Сирийн Засгийн газар өмнөд хэсгийн ядуу хот Дераад гарсан бослогыг даран 30 гаруй хүнийг хөнөөсний дараа өмнө байгаагүй өргөн цар хүрээтэй шинэчлэл хийхээ амлав. Ерөнхийлөгч Башар Асадын толгойлсон БААС нам улс төрийн монополи эрхээсээ татгалзаж, 50 жилийн өмнө тогтоосон онц байдлаа цуцлахад бэлэн гэнэ. Тус орны эрх баригчид босогчдоо номхруулахын тулд өнгөрсөн долоо хоногт өргөн цар хүрээтэй шинэчлэл хийхээ амлав. Тэр талаар ерөнхийлөгчийн туслах хатагтай Бутайна Шаабан хэвлэлийн бага хурал дээр дэлгэрэнгүй танилцууллаа. “Арабын социалист сэргэн мандлын намын (БААС) өнөөдөр ерөнхийлөгч Башар Асадын удирдлагаар гаргасан шийдвэрийг танилцуулахдаа би баяртай байна. Онц байдлыг цуцлах, улс төрийн намуудыг зөвшөөрөх зэрэг асуудлыг авч үзсэн шийдвэр энэ юм” хэмээн Шаабан мэдэгдлээ.
Газар тариалангийн хамгийн ядуу Хауран районоос дэвшүүлсэн шаардлагыг Дамаскт шударга гэж үзсэнийг тэр хэлжээ. Дераа, Жасим хотод гарсан авлигын эсрэг, газрыг шударгаар хуваахын төлөө уриатай жагсаал нь мөргөлдөөнд хүрсэн юм. Орон нутгийн эрх баригчид дургүйцлээ илэрхийлсэн хүмүүстэй хэл амаа олоогүйгээр барахгүй “Ард түмэн дэглэмийг халахыг хүсч байна” гэж хананд бичсэн 15 залууг барин үймээнийг улам өдөөсөн байлаа. Дараа нь танкийн анги нэгтгэл хотын замуудыг хяналтдаа аваад төвд нь нэвтрэн орж баасан гаригийн мөргөлийн дараа хотын гол сүмийг бүслэн хаасан байна. Үймээний үеэр 10 энгийн иргэд амь үрэгдсэний бурууг хаяггүй дээрэмчдийн бүлэгт тохов. Гэрч нарын яриагаар Дераа хотод наад зах нь 44 хүн амь үрэгдсэн бөгөөд нийт тоо зуу хүрч магадгүй гэнэ.
Дераа хотноо өнгөрсөн долоо хоногт болсон эхний мөргөлдөөнөөр зургаан залуу үрэгдсэн билээ. Хотод Хууль зүйн сайд Ахмед Юнисийн толгойлсон тусгай комисс ирэн ажиллаж байна. Шалгалтын үр дүнгээр ерөнхийлөгчийн зарлигийн дагуу тусгай хороо байгуулан онц байдлыг цуцлах нь амжиргаанд хир үр дүнтэйг тогтоох ёстой гэнэ. БААС намын удирдлага хүний амийг хөнөөсөн хэргийн буруутнуудыг шийтгэхээ амлан баригдаад байсан 92 хүнийг сулласан байлаа. Хэрэв ард түмэнд хууль ёсны шаардлага байгаа бол бид түүнийг хүлээн авна. Харин нийгмийг үймүүлэх зорилготой үйлдлийг бид тэвчихгүй” хэмээн ерөнхийлөгчийн туслах мэдэгджээ. Хэвлэлийн хурлын дараа мэдээллийн агентлагууд нь ард түмний амжиргааг дээшлүүлэх хороо байгуулсныг мэдээлэв. Эрх баригчид хэвлэлийн эрх чөлөө ба олон ургалч үзлийг хангах хуулийн төслийг боловсруулж эхэлжээ.
Одоогоор Сирийн эрх баригчдын үйл ажиллагаа нь амлалтаасаа хол зөрөөтэй явж байна. Сири дэх хүний эрхийн ажиглах зөвлөл өнгөрсөн пүрэв гаригт тэрслүү үзэлтэн Мазен Дервишийг баривчилсан тухай мэдээлэв. Ийм ам, ажлын зөрөө нь Асадын “хорт хавдрын дэглэм” сул доройг харууллаа гэж сөрөг хүчний талын 80 настай өмгөөлөгч Хайтем Малех хэлж байна. Барууны боловсролтой, 45 настай ерөнхийлөгчийн амлалтад тэр итгэхгүй байна. “Арван жилийн турш тэр амлалтаа биелүүлж чадаагүй юм чинь одоо ч үүнийг хийж чадахгүй” хэмээн Малех хэлэв. “Бид бөмбөг шиг хэзээ хэзээгүй дэлбэрэхэд бэлэн” гэж түүний хэлснийг Австралийн АВС суваг иш татжээ.