн өргөө”-гийнхөн гэдэг. Шилдэг менежменттэй топ, манлай сургуулийн алдар хүртсэн энэ сургуулийн хоёрдугаар давхрын 22 тоот өрөөний ангид Ж.Гүррагчаа долоогоос аравдугаар ангийн сурагч ахуй он жилүүдээ үеийн нөхөдтэй тохой нийлүүлэн сууж үджээ.  Ойн төлөөлөгчдийн хамт тэрхүү ангидаа хүрэлцэн очлоо. Сансрын баатруудад анги танхимаа танилцуулж дурсамжтай мөчүүдээсээ хуучлав. Одоо энд хичээллэдэг ангийн багш А.Рэнцэнханд сансрын нисэгчийн энэ танхим сурч байгаа хамт олныхоо талаар ч  ярив. Нас өндөр болсны эрхээр ч юм уу, монгол хүүтэй дотносох гэсэн үү, В.В.Горбатко арын ширээний сурагчтай зэрэгцэн суучихсан дэвтэр номы нь сонирхон оросоор ярьж байгаа харагдлаа.
-Гүрээ өөрийн чинь ширээ алив хэмээн хэн нэг нь асуувал, өө, би энэ ширээнд сууж хичээллэдэг байсан гээд хойд энгээний урдаасаа гурав дахь ширээний хүүхдийн дэргэд очиж суулаа. Хошууч генералынхаа алтан шар саатай малгайг хүүгийн толгой дээр тавив. Энэ бол тэр хүүд мартагдашгүй дурсамж болон үлдэнэ  Манай ангийнхан баруун тийшээ харж суугаад хичээллэдэг байсан. Би агийнхаа Цэцэгмаа гэдэг бондгор бор охинтой суудаг байсан. Одоо Орхон суманд байгаа гэв. Суугаад л байвал яриа төсгөлтгүй хөврөх төлөвтэй. Дараа дараагийн ажлын хуваарьтай болохоор бослоо

Нэг нь оросоор, нөгөө нь монголоор

-Булган аймагт намайг урьж хүндэтгэл үзүүлдэг дөрвөн сургууль бий гэж Ж.Гүррагчаа хэлэв. Эхнийх нь эрдмийн алтан босго алхахад угтан авсан Гурванбулаг сумынх. Удаахь бага сургууль төгсмөгц нь тосон авсан Хишиг-Өндөр сумын сургууль гэнэ. Аймгийн төвд ирэх тэр үед нэг л дунд сургууль байжээ. Тэр сургууль нь гурван давхар шинэ байшинд шилжин хуучин байшинд нь одоо Чинван Ханддоржийн нэрэмжит “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль хичлээллэж байна. Ийм учраас сурч байсан ангидаа очихоор “Эрдмийн өргөө” цогцолбороор, төгссөн сургуулийнхантайгаа уулзахаар П.Е. Щетинкиний нэрэмжит нэгдүгээр дунд сургуулиар зочилдог. Энэ уламжлалаараа 30 жилийн ойн төлөөлөгчдийг  зочлуулсан юм. Сургуулиуд сансрын баатруудыг баяр хөөртэй угтан авч алд цэнхэр хадаг ааруул идээнийхээ дээжийг өргөн барьж урлаг соёлын тоглолтынхоо хэсгээс сонирхууллаа. “Эрдмийн өргөө”-гийнхөн сансрын нисэгч орос ах нартаа оросоор хэрхэн дуулдгаа үзүүлсэн бол нэгдүгээр дунд сургуулийнхан монгол ардын дуу, бүжгийнхээ дээжээр баясуулав. Хүүхдүүд Гүррагчаа ахынхаа сансрын анд нөхдийг авьяаслаг, чадварлаг тоглолтуудаар бахархууллаа. “Эрдмийн өргөө”-гийнхний “Всекда солиньце” дуунд сэтгэл нь хөдөлсөн Ковалёнок зүүн гарынхаа дунд болон ядам хуруугаар ширээгээ аяархан бөмбөрдөж, мөн зарим нь бүр даган аялж байгаа харагдсан бол нэгдүгээр дунд сургуулийн Г.Маралмаагийн биелгээг үзэж суухдаа зочид алга ташиж нэлээд нь бараг л дагаж хөдлөх шахам байв. Энэ бүхэн Гүррагчаагийн маань  төрсөн нутгийн монгол хүүхдүүд ямар сайхан авьяаслаг юм бэ хэмээх бахархлыг сансрын баатруудад төрүүлж байлаа.

Аавдаа бичсэн захидлын дугтуй

Аймгийн музейн танхимд зочид төлөөлөгчдийн сонирхлыг татсан олон зүйл байв. Төр засгийн тогтоол шийдвэр, гэрэл зураг, гараар бичсэн дурсамж, сэтгэгдэл, Гүррагчаагийн нислэгийн өмсгөл, хувцас гээд сансрын холбогдолтой олон үзмэрээс гадна ан амьтны чихмэл, ардын хувьсгалын партизануудын хэрэглэж байсан үхэр буу, зэвсэг хэрэгсэл, алдартнуудын түүх намтар, баримал, загварыг тэд шоохорхон үзэцгээлээ. Нэгэн хоргийн доторхи зүйлийг дор бүрнээ тонгойн байж харан, заримыг нь хуруугаа заан ярилцаж байв. Хоргонд нэгэн захианы дугтуй байна. “Монголия. Булган аймгийн Гурванбулаг сумын тавдугаар багийн малчин Б.Жүгдэрдэмидэд.ССР. Москва. Б-411. Ж.Гүррагчаа” гэжээ. Мөн төө жаахан илүү могжгор ташуур байна. Тэр бол монголын анхны сансрын нисэгчийн уралдааны морь унахдаа хурдыг нь нэмэхийн тулд гуядаж байсан ташуур аж. Ойн зочид музейгээр зочлохдоо сансрын хамтарсан нислэгийн бэлгэ тэмдгийн дээж, болон олорн ном, зураг, бусад зүйл өгөв. Тийнхүү аймгийн музей олон түмэнд сонируулах сан хөмрөгөө сансрын түүхэн замлалын үзмээр арвижууллаа.
Сансрын баатруудын 101 дэх нь

Сансрын нисэгчидтэй уулзах ажиллагаанаас хоцорчих вэ хэмээн яарсан иргэд аль хэдийн хөгжимт жүжгийн театрын суудлыг эзэлжээ. ”Монгол хүн сансарт ниссэн нь эх орныхоо нэр алдрыг орчлон дэлхийд дуурсгасан түүхэн гайхамшигт үйл явдал байлаа” Ингэж аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, ойн арга хэмжээг зохион байгуулах аймгийн комиссын дарга Ц.Дагвадаш уулзалтын хурлын илтгэлдээ онцлон тэмдэглэв. Товчхон хэрнээ түүхэн замналыг ончтой илэрхийлсэн түүний илтгэл монгол хүн сансарт ниссэн үйл явдлын тодорхой дүгнэлт гэж үзэж болохоор санагдлаа. Монгол улс сансарт иргэнээ илгээсэн 10 дахь орон болсон. Сансрын зоригт баатруудын 101 дэх нь монгол хүн байлаа. Тэр хүн бол Булган нутгийн эгэл жирийн малчны хүү Жүгдэрдэмидийн Гүррагчаа. Сансрын хамтарсан нислэг бол эрдэм ухаан, эр зоригийн шалгуур байсан төдийгүй улс ардын аж ахуй, шинжлэх ухааны хөгжилд чухал ач холбогдолтой  шинжилгээ судалгааны олон сорилт туршилтыг өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн. Илтгэгч энэ мэт олон зүйлийг цохон тэмдэглээд ой угтан сансрын нисэгчийн нэрэмжит гадаад хэлний олимтиад, ур чадварын тэмцээн, гар зураг, эссэ бичлэг, нисэх загвар, “Сансрын тухай дууг хэн сайн дуулах вэ” уралдаан зохион байгуулах, сансрын тухай номын үзэсгэлэн гаргах, баримтат кино хийх зэрэг ажлынхаа талаар зочид төлөөлөгчдөд илтгэн мэдээллээ

Гагарин уу, Горбатко юу?

Сансрын нисэгч ОХУ-ын хошой, монгол улсын баатар В.В.Горбатког монголчууд хэзээний сайн мэднэ. Энэ удаагийн ойн үеэр аймгийн Засаг даргын тамгын газар, дунд сургуулиуд, музей, хөгжимт жүжгийн театрт болсон уулзалт ярилцлага, хурал цуглаанд оролцогчид түүний тухай нэгэн шинэ мэдээлэлтэй боллоо. Уулзалтын хурлын илтгэлд “Хүн төрөлхтөн сансарт аялах онолын үндсийг тавьж, хэрэгжүүлэх үндэслэлийг боловсруулсан оросын эрдэмтэн К.Циолковский, С.Королёв нарын хүсэл мөрөөдлийг биелүүлж “Восток” хүлгээр сансарт хүн ниссэнээс хойш 50 жил болж байна” гэж тэмдэглэсэн. Монгол хүн сансарт ниссэний 30 жилийн ой тэмдэглэх ажиллагаа бол тэрхүү түүхт 50 жилийн ойн арга хэмжээний нэг болж байв. Эрдэмтэд сансарт хүн нисгэж болно гэж үзжээ. Анх сансрын уудамд хэн эхэлж мөрөө гаргах вэ? Зөвлөлтийн олон мянган хүвгүүдээс шигшигдэн шалгарсан залуучууд сургууль дасгал хийж сорилт тушилтад орж эхэлжээ. Ю.А.Гагарин, Горбатко , , ,  гээд 20 үе тэнгийнхэн байв. 30 жилийн ойн төлөөлөгчдийн дунд 50 жилийн өмнөх гайхамшигт тэр үйл явдлын анхдагчдын нэг явааг дуулаад Булганчууд алга ташилтаар талархлаа илэрхийлж байв. В.В.Горбатко бол Юри Алексивичийнхаа гаргасан огторгуйн замаар олорн удаа сансарт ниссэн зоригт баатар ажээ

Нөхөд өө, би хэр зэрэг өөрчлөгдөж вэ?

Сансрын баатруудын талархал хүлээсэн зүйлийн нэг бол бэлэг дурсгал байлаа. Аймгийн удирдлагууд хамтарсан нислэгийнхэнд тэрхүү бэлгээ дэлгэн гардуулмагц тэд шохоорхон хараад, би яг даа гэх шиг толгойгоо дохин инээд алдаж байлаа. Тэднийг баяруулсан тэр бэлэг нь монгол малын ноос ноолуураар урлан хийсэн зурагтай хивс байсан юм. В.А.Жанибеков, Ж.Гүррагчаа нар сансрын хөлөгтөө, В.В.Ляхов, М.Ганзориг нар хамт, В.В.Горбатко, В.В.Ковалёнок нар тус бүртээ нислэгийн хувцастай авахуулсан зургийг Монгол-Оросын найрамдлын бэлгэ тэмдэг болсон Эрдэнэтийн хивсний үйлдвэрийнхэн тийнхүү үйлдвэрлэсэн нь сансрын нисэгчдийн таашаалд нийцсэн бэлэг болжээ. Алиа хөгжөөнтэй, сэргэлэн самбаатай Владимир Васильевич Ковалёнок бэлгийн хивсний ард хэдийнээ орчихжээ. Тэгээд жаахан доошлуун толгойгоо гаргалаа.  “Союз-Т4” хөлгийн багийг даргалан нисч байх үеийнхээ зурагтай өнөөгийн дүр төрхөө жишин харуулж наргиа үгээр олныг инээлгэв. Энэ бол “Нөхөд өө, би хэр зэрэг өөрчлөгдөж вэ” хэмээн  харуулсан хэрэг. Цагийн эрх, насны жамаар 30 жилийн өмнөх сайхан залуу өнөөдөр сайхан өвөө болжээ.

Бид гурав азтай төрсөн шүү

Булган хотын төв цэцэрлэг дэх баатруудын хөшөөнд байрлуулсан алдартнуудын дунд монголын сансрын нисэгч Ж.Гүррагчаа байдаг юм. Ойн төлөөлөгчид энэ хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэх үеэр нэгэн содон уулзалт боллоо. Яг 30 нас хүрч яваа нэг эрэгтэй, хоёр эмэгтэй Ж.Гүррагчаад баглаа цэцэг бэлэглэв. Баатар маань ч дүү нартайгаа уулзах мэт найрсгаар угтан авч үнслээ. Бид гурав од тохиосон өдрөөр азтай төрсөн гэдэг юм хэмээн Ш.Сансар, Ш.Одмаа, Ш.Одмаа нар ам өрсөн өгүүлцгээв.
Тэд 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн морин цагийн орчимд ээжээсээ ихэрлэн мэндэлжээ. Сансрын нислэгийн өдрөөр төрсөн ихрүүдэд сансрын баатар бэлэг дурсгал өглөө. Одоогоос арван жилийн өмнө буюу хамтарсан нислэгийн 20 жилийн ойгоор мөн ийнхүү уулзацгаажээ. Тэднийг тээж яваад тэрхүү бэлгэ дэмбэрэлтэй өдөр нярайлсан ээжийг нь Н.Рэнцэнханд гэнэ. Долоон удаа жирэмсэлж нэг удаа хоёр, дахин гурван ихэр төрүүлсэн арван хүүхдийн  буянтай ээж ажээ

Монголдоо ганцхан алдартан

Сумын дунд сургууль төгсөөд аймгийн төвд ирэхэд Ж.Гүррагчаагийн ангийг шинэхэн сургууль төгссөн залуу багш Б.Дэмбэрэлдорж даан авчээ. Тэрээр баярын хурал дээр анхны дааж авсан наймын Б ангийнхаа хүүхдүүдийг дурсан яриад олон эрдэмтэн доктор, алдар цолтон болсон анхны шавь нараараа бахархаж явдгаа баяр хөөр болгон ярив. Ангийнхаа “банди”-тай уулзахаар Орхон сумаас Ж.Даваа, Д.Цэцэгмаа, аймгийн төвд суудаг О.Амгалан, Б.Галбадрах, Д.Володъя нар уригдан иржээ.
-Сайн найзынхаа буянаар бид энэ эрхэм зочидтой хамт олон газраар зочилж хүндлүүллээ. Монголд алдартан, анхдагчид олон л доо. Тэр дундаас манай Гүрээ бол монголдоо ганцхан алдартан шүү дээ. Булганыхан булган сүүлтэй болохоор энэ алдар хүндийг нь залган монголын хоёрдахь сансрын нисэгч төрнө гэдэгт итгэлтэй байдаг гэцгээв.

“Манайд ирээрэй. Манайд ирээрэй”

Ийнхүү монгол хүн сансарт ниссэний 30 жилийн ойн зочид төлөөлөгчид,  монгол, оросын сансрын хамтарсан нислэгийн багийнхныг Булганчууд баяр хөөр дүүрэн угтан авч хүндэтгэн дээдэллээ. Энэ баярт өдрүүдийн дурсамжийг авч үлдэх гэсэн хүсэлтэй олон хүн байв. Тэдний зарим нь ном, зурган дээр тэд нараар гарын үсгийг нь зуруулж үлдлээ. Мөн нэг хэсэг нь хамт зургаа авахууллаа.
А.В.Жанибеков зургийн аппарат байнга барьж явав. Хаа очсон газраа дурсамжтай зүйл, эгзэгтэй агшнаас хоцорчих вэ гэсэн шиг яаран зураг дарж байв. Энэ бол багийн гишүүн хамтран ажиллагч Ж.Гүррагчаагийнхаа төрсөн нутгийн дурсгалт зүйлийг зөвхөн санаа бодолдоо төдийгүй зургийн аппаратдаа авч харих гэсэн хэрэг ажээ. Баярын хурлын илтгэгч “Сансрын баатууд та бүхэн манай аймагт олонудаа морилон ирж байхыг урьж байна” гэв. Тийм ээ. “Манайд ирээрэй, манайд ирээрэй”. Энэ удаа баяртай.

Ж.Мөнх-Очир

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж